Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хоосон өгөх эрх иргэдэд бий гэлээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байгаатай холбоотойгоор гурван намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байгаа иргэд цөөнгүй байна. Энэ тохиолдолд саналын хуудсыг бөглөхгүй хоосон өгөх боломж иргэдэд байгааг “Цагаан сонголт” хөдөлгөөний төлөөлөл Монгол улсын иргэн У.Үнэнхүү, Б.Мөнхдөл, Хүний эрхийн астивист Б.Болорсайхан нар мэдээлэл хийв. Сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж байгаа улс төрийн шийдвэрүүдтэй санал нийлэхгүй байгаа учир энэхүү хөдөлгөөнийг эхлүүлжээ. Мөн СЕХ мэдээллээ дутуу түгээж хуулиар олгогдсон эрхийг иргэд сонгогчид бүх нийтээрээ таньж мэдээгүйн улмаас ойлголтын зөрүү газар авч байгаа тул сонгогчдод эрхийг нь таниулах зорилготой аж. Монгол Улсын сонгуулийн тухай хуульд “Хэнийг ч дэмжихгүй” гэсэн сонголтыг баталгаажуулсан байдаг юм байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэж заажээ. Тэд энэ мэдэгдлээрээ нийгэмд талцал тэмцэл, үймээн самуун, хүчирхийллийг сурталчлаагүй, сонгогчид бие даан шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд цагаан сонголт хийх эрх бий гэж тайлбарлаж байна.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *