“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн №136, 137 (5703, 5704) дугаараас авч нийтлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үйл явц оргилдоо хүрч байна. Сонгууль сонгуулийн энэ үеүдэд хийрхэл, худал гүтгэлэг, хэл ам, нэгийгээ хараар будах нь хамгийн өндөр цэгтээ хүрч, сонгогч олон нэр дэвшигчдийнхээ талаар мэдэх мэдэхгүй зүйлийг сонсоход хүрдэг үе л дээ. Ёстой л газар гишгэж байгаагаа, галаар үлээлгэж байгааг л үнэн гэж бусдыг эргэлзэхэд хүрдэг цаг. Сонгууль сонгуулиар л ийм зүйл болдог. Өмнө нь ч ийм байж ирсэн, одоо ч ийм. Ардчилсан сонгууль 1990 оноос эхлэн болж, шууд сонгууль 1992, 1996, 2000, 2004, 2008, 2016 онуудад, орон нутгийн сонгууль мөн адил хугацаанд, Ерөнхийлөгчийн сонгууль 1993 оноос гээд дөрвөн жил тутам гэвэл өнөө жил долоо дахь удаадаа, дунд нь найман удаагийн нөхөн сонгууль гээд үзвэл бид гуч шахам сонгуулийн нүүрийг үзэж байна. Энэ дунд ёстой юу эсийг үзлээ дээ. Сонгуулиас сонгуульд муудаа илүү төгсрөх маягтай. Сонгуулийн сурталчилгааны үеэр ил далд алалцаж байхдаа эргээд уулзахгүй нүүртэй мэт л авирладаг. Эргээд юу ч болоогүй юм шиг явах. Хөөрхий дунд нь хэд талцаад үзээд байсан ард түмэн яах учраа олохгүй үлдэнэ. Ийм байдал сонгуулиас сонгуульд л гарч байлаа. Одоо мөн адил. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд чангардаг нэг нэг рүүгээ дайрдаг технологи сурталчилгаа нээгдсэн өдрөөс эхэлсэн одоо дуусахын алдад юунд хүрэх юм бүү мэд. Ёстой үзэхээс нүд өвдөж, харахаас сэтгэл халирах зүйлс гарч магадгүй. Сошиал орчинд бүр ч заваан юм болно.
Гэхдээ тэр бүгдийг мэдэх гэж, мэдсэнээрээ сонголтоо зөв хийнэ гэж итгэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Сонгуулийн сурталчилгааны хар технологид автаж савлавал хайран сайхан санал гэж харамсах хэрэг болно. Бас аль нэг талыг туйлын үнэн гэж дагаж амьдралаа алдах хүмүүс гарах вий гэж болгоомжлуулмаар санагдана.
2008 оны сонгуулиар Атрын аян-2 гэж баахан шуугиж байлаа. Нээрээ л жар, далаад оных шиг атрын их аян өрнөх юм шиг санаж, энд томоохон боломж байна гэж итгэх хүмүүс олон байлаа. Манай сонин гэхэд л сонгуулийн шоу шүү, дагаж амьдралаа үрэв дээ гэж зөндөө л анхааруулж байсан. Эргээд харахад эрх мэдлээ ашиглаж чадсан цөөхөн хэдэн хүн боломжоос нь хүртээд энгийн тариланчид хөлд нь үрэгдээд хоцорсон байх юм. Тариалан эрхлэх сан гэж шуугиад л байсан. Ургаагүй тариагаа хүртэл бичүүлж аваад дээлээ нөмөрсөн нь олон. Анхнаасаа эрэлт шаардлага, бодлого нь зөв гараагүй сонгуульд таалагдах гэж гаргасан бодлогууд заавал алдаа дагуулдаг. АН-ынхан гэхэд л өнгөрсөн сонгуулиар баахан тэнгэрийн санаанууд үйлдвэрлэж өгсөн. Үнэхээр тийм байсан юм бол засаглаж байх хугацаандаа түүнийгээ хэрэгжүүлж байхгүй. Сайн хөтөлбөрүүдэд нь итгэж, малчны зээл авч, оюутнаа сургана гэж хөөрч, дэд бүтцэд холбогдоно гэж итгээд ганц өрөө байр авахын оронд хашаа байшин авч өнгөрсөн өвөл гал алдсан улсууд ч байсан. Улс төрийн намууд хийрхэж байхдаа, сонгуулийн халуунд автаж байхдаа хөөрхий үүнд итгэх ард түмэн минь яана даа гэж хэзээ ч бодож байгаагүй. Бодох ч үгүй юм байна. Төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа улсууд итгэлтэй нь аргагүй мэдэгдэхэд түүнд итгэхгүй ард түмэн гэж ховор. Гэтэл худлааг нь мэдсээр байж сонгуульд зориулан хаа хаанаа худал хэлэх энэ улс төрийн намуудыг бид яах ёстой вэ. Бас нэг зүйл бий. Аль нэг улс төрийн хүчинг эрх мэдэлтэй байхад зөв зүйтэй асуудал байснаа дараагийн хүчин гараад ирэхээр гэмт хэрэгт тооцогдчихдог зүйл байдаг. Тухайн улс төрийн хүчин гэмт хэрэг мөн биш гэж харахаас шалтгаалж шагнал авах уу, шоронд орох уу гэдэг нь шийдэгддэг байх жишээтэй. Тухайн үедээ МАН-ынхан нэгэн зочид буудлыг дарга байсан хүндээ хувьчлах нь зүйтэй гэж үзээд нийслэлээс шийдвэр нь гараад өгчихсөн байсан нь АН-ын үед гэмт хэрэг болоод хотын экс дарга ял авч байлаа. Харин АН-ын үед төрийн мэдлийн орон сууц барьдаг улсын компани байх нь зүйтэй гэж үзээд нэгнээрээ удирдуулж, олон мянган байр барьж хүмүүс оруулчихсан атлаа одоо нөгөө дарга нь баригдаж шалгагдаж байх жишээтэй. Аль цагийн өнгөнд тааруулж явахаа мэдэхгүй ард олонд энэ бүхэн хамгийн хэцүү байдаг. Хувьсгал гарахад мал хөрөнгөтэй хүмүүс нь буруудаж, хөрөнгөө хураалгахаас гадна хар гэрт хоригдож хэдэн үеэрээ хэлмэгдэж хавчигдаж ирсэн. Сүүлийн үед энэ нь ажлаас халж, татвар, мэргэжлийн хяналтын шалгалт орох гэхчлэн хэлбэрээ өөрчилсөн ч хэвээр байна. А-г зөв гэж байснаа Б нь зөв болдог цагийн энэ араншинд тааруулах гэж хамелеон мэт амьдрах ард олонд хэцүү байна. Манайхан энэ муухай зангаа гээж үлдээх цаг болжээ. Улс төрийн хонзонгоо ингэж хавтгайруулж авдаг газар манайхаас өөр байдаг ч юм уу. Бараг үгүй байх. Сонгуульд тааруулж худлаа мэдээлэл тарааж, сонгуульд зориулж албан тушаалтнууд нүд ч цавчихгүй худлаа ярихаас татгалздаг байх хэрэгтэй. Статистикийн үндэсний газраас иргэдийн дундаж цалин өсөөд байна, амьдрал сайн байна гээд мэдээлэх болсон. Статистикийнхны гаргаж байгаа мэдээлэл үндэсний телевизийн мэдээгээр бол бид диваажинд амьдраад ч байгаа юм шиг. Гэтэл өөр хоорондоо тэгж дээшлээд байна уу гээд асуухаар мэдэж байгаа хүн байхгүй. Шатахууны үнэ өсч, приусээ ч авч дийлэхээ байж, доллар хэд ч болохыг мэдэхгүй явахад амьдрал сайхан болоод байна гэсэн албан мэдээлэлд итгэх нэг хэцүү, итгэхгүй байх бас хаашаа болох юм.
Сонгуулиар ч нээрээ юм, юмыг үзэх бололтой юм. Сүүлийн үед явж байгаа мэдээллээр бол энэ хорвоогийн хамгийн муу муухай гурван хүнийг авчраад нэр дэвшүүлчихсэн болтой юм аа. Монголыг сүйрүүлчих хэмжээний гурван муухай нөхрийг бид харж байна. Үнэндээ тэднийг улс төрийн намууд нь шилдгээ гэж үзээд, сонгоод гаргаад ирчихсэн улсууд. Хүссэн ч хүсээгүй тэдний нэг нь монгол төрийн тэргүүн болно. Шаварт хутгаж, хутгаж гишгэлсэн тэднээсээ нэгийг нь гаргаж ирээд тэргүүндээ залцгаана. Бас ч гэж хийсэн бүтээсэнтэй, хавь ойрынхондоо итгэл төрүүлж, хүндэтгэл хүлээсэн улсууд шүү дээ.Ингэж өрсөлдөж, ингэж ялах хэрэг баймааргүй шиг. Сонгуулийн кампанит ажлыг удирдаж байгаа улсууд ч бодмоор. Сонгуулийн үеэр л гэнэт нээлт хийгээд, гэнэт хүмүүст таалагдах цуврал мэдэгдлүүд гаргаад л. Өөрсдөө ч худлаа, үзэж байгаачууд нь ч худлаа гэж мэдээд байхад ингэж жүжиглэмээргүй санагдаад байх юм. 60 тэрбумын хэрэг гэж баахан шуугиж байна. Сүүлийн 20 гаруй жилийн төр засгийн явж ирсэн царайнаас л тэр бичлэг худлаа биш гэдгийг бид гадарлаж л байгаа. Аль ч улс төрийн намууд ингэж ярьж, схемээ зурдаг гэдгийг ярьсаар л ирсэн шүү дээ. Хэвлэлээр шүүмжилсээр ирснийг анзаарах нь цөөн. Бүр Н.Энхбаярын үед л дэд сайдын албан тушаал 500 сая төгрөг гэсэн яриа байдгийг бид сонсч л байсан. АН-ынхан ч “пүү паа муухай” гээд байлтгүй өнгөрсөн дөрвөн жил төрийн албыг төрлийн алба болгохыг төгөлдөржүүлж өгсөн. Төрийн албанд ороход бүр энгийн мэргэжилтнээр ороход мөнгө нэхдэг болсон цагт бид амьдарч байна. Энэ бүхэн нь бичлэгт үлдсэндээ, хамгийн гол нь сонгууль болж байгаа учраас л анхаарал татаад байгаа юм. Үнэхээр л хаана хаанаа эмзэглэж байсан бол бичлэг задраад жил болж байхад яагаад бүгд мартчихсан байсан юм бэ. Сонгууль дөхөхөөр энэ тухай шуугиж байгаа нь ямар учиртай юм бэ. Ерөөсөө сонгуулийн жүжигтээ намууд ч, сонгогчид бид ч дасчихжээ. Одоо бичлэг эвлүүлэг байсан гээд, бичлэгийн эзнийг хамгаалж байна гээд хүмүүсийн тархийг угаах ээлжит жүжгүүдээ бүх намууд чөлөө завгүй үйлдвэрлэж байна. Энэ ч иймдээ, тэр ч тиймдээ гэж мэдэж байгаа хэрнээ сонгогч олон дагаж шуугисаар, савлан савласаар.
Хятад хүн муухай, Хятад орон муухай гэж бид савлаж байна. Нүүгээд явж чадах биш сонгууль дуусахад нөгөө Хятадтайгаа хил залгаад л үлдэнэ. Америк нөхөртэй айлд байж байна, Америкийн бодлогоор ийм зүйл хийж байна гээд адлаад л байна. Ардчилсан орнуудын түшиг тулгуур гэсээр энхийг сахиулах үйл ажиллагаандаа хамтарсаар л хоцрох гүрэн. Дотоодын алалцаан сонгуулийн маргааш мартагдана. Дотооддоо тоодоггүй юм гэхэд гадаад ертөнцдөө эргээд уулзах нүүртэйгээ үлдэх нь чухал юмсан. Энэ хэдэн нэр дэвшигчид нь ч гэсэн, багт нь ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн, гэр бүлдээ хэд талцаад байгаа ах дүүс ч гэсэн сонгуулиар хүнээ байж, сонгуулиар муухайгаа дуудалцчихаад юу ч болоогүй мэт таарахад улаан нүүр халуу шатам санагдах юм. Ийм сонгуулийн пиар хийхийг зөвшөөрч байгаа хүмүүс төрийн тэргүүний албанд яаж ажиллах бол гээд дараагийн эмзэглэл хүртэл төрөх юм байна шүү дээ.
Сонгуулийн халуурал чинээндээ хүрлээ. Дахиад ч галзуурлын долоо хоног байна. Аль аль талдаа намжуухан байж, ард олон ч дагаж хямарч, савлаж сүйд бололгүй Монгол төрийн тэргүүнээ сонгох нь зүй. Өчнөөн сонгуулийн ард хамтдаа гарцгаалаа шүү дээ, Монголын ард түмэн. Яаж явагддагийг нь харсаар л ирсэн. Цаг цагаар өөрчлөгдөх үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэлд бус өөрийнхөө итгэл үнэмшилд итгэж саналаа өгөөрэй.