Categories
мэдээ нийгэм

Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Архангай аймагт цэвэрлэх байгууламж барина

Барилга хот байгуулалтын яаманд, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Архангай аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажлын хамтарсан гэрээ байгууллаа. Энэ гэрээнд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хаиуцсан ахлах мэргэжилтэн Б.Туул болон дээрх дөрвөн аймгийн Засаг дарга нар оролцов.

Төсөл байгуулж байгаа гол зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологийг ашиглан бохир ус зайлуулах стандартыг хангах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах болоод лагийг бордоо болгох, орон нутгийн байгаль орчныг сайжруулан бохирдлыг бууруулахад оршиж байгаа аж. Энэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Өмнөговь амйгийн Даланзадгад, Архангай аймгийн Цэцэрлэг, Дорноговь аймгийн Сайншанд хотуудад 3000 м3/хон хүчин чадал бүхий бохир байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Төсөлд нийтдээ 21.17 сая ам.доллар төсөвлөгдсөнөөс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт 1.74 сая ам.доллар, Билл Гейтсийн буцалтгүй тусламжаар 1.0 сая ам.долларын санхүүжилт авах юм байна. Үүнээс АХБ-ны зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 25 жил байх бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм. Зээлийг 20 жилийн хугацаатайгаар жилд хоёр хувийн хүүтэй төлнө.

Сангийн яам төсөл хэрэгжүүлж буй аймгуудад 18 жилийн хугацаатайгаар жилд 3.75 хувийн хүүтэйгээр “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан зээлдүүлнэ. Энэ төслийн үр дүнд төсөлд хамрагдсан нийт дөрвөн аймгийн байгаль орчны бохирдол багасаж нутгийн ард иргэдэд ээлтэй нөхцөл байдал үүснэ хэмээн харж байгаа юм.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *