Үндэсний бөхөөр барилдаж байгаа шинэ залуу бөхчүүдийн олонх нь өөртөө итгэлгүй, аймаг, улсын баяр наадамд амжилт гаргаж чадахааргүй сэтгэл зүйтэй сул дорой байх юм. Тэд бэлтгэл сургуулилтаа сайн хийх талаар биш наадмаас өмнө нутгийн зөвлөл, томоохон компаниудын захирал ах нартайгаа ойр дотно байж байгаад мөнгө олох, дэвжээнийхээ улсын цолтой нөлөө бүхий бөхчүүдийн өмнө хойгуур гүйж байгаад наадмын үндэсний бөхийн найраанд орж улсын цол хүртэх талаар л ярьж суух юм. Наадмын найраанд орохын тулд байшинг нь барьж өгсөн, хүүхдийг нь хичээл сургуулиас нь хэдэн сараар зөөх, гэрийг нь цэвэрлэж, шалыг нь зүлгэж, хувцсыг нь хүртэл угааж өгдөг гэнэ. Томчууд нь зугаалж, цэнгэж байвал хаа байгаа газраас нь очиж аваад гэрт хүргэж өгч, охид хүүхний зугаа цэнгэлд нь хүртэл өөрөөсөө мөнгө гаргаж зуучилдаг гээд л хүний санаанд багтамгүй зүйлсийг ярьцгаах юм. Тэднээс “Өөрсдийнхөө хүчээр улсын цолонд хүрч болдоггүй юм уу. Улсын цолтой бөхчүүдээс юунаас нь айж эмээгээд байдаг юм бэ” гээд асуухаар доошоо тонгойн уруу царайлж “Тэгж цол авдаг бөх Монголд байхгүй. Дэвжээнийхээ бөхчүүдийн эсрэг ажиллах юм бол шахагдаж хавчигдаад хэцүүднэ” хэмээнэ. Дэвжээний бөхчүүдийн үгэнд оролгүй аймгийн баяр наадмын бөхийн найрааг эвдэх юм бол шахагдаж хавчигдаад хэн ч биш болдог талаар ам уралдан ярина.
Categories
Бөх нэртэй гэрийн үйлчлэгчид
Үүний тод жишээ нь Төв, Ховд аймгийн аймгийн хоёр арслан байдаг гэнэ. Улсын цолтой бөхчүүд л өөрсдийн хойч ирээдүй болсон залуусаа хэн ч биш болгож, сэтгэл зүйгээр нь байнгын дарамтад оруулан өөрийнхөө гарын аясаар хөдөлгөх аргыг хэрэглэдэг аж. Энэ мэтээс болж үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус найраанд орж цол авах л сэтгэхүйтэй болчихжээ. Түүнээс өөрийнхөө хүч чадлаар одтой сайхан барилдаж, улсын цолонд хүрнэ гэсэн бодол огт алга байна. Бусдад дарамтлуулж байсан бөх дараагийнхаа үеийг бүр их дарамталж, хойч үеэ амьгүй албатаа болгох нь тодорхой юм. Монгол үндэсний бөх санаанд багтамгүй ёс бус зүйлд нэрвэгдсэний хамгийн наад захын жишээ энэ байх. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуу бөхчүүдэд хандаж хэлэхэд 19, 20 насандаа төрийн наадамд өөрийн хүч чадлаар түрүүлсэн олон бөх байдаг юм шүү. Сумынхаа наадамд түрүүлж ирээд 19 насандаа шууд заан цол хүртэж байсан дархан аварга ч байдаг билээ.