Categories
мэдээ цаг-үе

Д.Ганпүрэв: Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно

Холбоотой ЗурагМонгол угсаатны хөгжмийн товчоо ТББ-ын тэргүүн, соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Түүний гэргийг Бөртэ хамтлагийн ятгачин, Ятга хөгжмийн хатан гэгддэг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харин энэхүү авьяаслаг бүсгүй ходоодны хорт хавдрын III шатанд орж, БНСУ-д яаралтай эмчлүүлж буй юм. Түүний эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор сайхан сэтгэлт ард түмнээ халуун гараа сунгах сайн үйлсийн аян зарлаад байгаа билээ.


-Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж яваа ятгачин бүсгүйг өвдсөн тухай мэдээлэл түүний уран бүтээлийг шимтэн сонсдог хэн бүхэнд хүндхэн туссан нь дамжиггүй. Та бүхэн энэ өвчний тухай хэзээ мэдсэн бол. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Гурван жилийн өмнөөс цус багадалт их ажиглагдах болсон. Мөн сүүлийн үед ганц, хоёр удаа ухаан алдсан юм. Бид үүнийг эмэгтэйчүүд талаас нь илүү анхаарч, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэг байлаа. Харин тавдугаар сарын сүүлийн долоо хоногт хоол орохгүй, багахан зүйл идсэн ч эргэж гаргачихаад байв. Тухайн үед оюутнуудын шалгалт эхэлчихсэн байсан учир ачаалал ихтэй байсан юм. Өглөө эрт гараад л бүр орой орж ирнэ. Мөн багшийн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийнэ гээд л цаг наргүй байх нь олонтаа. Ер нь хийж байгаа ажлууддаа зүрх сэтгэлээ зориулж өөртөө төдийлөн анхаарал тавьдаггүй байсан л даа. Энэ бол хууч өвчин нь биш. Харин олон шавь нарынхаа төлөө санаа зовниж, уран бүтээлийн ард гарах гэж бүх хүч чадлаараа мэрийж, удаан хугацаанд цаг нар, амралтгүй ажилласнаас болсон болов уу. Бид ихэвчлэн уран бүтээлийнхээ ард гарах гэж жижиг хүндрэлүүдийг орхиж явдаг л даа. Бага зэрэг бие өвдөхөд эм тан хэрэглээд байх нь тун ховор. Ер нь ганцхан миний хань ч гэлтгүй уран бүтээлч хүний амьдрал ийм л дээ.

Ямартай ч биеийн байдал улам муудаж байсан учир бид яаралтай шинжилгээ өгсөн. Зургадугаар сарын 2-нд ходоодны хорт хавдарын III шатанд орсон байна гэсэн хариу сонссон. Идэвхжилт ихтэй тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатайг эмч нар зөвлөж байлаа.

-Мэс засалдаа хэдийгээр орох вэ?

-Биднийг шинжилгээнийхээ хариуг авчихаад сандарч явахад аз болоход БНСУ-ын нэгэн эмнэлгийн доктор, профессорууд Хавдар судлалын үндэсний төв дээр ажиллаж байж таарсан л даа. Тэд шинжилгээний хариуг үзээд маш яаралтай, цаг алдалгүй БНСУ-д очиж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Одоогоор эмнэлэгтээ ирчихсэн гол шинжилгээнүүддээ орчихсон. Тун удахгүй мэс засалдаа орох болно.

-Сайн үйлсийн аян эхлүүлээд буй. Хагалгаанд хүрэлцэхүйц хандив цугларч чадаж байгаа болов уу?

-Зовохын цагт сайхан найз нөхдүүд, гэгээн сэтгэлтэй хүмүүс их тусалж байна. Тэдний тус дэм их ирж байгаа. Зарим найз, нөхөд маань “Хүнд асуудлыг цаг алдалгүй дав. Мөнгө бол олдоно хүн олдохгүй шүү” гээд ямар ч хүүгүйгээр мөнгө зээлсэн. Одоогоор тэрхүү зээлээр цаг алдалгүй БНСУ-д очих визний зардал, эмчилгээний урьдчилсан төлбөр зэргийг зохицууллаа. Харин энэхүү зээлийг ард түмнийхээ халуун сэтгэлээр болон хандивын тоглолт хийж дарахаар биднийг гэдэг сайхан хүмүүс маань хичээж байгаа.

-Рок поп, нийтийн дуу, сонгодог урлагийн гэсэн гурван удаагийн хандивын тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Тоглолтын зохион байгуулагчаар “Урлаг маркет” компани ажиллаж байгаа. Мөн цаасан хэвлэл, постер, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг “Хос Хас” хэвлэлийн компани, “Үлэмж” продакшны хамт олон зохион байгуулж байна. Үндэсний урлагийн театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар ах минь ч тэр тус дэм болж байгаа. Мөн урлаг, соёлынхон маань бүгд нэгдэн нийлж тоглолтод оролцохоо илэрхийлсэн. Тиймээс бид рок поп, нийтийн дуу болон сонгодог урлаг гээд гурван удаагийн тоглолт хийх нь зүйтээ юм байна гэж шийдсэн л дээ. Тоглолтууд зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд болох юм. Энэхүү тоглолтуудын орлогоос нийт зардал тодорхой хэмжээгээр багасна гэж бодож байгаа.

-Та ханьтайгаа анх яаж танилцаж байв?

– Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн л дөө. Ч.Мөнх-эрдэнэ маань сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа ятгын багш, Морин хуурын чуулга болон одоогийн Үндэсний урлагийн их театрт гоцлол хөгжимчнөөр ажилладаг байлаа. Ухаандаа гурван ажлыг зэрэг хийдэг байсан юм. Миний сэтгэлд хамгийн их хүрсэн зүйл нь мэдээж тоглоочийн ур чадвар нь гайхалтай санагдсан. Үүнийг нь би Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг багшийн Ч.Мөнх-эрдэнэд зориулсан ятгын концертын үеэр анх харж байсан. Миний хувьд тэрхүү тоглолтон дээр түүний тоглолтын ур чадварыг биширсэн л дээ. Ингээд түүнийг өөрийнхөө “Эгшиглэн” хамтлагтаа авсан. Харин 1996 онд манай хамтлагийн зүгээс Ч.Мөнх-эрдэнэдээ Герман руу ирэх урилга өгч, тэнд бид хамтдаа уран бүтээлээ туурвиж эхлэсэн түүхтэй юм. Энэ цаг үеэс л бид хоёр хүний нутагт нэг нэгнээ гэж, одоо 20 гаруй жил ханилжээ.

-Амьдралд аз жаргалтай басхүү гуниг зовлонтой өдрүүд хосолж байдаг. Ер нь Ч.Мөнх-эрдэнэ ятгачны хувьд хэр сэтгэлийн хаттай вэ?

-Амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдоно л доо. Энэ бүхэнд уран бүтээлч хүний нэг онцлог харагддаг. Уран бүтээлч хүн амьдралынхаа цаг хугацаанд гэхээс уран бүтээлийнхээ орчинд үргэлж амьдарч байдаг юм. Тиймдээ ч амьдралын хүнд бэрхийг уран бүтээлийнхээ хүчээр давж, мартаж явдаг гэж ойлгож болно. Ер нь ч бухимдалтай, ундуйцсан байгаа үед уран бүтээл хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэгэхээр сэтгэл цэвэр байж тайзнаа гарч, уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдодоо аз жаргал бэлэглэдэг юм. Тэгэхээр уран бүтээлч хүнээс тийм л их сэтгэлийн хат гардаг гэсэн үг л дээ.

Яахав бидний хувьд хэдий хүнд хэцүү үе цөөнгүй тохиолдож байсан ч энэ цаг үе шиг хүнд бэрх нь үгүй байж. Хоёр үрийн минь ижий, амьдралын минь багана, басхүү түүний урлагт зориулсан 30 жилийн хөдөлмөр, тоглох арга барил, ирээдүйд хийх ятга хөгжимд зориулагдсан шинэчлэл гээд маш том орон зай зогсонги байдалд орж болзошгүй гэх айдас байна. Гэхдээ бид оройтоогүй. Сайхан хүмүүсийн халуун сэтгэлээр энэ өвчнөөс сална гэдэгтээ итгэлтэй байна. Миний хань ч гэсэн хүнд өвчтэй болчихсон гэж сэтгэлээр унах биш хүмүүсийн урам, дэмээр сэтгэлийн их хүчийг авч байна. Хань минь сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байгаа. Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно.

Холбоотой Зураг-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Алтай их ятга, Аху их ятганд зориулсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёрдугаар концертод багагүй цаг хугацааг зориулан ажилласан. Энэхүү бүтээл нь “Алтан намар” наадмын гран при шагнал авсан юм. Мөн Ч.Мөнх-эрдэнэ маань “Бөртэ” хамтлагийн ятгач. Гэхдээ тус хамтлаг 2011 оноос уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан юм. Ерөнхийдөө манай “Эгшиглэн” хамтлагаас гал тасдаж гарсан хамтлаг л даа. Энэхүү хамтлаг нь Герман улсад 1998 оноос эхлэн этник жазз чиглэлээр уран бүтээлээ туурвиж байлаа. Олон улсын хэмжээнд танигдсан бүтээлүүдээс дурьдвал Оскарт нэр дэвшсэн “Ингэн тэмээний нулимс” болон олон улсын кино наадмуудаас хөгжмийн шагналуудыг авсан “Шар нохойн там” киноны аялгуунууд юм. Ингээд саяхнаас “Бөртэ” хамтлаг уран бүтээлдээ эргэн шаргуу орж эхлэсэн. Бид нэгэн уран бүтээлээ дүрсжүүлэхээр баруун хязгаар луу явахаар зэхэж байлаа. Мөн Улсын их баяр наадамдаа Мөөгий маань гоцлол тоглоочийнхоо хувиар оролцох, “Алтай” хамтлаг Өмнөдмонгол руу хийх аялан тоглолт зэрэг ажлууд цуцлагдсан.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?

-Би хамгийн сүүлд МЭӨ 121 онд зохиогдсон “Хүннүгийн гунигийн дуу” гэх бүтээл дээр ажиллалаа. Доктор, профессор Гүнжийн Сүхбаатар энэ дууны үг болох дөрвөн мөртийг хөрвүүлэн буулгасан байдаг. Яг тэр цаг үеийг харуулсан энэ мөртүүдийг судалж, сэтгэлээ огшоон байж энэ дууг гаргасан. Мөн тойрон бүжиг маш хурдтай газар авсан. Би 2014 оны зургадугаар сард Якутад явж байхдаа тэндхийн тойрон бүжигт оролцсон юм. Ингээд тухайн үед хамт явж байсан доктор, профессор Л.Дашням, “Болор цом”- ын эзэн, яруу найрагч Д.Урианхай нараасаа Монголын тойрон бүжгийн тухай асууж, судалж, олон мянган жилийн түүхтэй гэдгийг нь олж мэдсэн. Ямартай ч энэ урлагийг хөгжүүлэх нь зүйтээ юм байна гэж шийдсэн юм. Түүнээс хойш судалж, тойрон бүжгийн хөгжмийг хийсэн дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *