Categories
мэдээ улс-төр

Ч.Содномцэрэн: Нам, эвсэл холбоодоос шаардсан хугацаанд санал хураалт явуулах боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ярихдаа “Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөн нам, холбоодын зүгээс тавьсан саналын дагуу долдугаар сарын 4, 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй. Шаардлагад дурдсан хугацаанд багтаж саналын хуудсаа бэлтгээд, техник хэрэгслээ программчлаад, хурууны хээг уншуулдаг төхөөрөмжийг бэлтгээд, техник хэрэгслээ аймаг, баг хороонд хүргэхэд хугацаа шаардана. Манай тээвэр ямар билээ. Зарим сумдад онгоц очихгүй. Ийм хугацаанд бэлэн болгоно гэдэг хэцүү. Манай ажилтнууд сүүлийн хоёр хоног унтаагүй явж байна. Өнөө өглөө таван цагт гадаадад байгаа монголчуудын саналын хуудсыг хэвлэж дууссан. СЕХ-ны мэдээлэл технологийн 10 инженер, 20 ажилтан сүүлийн хоёр хоног унтаагүй. Эдгээр нам эвслийн заасан хугацаанд санал хураалт явуулах боломжгүй. Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан саналын хуудас хэвлэж байгаа компанийнхантай очиж уулзсан. Саналын хуудсыг хэвлэх, ачуулах хугацааг аль болох наашлуулах боломжийн талаар ярилцсан байгаа. Техник хэрэгслийг бэлтгэж орон нутагт хүргэх, тээврийн хэрэгслийн боломжийг ч судалсан. Нисдэг тэргээр хүргүүлэх боломжийн тухай ярилцлаа. Жанжин штабынхан зарим нислэгээ зохицуулж, техник хэрэгсэл, саналын хуудсыг маань хүргэж өгөхийг зөвшөөрсөн. Ийм учраас СЕХ хуралдаад 2017 оны долдугаар сарны 7-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар тогтлоо. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах Төв комиссоос хүсэлт ирүүлсэн. Төв комиссоос ирсэн хүсэлтийг үндэслээд долдугаар сарын 4-5-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар тогтлоо. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон. СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх хуулийн заалттай.

СЕХ, түүний гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, иргэд хөндлөнгөөс оролцохыг хориглох заалттай. Сүүлийн үед СЕХ-ны ажилд хөндлөнгөөс оролцож, зааж зааварлах нь хэрээс хэтэрлээ. СЕХ бие даасан, хараат бус байгууллага. Хуулийн хүрээнд бид сонгууль зохион байгуулж байна. Анхан шатны сонгуулийн дүнг дэлгэцээр ил тод харуулсан. Намууд, ажиглагчид, хэвлэлийнхэн, иргэд эхнээс нь дуустал ил тод харсан шүү дээ. Дүн засагдлаа гэсэн шүүмжлэл гарсан. Ямар нэг засвар ороогүй, оруулах боломж байхгүй гэдгийг хэлье гэлээ.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан ”Сонгуулийн санал хураалт эхэлсэнээс хойш түвэгтэй асуудал гарсан. Хавтас саналын хуудаснаас богино байгаа. Хүчээр хамт чихсэнээс болоод зарим машин гацах тохиолдол гарсан.

Р.Содхүү : Санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтын бааз өөрчлөгдөх үү гэлээ. Бааз өөрчлөгдөхгүй. 15-ны өдрөөс долооны өдөр хүртэл нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасч, сонгуулийн урилга өгөхгүй байгаа. 18 насанд хүрсэн хүмүүсийн бүртгэл өглөө бүхэн гарч байдаг. Улсын хэмжээнд 18 насанд хүрсэн цөөн тооны залуус нэмэгдэнэ. Үндсэн бааз өөрчлөгдөхгүй. Засгийн газар хуралдаад, хоёр дахь санал хураалтад хэрэглэх 7,2 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гаргаж өгөхөр болсныг мэдэгдье” гэлээ.

Ц.Болдсайхан :Хоёр дахь удаагийн санал хураалт бас 50 хувийн босготой. Эхлээд ирц хүрсэн эсэхийг харах ёстой. 50 хувийн ирц хүрэхгүй бол долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт болно. Үүнд ирээгүй сонгогчид ирж саналаа өгөх ёстой. Тухайн өдөр санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигч шууд сонгогдоно.

Ирц нь 50 хувь байх ёстой. Ирж санал өгсөн хүмүүсийн 50 хувь дээр нэмэх нэг санал авч байж сонгогдоно.

Р.Содхүү: Монголчууд сүүлийн хоёр, гурван жилд маш их нүүдэл хийсэн. Хаягийн шилжилтээ ердөө хийхгүй байна. Гэсэн ч сонгуулийн өдөр хуруугаа дарахад санал өгөх иргэн мөн гээд гарч ирнэ. Сөрөг буруу мэдээллээрээ сонгууль өгөх гэж байгаа хүмүүсийг маш их эвдэж байна гэж гадаадын ажиглагчид хэлсэн шүү. Элдэв буруу мэдээлэлд битгий автаарай. Нэр, хаяг давхацсан гэсэн гомдол ирэхэд шалгахад нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг нэртэй. Регистрийн дугаар нь өөр хүмүүс байсан. Санал өгөх газар нь өөр байсан гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *