Categories
мэдээ цаг-үе

Дархан мэргэний хүү Дархан мэргэн ХҮДЭРЧУЛУУНЫХ

Наадмын сонин сайхан яриа хөөрөө өрнөсөн энэ өдрүүдэд дархан мэргэн Цэвээний Хүдэрчулууныд өнжлөө. Дархан мэргэнийх арвангуравдугаар хороололд хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Наадмын бэлтгэл ид дундаа байгаа учраас үдэш оройхон цаг тохирч очсон юм. Биднийг очиход гэрийн эзэн доод давхартаа байрлах урландаа ажиллаж байв. Подвольд байрлах урлан руугаа гэрээсээ шууд орох шат хийжээ. Хүдэрчулуун мэргэн энд зав чөлөөгөөрөө нум сум урладаг аж. Багийнхаа гишүүдийн нум сумыг засч сэлбэхээс эхлээд багагүй ажилтай суудаг нь илт. Хусны үйс, янгирын эвэр, мод гээд нум сум урлахад хэрэгтэй бүх л зүйл энд байна. Гэрийн эзэн урландаа байх хуучны модон харуулыг “Миний өвөөгөөс үлдсэн үнэ цэнэтэй эд дээ” гэж сонирхуулав. “Ах нь дорнодын Баян-Уулын хүн. Аюушийн Цэвээн гэж хүний дунд хүү нь байгаа юм. Миний өвөө гарын уртай, жирийн л нэг малчин хүн байсан. Бид чинь хамниган буриадууд” гээд өвөөгийнхөө харуулыг цааш тавив.

Ааваас нь өвлөж ирсэн нум сум хийдэг багажнууд ч бий гэнэ. Хүдэрчулуун мэргэний аав дархан мэргэн а.Цэвээн гуайг монголчууд андахгүй. Ерэн насандаа харваачдаас анхлан хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан буурал юм. “аав минь хөдөлмөрийн баатар цол хүртсэн жилээ бурхандаа явсан даа. Миний аав 1924 онд төрсөн хүн. 1944 онд цэрэгт татагдсан гэдэг. Тамсагийн зургадугаар морьт дивизийн холбоо суманд холбоочноор ажиллаж байсан юм билээ.

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. Дайны агаарын цөөхөн мэдээчний нэг нь миний аав байгаа юм аа. Тамсагийн дивизийн хоёр холбоочны нэг байсан” хэмээн хуучлав. Цэвээн мэргэн цэргээс халагдсаныхаа дараа Баян-Уул сумандаа Эрээний тэрэгний үйлдвэрт ажиллаж эхэлжээ. 1955 онд эгчийгээ эмчлүүлэх гэж нийслэлд ирээд хотод суурьшсан юм байна. Нутагтаа буриад харваанд дажгүй байж. Автобусны жолооч байх үедээ найзынхаа урилгаар сурын талбайд анх очиж харважээ. Гэрийн эзэн “Аав 1972 оны таван сарын 1-нд харваж эхэлсэн. Их суранд хүчтэй орж ирж байсан гэж тэр үеийн харваач, зураач Нацагдорж гуай хачин тод дурсдаг юм. Аав эхний дөрвөн сумаа харвахдаа гурвыг нь оносон юм билээ. 48 насандаа суранд орж, 49-тэйдөө улсын наадамд түрүүлсэн хүн дээ. 53 настайдаа хоёр дахь, 60 настайдаа гурав дахь, 64 насандаа дөрөв дэх удаагаа түрүүлсэн амжилттай” гэж аавынхаа тухай яриагаа үргэлжлүүлэв. Улсын наадамд дөрөв түрүүлсэн таван харваачийн хоёр нь аав, хүү хоёр юм байна. Эднийхэн удмаараа харвадаг аж. Улсын наадмын 22 түрүүг зөвхөн эдний удмынхан авчээ. Удмаас нь гурван жил дарааллаад наадмын түрүү авсан тохиолдол ч бий гэнэ. Авга ах Рэнцэндорж нь 1986 онд улсын наадамд түрүүлжээ. Дараа жил нь Хүдэрчулуун мэргэн түрүү авсан бол 1988 онд Цэвээн мэргэн түрүүлсэн аж.

Ер нь Дорнодын Баян-Уул харваач олонтой сум юм байна. Харвааны төрлөөр хоёр хөдөлмөрийн баатартай гэнэ. Нэг нь гэрийн эзний аав. Нөгөө нь параолимпийн аварга Баатаржав. Дорнодын Баян-Уулаас 17 улсын мэргэн төрсөн гэсэн сонирхолтой мэдээг эднийд ирээд дуулав. “Даваажаргал, аав бид гурвын түрүү гэхэд л 13 шүү дээ” гэж Хүдэрчулуун мэргэн сонирхуулав. Оросын буриад харваачид мундаг гэж гэрийн эзэн ярилаа. Хойд хөршийн шигшээ багийн гурван хүний хоёр нь Агийн буриад гэнэ. “Ойн иргэдийн удам угсаа болоод тэр байх цэц сайтай шүү. Хөвчийн харваачид талын харваачдаас илүү ур чадвар, цэцтэй байж ан амьтан агнадаг байсан. Энэ мэт нарийн шалтгаанууд байх шиг байгаа юм” гэж хуучлав.

Нум хийхэд хамгийн их хугацаа ордог зүйл нь шөрмөс хатаах гэж гэрийн эзэн ярив. Зургаан сараас жилийн дотор бүрэн хатдаг аж. Хүдэрчулуун мэргэн урлангаасаа гарах зуураа “Монгол нум бусад улс орнуудын эвэр нумнаас янгирын эвэр, үхрийн шөрмөс ордгоороо ялгардаг” хэмээн ярилаа.

Ээжийнхээ авдарыг хоймортоо хүндэтгэн байрлуулжээ. Гэрийн эзэн “Аавын минь урласан авдар. Ах дүү нар булаацалдахгүй л байна. Булаацалдвал өгчихнө дөө” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. Цэвээн мэргэн нум сумнаас гадна тооно хийдэг байж. Тооныг төмөрлөж хийдэг байсан учраас аль тавиад онд хийсэн тооно нь айлуудад байдаг гэнэ.

Идээ будаа зассан ширээний ард бидний яриа үргэлжлэв. Цэвээн мэргэн хар багадаа ээжийнхээ эгчид үрчлэгджээ. Аав, ээж нь хэлмэгдлийн он жилүүдэд нутгаасаа дүрвэж гарахдаа хамгийн бага хүүхдээ Монголдоо үлдээгээд явсан аж. Ингээд Цэвээн хүү Ононы урд эрэгт, аав, ээж нь Онон голын хойд эрэгт амьдрах болж. Цэвээн мэргэний төрсөн аав нь бурханч лам байжээ. Хойшоо дүрвэж гарсан даруйдаа цөллөгт явж юм юм л үзэж. Гэрийн эзэн “Аав минь ээжтэйгээ ганцхан удаа уулзсан юм билээ. Тооно хийж олсон мөнгөөрөө гурван дугуйт худалдаж аваад 1956 онд нутагтаа очиж л дээ. Ээжийгээ сураглая гээд Ононы эрэгт очтол ходоог тэрэгтэй хоёр хөгшин явж байж. Дуудтал сонсоогүй өнгөрөөд явж. Гэтэл цагаан морьтой орос өнөө хоёр хөгшнийг дуудаж өгч тусалсан гэдэг юм. Хоёр хөгшний нэг нь голын цаанаас “Чи хэний хэн бэ” гэж чангаар асуухад аав овог нэрээ хэлж. Гэтэл голын цаана байсан хоёр хүний нэг нь аавын минь төрсөн ээж байж таарсан. Их сонин хувь ерөөл шүү. Ингэж нэг ээжтэйгээ уулзсан юм билээ. Хожим уулзах гээд очиход ээж нь өөд болсон байсан” хэмээлээ.

Эднийх дөрвөн хүүтэй юм байна. Том хүү Хүрэлчулуун нь ХААН банкинд IT инженерээр ажилладаг бол хоёр дахь хүү Эрдэнэчулуун нь ШУТИС-д сурдаг юм байна. Гурав дахь хүү Хүчитчулуун нь байт сураар хичээллэдэг аж. Харваач хүү “Байт харваа үндэсний харваанаас техник ихтэй. Би долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийж байгаа. Өдөрт дор хаяж гурван цаг бэлтгэл хийдэг. Монголынхоо нэрийг дэлхийд гаргана гэж боддог” гэлээ. Гэрийн эзэн “Миний хүү үндэсний сураар харвах дуртай. Олон улсад амжилт гаргавал зүгээр гэж бодоод байтаар хичээллүүлж байна. Бага маань гурван настай. Бас л харвах дуртай. Бид хоёр чинь гэртээ харваж өгнө шүү дээ. Ээжтэйгээ өнөөдөр амралтанд явчихлаа” гэж хэлээд инээмсэглэв. Гэрийн эзэгтэй Г.Нармандах Сүхбаатар аймгийн хүн юм байна.

Хүдэрчулуун мэргэн “Сурын спортоор хичээллэсэн хүүхэд маш сайхан төлөвшдөг. Дэгдэгнэсэн хүүхдүүд дороо аятайхан болоод ирдэг. Уламжлалаараа байгаа спорт учраас төлөвшихөөс аргагүй л дээ. Наад зах нь ахмадынхаа урдуур гүйхгүй гэх мэт дэг жаяг ихтэй. Сурын спортоор хичээллэсэн хүүхэд тамхи, архинаас хол хүмүүждэг сайн талтай. Нэг удаа архи уувал сарын дараа л харвах хэмжээний болох учраас архийг цээрлэдэг” хэмээн сонирхуулав.

Гэрийн эзэн хамниган буриадуудтай холбоотой сонин сайхан хууч их дэлгэх юм. Хүүгийнхээ бэлдэж өгсөн цайг оочлонгоо “Манай хамниган буриадууд чинь буриадууд шиг ярихгүй, эртний хэллэгээр ярьдаг. Монголын нууц товчоон дээр байгаа хэллэгүүдийг хамниган буриадуудаас сонсох боломжтой. Нууц товчоог бичилцэхэд хамниган буриад хүн оролцсон байж магадгүй гэж ярьдаг. Өүлэн эх өвсөн өмбүүлд амьдраад, Онон мөрнийг өгсч уруудаад олирс мойлыг түүж…. гэж Нууц товчоонд гардаг шүү дээ. Буриад, халхын аль нь ч олирс гэж ярьдаггүй. Олирс гэдэг бол аньс. Хамниган хэллэг нь юм л даа. Ээж маань ч бас хамниган буриад. Хамниган буриадууд эртнээсээ Онон мөрний дагуу амьдарч ирсэн улс” гэж хуучлав.

Том өрөөнийхөө хананд Цэвээн мэргэний харваж байгаа зургийг жаазлан өлгөжээ. Гэрийн эзний Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат цол авч байгаа зураг ч зочны өрөөнийх нь хананд харагдана. Хүдэрчулуун мэргэн “Гавьяат авахаа дуулаад эхэндээ итгээгүй шүү. Зээ дүүгээ ярихад нь үнэмшээгүй. Тийм амархан юм гэж хаана байсан юм гээд утсаа тавьчихлаа. Дараа нь Сурын холбооны нарийн бичиг ярилаа. Бас л итгэж өгсөнгүй. Жар гараад л гавьяат авч магадгүй гэсэн бодолтой явсан хүн чинь юу гэж тийм амар итгэхэв. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьдаг байгаа. Бэлгэшээлтэй нэг зүйл нь Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан өдөр нь миний төрсөн өдөр болж таарсан. Аав 2003 онд гавьяат болсон юм. Түүнээс хойш сураас гавьяат төрөөгүй явж байгаад би гавьяат болсон. Аавынхаа дараа авах хувьтай байж дээ гэж бэлгэшээдэг” хэмээн ярилаа.

Гэрийн эзэн Өмнөд Монголд 400 метр харваж шагнуулсан өргөмжлөлөө бидэнд сонирхуулсан юм. “Монголын харваачдаас 400 метр харвасан хүн ойрд гараагүй. Одоогоос арван жилийн өмнө Өмнөд Монголд сур бараг хөгжөөгүй байсан. Өнөөдөр бол мундаг хөгжсөн. Хятадын нутагт болж байгаа тэмцээнүүдэд дан өвөр монголчууд түрүүлж байна. Цусанд нь байгаа чанар учраас аргагүй л дээ. Намайг очихоор та сайн харвах учраас тэмцээнд оролцох боломжгүй гэдэг байсан улс чинь одоо болохоор ирж наадаарай гэдэг болсон” гээд хөгжилтэй инээснээ “Өмнөд Монголд очихоор хуучин цагийн хөдөөний айлуудад очсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг юм. Ах дүүсээ ирж байгаа юм шиг цайлж дайлна. Гэтэл манайхан тэднийг ирэхэд хужаа гэж хэлээд их гомдоодог. Өмнөд монголчууд ихээхэн халсан үедээ яагаад биднийг хужаа гэдэг юм бэ ахаа гээд уйлдаг. Яг тэр үед нь хэлэх үг олддоггүй. Түүхийн явцад л салсан улс шүү дээ бид чинь. Яах аргагүй тасарсан мах, үсэрсэн цус” гэж хэлээд санаа алдав. Энэ жилийн сур харваанд хэн тэргүүлэх бол гэж сонирхоход гэрийн эзэн “Маш өрсөлдөөнтэй болох учраас тэр энэ гэж хэлэх аргагүй. 500 харваачаас шигшинэ. Хэн нь ч гараад ирж магадгүй. Өвөл хаваргүй бэлтгэлээ хийсэн болохоор бэлтгэл жигд байгаа. Мастерын болзол хангаагүй залуу харваачдаас ч гарч ирэхийг байг гэх газаргүй” гэв. Хүдэрчулуун мэргэнээс эмзэглэж явдаг зүйл байдаг уу гэж асуухад “Зарим сум эрийн гурван наадам хийхээ больж. Морь уралдуулж бөх барилдуулаад наадчихдаг болж. УИХ-ын зарим гишүүний яриаг сонсох нь ээ бөх, моринд дуртай гэж ярих юм. Эвгүй л сонсогдох юм. Соёмбонд гэхэд л хоёр зэв нь байдаг, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг шүү дээ нум сум чинь. Гэхдээ сурыг дэмждэг сайхан улс олон бий. Сурынхан хөдөлмөрийн баатартай болсон. Дархан мэргэн, даяар дуурсагдах мэргэнтэй болгосон. Ерөнхийлөгчийн зарлигаар өгдөг боллоо. Баасанхүү гишүүн сурын зэрэг цол дээр их зүйл хийсэн” гэсэн хариу өглөө.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *