Categories
мэдээ улс-төр

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт 15:20 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. “Монгол ялна” гэсэн уриа бүхий футболк, малгайтай нас насны хүмүүс цугласан байлаа. +35 хэмийн халууныг үл ажран зогсох АН-ын гишүүд дэмжигчид, түүнд саналаа өгөхөөр шулуудсан хүмүүс жанжны талбайг бүхэлд нь дүүргэжээ. Сонгуулийн сурталчилгааны хаалтыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Баттулга бидний адил жирийн нэг хүн. Эгэл бор амьдрал дундаас боссон бидний төлөөлөл. Тэр төрөөс төрсөн тэрбумтан биш” хэмээхэд талбайд цугласан хүмүүс “Уухай” түрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд монгол ялах ёстой. Ардчилал ялах ёстой. Баттулга ялах ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол өнө мөнх оршиг. Сонголт мэргэн байх болтугай” хэмээсэн юм. Үүний дараа Ардчилсан намын анхдагчдын нэг Нийслэлийн Засаг дарга асан Эрдэнийн Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “Хоёр хоногийн дараа монголчууд сонголтоо хийж Төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Монгол Улсад УИХ-ын найман сонгууль болж, 1993 оноос хойш долоо Ерөнхийлөгчийн долоо дахь сонгууль явагдах гэж байна. Орон нутгийн маш олон сонгууль явсан. Гэхдээ энэ сонгууль бүрт нэр дэвшигчийн гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч байсангүй. Баттулгын хүү улстөрч биш. Харин Баттулга улстөрч. Хүүгээр нь барьцаалдаг улс төр өмнө нь хэзээ ч болж байгаагүй. Энхболдтонгуудын улс төр хэрээс хэтэрлээ. Өмнө нь нэр дэвшигчдийн гэр бүл, үр хүүхдийнх нь нэр төрийг хайрладаг байсан. Одоо тийм биш болоод байна. Баттулга гэлтгүй АН-ынхны үр хүүхэд, ардчиллыг дэмждэг хүмүүсийн үр хүүхдүүдийг барьцаалж байна. Би энэ үгээ хэлэх гэж наашаа зорьж ирсэн. Ирэхдээ би энэ энгэр дээрх тэмдэгээ зориуд зүүж ирсэн. Энэ тэмдэг 1190 онд ардчиллыг ялуулсан та нарыг тэмдэг. Ардчиллын баатруудын тэмдэг. Сүүлийн үед олигархиуд айлгах гэж үздэг болсон. Амиа бодсон улстөрчдөөс айхгүй ээ” гэв. Мөн тэрбээр “Шударга сонгууль болбол Энхболд хоёроор ч гарч чадахгүй. Энхболд газрын наймаагаар баян, ядуугийн туйлыг бий болгосон. Тиймээс нийслэлийнхэн, гэр хорооллынхон маань түүнтэй тооцоотой. Өмнө нь өөр газар нэр дэвшээд олдоггүй байсан юм. Одоо харин боломж гарч ирлээ. Энхболд ялахгүйгээ мэдээд аль хэдийнэ саналын хуудсыг тоолчихсон байгаа. Шударга сонгууль болбол монгол ялна. Шударга бус сонгууль болж Энхболд ялбал бид Үндсэн хуулиа хамгаалж тэмцэх болно. Үндсэн хуулинд төрийн эрхийг хууль бусаар авч болохгүй гээд заачихсан байгаа. Ийм байдлыг зөвшөөрөхгүй. Ард түмний эрхийг шударга бусаар авч болохгүй. Монгол ялна” гэхэд намынх нь гишүүд дэмжигчид түүнийг уухайлан дэмжив.

Харин Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийг үг хэлэхээр индэрт гарч ирэхэд цугласан олон түүнийг хүндэтгэн угтлаа. Н.Алтанхуяг “МАН 65 суудал аваад юу хийв” гэхэд иргэд “Юу ч хийгээгүй” гэсэн бол Н.Алтанхуяг “Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг танасан. Арын саарал байшинд мөнгө иддэг хүмүүс цугласан. Гэхдээ тэд санамсаргүй байдлаар цугласан” гэхэд иргэд “Энэ муусайнуудыг зайлуулъя” хэмээн орилолдоход тэрбээр “Одоо бид энэ бүхэнд цэг тавих болсон. Өөрчилье. Өөрчлөхдөө бид нөгөөдөр өөрчилье. Монгол ялж өөрчилье. Тэд мөнгөөр юуг ч худалдан авч болдог гэж боддог. Одоо бүр Монголын төрийн худалдан авдаг айхтар юм бий болох нь. Тулгын тухай ганц юм хэлье. Оффшорт мөнгөтэй хүн хэзээ ч Чингисийн тэр том хөшөөг барьдаггүй юм. Тэгж их бүтээн байгуулалт хийдэггүй юм. Тэгэж мачийтлаа хөдөлмөрлөдөггүй юм” гээд гурвантаа “Монгол ялна” хэмээн уухайлав.

Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа Монголын бүх ээжүүдийг төлөөлөн индэрт гарч ирсэн хэмээв. Тэрбээр “Хоёр хоногийн дараа монголчууд сонголтоо хийнэ. Ээжүүд ямагт ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовдог. Тиймээс хойч үеийнхээ төлөө сонголтоо хийх гэж байна. Эрх баригчид гарч ирээд хүүхдийн мөнгө өгөхөө больсон. Хүүхдүүдээс харамласан мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдан авч байна. Албан тасалгаанд сууж байгаад албан тушаал зардаг болсон. Энэ хүмүүс маргааш тусгаар тогтнолоо ч зарж мэднэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан “Би монголоо ялуулахын төлөө та бүхэнтэй хамт байна. Эрх баригчид ахмадууд, хүүхдүүдийг жилийн өмнө хуурсан. Одоо хариуцлага тооцох ёстой” гэдгийг сануулж байсан юм.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга үг хэлсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулга “Нэр дэвшигчийн хувиар 21 аймгийг 12 хоногт бүтэн тойрлоо. Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс олон зүйлийг захисан. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар 60 тэрбумаар албан тушаал зарсан, зохион байгуулсан хүмүүстэй хариуцлага тооц гэсэн. Хариуцлага тооцно. Монголын баялгаас бий болсон оффшор данстангуудыг шахах болно.

Ард түмэндээ амласан тангарагаасаа няцвал албан тушаалаасаа өөрөө огцорно. Газрын доорх баялгаас ард түмэнд хувь хүртээнэ. Монгол ялахын тулд хүн бүрийн зүтгэл хэрэгтэй. Монголчууд нэгдсэн, нягтарсан үедээ ялж давж болдгийг харуулж ирсэн. Монгол ялна” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Үүний дараа АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.


Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *