Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү

Нийтлэлийг маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбочих бий дээ. Огт хамаагүй юм шүү. Тэгэхээр бидний монголчууд өөрсдийгөө дэлхийд байхгүй мундаг эх орончид гэдэг. Түүхээ харвал жинхэнэ эх орончид олон бий. Манжийн 200 жилийн дарлалыг төгсгөл болгосон Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн, харчин гүн Бавуужав, Манлай ван Дамдинсүрэн… гээд олон хүмүүсийг хойч үеийнхэн эх орончид гэж хүлээн зөвшөөрдөг. 1921 оны хувьсгалын удирдагчид Данзан, Бодоо, Чагдаржав… тэдний туслахууд болох түүхэнд нэр нь үлдсэн Сүхбаатар, Догсом, Лосол эд нар ч бас эх орончид. Монгол Улсыг ЗХУд дагаар орохыг хүссэн албан бичигт гарын үсгээ огт зураагүй Чойбалсан, Бумцэнд хоёрыг ч жинхэнэ эх орончид гэж хойч үеийнхэн бахархах болсон. Ийм үе үеийн халуун эх орончид монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд олноор төрж байсныг бид мэднэ. Ийм эх орончдын үр сад гэдгээрээ ч бид онгирох эрхтэй хүмүүс.

Үүнийг дурсах болсон шалтгаан бол өнөөдөр бидний монголчууд эх оронч сэтгэлтэй байгаа юм уу. Өнөөдөр эх орныхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол гадаадад байгаа монголчууд гэдэг. Эх орондоо байгаанууд нь бол төдийлөн анзаардаггүй ч гэдэг. Энэ бол тогтсон ойлголт. Тогтсон ойлголт учраас гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монгол хүмүүсээр эх оронч сэтгэлийг төсөөлөх болсон юм. Тэд эх оронч биш бол монголчууд бүгдээрээ эх оронч биш гэсэн ойлголт ч гэж болно. Тэгвэл амралтын өдрүүдээр гадаадад байгаа монголчууд саналаа өглөө. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг тэд сонголоо. Санал өгсөн хүмүүсийн тоо харамсмаар цөөн. Албан мэдээг нь хүргэе л дээ. “Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, саналаа өгөхөөр ирсэн монголын иргэнийг тухайн улсын зүгээс ямар нэг байдлаар хянах, баривчлах, оршин суух эрхэнд нь халдахгүй байх бүх боломжийг бүрдүүлжээ. Ингээд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж 7209 иргэн саналаа өглөө” гэж. Ямар урам хугармаар цөөхөн, ямар эх оронч бус, ямар эх орныхоо төлөө санаа тавьдаггүй хүмүүс вэ гэж тэднийг бодлоо. Албан ёсоор санал өгөх эрхтэй 140 000 монголчуудаас ердөө 7000 хүн санал өгчээ. Ердөө 5 хувь нь. Үүнийг сонсоод л бид эх оронч сэтгэлтэй хүмүүс мөн үү гэж эргэлзэхэд хүрсэн юм. Тэд очиж саналаа өгөхөд ердөө автобусанд, за үсрээд таксины тав арван төгрөг л гарна. Эх орных нь эрх ашигтай зүйрлэхэд энэ юу юм бэ. Бид үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй байсан бол 140 мянгуулаа саналаа өгнө. Тэгэхээр тэдний сэтгэлд эх орноо, монгол үндэстнээ гэх санаа зовнил өчүүхэн ч байдаггүй юм байна. Эх орноо гэдэг нь худлаа юм байна.

Гадаадад байгаа монголчуудын зүгээс дуулддаг мэдээллийн дийлэнх нь тэнд дэлгүүрээс хулгай хийж гэнэ, энд ингэж архидаж гэнэ, хар тамхитай холбогджээ, хамт ажиллаж байсан хүнээ хутгалжээ гэсэн бараан мэдээ дуулддаг. Энд байгаа монголчууд нь аль болох өнгөтэй өөдтэй яваа монголчуудаа эх оронд нь сайнаар сурталчлахын төлөө чармайдаг. Нэг жижигхэн шоунд орсон ч, нэг киноны орлон тоглогчоор ажилласан ч, ач холбогдол багатай жижиг программ зохиосон ч, коллеж дээрээ жижиг илтгэл тавьсан ч бүгдийг нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аван баруунд од болсон мэт, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн мэт тэнгэрт тултал магтаж, монгол даяараа шуугиан болгодог. Гэтэл тэдний эх орондоо хандаж буй хандлага ийм өчүүхэн. Эх оронд нь юу ч болж байсан тэдэнд ямарч падлийгүй байгаад нь харамсаж байна.

Та бүхэн хэдүй гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн иргэд шүү. Яагаад гэвэл танд Монгол Улсын иргэн гэсэн албан ёсны үнэмлэх байгаа. Та эх оронгүй цагаач, дэлхийд ад үзэгдсэн сири хүн биш шүү. Ядарлаа гэхэд буцаж ирээд хаана нь ч хамаагүй хэвтээд өгөх эх оронтой, газар нутагтай, санаа тавих үндэстэн нэгтэй хүмүүс. Ийм нандин эх орныхоо төлөө гадаадад байгаа монголчууд нийтээрээ хариуцлага хүлээх чадвар муутай байна. Ийм байж болохгүй нь гэж бодох цаг та бүхэнд иржээ. Та бүхэн дэлхийн бусад улс орны иргэд эх орноосоо гадна ямар байдгийг хар. Монголчууд бидэн шиг байна уу. Бүгдээрээ улс үндэстнээ хайрладаг, эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг юм байна. Үүний хамгийн ойрын жишээ бол Турк улс, туркчууд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга явагдсан. Нийт турк үндэстнүүд гадаад, дотоод гэлтгүй идэвхтэй оролцсон. Эх орондоо болон, гадаадад амьдран суугаа нийт 55 сая турк иргэн санал өгөх эрхтэйгээс 86 хувийн ирцтэй байсан нь туркчууд гайхамшигтай эх оронч хүмүүс болохыг баталж байгаа юм. Тэд эх орныхоо хувь заяаны төлөө ингэж санаа тавьдаг юм байна. Тэдний 51 орчим хувь нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг дэмжсэн юм билээ. АНУ, ОХУ, Их Британийн туркчууд санал асуулгыг дэмжжээ. Эдгээр орнуудад нэг сая орчим турк хүмүүс ерөнхийдөө тайван амгаланаар ирж саналаа өгсөн байна. Гэхдээ л эдгээр орны гудамжинд нэг сая орчим турк иргэн гарч ирээд эх орондоо болж буй санал асуулгад оролцоно хэмээн хөдөлж эхлэхэд нь тухайн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа юм. Эх орныхоо Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал өгөх гэж сая саяараа Элчин сайдынхаа яам руу алхацгаасан нь амьдарч буй орныхоо нийгмийг хөдөлгөөнд оруулах хэмжээнд хүрчээ. Улмаар Төв Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа туркийн олон зуун мянган иргэн санал асуулгыг дэмжихгүй хэмээн гудманд гарч ирсэн нь төв Европыг сандаргасан үйл явдал болов. Тэнд байгаа туркчууд санал асуулгын эсрэг жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүсч, тухайн улс нь сурталчилгаа хийлгэнэ, хийлгэхгүйдээ хүрсэн нь Европт сонгууль болж буй аятай юм болж, бас айлгаж. Дэлхийн улс орны иргэд эх орныхоо төлөө ингэтлээ санаа тавьдаг юм байна. Эх орондоо ийм их хайртай байдаг юм байна.

Ер нь энэ байдлаараа бол Монгол эх орноосоо гадагш гарсан хүмүүс ирээдүйд эх орондоо ямарч хамаагүй хүмүүс болох юм байна гэсэн харуусал төрлөө. Олон шалтгаантай байх. Манайх шиг байгаль цаг уурын хувьд хатуу ширүүн улс орон дэлхийд хуруу дарам цөөн юм шиг байна.Монголоос бусад нь бараг сайхан цаг агаартай юм даа. Дээр нь монголын нийгмийн байгаа царай, улс орон, ард түмнээ удирдан залж байгаа улс төрчдийн байгаа байдал, ард түмэн рүүгээ чиглүүлэн хэрэгжүүлж буй төр засгийн бодлого шийдвэр… үнэндээ монголчуудыг монголоосоо зугтаахад хүргэж байна. Цаашлаад монголчуудыг монголдоо хайргүй болгож байна. Монгол үндэстнээ боддоггүй, төр засгаа үзэн яддаг болгочихлоо. Үзэн ядахаас ч өөр аргагүй юм. Сүүлийн 20 гаруй жил хэдхэн хүнийг хязгааргүй их баяжиж, хөрөнгөжүүлэхэд төр засгийн бодлого чиглэж, бодитой хэрэгжиж ирлээ.

Ийм эмгэнэлтэй байхад эргэж ирэх монгол хүн байхгүй ээ. Эх орноо гэсэн сэтгэлгүй иргэнтэй эх орон гэж байдаг юм уу, байсан юм уу, түүхэнд. Хот руу орж ирсэн хөдөөний хүн буцдаггүйтэй адил юм болж байна. Тэд “Хөдөө ч мөн сайхан байгаа даа, хөх ногооны униар суунаглаад л…” гэж ярьсан хэрнээ үнэндээ хөдөө рүү явдаггүй шиг гадаадад байгаа монголчууд “Монгол эх орон минь мөн ч сайхан даа, наадмаар хуушуур идээд л…” гэж яриад л эх орондоо ирэхгүй байна.

Монголчууд минь ээ! Бид эх орон, монгол үндэстнийхээ талаар оюун санааны эргэлт хийх цаг нэгэнт болжээ. Монгол эх орныг, монголчуудыг монгол хүмүүс бид л хайрлана. Биднээс өөр хэн ч хайрлахгүй. Бид бүх зүйлд хариуцлагатай хандаж сурмаар байна. Энэ бүхэн монгол хүн нэг бүрийн хариуцлагын асуудал. Эх орныхоо өмнө, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой шүү гэдгээ бүгдээрээ ухамсарлая. Гадаадад байгаа 140 мянган монгол хүнээс ердөө 7000хан нь санал өгнө гэдэг бол монгол хүн Монгол Улсынхаа төлөө санаа зовохгүй байна гэсэн үг шүү дээ. Метроны мөнгө төлж очоод саналаа өгч чадахгүй горойж байна гэдэг эмгэнэл юм. Та эх оронгүй хүн болжээ гэсэн үг юм. Эх оронгүй хүнд ямар юмных нь эх оронч сэтгэл байхав дээ. Амьдарч буй улс орныхоо нийгмийн илүүдэл болсон гэдгээ та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй байгаагаараа баталлаа гэсэн үг. Нийгмийн илүүдэл байх, үхсэн хүн хоёр ялгаагүй гэж нэг суут хүн хэлсэн байдаг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү”хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Уламжлалт “Танайд өнжье” буланд Германы өрхийн эмч Катрин Зорртой өнгөрүүлсэн өдрийн тухай тэмдэглэл нийтлэгджээ. Бүсгүй Германы Баден-Вурттемберг мужийн Нойштат хэмээх хотод өрхийн эмчээр ажилладаг. Германд өрхийн эмчээ үйлчлүүлэгч өөрөө сонгодог онцлогтой. Та Берлин хотод амьдардаг байсан ч өрхийн эмч тань өөр хотод байж болох гэнэ. Өрхийн эмч үзлэгийн хуваарьтай. Заавал урьдчилж цаг авч үзүүлдэг юм байна. Хүнд өвчтөнийг бол өрхийн эмч өөрөө очиж үздэг гэнэ шүү. Германы өрхийн эмнэлэгийн сонин хачинг та “Өдрийн сонин”-оос олж уншаарай.

Улсын Дээд шүүх саяхан “Үнэн ба зөв” намыг бүртгэсэн. Тус намын дарга А.Отгонбаатар “Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам дагаж баларч байна” хэмээн ярьжээ.

60 тэрбум төгрөгийн албан тушаалын авилгын талаар ярилцаж байгаа бичлэгийг хийсэн Г.Доржзодов гэж хэн болох тухай тэргүүн нүүрт нийтэлжээ.

“Ягаан гудамжиндаа яасан ч их анхаарах юм бэ дээ” нийтлэлийг II нүүрээс уншаарай. Дэлхийн томоохон хотууд шөнийн буюу Ягааны гудамжтай байдаг.

Шөнийн гудамжны тухай мэдээлэл бэлтгэсэн хэвлэлийн ажилтан хэл халтираад “анхны шөнийн гудамж” нэртэй болчихсон энэ гудамжны талаар “Шөнийн гудамжны ямар ч үйлчилгээг олон нийтэд сурталчлах шаардлагагүй” хэмээн энд бичжээ.

“Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлжээ.

Захиралдаа зодуулаад амиа егүүтгэсэн гэгдэх 22 настай бүсгүйн тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэх этгээдүүдийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээр болсон тухай энэ нүүрт мэдээлжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Катарыг тойрсон хямралын тухай онцолжээ.

“Уран бүтээлч” нүүрт “Салхи Дамбий”, “Ноён Солиот” зэрэг тайз дэлгэцийн дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Бямбацогттой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрбээр “Зүрхэнд шивнэсэн үг” киноны мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй хэмээн ярьжээ.

“Спорт” нүүрт Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн улирал дуусах гэж байгаатай холбогдуулан Леброн Жэймстэй хийсэн ярилцлагыг нийтэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *