Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Арга хэмжээнүүдийг авч ажилласнаар улсын эдийн засаг сайжирч байна

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Бид, тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулахад хар бараан мэдээллээр дүүрэн, олон нийтийг төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцлон хэлмээр байна. М.Энхболд даргын хөдөө явах ажил дууссан. Бидний зүгээс М.Энхболд даргыг сонгогдоосой, сонгуулийн дүн нааштай гараасай гэдэг хүсэлтийг сонгогчдодоо тавьж байна. Монголын төрийг бүтэн болгоод өгөөч, ноён нуруутай болгоод өгөөч гэж та бүхэнд хэлж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын Засгийн газар улсын төсвийг хүлээж авахад эдийн засгийн байдал хүнд байсан. Нэг л эвгүй хөдөлвөл ангал руу нисэх эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн байсан юм. Хүнд хэцүү олон нийтэд таалагдахааргүй арга хэмжээнүүдийг авч ажилласнаар улсын эдийн засаг сайжирч байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Би Х.Баттулгын хувьд ингэж хэлэх гээд байгаа юм. Юун ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, Ерөнхийлөгч болох вэ. Тэр төмөр зам хаана байна. Хэдэн жил ярьсан бэ. Байхгүй л гэж хэлье. Хамгийн гол нь оффшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгийг нуусан байгаа нь нотлогдчихлоо. Энэ бол Монгол төгрөгөөр бодохоор хоёр их наяд гаруй төгрөг. Хэрвээ Х.Баттулга Төрийн тэргүүн болвол энэ мөнгөө яаж нуух вэ, яаж арвижуулах вэ л гэж бодоход анхаарна. Монгол Улсын төрийн тэргүүн ядахдаа офшорт мөнгө байхгүй, ард түмэнд өөрийнхөө хөрөнгийг ил тод хэлчихдэг, хүн чанартай хүн байх ёстой. Тийм учраас М.Энхболдыг МАН нэр дэвшүүлсэн юм ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Иргэд энэ удаагийн сонгуульд ихээхэн санаа зовниж байна. Төрийн тэргүүний албан тушаал бол ганц. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Иймээс тохьтой нуруутай хүн гараад, Монголын төр тогтвортой цаашаа яваад, ард түмэн тайван амгалан амьдрах хэрэгтэй байна. Төр тогтвортой байгаад, тайван амгалан амьдрах юм сан. Нэгэн зүгт хараад эдийн засгийн хямралыг давмаар байна. Энэ янзаараа яваад байвал 2018 оны өдийд эргээд хуучин байрандаа очих төлөв харагдаад байна. Үүний тулд нэгэн чигт хараад, сонголтоо хиймээр байна” гэсэн юм.

Ийнхүү МАН-ын тулхтай нөлөө бүхий гишүүд мэдээлэл хийж МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгох шалтгааныг хэллээ.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *