Categories
мэдээ цаг-үе

Германы өрхийн эмч Катрин Зорртой өнгөрүүлсэн өдөр

Германы Баден-Вурттемберг мужийн Нойштат хэмээх хотод өрхийн эмчээр ажилладаг Катрин Зорртой нэг өдрийг цуг өнгөрүүлэх боломж тохиосон юм. Түүнтэй уулзахаас өмнө урьдчилан утсаар ярьж “Өдрийн сонин”-ны “Танайд өнжье” булангийн зочин болох хүсэлт тавихад зөвшөөрөв. “Ер нь бол маш их ажилтай байдгийг чи мэднэ шүү дээ. Тэр холоос бараг тив алгасаад ирж байхад үгүй гэж хэлж чадахгүй” гэв. Өрхийн эмч маань өнгөрсөн жил Монголын баруун нутаг Ховд аймаг, Алтай Таван Богд ууланд очиж амарсан.Монголчууд тэр дундаа малчид хэрхэн амьдардгийг өөрийн нүдээр үзсэн.

Германд өрхийн эмчээ үйлчлүүлэгч өөрөө сонгодог онцлогтой. Та Берлин хотноо амьдардаг гэж бодоход өрхийн эмч тань аль нэгэн өөр хотод байж болно. Сэтгэлд нийцсэн, сайн хэмээн үзэж буй эмчээ өөрөө сонгоно гэсэн үг. Катрин Зорр Нойштат хотод нэгэн байшингийн нэгдүгээр давхрыг түрээсэлдэг, нийтдээ дөрвөн ажилтантай. Түүний “эмнэлгийг” германаар праксис хэмээн нэрлэдэг бөгөөд бяцхан эмнэлэг гэхэд хилсдэхгүй болов уу. Өдөр бүр 8.00-19.00 цаг хүртэл ажиллана, дунд нь завсарлана. Өрхийн эмчийн үзлэгийн хуваарьтай, заавал урьдчилан цаг авч байж үзүүлнэ. Хүнд өвдсөн бол өөрөө үйлчлүүлэгчийнхээ гэрт нь очиж үздэг дүрэмтэй. Чухам ямар тохиолдолд гэрт нь очиж үзэх нь нэлээд нарийн журмаар зохицуулагддаг.

Өрхийн эмч Катрин Зорр ажлын өдрийн дараа гэртээ тагтан дээрээ тухалж байгаа нь

Долоон хоногийн дийлэнх өдрүүдэд өвчтнүүд нь ирж үзүүлдэг. Харин лхагва гаригийн үдээс өмнө нь өвчтөнүүдээ хүлээж аваад, үдээс хойш нь гадуур үзлэг хийнэ. Германд өрхийн эмч хэрхэн ажилладаг талаар ойлголт авахын тулд бид энэ өдрийг сонгон уулзахаар тохиролцсон юм. Лхагва гаригийн өглөө 8.05 цагт Катрин Зоррын бяцхан эмнэлэг дээр очиход ажил нь аль хэдийнэ эхэлчихсэн цаг авсан өвчтөнүүд хүлээлгийн өрөөнд сууж харагдав. Үйлчлүүлэгчдийг хүлээн авч, утасны дуудлагад хариулж, цаг тараадаг ажилтан бүгдийг зохицуулж байлаа. Ирснийг маань эмчдээ дотуур утсаараа хэлсэн бололтой удалгүй Катрин Зорр өрөөнөөсөө гараад ирэв. Эмийн жор бичүүлж авахаар ирсэн үйлчлүүлэгчтэйгээ эхлээд уулзахаар болж “Түр хүлээгээрэй” гэсээр “Ярилцлагын өрөө” гэсэн хаягтай өрөө рүү орлоо.

Өвчтөний хувийн асуудал тул уулзах үеэр гаднын хүн байж болохгүй нь ойлгомжтой. Удалгүй жор бичүүлсэн үйлчлүүлэгчийнхээ хамт гарч ирээд эм авахдаа анхаарах зүйлийг дахин сануулаад эцэст нь өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүссээд гаргаж өгөв. Ийнхүү Катрин Зорр бид хоёрын яриа эхэлсэн юм.

Үйлчлүүлэгчдийн цагийг зохицуулагч ажилтан

Хамгийн түрүүн бяцхан эмнэлгээ танилцуулах ажилдаа орлоо. 2001 онд өрхийн эмчээр ажиллахаар болж энэ газрыг өөр нэгэн өрхийн эмчээс худалдан авчээ. Үйл ажиллагаагаа явуулахын тулд тэр жилдээ 200 000 еврогийн зээл авсанаа энэ жил хэдхэн сарын өмнө төлж дуусгасан гэв. Банкны өрөө барагдуулаад ёстой л нөгөө нуруун дээрээс нь том чулуу авч хаясан мэт болж тэмдэглэснээ ярив. Бяцхан эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан хүлээлгийн өрөө нь маш тухлаг. Эмчээ хүлээх зуураа сонин зэргийг унших боломжтой. Хүүхэд тоглох тоглоом гээд бүгд л хүний тав тухыг хангахаар тохижуулсан байв. “Ярилцлагын өрөө” нь нэг ёсондоо Катрин Зоррын ажлын өрөө гэнэ. Энд л үйлчлүүлэгчид нь өрхийн эмчтэйгээ нүүр тулан уулзаж өвчин зовиур зэргээ нэгд нэгэнгүй ярина. Харин цаад талынх нь дамжин ордог өрөөндөө үзлэгээ хийнэ. Түүнээс гадна цус авч, шинжилгээ хийдэг жижигхэн лаборатори, ариун цэврийн гээд нэлээд хэдэн өрөөтэй. Онц шаардлагатай үед бяцхан мэс засал хийдэг өрөө нь тусдаа. Тэр өрөөний өвчтөний суух сандал нь мэс засал хийхэд зориулагдсан аж. Катрин Зорр уг нь мэс заслын эмчээр мэргэшсэн хүн. Тиймээс энэ өрөөгөө “Миний хувьд хамгийн чухал” хэмээн дурьдав. Дээр дурдсанчлан тэрээр дөрвөн ажилтантай. Нэг эмчийн туслах, эмчийн туслах болохоор бэлтгэгдэж буй бас нэгэн ажилтан, үйлчлүүлэгчдийн цагийг зохицуулж санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, нэг цэвэрлэгчтэй. Эмчийн туслах гэдэг нь сувилагч уу хэмээн тодруулахад үгүй гэв. Сувилагчаас ялгаатай, сургалт нь ч өөр аж. Цус авах, даралт хэмжих зэрэг эмчийн өгсөн зааврын дагуу ажиллах үүрэгтэй. Катрин Зорр нь Эрфурт, Лайпциг хотуудад Анагаахын их сургуулийг мэс заслын эмч мэргэжлээр дүүргээд тэндхийнхээ нэгэн эмнэлэгт нэг хэсэг ажилласан байна. Хоёр Герман нэгдэх тэр түүхэн үед нөхөр нь Швейцарьт ажиллахаар болсон тул гэр бүлээрээ тус улсын Цуг кантонд нүүж очсон гэнэ. Ингээд охин нь нялх байсан тул эхний хэдэн сар гэртээ сууж хүүхдээ харсан байна. Зургаан сарын дараа Швейцарийн Цуг кантоны Аделхайд хэмээх эмнэлэгт ассистент эмчээр ажилд оржээ. Хуучнаар зүүн Германд мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн тэрээр энд эмчийн хувьд ёстой л нөгөө юм үзэж нүд тайлснаа ярив. Өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг эм, багаж төхөөрөмж, ямар нөхцөл байдалд хэрхэн ажиллах, ажлын хуваарилалт гээд анагаах ухааны эрдэмд бараг эхнээс нь суралцсан аж. Ийнхүү түүний бяцхан эмнэлэгтэйгээ танилцуулахын сацуу хэрхэн эмч болсоноо ярьж байх хооронд ажилтан нь дараагийн өвчтөн ирснийг мэдэгдэв. Нэгэн туранхай, өндөр эмэгтэй нөхрийнхөө хамт ирсэн харагдав. Цаана нэлээд хэдэн хүн сууна. Түүнийг өвчтөнөө үзэж байх хооронд хүлээлгийн өрөөний утас зогсолтгүй дугарна. Үзлэгийн цаг зохицуулагч ажилтан өрхийн эмч нь хэзээ үзэх боломжтойг тайлбарлан өдөр цагийг товлоно. Ингэхдээ үйлчлүүлэгчтэйгээ тун чиг боловсон харьцана.

Лабораторийн туслах эмч

Нэг л мэдэхэд 12 цаг болчихсон хуваарийн дагуу гадуур үзлэг хийх цаг болчихсон байв. Эмч хүнд шаардлагатй хамгийн наад захын үзлэгийн төхөөрөмж, даралтны аппарат, тариур, нэг удаагийн үзлэгийн бээлий, өвчтөнөөс цус авсан нөхцөлд түүнийг авч явах зориулалтын сав зэргийг багтаасан том хар цүнхээ барьсаар “Subaru” машиндаа суув. Нойштат хот нь Шварцвальд хэмээх уулархаг газар оршино. Ингээд хамгийн түрүүн өндөр настны асрамжийн газар байдаг 92 настай өвчтөн дээрээ очих ёстой гэв. Сүүлийн үед хөл нь жаахан зовиуртай байгаа, хэдхэн хоногийн өмнө очиж үзээд эм бичиж өгсөн, өнөөдөр яаж байгааг нь үзэх ёстой гэв. Ингээд “Санкт Рафхаэл” хэмээх асрамжийн газрыг зорив. Эндэхийн хамгийн тохилог асрамжийн газрын нэг гэнэ.

Замдаа өрхийн эмчийн сарын орлого хэд байдаг талаар асуухад ер нь бол тийм ч их биш гэсэн тайлбар өгөв. Чухам хэд гэдгийг хэлэхийг хүссэнгүй. Ямар ч байсан бяцхан эмнэлгийн орлогын гуравны нэг нь эм, тариа, боолт, ариутгал энэ тэр гээд эмнэлгийн хэрэгцээнд зарцуулагддаг гэв. Түүнээс гадна дөрвөн ажилтны цалин, цахилгаан, усны төлбөр. Катрин Зорр ойролцоогоор 1000 арай хүрэхгүй үйлчлүүлэгчтэй. Олон үйлчлүүлэгчтэй байснаар орлого их байна гэсэн үг биш гэнэ. Ер нь Германд эрүүл мэндийн даатгал тав ангилагддаг, таны үйлчлүүлэгч ямар даатгалд хамрагдахаас л өрхийн эмчийн орлого шалтгаална. Эрүүл мэнийн даатгалын тогтолцоог нь тайлбарлахад нэлээд түвэгтэй, за тэгээд улсын бүртгэл, санхүүгийн хяналт зэрэг нь бүр ч нарийн аж.

Ийнхүү замдаа ярьж явтал нэг мэдэхэд асрамжийн газар ирэв. Асрамжийн газар гэхээр манайханд бол сайхан сэтгэгдэл төрөхгүй байх. Харин энд нас өндөр болсон хойно асрамжийн газар очих нь ердийн үзэгдэл. Зарим настангууд би тэр асрамжийн газар очно хэмээн аль эртнээс сонгочихсон байдаг. Бидний очсон газрын зарим хөгшчүүл нь өдрийнхөө хоолоо идэж, зарим нь гадаа цэцэрлэгт нарлаж, зарим кофе ууж суув. 92 настай үйлчлүүлэгчийн нэрийг Анна Туммелшайд гэдэг. Хэнтэй уулзах гэж байгаагаа хэлээд гурван давхарт гарав. Анна Туммелшайд ганцаараа нэг өрөөнд байдаг. Асрамжийн газрын ажилтнууд өндөр настан болгоныг анхаарч байх ёстой тул ихэд завгүй харагдана. Харин Анна Туммелшайд өрөөндөө байсангүй. Катрин Зорр түүнийг гадаа цэцэрлэгт нарлаж байгаа байх хэмээн гарсан боловч байсангүй. Өрхийн эмч маань дахин өрөөнд нь очтол настан түшлэгтэй сандал дээр тухлан сууж байв. Ариун цэврийн өрөөнд байсан тул эмчээ ирээд дуудахад сонсоогүй аж. Бие нь ямар байгааг асуунгаа Монголоос ирсэн сурвалжлагчтай хамт яваагаа хэлээд өрөөнд нь орж болох эсэхийг асуухад настан зөвшөөрөв. 92 настай гэхэд тун ч давгүй царай зүс нь сайхан харагдана. Таягийг нь эс тооцвол. Өрхийн эмч түүний хөлийг үзээд үрэвсэл нь илт гайгүй болсоныг хэлэв. Тиймээс асрамжийн газрын эмчийн хийсэн боолтыг авах хэрэггүй хэмээн зөвлөв. Ингээд ойр зуурын юм ярих зуураа даралтыг нь үзээд хөлөндөө түрхэх шинэ эм бичиж өгөв. Анна Туммелшайд нь нэг хүүтэй гэнэ. Тус асрамжийн газрын дээд давхарт нэг өрөөтэй байранд ганцаараа амьдарч байгаад хэдэн сарын өмнөөс ганц хүний өрөөнд шилжсэн байна. Түүнээс хойш бие нь хавигүй сайжирсан тухай Катрин Зорр ярив. Ганц хүний байранд амьдарч байхдаа заримдаа эмээ уухаа мартчихдаг байснаас даралт нь тогтворгүй болсон гэнэ. Хүү, бэр, ач хүү нар нь байнга эргэж ирдэг гэнэ. Шинэ ээмэг зүүснийг анзаарсан эмч ихэд зохиж байна хэмээн урмын үг хайрлав.. Ингээд бидний явах цаг болов. Өрхийн эмч маань гарахдаа асрамжийн газрын ээлжийн ахлагчтай уулзаж, хатагтай Анна Туммелшайдад үзлэг хийж шинэ эм бичиж өгсөнийг хэлэв. Ээлжийн ахлагч эмэгтэй бүгдийг нь нэгд нэгэнгүй бичиж авав. Ингээд бид хоёр дараагийн асрамжийн газар руу хөдлөв. Өрхийн эмч маань өдрийнхөө цайг ууж амжаагүй тул замдаа нэгэн цайны газраар орж кофе уулаа. Хэдэн минут кофе уух зуураа ажлынхаа талаар үргэлжлүүлэн ярив. Зун бол өдөр ч, шөнө ч дуудлагаар явахад асуудалгүй гэнэ. Харин өвөл өндөрлөг газар цас ихтэй тул амаргүй аж. Ялангуяа шөнө үүрээр, замын цас арилгаж амжаагүй бол өөрөө машинаа бариад явна гэдэг бас л яггүй. Харанхуйд, цас бороонд эмэгтэй хүн ганцаараа явна гэдэг амаргүй тухай ярив. Ойролцоо орших өрхийн эмч нартайгаа хамтран ажилладаг бөгөөд амралтаа авахдаа нэг нэгнийхээ өвчтөнийг хэсэг хугацаанд хариуцан авдаг гэв. Түүний ярьснаар өрхийн эмч гэдэг хамгийн их хариуцлагатай ажил. Тал талын мэдлэгтэй байх шаардлагатай. Мэс заслаар мэргэшээд дараа нь дотор, мэдрэл энэ тэр гээд бүх л чиглэлээр суралцсанаа ярив. Өрхийн эмч нь таван жил тутамд мэргэжлээ дээшлүүлэн курст хамрагдах ёстой.

Бидний очих дараагийн асрамжийн газар нь түрүүчийнхтэй харьцуулахад жижигхэн хэмээн тайлбарлав. Энд асруулдаг үйлчлүүлэгч нь шинээр эм хэрэглэх болсон гэнэ. Тиймээс асрамжийн газрын ажилтнуудтай энэ талаар уулзаж заавар өгөх ёстой аж. Биднийг ороход өндөр настангууд мөн л өдрийнхөө хоолоо идэж байлаа. Ажилтнууд нь тэдний дундуур явж сандлыг нь засч өгч, хоол нэмж, юу уухыг нь асууна. Заримынх нь амыг нь арчиж өгч байгаа харагдана. Бид хоёр ээлжийн ахлагчийг хүлээж нэг хэсэг зогсов. Ажилтнууд нь бүгд л завгүй харагдана. Цагаан халат өмссөн өндөр залууг ирэхэд яагаад ирсэн учраа тайлбарлаж, өвчтөнд нь эмийг нь яаж өгөх, юуг анхаарах зэргийг хэлэв. Тэд үйлчлүүлэгчийн талаар нэлээд удаан ярилцав. Хоолны танхимд суугаа хүмүүсийг хэсэг харж зогслоо. Зарим нь хоорондоо ихэд чухал яриа өрнүүлнэ. Чимээгүй ганцаараа суух хүн ч харагдана. Энэ хооронд асрамжийн газар эргэлтээр ирж буй хүмүүс орж харагдлаа.

Хоёр дахь асрамжийн газраас гарч ирэхэд Катрин Зорр өөрийнхөө хамгийн хайрлаж, хүндэтгэж явдаг үйлчлүүлэгчийнхээр ороод гаръя гэв. Ойрхон явж байгаа тул очно гэж амласан аж. “Чи энэ хүнтэй заавал танилцах ёстой. Их сонин эмэгтэй бий” гэв. Тав хүрэхгүй минут яваад л нэгэн жижигхэн байшингийн гадаа зогсоход биднийг харсан жижигхэн нохой зогсоо зайгүй хуцав. Энэ чимээнээр хажуу айлын нохой бас л хуцсаар гүйж ирэв. Нэг хэсэгтээ л бөөн шуугиан болж гэрийн эзэгтэй ч гараад ирэв. Дунд зэргийн нуруутай, өсгийтэй гутал өмссөн хачин дэгжин эмэгтэй “Өдрийн мэнд” гэсээр биднийг угтав. Өрхийн эмч, үйлчлүүлэгч хоёр ихэд дотно найзууд бололтой. Ойролцоогоор бол 70 орчим настай, ихэд ганган, алхах нь хүртэл донжтой. Эмээ гэдэг үг түүнд огтхон ч тохирохгүй, хатагтай гэвэл яг таарах шиг. Тэрээр биднийг зочныхоо өрөөнд орохыг урьж бид ч суув. Кофеныхоо машиныг асаах зураа ямар кофе уухыг асуув. Сүүлийн үед хоёр ч удаа нохойгоо хулгайд алдах шахлаа хэмээн гомдоллов. Энэ хатагтайн гэрээ тохижуулсан нь ихэд донжтой. Бүх юм хоорондоо зохицолдсон. Аргагүй л язгууртан гаралтай франц эмэгтэй гэдэг нь мэдрэгдэв. Залуудаа герман эмчтэй гэр бүл болж, хувийн эмнэлэгтэй байсан гэнэ. Түүнийгээ удирдан ажиллуулж байжээ. 1960-аад оны үед хэрхэн ажиллаж байсан, эмч нартаа хэрхэн хатуу шаардлага тавьдаг байснаа ярив. Ер нь ажил бол ажил гэдэг зарчмыг эрхэмлэж ирсэн, заримдаа ажилтнууддаа хатуу хандаж байснаа ярив. Саяхан төрсөн нутаг Францдаа очиж амраад ирсэн тухайгаа сонирхуулав. Хатагтайн нөхөр нь нэлээд хэдэн жилийн өмнө нас барсан аж. Түүнээс хойш ганцаараа амьдарч байгаа аж. Хоёр хүүтэй, нэг нь Канадад амьдардаг гэнэ. Удахгүй ач хүү нь амралтаа эмээтэйгээ өнгөрүүлэхээр Канадаас ирэх гэж байгаа аж. Нэг сарыг ач хүүтэйгээ хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөг нэгд нэгэнгүй гаргачихсан гэнэ. Бид хэдэн минут ярилцаад явахаар болов. Аль хэдийнэ 18.00 цаг болсон учир Катрин Зорр ч очиж ажлаа хүлээн авах зуур маргаашийн үзлэгийн цагтай танилцах ёстой гэв.

Өрхийн эмчийн бяцхан эмнэлэг

Өдөрт хичнээн өвчтөн хүлээн авдаг талаар Катрин Зорроос сонирхоход өчигдөр гэхэд 50-60 хүн үзсэн гэв. Өвөлдөө ханиад томуу ихтэй цагт бол нэг өдөрт 150 хүн үзэх тохиолдол ч бий. Ажил дээр нь ирэхэд ажилтан нь өдрийнхөө ажлыг хүлээлгэн өгөхөөр бүгдийг бэлдчихсэн байв. Тооцоо энэ тэр гээд нэлээд нарийн бололтой. Катрин эмнэлгийнхээ хаалгыг түгшиж гэр рүүгээ явахаар болов. Тэрээр ердөө таван минут алхаад хүрэх газар амьдардаг. Гэр хүртлээ явган явах нь түүний хувьд жаахан ч гэсэн амралт болдог гэнэ. Ойрхон тул би машиныг нь барьж яваад гэрийнх нь үүдэнд очоод хүлээж байхаар болов. Гэртээ ирсэн хойноо “Энэ алхах хугацаа чинь надад амралт болдог юм” гэв. Катрин Зорр гэртээ орж амжаагүй шахуу байхад утас нь дугарав. Охин нь утасдаж байв. Ирээдүйд маш сайн өмгөөлөгч болох найдлага төрүүлж буй охинтой. Охин нь докторынхоо ажлыг эмийн патентаар бичиж байгаа тул ээжээсээ асууж зөвлөлдөх зүйл нэлээд гардаг гэнэ. Ээжийгээ ажлаасаа дөнгөж тараад ирсэн гэдгийг мэдэж байсан тул охин нь удаан ярьж чилээсэнгүй. Катрин Зорр ч тагтан дээрээ гарч, хар муураа тэвэрсээр буйдан дээрээ тухлан суув.

Нойштат хот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *