УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрсэн. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн. Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоо гэдгийг албан ёсоор шаардаж байна. Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа” гэсэн юм.
Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдчихэж байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй ажээ.
Н.ГАН