Categories
мэдээ нийгэм

“Эмч нарын ослыг улс төртэй холбох шаардлагагүй” гэв

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар орон нутагт осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон байсан гэх энэхүү мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөхөөр ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаа хийхээр орон нутгийг зорьсон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

“ГССҮТ-ийн Чанар албаны дарга Р.Гантуяа болон тус албаны хоёр мэргэжилтэн, Яс, үений гэмтлийн хоёр эмчийн зорчиж явсан УБН 89 79 улсын дугаартай ‘Приус’ машин Элсэн тасархайгаас нааш 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдсон нь үнэн. Гэхдээ улс төртэй ямар ч хамаагүй, таван эмчийн биеийн байдал хүнд, бүгд сэхээнд байхад ослыг сонгуультай холбон худал тайлбар хийхгүй байхыг хүсье” хэмээн тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээллээ.

Осол өчигдөр /2017.07.02/ 15.00 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан байна. ГССҮТ-ийнхэн хамт олноороо амралтын өдөр Эрдэнэзуу хийдэд мөргөөд буцах замдаа ийн нэг машин нь осолдож, таван эмч хүнд гэмтжээ. Эсрэг урсгалд жуулчид тээвэрлэж явсан дунд оврын автобусны жолооч дүрэм зөрчиж, гэнэт урсгал сөрснөөр осол гарчээ.

“Автобус, приус машинтай халз мөргөлдсөнөөс машин нь авах юмгүй болно гэдэг дотор нь сууж байсан иргэд маш хүнд гэмтсэн нь тодорхой. Осолдсон машины ард ГССҮТ-ийн бусад ажилчин, эмч нарын сууж явсан автобус, машинууд ойрхон явсан учраас цаг алдалгүй осолд өртсөн эмч нартаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Зам дахь эмнэлгүүдэд орж, яаралтай тусламжуудыг үзүүлээд явсан. Хоёр цаг гаруйн дараа онцгой болон өөрийн хоёр түргэний машиныг дайчилж, ГССҮТ-ийн эмнэлэгтээ осолдсон эмч нараа авчирч, дотуур цус алдсан нэг эмчээ яаралтай хагалгаанд оруулсан. Үлдсэн дөрвөн эмч нь сэхээнд эмчлэгдэж байна” гэж тус эмнэлгийн зөвлөх эмч Б.Бүргэд ярив.

“Орон нутгийн зорчих эгнээ нарийнхан ийм үед жолооч нар дүрэм зөрчөөгүй бол өнөөдөр таван эмч ийнхүү эмнэлгийн орон дээр сэхээнд хэвтэхгүй байлаа. ГССҮТ-д өдөрт ирдэг 300-500 өвчтөний 80 хувь нь автын осолд орсон байдаг. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замын чанар болоод хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн зэрэг дүрэм зөрчсөн ухамсаргүй жолооч нартай шууд холбоотой”-г ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн онцоллоо. Мөн тэрбээр “Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд ‘Элэг бүтэн Монгол’ хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна’ гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *