Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ирцэд нөлөөлөхүйц арга хэмжээ зохион байгуулахаа зогсоохыг шаардлаа

АН-ын Сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Я.Санжмятав “Сонгуулийг шударга, үнэн зөв явуулах зорилгын үүднээс бид Сонгуулийн Ерөнхий Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар, өрсөлдөгч намуудынхаа штабуудад санал тавьж байна. Ялангуяа СЕХ бидний тавьсан саналыг хүлээн авч, үүргээ биелүүлж байгаад талархал дэвшүүлэхийг хүсье.

Сонгуулийн явцад ирц чухал байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотод хамгийн олон сонгогчид саналаа өгдөг. Тодорхой телевиз, хувийн компани хамтраад арга хэмжээ хийхээр зэхэж буй, бид энэ асуудлаар СЕХ, Улаанбаатар хотын захирагч, ЦЕГ, Налайх дүүргийн засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна.

Тодруулбал, “Боловсрол суваг” телевиз “Номадс” сүлжээ ресторантай хамтраад энэ зуны хамгийн том задгай талбайн шоу, “Яг түүн шиг” гала тоглолтыг зургаадугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагаас Тэрэлжийн замд байрладаг “Magic rock” аялал жуулчлалын компани дээр хийхээр төлөвлөсөн байна. Сонгуулийн өмнөх өдөр бол сурталчилгаа дуусаад саналаа өгөх үе байдаг. Энэ үед Улаанбаатар хотын залуусыг олноор нь тэр газар руу автобусаар зөөвөрлөнө. Энэ нь их эмзэглэл төрүүлж байна. Залуучуудад урлагийн тоглолт хэрэгтэй нь мэдээж. Үүнийг далимдуулаад сонгуулийн ирцийг бууруулахад нөлөөлөхүйц ажил зохион байгуулах гэж байна. Энэ шоугаа Бүтэн сайн өдрийн шөнийн 04:00 цагт дуусгахаар төлөвлөжээ.

Манайх Налайх руу явдаг ганцхан замтай. Түгжрэл их үүснэ. Өглөөнөөс зөөвөрлөсөн машинууд ирээд оройн 22:00 цагт саналаа өгч амжих уу гэдэг эргэлзээтэй шүү дээ. Үүнээс гадна хоёрдугаарт тоглолт үзсэн залуус мэдээж чөлөөт цагаа тэнд өнгөрүүлэх байдал руу шилжинэ. Тухайн газар хоол, архи дарсаар үйлчилнэ гэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 96 зүйлийн 96.1 дээр Сонгуулийн өдөр дараах үйл ажиллагааг хориглох ба хэрэгжилтэд аймаг, нийслэлийн засаг дарга хяналт тавьж ажиллана гэсэн заалт бий.

96.1.1 дээр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно, 96.1.2 дээр соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тусгаж өгсөн. 96.1.3 дээр гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт бий.

92 дугаар зүйлийн 92.14-т сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах арга хэмжээг сонгуулийн төв байгууллага авч хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг энэ зөрчиж байна. Сонгуулийн ирцэнд нөлөөлөхүйц, залуучуудын сэтгэл зүйг буруу тийш нь залахаар эрсдэлтэй алхам хийх гэж байгаа учраас сонгуулийн штабаас энэ арга хэмжээг хуулийн хүрээнд зогсоохыг санал болгож, СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. СЕХ хуралдаж шийдвэрээ гаргах байх.

Төрийн тэргүүнээ сонгож байгаа энэ үед ХЗДХЯ, БХЯ харьцангуй тогтвортой, хяналттай ажиллах ёстой байдаг. Тэгвэл энэ арга хэмжээг дэмжиж Монгол Улсад төдийгүй Азидаа нэгт орох хөгжмийн аппаратыг өгч байгаа бололтой. Батлан Хамгаалах Яамны хөгжмийг Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй гаргадаг. Энэ гараад явсныг бодвол даргын шийдвэртэйгээр, яамны холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Мөн бидэнд ирсэн мэдээллээр зохион байгуулагдах газарт зам засчихсан, хүчний байгууллагууд хамгаалалт хийхээр байна. Тухайн компани хэдийгээр хүнд байгаа ч гэсэн Монгол төрийн сонгуулийг хүндэтгэж энэ зүйлээ хойшлуулах хэрэгтэй байх” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *