Польшийн нийслэл Варшавт чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ.
Манай улсаас зургаан бүсгүй Варшавт зодоглож байгаагаас эхний өдөр хоёр нь барилдав. 60 кг-ын жинд Б.Шоовдор мөнгөн медаль хүртэж, 55 кг-Э.Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.
Б.Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан бөгөөд эхний тойрогт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав.
Маргааш Варшавын дэвжээнд манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүч үзнэ.