Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн байгууллагаас С.Ганбаатарт холбогдох хэргийн бүрдүүлэлтийг хийж, дахин шүүхэд шилжүүлжээ

Image may contain: 2 peopleМАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гадны орны иргэнээс 50 сая воны хандив авч буй бичлэг олон нийтэд ил болсон. Улмаар уг асуудлаар СЕХ-нд гомдол очиж, Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байсан юм. ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийж, С.Ганбаатарын дүрс бүхий видео бичлэгийг эвлүүлэг биш хэмээн үзэж, шүүхийн байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн билээ.
Харин уг хэргийг өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Өсөхбаяр хэргийг “Дутуу шалгасан байна” гэх үндэслэлээр буцаасан байна. Шүүхээс С.Ганбаатар нь гадны иргэнээс мөнгө авсныг тогтоовол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх юм.

С.ГАНБААТАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БУЦААЛАА –

Шүүхийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг нь нэмэлтээр хүргэе.Өнөөдөр 12:45 цагийн үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад буцаалаа. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд захиргааны зөрчлийн материал хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай гомдлыг МАХН-ын Гишүүд дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг хүлээн аваад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 23-ны өдөр 18 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна.

С.ГАНБААТАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ –

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад өнөөдөр буцаагаад байсан. Энэ талаархи албан мэдээлэлд, “С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаав” хэмээн дурдаад байсан юм.
Улмаар Цагдаагийн байгууллаас холбогдох хэргийн бүрдүүлэлтийг дахин хийж, үдээс хойшдоо шүүхийн байгууллагад эргүүлэн шилжүүлжээ. Шүүхийн шийдвэрээр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар буруутай нь тогтоогдвол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *