Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцъя

ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ

Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.

-Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

-Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

-Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

-Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.

-Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.

НЭГ. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна

1.1. Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаална.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсыг дээдлэн үндэсний язгуур эрх ашгийг тууштай хамгаалан ажиллана. Үүнд:

1.1.1. Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг боловсронгуйболгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.1.2. Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

1.1.3. Монгол Улсын хууль тогтоомж нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлалд нийцсэн байх эрх зүйн орчин бүрдүүлэх;

1.1.4. Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалж, Монгол бахархал шингэсэн нүүдлийн соёл иргэншлийг хүн төрөлхтний үнэт зүйл болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.1.5. Хөрш орнууд болон Гуравдагч хөрш орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж улс орныхоо бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулан онцгой анхаарч ажиллах.

1.2. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ.

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана. Үүнд:

1.2.1. Талцал, хуваагдлыг таслан зогсоож, эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.2.2. Нийгмийн бүхий л хүрээнд байгаа үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзлийн эсрэг тууштай зогсч, бие биедээ урам зориг өгөн дэмждэг, хамтран зүтгэдэг үндэсний бахархалт үзэл санаа, тэмүүллийг бий болгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.2.3. Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.2.4. Уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ суурин соёл иргэншилтэй уялдуулан хөгжүүлж аль алийг нь хүндэтгэн бахархдаг үзэл төлөвшүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

1.2.5. Парламентат ёс болон төрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг боловсронгуй болгож, төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах, хүний нөөцийг чадавхжуулж, үндэсний өрсөлдөх чадвар нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэхийн төлөө ажиллах;

ХОЁР. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

2.1. Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ.

Монгол Улсад хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчим баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана. Үүнд:

2.1.1. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах;

2.1.2. Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үйлдлийг шийдвэртэй таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэн бэхжүүлэх улс төрийн манлайлал гаргаж ажиллах;

2.1.3. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах;

2.1.4. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, шат дамжлагагүй хүргэх зорилгоор олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, онлайн хэлбэрт шилжүүлэх, шууд ардчилал, иргэний оролцооны сайн туршлагуудыг үргэлжлүүлэн төлөвшүүлэхийг дэмжин ажиллах;

2.1.5. Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн эзэмшилд хяналт тавих, үнэлэлт өгөх жишиг тогтоосон бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

2.1.6. Иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалж, “Дөрөв дэх засаглал”-ын үүднээс дэмжин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, санхүүжилтийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх;

2.1.7. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2. Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааныг дэмжих бодлого баримтална.

Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай “Монгол хүн” байна гэдэг зарчимд үндэслэн монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих чиглэлийг тууштай баримталж ажиллана. Үүнд:

2.2.1. Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих;

2.2.2. Монгол түмний уламжлалт ёс заншил, язгуур өв, нүүдлийн соёл иргэншил, үндэсний болон сонгодог урлагийг төрийн ивээлд байлгах, тэдгээрийг сурталчилсан монгол контентыг дэмжин хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2.3. Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернэтийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих;

2.2.4. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;

2.2.5. Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.2.6. Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;

2.3. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, спортыг дэмжинэ

Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана. Үүнд:

2.3.1. Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоо бүрдүүлэхийг дэмжих;

2.3.2. Иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.3.3. Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломж бүрдүүлсэн эрх зүйн орчин бий болгохын төлөө ажиллах;

2.3.4. Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих;

2.3.5. Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах;

2.4. Мэргэшсэн төрийн албатай, иргэдийн төлөө нийтийн үйлчилгээг дэмжинэ

Монгол төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрт ёсны уламжлалыг хадгалж, иргэн төвтэй нийгмийн тасралтгүй ажиллагааг ханган, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэж байх эрх зүйн болон соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна.

Батлан хамгаалах болон шүүх, прокурор, цагдаа зэрэг хүчний байгууллагад шударга ёсыг сахиулан ажиллагч иргэдийг монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур гэж үзэх бөгөөд төрийн нийт албан хаагчийн эрхийг хамгаалан ажиллахыг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чиглэл болгоно. Үүнд:

2.4.1. Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, цомхон, үр өгөөжтэй зохион байгуулалтыг дэмжиж, туршлага, авьяас чадвар, бүтээлч хандлагад суурилсан сонгон шалгаруулалтын шинэлэг зарчмыг шингээсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих;

2.4.2. Төрийн албан хаагчдын ажил үүргээ хэвийн, үр дүнтэй, шударгаар, шуурхай явуулах орчин нөхцөл, цалин хангамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.5. Иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг дэмжинэ

Иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангаж, эзнээ олсон халамжийн бодлого хэрэгжүүлэх зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд халамж шаардлагатай иргэдийнхээ эрхийг хамгаалагч нийгэм дэх тэгш оролцоог дэмжигч байна. Үүнд:

2.5.1. Хүн амын зорилтот бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлого хэрэгжүүлэх, Монгол хүний дундаж наслалт, физиологи, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааруулан өндөр насны тэтгэвэр авах бололцоог баталгаатай хангахад анхаарах;

2.5.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулах, тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтэц бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтмол орлоготой болгох аливаа бодлого, үйл ажиллагааг дэмжих;

2.6. Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын хөгжлийг дэмжинэ

Үндэстэн оршин тогтнох эх сурвалж болсон айл өрхийн амьдралыг дэмжин, нийгэм, эдийн засгийн нэгдсэн зохицуулалт бий болгож, үндэсний хэмжээнд санаачилга дэвшүүлэн ажиллах нь Ерөнхийлөгчийн бодлогын цөм байна.Үүнд:

2.6.1. Гэр бүл төлөвлөлт, тогтвортой байдал, гэр бүлийн харилцааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх;

2.6.2. Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих;

2.6.3. Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж” зэрэгЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах;

2.6.4. 3 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ болон орлого багатай өрхийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж ажиллах;

2.6.5. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодитой нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг дэмжих;

2.6.6. Монгол Улсад хүүхэд нэг бүрийн эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх замаар хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулж хүүхэд бүрт хүрэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахын төлөө бодлого боловсруулж ажиллах.

2.6.7. Ахмад настны цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгох, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх чиглэлийн бодлого, санаачилгыг дэмжих;

2.6.8. Ахмад настны оношилгоо, эмчилгээ, сувиллын дагнасан сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах бодлого, санаачилгыг дэмжих;

2.6.9. “Монголын Ирээдүй” үндэсний санаачилгын хүрээнд залуучуудыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, тэдний бүтээлч санал санаачилгуудыг идэвхтэй дэмжих;

2.6.10. Оюутан, залууст цагийн ажлын байр бий болгосон, сургууль төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих;

2.6.11. Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “Оюутан Цэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах;

2.6.12. Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож, өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах;

2.6.13. Хүүхэд, өсвөр үе, залуучуудын архи, тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход шийдвэртэй тэмцэн хууль санаачлах;

2.7. Малчид, тариаланчдаа дэмжинэ

Монгол үндэстний үе улиран уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйн сонгодог соёлыг тээгч малчин түмэн, эх орныхоо газрын шимээр хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангагч тариаланчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, тэдний эдийн засгийн өсөлтөд чиглэсэн санал санаачилгыг төрийн бодлогод тусган ажиллана. Үүнд:

2.7.1. Малчид, тариаланчдын орлогын эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгахад чиглэсэн бодлого, аж амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах;

2.7.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлоход чиглэсэн эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах;

2.7.3. Бэлчээрийн даацад тохируулан малын тоог чанарт шилжүүлэх, ашиг шим, хүртээмжийг сайжруулах, удмын санг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, эрүүлжүүлэх, биотехнологийн ололт нэвтрүүлэх, шинэ үүлдэр бий болгох, мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг чадавхжуулах, бэлчээр усжуулах, малчдын эдийн засгийг дэмжсэн малжуулах санаачилгыг дэмжин ажиллах;

2.7.4. Хилийн бүсэд амьдарч буй иргэд сайн дурын үндсэн дээр хил хамгаалах үйлсэд оролцуулах, цэргийн насны иргэдийг цэргийн дүйцүүлэх албанд хамруулахад чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.8. Төвлөрлийг сааруулах, хот байгуулах, орон нутгийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ

Улсын хөгжлийг орон нутгаас эхлүүлж, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн оролцоог дэмжих нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байна.

Агаарын бохирдлыг бууруулах бодлого нь эн тэргүүний зорилт байна. Иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг газар зүйн байршлаас үл хамааран адил тэгш нөхцөлөөр хүргэх боломжийг хангах хот байгуулалт, орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллана. Үүнд:

2.8.1. Орон нутаг, аймаг сумын төвүүдийг тухайн бүс нутгийнхаа онцлог давуу талуудад тулгуурлан аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэн эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг төрийн бодлогоор тууштай дэмжих;

2.8.2. Орон нутгаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг тухайн нутагт нь зориулах, зарцуулалтыг ил тод болгох, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

2.8.3. Төрийн захиргааны байгууллагуудыг оновчтой байршуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хүртээмжит бодлогыг дэмжиж ажиллах;

2.8.4. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан сан байгуулж, Туул, Сэлбэ, Дунд голуудын урсгалыг дэмжин, орчныг сэргээн тохижуулж амралт зугаалгын бүс, хиймэл нуур шинээр бий болгох замаар хотын иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

2.8.5. Иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх идэвхтэй дэмжих бодлого баримтлах;

2.8.6. Хүн ам олноор төвлөрсөн гэр хорооллын бүсүүдийг нэн тэргүүнд төвлөрсөн инженерийн шугам, ус хангамжийн сүлжээгээр хангах, барилгажуулах, агаар, ус, хөрсний бохирдлын асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.8.7. Инженерийн байгууламж бүхий цэвэр бохир усны сүлжээнд холбогдсон орчин үеийн соёл, үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн сумын төвийг хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

ГУРАВ. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана. Үүнд:

3.1. Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзэж энэ чиглэлд онцгой анхаарал тавина.

3.2. Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ;

3.3. Монгол Улсын аж үйлдвэрийн бүтцийг зохиомжилж, хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо дундаж давхаргын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө ажиллах;

3.4. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчин бүрдүүлэх;

3.5. Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчин бүрдүүлэх;

3.6. Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;

3.7. Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжих;

3.8. Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;

3.9. Үндэсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн аливаа ашиг сонирхлыг зөрчсөн хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, олборлолт хийх хууль бус үйл ажиллагааг шийдвэртэйгээр эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө ажиллах;

3.10. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхитай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн хөдөлмөрийн хэлбэр, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн харилцааг дэмжих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3.11. Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажиллах хүчний нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болох “Нэг үндэстэн-Нэг цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллах;

3.12. Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авлига хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

3.13. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах;

3.14. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах;

3.15. Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нийлүүлэх бодлогыг дэмжих;

3.16. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, метан хийг ашиглах, нүүрснээс хийн цэвэр түлш гарган авах зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаарх санаачилга, хамтын ажиллагааг дэмжих;

3.17. Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг эдийн засгийг тэлэх бодлогод уялдуулан зохион байгуулах эрх зүйн орчныг сайжруулах санаачилгыг дэмжих;

ДӨРӨВ. Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна

Монгол орныхоо байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, байгальд учруулж буй хүний болон аж үйлдвэрийн хор хөнөөл, хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, унаган байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой анхаарч ажиллана.

Бүс нутаг, дэлхий нийтэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нэгдэж, тэдгээрийн үр шимийг хүртэгч орон байхыг эрмэлзэнэ. Үүнд:

4.1. Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, экологид ээлтэй үйлдвэрлэл, эко-техник, технологийг нутагшуулж, нэвтрүүлэх бодлогыг дэмжиж ажиллах;

4.2. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, бэлчээрийн доройтолд онцгой анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад Монгол төрийн бодлогыг хандуулж ажиллах;

4.3. Нийслэл болон хүн ам олноор төвлөрсөн хот суурингуудын агаар, хөрсний бохирдол, түүнээс үүдэн гарч буй хор уршгийг Үндэсний аюулгүй байдлын онцгой түвшинд авч үзэн үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллах;

4.4. Үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал, бохирыг дахин боловсруулах замаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдал ангилах, дахин боловсруулах систем бүрдүүлж, үнэлгээжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллах;

4.5. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бүх төрлийн байгальд ээлтэй эко-техник, технологи /гибрид, цахилгаан машин/ татвар хураамжийг нэмэгдүүлэхийг хориглох бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

4.6. Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйд түшиглэсэн нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон болон олон улсын түвшинд урлаг, соёлын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхийг дэмжин ажиллах;

4.7. Түүхий нүүрс, занарыг дахин боловсруулж утаагүй хатуу түлш, шингэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх аливаа санаачилгыг дэмжих,

4.8. Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтанд авах, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах улсын хэмжээний усан сан байгуулах, Улаанбаатар хот орчмын гүний усыг хэмнэх, гадаргын ус ашиглах, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих;

4.9. Нэн ховор, устаж үгүй болох аюул нүүрлэсэн хийгээд гоц ашигт ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, амьд байгалийн тэнцвэртэй байдлыг хангуулж ажиллах;

ТАВ. ЭКСПОРТЫН ШИНЭ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛСЭН, ЭРХ ТЭГШ ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, Монголын ард түмний хийсэн ардчилсан сонголтыг улам баталгаажуулах, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэх нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх зарчим байна.

Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй тэлэх нь Ерөнхийлөгчийн онцгой анхаарч ажиллах чиглэл байна.

Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа хандан найрсаг, идэвхтэй бодлого явуулж, Монгол үндэстнийхээ түүх, өв соёл, бахархлыг олон улсад идэвхтэй сурталчлан түгээн дэлгэрүүлэх замаар гадаад харилцаанд зөөлөн хүчний дипломат бодлого явуулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Үүнд:

5.1 Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэсэн, тууштай гадаад бодлого хэрэгжүүлэх нь Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт байх;

5.2 Эдийн засгийн хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан гадаад харилцааг дэмжинэ.Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохыг дэмжих; Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих;

5.3 ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллax;

5.4 Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох;

5.5 Гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг дэмжих;

5.6 Бусад улс орнуудтай хийсэн татвар давхардуулан ногдуулахгүй байх тухай гэрээ, мөн эдийн засгийн ач холбогдол бүхий бусад хэлэлцээрийг эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмын дагуу Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах;

5.7 Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжих;

5.8 Монгол улстай эртний түүхэн харилцаатай Энэтхэг болон Төв Азийн орнууд, Турк зэрэг орнуудтай үүсгэж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, хүмүүнлэгийн харилцаагаа гүнзгийрүүлж, аялал жуулчлал болон бизнес, эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих;

5.9 Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчмыг тууштай баримталж, төр засгийн байгууллагуудын гадаад харилцааг нэгдсэн зохицуулалттай болгох бодлого баримтлах;

5.10 Гадаадад амьдарч байгаа олон мянган иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, эх орондоо чөлөөтэй зорчих, Монгол Улсынхаа улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бололцоог нь хангахад байнга анхаарах;

5.11 Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаа иргэдэд тухайн оронд зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, зорчиж байгаа үедээ үндсэн эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн үед бүх талын тусламж дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, эрх зүйн орчин бүрдүүлэх;

5.12 НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцох;

5.13 Монгол Улсын оршин байгаа бүс нутаг болох Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг ханган бэхжүүлэхийн төлөөх Монгол Улсын байр суурийг бататган бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой, бодитой санал санаачилгыг гаргаж ажиллах;

5.14 Монгол Улсын Үндсэн Хууль, Гадаад бодлогын болон Батлан хамгаалах бодлогын үзэл баримтлалын хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг улам эрчимжүүлж, тэдний бодит сонирхлыг Монголд бий болгох, тэдний зүгээс Монголд оруулж буй хөрөнгө оруулалтад эрх тэгш, шударга, ил тод нөхцөл олгож, эрх ашгийг нь хуулийн дагуу хамгаалах;

5.15 Дэлхий дахины болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах эрмэлзэл бүхий олон талт олон улсын байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх;

5.16 Цөмийн зэвсэггүй бүс байх, зэвсэглэлд үл нэгдэх болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх, боловсролын солилцооны хөтөлбөрийг дэмжих;

5.17 Монгол Улсын нэр хүндийг өргөж, дэлхийд түгээн сурталчилж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг анхааран дэмжих;

5.18 Монгол Улсын түүх соёл, уламжлалыг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавьж, уламжлалт болон тоон технологиор бүтээсэн уран бүтээл, агуулга контентийг (дүрст бүтээл, дуу хөгжим, бусад оюуны бүтээлүүд) олон улсын зах зээлд экспортлох санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллах;

5.19 Олон улсын хэмжээнд Монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай эх сурвалжийг эх орондоо буцаан авчрах талаар санал, санаачилгатай ажиллах;

5.20 Монгол туургатан дэлхийн иргэдтэй үүсгэж буй хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, түүх судлал, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах;

Улаанбаатар 2017 он


МАН-аас нэр дэвшин, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй М.Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Түүний “МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР” гэж нэрлэсэн мөрийн хөтөлбөрийн онцлох амлалтууд юу вэ?

Монгол гэрийг бүрдүүлэгч хэрэглэгдэхүүн бүр өөрийн онцлог, үүрэгтэй. Тэдгээрийг төлөөлүүлэн МАН ирэх дөрвөн жилд дараах ажлуудыг хийнэ хэмээн амлажээ.

Монгол Улс бол монголчууд бидний гэр орон юм. Бид эх орноо УЛС ГЭР гэж хүндэтгэн ойлгодог ард түмний үр сад. Бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн “Гэрээ засаад төрөө зас” хэмээх эрхэм сургаалтай үндэстэн.

Манай Монгол бол эвдрэлцэх бүртээ уруудсан, эвлэх бүртээ өөдөлж мандсан түүхтэй. Улс гэрийнхээ маргаашийн төлөө монголчууд бид юу хийх ёстой вэ? Ирээдүй хэмээх нэгэн зүг рүү харж, хөгжил гэдэг нэг л оргилд хүрэх нь монгол хүн бүрийн хүсэл юм. Бид нэг түүхтэй, нэг зорилготой, нэг эх оронтой, нэгдмэл нэг үндэстэн. Нэг тэнгэрийн доор, нэгэн цаг үед амьдарч байгаа элгэн монголчууд бид эв саналаа нэгтгэн, хямрал хүндрэлийг хамтдаа давах болно. Одоо ам нийлж шүүмжлэх төдий бус гар сэтгэл нийлж ажиллах цаг. Өнөөдөр эвдэрч хагарах биш эвлэрч ойлголцох цаг.

Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганцхан хүн барьж чаддаггүй. Монголчууд бидний чин хүсэл, гэгээн зорилго, эв нэгдэл ямарч үгүйсгэлээс илүү, ямарч үгнээс хүчтэй билээ.

Монголчууд бид бие биетэйгээ биш, хямрал хүндрэлтэй тэмцэж ялах ёстой.

2016 онд ачааны хүндийг Ардын намд итгэж даатгасан ард түмэн маань ажлын үр дүнг ч Ардын намаас нэхэх болно. Энэ бол итгэл найдвар төдийгүй их хариуцлага, том даалгавар юм.

Энэхүү даалгаврыг би улс гэрийнхээ ТООНО, УНЬ, ХАНА, БАГАНА, ҮҮД гэсэн үндсэн таван хэсгээр төлөөлүүлж, “МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР” мөрийн хөтөлбөр болгон Танд хүргэж байна. Энэ тав нийлж байж голомтондоо галтай, хоймортоо эзэнтэй, уяан дээрээ морьтой, элэг бүтэн, туурга тусгаар МОНГОЛ болно.

Өндөр босготой, өлзийт хийморьтой “МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР”-ийн голомт ариун, хийморь өөдөө байх болтугай!

1. ТООНО: ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, МОНГОЛ БАХАРХАЛ

Монгол гэрийн олон бүрдэл хэсгийн оргил нь тооно билээ.

Нэгдмэл зорилготой Монголын Ерөнхийлөгч

Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.

Үнэт зүйлтэй Монгол

Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эв нэгдлийн суурь

Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ.

Улс төрийн эерэг соёлтой Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцөлийг хуулийн хүрээнд хангана. Иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

Бүлэглэлийн бус бүгдийн эрх ашиг

Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.

Хариуцлагатай, “шилэн” нам

Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ.

Хичээн дагах дүрэмтэй монгол хүүхэд

Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.

Чөлөөт хэвлэлд ээлтэй Ерөнхийлөгч

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

2. ХАНА: ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА, ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ

Монгол гэрийн хана туурга хамаг бүхнийг хамгаалан нөмөрлөх үүрэгтэй.

Үндсэн хуулиа ард түмнээсээ асууна

Засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах шаардлагад үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.

Мэргэшсэн төрийн алба

Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлнэ. Ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.

Авлигатай холбогдсон бол ахиад төрд ирэхгүй

Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.

Төрийн албанд шударга зарчим, жигд төлөөлөл

Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана.

Хууль сахиулагчдын хариуцлагыг чангатгана

Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Шүүх шүүнэ. Улс төр, улс төрч оролцохгүй

Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.

Шударга шүүгч, шударга шийдвэр

Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох замаар хууль дээдэлсэн, шударга, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Эрэн сурвалжилж, эргүүлэн авчирна

Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.

Эзнээ олсон шагнал

Ажил үйлс, авьяас чадвараа шударгаар, ил тод үнэлүүлэн шагнуулах боломжийг иргэн бүрт олгож, шагналын нэр хүндийг өсгөнө.

3. УНЬ: ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРХ ТЭГШ, ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ХҮН

Унь мод урт богино байдаггүй. Унь бүрийн толгой тэнгэрт тэмүүлж, тооно тойрон уулздаг.

Төрийн анхааралд монгол хүн

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна.

Эрүүл саруул, элэг бүтэн Монгол

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.

Урьдчилан хамгаална

“Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Бүх нийтийн биеийн тамир

Багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна.

Өрсөлдөх чадвартай монгол хүн

Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Орчин үеийн монгол хүүхэд

Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ.

Монголынхоо өвийг ивээлдээ авна

Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах үйл ажиллагааг ивээлдээ авч, музейн орчин, нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг дэмжинэ.

Дэлхийн боловсролыг эх орондоо

Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна.

Гадаадад суралцах боломж

Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.

Залуучуудаа дэмжинэ

“Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Бизнесийн боловсролыг багаас нь

Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.

Малчдаа урамшуулна

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, урамшуулах бодлогыг дэмжиж хууль, эрх зүйн орчинг сайжруулна.

Хүртээмжтэй нийгмийн хамгаалал

Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална.

Багш, эмчийн үнэлэмж дээшилнэ

Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргана

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжинэ.

Эх үрсийн бодлого

Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.

Даян дэлхийн монголчууд

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа дэмжсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.

Шинжлэх ухаанд дэмжлэг, технологид санхүүжилт

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Технологи, мэдлэг бий болгох, импортлох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтарсан аливаа санал санаачилгыг дэмжиж, шилдэг инноваторуудыг төр, бизнесийн салбарт ажиллуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Эх орны дуудлага

Дэлхийн шилдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, компаниудад ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ урьж, ур чадварыг нь ашигладаг санаачилгыг өрнүүлнэ.

Улаанбаатар улс гэрийн нэрийн хуудас

Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжинэ. Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Бүтээн байгуулалтаар бүсээ тэлсэн хот

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс, дагуул хот бий болгох, Хөшигийн хөндийг дагасан шинэ бүтээн байгуулалтыг дэмжинэ.

Төмөр замын шинэ чиглэл

Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.

4. БАГАНА: БАЯЛАГ БҮТЭЭГЧ ДУНДАЖ ДАВХАРГА

Багана бол монгол гэрийн тулгуур юм. Тогтвортой, өсөлттэй эдийн засаг бол улс гэрийн маань багана.

Өрсөлдөх чадвартай дундаж давхарга

Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална.

Хямралыг цэглэнэ

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах ТОГТВОРТОЙ БОДЛОГО Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ. Монгол Улс, монголчууд нэг зорилгод нэгдэн ажиллаж, хямрал хүндрэлийг хамтдаа давна.

Уналтаас өсөлт өөд

“Сэхээн амьдруулах”-аас “энгийн тасагт” шилжсэн эдийн засгаа “эмнэлгээс гаргах” шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана.

Итгэлийг эргүүлж, хөрөнгө оруулалтыг сэргээнэ

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана.

Аж үйлдвэрийн паркийг ажил болгоно

Нүүрс боловсруулах, нийлэг хий, шатахуун орлох бүтээгдэхүүн гаргах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах төслүүдийг дэмжинэ. Аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг УИХ, Засгийн газарт чиглэл болгож хамтран ажиллана.

Үндэсний бүтээмж үндэсний эдийн засаг

Судалгаа шинжилгээнд суурилсан, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Төрөлжсөн эдийн засаг

Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана.

Шинэ үйлдвэржилтийн бодлого

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна.

Тэргүүлэх технологи-тэргүүлэх чиглэл

Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно.

Эрчим хүчний экспорт

Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүч ашиглах төрийн болон хувийн хэвшлийн санаачилга, ажил хэргийг дэмжиж ажиллана.

Гацаанаас шийдэл рүү

Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

Хуримтлалын сан-ирэх цагийн үүц

Одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.

Эдийн засгийн коридор

“Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.

Шинэ хөдөө

Атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.

Улсын мал эмнэлэг

Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.

Ажлын байр ахицтай нэмнэ

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Бизнесийг гараан дээр нь дэмжинэ

Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа – хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.

Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл

Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна.

Оффшор бүсээр бус Монголоор

Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ.

Төрийн өмч өр үйлдвэрлэхгүй

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтална.

Жуулчлалын өгөөжийг орон нутагт

Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Монголын контент-Монголын экспорт

Монгол соёлын бүрдэл, агуулгыг шингээсэн бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэн, олон улсын зах зээлд гаргахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

5. ҮҮД: АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО

Босго давж, тотго нэвтрэн, өргөө гэрийнхээ үүдээр бид орж гардаг билээ.

Улс төржилтөөс ангид, олон тулгуурт гадаад харилцаа

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.

Сайн хөршийн харилцаа

Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ.

Гуравдагч хөршийн бодлого

Энэхүү бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа

Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.

Визгүй чөлөөтэй зорчих боломж

Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

Ногоон хөгжил-аюулгүй орчин

Үндэсний аюулгүй байдлын хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.

Дэлхий гараг-манай гэр

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай идэвхийлэн хамтран ажиллана.

Хосолмол хөдөлгүүртэй автомашин

Байгальд ээлтэй, эдэлгээний зардал зарцуулалт багатай хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжиж ажиллах санаачилга гаргана.

Бохирдлын эсрэг фронт

Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.

Ус амин эрдэнэ

Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ.

Буруутай нь бүрэн нөхөн сэргээнэ

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.

Хүнснийхээ 70 хувийг эх орондоо

Хүн амын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, хүнсний чанарын аюулгүй байдлыг олон улсын чанарын стандартад нийцүүлэх бодлого баримтална.

Баталгаатай эм

Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

Батлан хамгаалах бодлого

Батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Монгол цэрэг-Энхийн цэрэг

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ.

Зэвсэглэл, техникийн шинэчлэл

Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатайгаар хийх, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

Хил хамгаалах чадамж

Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ.

Үндэсний иргэний хамгаалалт

Газар хөдлөлт, гал, усны болон бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн гамшгаас хамгаалах хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Болзошгүй эрсдэл-урьдчилан сэргийлэлт

Бүс нутагт бий болж болзошгүй террорист ажиллагаа, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн терроризмтой тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.

Цахим аюулгүй байдал

Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргана.

Хар тамхины эсрэг хатуу тэмцэл

Хар тамхи хэрэглэх, дамжуулах, худалдах, хүний наймааны гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөнө.

Дэлхийд танигдсан Монгол

Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгэм соёлын ололт амжилт, гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг мөрдлөг болгоно.

МИНИЙ БИЕ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДВОЛ

  • Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өвлөн хадгалж,
  • Нийгмийн бүлгүүдийн оролцоо, саналыг хүндэтгэн хангаж,
  • УИХ, Засгийн газартай гар нийлэн, хүч хавсарч ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БИЕЛҮҮЛЭХ БОЛНО.

Энэ бол үг төдий биш үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, заавал биелүүлэх төлөвлөгөө минь юм.

ҮГ ЧУХАЛ, ГЭХДЭЭ ҮР ДҮН ИЛҮҮ ЧУХАЛ

Ханаа дугуйлж, униа угсран тооноо тулж, туурга тусгаар, элэг бүтэн, элбэг баян УЛС ГЭРЭЭ улам хүчирхэгжүүлэн хөгжүүлцгээе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Улсын иргэн

Миеэгомбын ЭНХБОЛД


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын “ИХ АЯНЫГ ЭХЛЭХҮЙ” мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

НЭГ. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫГ БУЙ БОЛГОЖ, АЖИЛГҮЙДЭЛ БА ЯДУУРЛЫГ АРИЛГАНА

Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг.

Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг.

Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм.

Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй.

Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэжч чадна.

ХОЁР. ОЛИГАРХИУД БА ОФФШОРЧДЫГ ХАЗААРЛАЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО

Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна.

Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой.

Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.

Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай.

Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй.

Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна.

ГУРАВ. АРД ТҮМНИЙ АМИН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ

Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж,хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.

Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана.

ДӨРӨВ. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн.

Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.

ТАВ. МОНГОЛЧУУД БОСОО ЗАЯАТАЙ, БОСОО БИЧИГТЭЙ, БОСОО ТӨРСӨН ТЭНГЭРЛЭГ АРД ТҮМЭН

Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчуудбосоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.

Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.

Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ.

ЗУРГАА. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ЭЗЭН НЬ БАЙНА

Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.

Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой.

Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой. Би тэр гурван сая эзний нэг нь. Та бид энэ улс орны эзэд. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.

ДОЛОО. АМ БА АЖИЛ, ҮГ БА ҮЙЛ ХЭРГИЙН НЭГДЛИЙГ ХАНГАНА

Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.

Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.

НАЙМ. ЭХ ОРНЫХОО ӨМНӨХ ТУЛГАМДСАН ЗОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавихцаг болсон.

  • Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе!
  • Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
  • Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
  • Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе!
  • Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё!
  • Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
  • Хэрүүл тэмцэл, хэлцэл талцлыг зогсоож, эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!

ЕС. МЯНГАНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ.

Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.

Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархажМонгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.

Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *