“Өдрийн сонин”-ы 2017.06.20-ны Мягмар гаригийн №138 (5705) дугаараас авч нийтлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Та зургаан сарын өмнө намын даргын сунгаанд оролцож байсан. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжин ярилцлага өгч байгаа харагдсан. Ямар ажил төрөл амжуулж байна вэ. Өнгөрсөн дөрвөн жилд Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болохоор амарч байгаа байх гэж бодлоо?
-Одоо үүрэг хүлээсэн ажилгүй байгаа тул амралт, ажлыг хослуулж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэхээр ажлаа эхлүүлсэн. Эмийн ургамлын тариалалтыг монголд бий болгох, түгээх, экспортонд гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр докторуудын хамт ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүн гарч эхэллээ. Бизнес тогтвортой хийх ажил учраас яарсан юм бол алга. Нөгөө талдаа улс төрийн ажлаа ч хийж байна. Ардчилсан намын бодлого зорилтыг төрийн бодлогод хадгалах, уламжлах тал дээр намын бүлгийн гишүүдтэйгээ уулзаж тодорхой хэмжээнд зөвлөгөө өгч байна. Улс төр, бизнесийн ажлыг хослуулж байна гэж ойлгож болно. мэдээж улс төрөөс холдохгүй.
миний хувьд ардчилсан намын даргын сонгууль дараагийн намын дарга болох бэлтгэл болсон гэж бодож байгаа. Намын даргад олон удаа өрсөлдөнө гэсэн итгэл байгаа шүү.
-Төрийн өндөр албанд олон жил ажилласан болохоор гэрт сууна гэдэг амаргүй байна уу. Зарим нь одоо болтол сонгуулийн шокноосоо гараагүй гэлцэх юм?
-Их хурлын гишүүнээр олон жил ажилласан болохоор иргэд, сонгогчдоороо маш их жолоодуулдаг болсон байна. Тухайн өдөр, сар, жилийн үйл хэргээ эргээд харахаар өөрийн санаачилгаар ажиллах чадвар үнэхээр тэг рүү дөхдөг юм байна. Сонгогчид “Ингэмээр байна. Тэгмээр байна” гэдэг. Түүнийг нь бүтээж өгөх гэж маш их явдаг байж. Дөрвөн жил сайд хийхдээ ч гэсэн багш нарын санал гомдол гээд л явж ирж. Эргээд харахад төрийн хар хүн гэдэг бол өөрийнхөө төлөө ажиллах чадвараа бүрэн гээсэн хүмүүсийг хэлдэг юм байна гэж ойлгож байгаа.
Тухайлбал, өөрөө нэг ажил хөөцөлдье гээд босоход өөр хэн нэгэн “Ингэмээр байна, Гантөмөр өө” гэхэд л хүний санаачилсан ажил руу орчихдог. Их хуралд олон жил суучихаар хувь хүн алга болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд хамгийн сайн ойлголоо. Хувь хүнээ олж авахын төлөө хичээж байна. Их хурлын гишүүн болохоор ар гэрийн ажил маш их хойшоо тавигддаг. Хуулийн төсөл боловсруулахаас эхлээд өөрт оногдсон ажлын араас явдаг. Тэр утгаараа өөрөө юм хийх чадамжаа алдсан байна гэдгийг гэрт сууж байхдаа мэдэрлээ. Нэг үгээр хэлбэл аминдаа арчаагүй болж, амьдрах чадвар сулардаг юм байна. Гэртээ ч зүгээр суухгүй сонин хэвлэл эргүүлж улс төр юу болж байна гэх мэтээр төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр өөрийн эрхгүй сонирхож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс холдож чадахгүй болчихож. Уг нь өөрийнхөө төлөө явах байтал улс төрд юу болж байгааг харж тэр бүхэнд санаа зовж сууна. Одоо гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сайн талыг яаж хүмүүст хүргэх вэ гээд бодож байх жишээтэй. Мэдээж энэ гурван нэр дэвшигчээс хэн нэгэн нь Ерөнхийлөгч болж таарна. Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр хүн ард түмний хүндлэлийг хүлээж байж Монголын төр зөв энергитэй болно. Гэтэл сонгуулийн сурталчилгаа нэгнийгээ харлуулах хэрэгсэл болчихлоо. Тиймээс төрийн дархлаа их алдагдах юм байна даа гээд эмзэглэх юм. Одоо бол ялсан нэг хүн нь Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх маш том ажилтай болох нь. Ард түмэн хүлээн зөвшөөрч байж манлайлал бий болно. Манлайлал бий болж байж өөрийнх нь үйл хэрэг ажил хэрэг болох учиртай. Гэх мэтчилэн нам, улс төрийн ажилд санаа зовсон л хүн байх юм байна шүү дээ. Улс төрөөс ангид байж чадахгүй юм билээ.
-Эдгээр гурван нэр дэвшигчийн сайн сайхныг яагаад ярьж болохгүй байгаа юм бол. Бүх зүйлээ харлуулаад гурван хар хэрээний нэг нь сонгогдоод цагаан тагтаа болчих ч юм шиг зүйлс яваад байна л даа. Эсвэл нэр дэвшигчдээ сонгосон намуудад алдаа байна уу?
-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн гол төвлөрөл сонгуулийн бус цагаар ч гэсэн улс төр байна. Манайх шиг парламентын хуралдааныг шууд дамжуулдаг улс байдаггүй. Гэтэл манайхан өдөр шөнөгүй улстөрчдөө гаргадаг, харуулдаг. Харуулах процесс дотор нь магтаад харуулчихаад тал зассан, худалдагдсан юм шиг болчихдог. Харин эсрэгээрээ шүүмжлээд явахаар хүмүүсийн сонирхол татдаг л даа. Тиймээс муу тал бүх хүн дээр маш хүчтэй явсан. Үүний л үр дүн. Ний нуугүй хэлэхэд гурван нэр дэвшигчээс сайн сайхан зүйл харъя гэвэл харна. Тиймээс хэн ч нэр дэвшсэн муу талыг нь дөвийлгөөд явна л даа. Улстөрчид өөрийн хүсдэг зүйлээ хийж чадахгүй болтлоо бүгдээрээ сошиалд өөрсдийгөө булаалгаж байгаа юм. Тэр утгаараа энэ гурван хүний муу тал тод томруун харагдаж байгаа нь цаг үеийн онцлог.
Хоёрдугаарт, улс төрийн намууд өөрийн улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил, алсын хараагаа ард түмэнтэй ярилцаж чадахгүй байна. Прагматикаар сонгуулийн санал авдаг байдал руу шилжсэн. Ард түмэн “Аль ч нам нь ялгаа алга” гэж байгаа биз дээ. Уг нь айхтар ялгаатай суурь үзэлтэй байхгүй юу. Үүнийгээ ярьж мэддэггүй, ойлголцож чаддаггүй, судалдаггүй. Үүнийгээ монголчуудад яаж ойлгуулах вэ гэдэг дээр хэн ч хичээл зүтгэл гаргадаггүй. Зүгээр л өөр өөрийнхөө унаган гарал үүслээр “зодолддог”. Нэг хэсэг нь “Би Сүхбаатарын үргэлжлэл” гэж байгаа бол нөгөөх нь “Би ардчиллын эхлэлийг тавьсан хүмүүс” гэдэг. Бид ийм үнэт зүйл тээж яваа юм гэдэг мэтгэлцээн явахгүй байгаа учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд нь амь ордоггүй. Мөрийн хөтөлбөр нь амьгүй учраас хөтөлбөр ярихаас илүү хүн ярьдаг юм байна. Монголд ч биш дэлхийн улс төр мэдээлэлжсэн ийм байдал руу ороод ирэхээр үзэл баримтлал ярихаас илүү сэдэв барьж авдаг. Жишээлбэл, Оюу толгой, Таван толгой, Монголбанк ч гэдэг юм уу. Сэдэв ярихдаа ч гэсэн үзэл баримтлалаа огт ярьдаггүй. Уг нь үзэл баримтлал нь сэдэвтээ шингэчихвэл ард түмэн ялгаж харна. Тиймээс сонгууль ингэж хар болоод байгаа юм. Улс төрийн намууд үндсэн философи руугаа орох чадвараа алдаад байна.
-Улс төрийн намууд үүнийгээ засч чадах уу. Ардчилсан нам жилийн хугацаанд шинэчлэлийн процессийг эхлүүлсэн гээд байгаа. Үнэндээ шинэчлэгдэж чадаж байгаа юм уу. Дотроо бие биенээ хэмлээд байх юм?
-Шинэчлэгдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Шинэчлэл гэж муу зүйлийг алга болгохыг хэлж байгаа юм. Үүнийгээ бид арилгахын төлөө явж байгаа. Ямар ч байсан бид гишүүдийн нам болж чадсан. Одоо ард түмний нам болох хэрэгтэй. Нөгөө талдаа АН-ын ч юм уу, аль нэг улс төрийн намыг өөрчлөх боломж нь сэтгүүлчдэд гарч ирлээ дээ гэж харж байгаа. Сэтгүүлчдийн хараат бусаар сэтгэх чадвар олон зүйлийг өөрчилнө. Нөгөөх нь иргэний нийгмийн байгууллага хүчтэй болж байж цаашаа явна гэж харж байгаа. Гуравдугаарт, улс төрийн намууд санаачилга гаргаж улстөрчид өөрсдийгөө ялж, өөрчилж болно. Ингэхийн тулд Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчилж, төрийнхөө хяналтад байх ёстой.
-Төрийн хяналт гэдэг нь…
-Төр гэж шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцийг хэлж байгаа юм.
-Гэхдээ энэ шинэчлэлийг хүсдэггүй хүсэгчид байдаг юм биш үү. Толгой сээрээрээ холбогдоод явах нь тэдэнд ашигтай гэх мэт…
-Өөрсдөө дулаан хөнжилд байх хүсэл удирдах түвшинд байгаа хүмүүст бий. Гэхдээ өнөөдрийн тэр хүнд таатай байгаа байдлыг дараагийн ялагч улам өөртөө таатай болгоно гэдгийг өнөөдөр нам удирдаж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй, солигдоно. Сольсон үед унасан хүндээ л хатуу тусдаг. Өөрсдөө нам удирдаад төрийн толгойд байгаа хүмүүс өөрсдөө зөөлөн буухын тулд өөрсдийн улс төрийн орчноо сайжруулах л хэрэгтэй. Өрсөлдөх боломжийг бий болгох шаардлагатай. Бодлого өрсөлдүүлдэг болох учиртай. Үүнийгээ өөрийнхөө төлөө хийж байна гэж ойлгох нь чухал. Монголд бүх насаараа эрх мэдэлтэй байна гэж байхгүй, чадах ч үгүй. Ямар ч аавын хүү чадахгүй. Энэ баталгаатай үнэн. Урт удаан хугацаанд намын даргыг хадгална гэдэг бүтэхгүй. Социализмын үед Оросуудын нөлөөгөөр л хийж байсан. Өөр цаг үед хэзээ ч чадахгүй. Солигдохдоо хуучин дүрмээрээ солигдоно гэвэл айхтар хүчтэй унана гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө намыг эрүүл болгож, зөв гэсэн орчноо бүрдүүлж судлаачдаар хэлэлцүүлэх замаар байнга өөрөө өөрийгөө сайжруулах хэрэгтэй юм. Зөв орчинд гарч ирсэн дараагийн дарга зөв л байдаг байхгүй юу. Дараагийн дарга буруу хүн болбол хийж байгаа ажил нь ч буруу болно. Энэ буруу үйлдлийнх нь үзүүрт дараагийн дарга л өртдөг байхгүй юу. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Дараагийн дарга буруу хүн гарч ирнэ. Тэр дарга надаар туг тахина гэдгийг бүгд боддог байх ёстой юм. Тиймээс өнөөдрийн дулаан хөнжил яахав ээ.
Өөрөөсөө илүү түшмэдээр өөрийгөө хүрээлүүл гэдэг үг зүгээр ч нэг хэлээгүй юм. Өөрөөсөө муу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл өөрөөс чинь хүчтэй хүмүүс нийлж байгаад өөрийг чинь байхгүй болгоно гэдгийг л хэлээд байгаа юм.
-Та намын даргад дахиад нэр дэвшинэ гэдгээ хэллээ шүү дээ. Таны туйлын зорилго АН-ын дарга болох юм уу?
-Дэвшинэ. Миний туйлын зорилго Монголын хөгжил. Монгол Улсыг шинжлэх ухааны орон болгоно гэдгээ маш тодорхой хэлье. Үүний төлөө “байлдаад” дуусна. Өөр яах юм. Зүгээр хараад суугаад байж болохгүй биз дээ. Хэзээ тэр сонгууль нь болно тэр үед нэр дэвшинэ. Тэр болтол өөрийгөө бэлдэнэ. Яаж ялагдсан тэр аргаараа ялна. Би яаж ялагдсанаа мэдэж байна. Тэгэхээр яаж ялахаа мэднэ гэсэн үг.
-Яаж ялах гээд байгаа юм…
-Хэлээд өгчихвөл бусад өрсөлдөгчид ашиглачихна шүү дээ.
-Өнөөдөр “Мэргэжлийн” Засгийн газар ажиллаж байна. Засгийн газар хамгийн түрүүнд БСШУС-ын сайдаа огцрууллаа. Оронд нь шинэ хүн сайд болсон. Өмнө нь энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд эмзэглэх зүйл байх юм уу?
-Энэ Засгийн газарт манлайлал харагдаагүй. Монголын мянга мянган багш нар цалин багатай, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг хүмүүс. Тиймээс багш нарт итгэл өгч явахгүй бол болдоггүй. Эцэг эхчүүд ч мөн адил. Сурагчдын 70-80 хувь нь хүнд нөхцөлд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэр утгаараа хүүхдүүдэд сурахаас илүү том асуудлууд байгаа. Монголын онцлог гэвэл салбар хариуцсан яам нь өөрөө манлайлах, итгэл өгөх, уриалах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийг дээд түвшинд нь хүртэл Боловсролын яам ажиллах ёстой. Харамсалтай нь тийм зүйл нь байхгүй.
-Яаж бий болгоно гэж. Та өөрөө бий болгосон юм уу?
-Бий болголгүй яадаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд багш нар, хүүхдүүд өдөр шөнөгүй зүтгэлээ шүү дээ. Би “Хүүхэд, багш хоёрт би чадна гэдэг итгэл өг” гэж байнга захидаг байсан. 21 аймгийн багш нартай уулзаж, 200 гаруй сургуулиар орж ажилласан.
Бидний хийсэн боловсролын хөтөлбөр дэлхийд өрсөлдөнө, үүнийг уншаагүй, олж хараагүй, итгээгүй хүмүүс л муулдаг байхгүй юу. Унш, харьцуулаад судал. Миний хийсэн боловсролын хөтөлбөрт эргэлзэж байгаа бол “боловсролын хөтөлбөр” гэж юу байдгийг эхлээд ойлго. Дараа нь дэлхийн хөтөлбөрүүдийг судла. Эцэст нь монгол эрдэмтдийн хийсэн боловсролын хөтөлбөрийг унш. Газар дээр нь очоод хар, алдаа байвал газар дээр нь зас. Боловсрол өөрөө шинжлэх ухаан учраас байнга шинэчлэгдэж байдаг. Энэ салбарт шинэчлэх зүйлс маш их бий.
Сая жаахан манлайлал дутсан. Түүнээс сайд нь сайн, муу хүн гэж ярьмааргүй байна. Их ажиллах хэрэгтэй. Тэртээ тэргүй Гантөмөрийг мянга мууллаа гээд нэмэргүй. Монголын багш нар миний юу хийснийг мэдэж байгаа. Тиймээс өмнөх сайд ингэсэн тэгсэн гэлгүйгээр явж байсан ажлыг үргэлжлүүлж өөрөө шинэ зүйл нэм. Түүнээс биш Монголын боловсролыг доромжлох эрх хэнд ч байхгүй. Боловсролын салбар унасан гэж худлаа ярьдгаа боль. Тэгж ярих юм бол боловсролын салбар хэзээ сайн байснаа хэл л дээ. Сайн боловсролтой гэж байгаа нь гараад ир. Мэдлэг, боловсрол гэдэг чинь ил байдаг зүйл. 40 настнууд боловсролтой гэж байгаа бол ямар амьдарч байгаагаа хар. 50 настнууд өндөр боловсролтой гэж байгаа бол юу хийснээ хэл л дээ. Бидний олсон боловсролын илэрхийлэл өнөөдрийн нийгэм. Гэтэл манай хүүхдүүд биднээс хамаагүй илүү байхгүй юу. Үүнийгээ л олоод харчих. Дэлхийн шилдэг 100 сургуульд 400-500 хүүхэд сурч байна. Хэзээ байхдаа монголчууд ийм мундаг боловсролын орчинтой байсан юм. Намайг сайд болоход 2-3 хүүхэд л гадаадын шилдэг 100 сургуульд явдаг байсан. Ажлаа өгөхөд 200, 300-гаараа явдаг болсон. Үүнийг үзүүлэлт биш гээд байгаа юм уу. Үүнийг улам дэвэргэх ёстой. Их хурал дээр шинэ сайдыг томилж байхад гишүүдийн хэлсэн үгийг сонссон. Бүр доошоо орчихсон байх юм. Үг хэлсэн бүх хүний хүүхэд өөрөөс нь илүү сургуульд сурч байгаа.
-Одоо бол мөнгө байхгүй л гэдэг шүү дээ. Танай засгийн үед мөнгөөр туйлсныг нь л гайхсан хүмүүс байх юм…
-Намайг сайд байхад ямар мөнгө өгсөн юм. Огт өгөөгүй шүү дээ. Чингис бондоос манай салбарт нэг ч төгрөг өгөөгүй. Бид концепц, манлайлал, хандлагаараа ажил хийсэн. Засгийн газарт мөнгө байна уу, үгүй юу гэдгийг ганц л зүйлээр хэмждэг. Тэр нь төсвийн орлого. Орлого хэд байна түүндээ тааруулж амьдардаг. Нэг үгээр хэлбэл татварын орлого нэмэгдэж байна уу, хасагдаж байна уу гэдгийг л хар. Байнга нэмэгдэж байгаа. Макро эдийн засгийн түвшний зохицуулалтаа яаж хийх нь өөрсдийнх нь асуудал. Бонд босгож болно. Огт зээлгүйгээр явж болно. Үйлдвэрлэл эрхэлж буй компани, экспортод бүтээгдэхүүний гаргаж буй аж ахуйн нэгжийг аль ч Засгийн газар хориглож байгаагүй. Эд нар худлаа яриад байгаа байхгүй юу.
Энэ Их хурлын гишүүдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. Хэнийх нь орлого муудчихаад эдийн засаг муудсан гэж яриад байгааг асуумаар байна. Хэрэв Монголын эдийн засаг муудсан бол Их хурлын гишүүдийн хөрөнгө багасах ёстой. Таниас нэг зүйлийг хүсье. Хамгийн их хөрөнгөтэй 10 хүнийх нь хөрөнгө орлогыг 10 жилээр нь гаргаж ирээд харчих. Муудаагүй л байхгүй юу. Харин уул уурхайн бүүм болж байх үед бэлнээр тараадаг байсан мөнгө алга болсон нь үнэн. Монголын эдийн засгийн үндсэн чадавхиас хамаардаг. Экспортод бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй улсын байгаа царай нь тэр байхгүй юу. Гадуур “АН ялахаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурдаг. МАН ялахаар ган болдог” гээд яриа гарсан байна. Ард түмэн мэдээд байна. Зэс, нүүрсний үнэ буурсан нь үнэн. Үүнийг аль нэг Монголын нам, улстөрч хийх үү. Хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн худалдан авагчид тогтоодог юм. Бид зөвхөн зарж байгаа субьект.
-Дөрвөн жил сайдаар ажилласан хүний хувьд тухайн үеийн Засгийн газрыг энэ Засгийн газартай харьцуулах боломж байна уу?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар маш ажилсаг Засгийн газар байсан. Манлайллыг бий болгосон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нь дэмждэг, өдөөдөг тийм Засгийн газар байлаа шүү дээ. Нөгөө талдаа жижиг сажиг асуудлуудад их оролцсон. Уг нь салбар салбарынхаа ерөнхий менежер нь байхгүй юу. Гэтэл эрэг шураг болгоноо өөрсдөө засах гэж оролдсон алдаа бий. Өнөөдөр бид засагт байсан бол улам сайжруулаад явах байсан. Ямар ч асуудал байхгүй. Одоо ажиллаж буй Засгийн газрыг унхиагүй, арчаагүй гэж хэлмээргүй байна. Харин манлайлал нь харагдахгүй байна шүү дээ. Яг яах гээд байгаагаа хэлэхгүй юм. Эдийн засаг унасан байсныг зогсоосон гэдэг үг зорилго нь болчих гээд. Ингэж өөрсдийгөө хуурч яахнав дээ. Ардчилсан нам эдийн засгийг унагасан гэдэг дайралтууд нь хугацаатай гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй.
-Засгийн газар 5.5 тэрбум ам.долларыг ОУВС-гийн хөтөлбөрөөс авахаар боллоо. Өмнө Чингис, Самурай бондыг авахад нэлээд эсэргүүцэж байсан хүмүүс. Таны байр суурь ямар байгаа вэ?
-ОУВС-тай хэлэлцээр хийгээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын сонголт. Өөр сонголт ч байгаа. Гэхдээ Засгийн газар үүнийг сонгосон. Хамгийн гол нь үр дүн юу байх вэ. Өөрийгөө боомилсон зүйл л битгий хийгээсэй. Эдийн засаг гэдэг чинь ард түмний, баялаг бүтээгдчийн чадамж гэдгийг бүгдээрээ ойлгочихвол зээлтэй байгаа нь 1000 дахь асуудал. Зээлгүйгээ ч гайхуулаад байх юм байхгүй. Ирээдүйгээ л Засгийн газар харах ёстой. Түр зуурын гал намдаах зүйл хийчихээд үүнийгээ мөнхийн зүйл гэх юм бол худлаа. Мөн түр зуурын эдийн засгийн өсөлт гаргангуут өнө мөнхийн эдийн засгийн өсөлт гаргачихлаа гэвэл худлаа. Илүү прагматик хар. Гурван сая хүний зах зээл хэтэрхий жижиг. Тиймээс гадагшаа зах зээл нээж чадах уу гэдгээ хар. Ухаалгаар харж чадвал 65 гишүүнтэй нам асуудлаа шийдчих байхгүй юу. Үүнийгээ шийдэж чадахгүй бол хэцүү л дээ.
-Тэгэхээр яах ёстой юм?
-Уламжлалт төр барих философи нь хадгалагддаг юм байна л даа. Хуучин боловсролын системийн гол доголдол. Манай дээд үеийнхний гол зовлон. Юм ойлгохгүй байна. Ирээдүйд Монголыг хөгжүүлье гэж байгаа бол хүн бүрээс гарах хүчин чармайлтыг дээд зэргээр үнэлэх хэрэгтэй. Тэд чадна гэдэгт итгэх хэрэгтэй. 20 настай залуус дэлхийн хэмжээний компани байгуулаад ажиллаж чадна гэдгийг мэдэр. Боломж олго. Тэгэхгүйгээр бид хуучин зарчмаараа яваад байвал 5.5 тэрбум ам.доллар чинь аймар өр болно шүү. Ирээдүй чинь дийлэхгүй. Дахиад нэг Оюу толгой орж ирээд аварна гэвэл бүтэхгүй. Манайхан эдийн засгийн коридор яриад байх юм. Хэн судалгаа хийж байгаа юм. Урд хөршид ямар судалгааны байгууллага ажиллаж байгаа юм. Хойд хөршид хэн хийгээд байгаа юм. Үүнийг яамдууд хийж чадахгүй. Зүгээр л худлаа яриад байна.
-Та японд инженер бэлдэнэ гэж байсан юу болсон бэ?
-Явж байгаа. 1000 инженер бэлдэнэ, одоо 200 нь явчихсан. Хэдэн мянгыг бэлдэх хэрэгтэй. Явж явж хүн л юмыг өөрчилнө. Аль ч Засгийн газрын тэргүүлэх бодлого нь дэлхийд өрсөлдөж чадах хүмүүсийг дэлхийд өрсөлдөөд буй салбарт хамтад нь бэлдэх учиртай.
-Ингэхээр боловсролын салбарын асуудал сөхөгдөнө. Манайх өөрсдөө энэ хүмүүсээ бэлдэх боломжгүй юу. Боловсролын салбар хангалтгүй байгаа юм биш үү?
-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчих юм биш үү гээд санаа зовоод байгаа юм. Байгаль цаашид боломжгүй байгаа юм биш үү.
-Ямар утгаараа сөхрүүлнэ гэж?
-Наад гол усаа хар. Та аль нутгийнх билээ.
-Сэлэнгийн Мандалынх…
-Нутагтаа очоод Хараа голоо харсан биз дээ. Тасарчихсан байгаа биз. Энэ чинь үндэслэл биш юм уу. Хот тойроод ойрд бороо орсонгүй. Мал харангадан үхэж байна. Зуны дэлгэр цагт мал үхэж байхыг мэдэх үү. Хүнд шүү. Хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манай ах нар дэлхийтэй өрсөлдөнө гэхээр худлаа гэж боддог. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгосчууд ямар хүмүүс байлаа. Бусад хүнд боломж байгаа бол бидэнд ч байгаа. Г.Ариунбаатарыг хар л даа. Дэлхийг яаж дийлж байна. Энгийн зүйлээ л хар. Бодлого нь зөв байвал гараад ирнэ.
-Ах нарын үеийг бүхэлд нь арчиж байж та нарын 50 настнууд гарч ирэхгүй бол дүү чигээрээ явсаар байгаад хамтдаа хөгширч байгаа юм биш үү?
-Залуу үе тэдний гараар орохгүй бай л даа.
-Тэгэхгүй бол дээшээ гарахгүй л дээ?
-Үгүй ээ, дээшээ гарч л таараа. Цаг хугацаа гэдэг чинь болдог байхгүй юу. Зургаан жилийн дараа манай ах нар надтай өрсөлдөнө гэж бодоод байгаа юм уу. Чадахгүй. Боломжгүй. Тэвчээртэй өөрийнхөөрөө л бай. Заавал гүйж очиж “долоогоод” явж яах гэсэн юм. Ах нарыг муу гэж бодохгүй байна. Өөрийнхөөрөө бай. Муу зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мань мэт нь ах нарт сүртэй ойлгуулж дийлэхгүй байх л даа. Гэхдээ бидэнд шийдвэр гаргах боломж ирнэ гэдэгт итгэж байгаа. Цаг хугацааны хувьд л хэзээ юм гэхээс. Цаг нь болоогүй байхад сэлдэгнээд байх хэрэггүй л дээ.
Тодорхой хугацааны дараа намын даргын сонгууль болно. Тэр сонгуульд орно. Ялж л таарна. Би бүтээлчээр цагийг өнгөрүүлнэ. Хүүхэд бүр дэлхийд өрсөлдөж чадах боловсролтой болно гэдгийг нотолно. Хоёрдугаарт, энэ улс шинжлэх ухаанаар явна гэдэг миний үндсэн жанжин шугам. Үүнийг нотолно. Маш өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулж болдгийг харуулна. Төр засаг хамаагүй, найзуудтайгаа хийнэ. Нэг га газарт тарьсан ургамал өндөр үнэлэгдэнэ. Үүнийг өөрийн ажлаараа үлгэрлэнэ. Энэ бүгдийг ойлготол нь зүтгэнэ.