Categories
мэдээ нийгэм

​Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөө 7 цагт орон даяар эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр нэр дэвшигчдийн халз мэлтгэлцээнээр дуусгавар болсон билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар өрсөлдөж байна.

Эдгээр гурван нэр дэвшигчийн хэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох нь маргааш оройн 22 цагт шийдэгдэх болно. Маргааш өглөө 7 цагт нийслэлийн есөн дүүрэг, Монголын хорин нэгэн аймаг, 366 сумдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор нэгэн зэрэг эхэлнэ.

Иргэн та сонгуульд санал өгөхөөр очихдоо өөрийн иргэний үнэмлэхээ мартуузай. Мөн урт дараалалд зогсож, үнэт цагаа алдахгүйн тулд хэдэн цагт очихоо төлөвлөөрэй. Санал өгөхдөө өөрийн харьяалагдах хэсгийн хороо дээрээ очоод саналын хуудсыг авч, бүхээгт орж нууцаар саналаа өгнө. Санал өгөх зааврын дагуу саналаа битүүлж будаарай.

Андуурч будсан, алдаа гаргасан тохиолдолд санал тоолох хар машинд саналын хуудсаа хийхээс өмнө мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахиан саналын хуудас авч саналаа өгөөрэй. Мөн саналын хуудасны заавар нь ойлгомжтой бус байвал хэсгийн хорооны ажилтангаас тодруулж асуугаарай.

Монгол Улсын иргэн та өөрийн эрх ашгийн төлөө, улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, өөрийн үзэл бодлыг төлөөлж чадна гэсэн хүндээ иргэнийхээ үүргийг биелүүлж, сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *