Categories
мэдээ цаг-үе

Я.Жамбалжав: Монгол орны мөнх цэвдгийн дийлэнх нь 2060 он гэхэд хайлж, дуусах төлөвтэй байна

Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Я.Жамбалжавтай ярилцлаа.


-Цэвдэг судлалын салбарын үүсэл саяхны буюу 1958 оноос эхтэй гэдэг. Монгол орны мөнх цэвдэг, цэвдэгт орчны тухай мэдээлэл ховор. Нийт нутгийн 63 хувь нь цэвдэгтэй гэсэн бүдэг тоо дуулддаг. Сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?

-Тийм ээ, 1958 оны Засгийн газрын тогтоолоор Цэвдэг судлалын төв станцыг Н.Лонжид даргатайгаар байгуулснаар Монгол оронд цэвдэг судлалын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил эхэлсэн гэж үздэг. Гэхдээ дэлхийн бусад улсуудад 18 дугаар зууны сүүл, 19 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн гэж үзэж болно. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан байх ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг. Улсаар яривал 48 орны газар нутагт цэвдэгтэй. Мөн нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. ОХУ, Канад, Хятад, АНУ-ын дараа цэвдгийн тархалтаараа тавдугаарт Монгол Улс орно. 1968-1971 оны Орос, Монголын хамтарсан геокриологийн экспедицийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63 хувьд тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй гэж тогтоосон байдаг. Энэ хугацаанд гадна, дотны төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны цэвдгийг хянах 200 орчим цооногтой болсон байна. Мөн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 2016 онд цэвдгийн шинэ зураг гаргалаа.

-Судалгаа хийгдэж шинэчилсэн зургийг боловсруулан гаргасан гэнэ. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөж, тархалтын горимд ямар өөрчлөлт орсон бэ? Өмнөх судалгаануудтай харьцуулбал ямар байна?

-Мэдээж маш их өөрчлөлтүүд орсон байгаа нь дээр хэлсэн тооноос л тодорхой харагдаж байгаа биз дээ,. Нэгдүгээрт Монгол орон маань цэвдгийн өмнөд захад оршдог, хоёрдугаарт уур амьсгалын дулааралт Монгол орны газар нутагт эрчимтэй явагдаж байгаа зэрэг нь эмзэг экосистемтэй Монгол орны цэвдгийг алдралд хүчтэй оруулж байна. Монгол орны хэмжээнд хойд бүс нутаг болон уулсын өндөрлөг хэсэгт цэвдгийн дулаарал ажиглагдаж байгаа бол нам дор хэсэг, өмнөд захаараа цэвдэггүй болох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл 1960-1980 аад оны үеийн хэмжилтийн мэдээг өнөөдрийн хэмжилттэй харьцуулахад хойд болон өндөр уулын хэсэгт хасах хэм дотроо дулаарсан зүй тогтол ажиглагдаж байгаа бол нам дор газрууд болон өмнөд нутгаар гүехэн цэвдэг нь үгүй болсон байна. Монгол орны газар нутгийн 29.3 хувьд цэвдэг нь тасалданги болон алаг цоог хэлбэртэйгээр тархсан гэсэн үр дүн гарсан. Харин 1970-аад оны үеийн судалгаагаар нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэг байсан юм байна.

-Бас цэвдэгийг мөнх болон улирлын гэж ангилдаг шиг санагдаж байна?

-Тийм ээ, зарим ном бүтээлд мөнх цэвдэг, улирлын цэвдэг, олон жилийн цэвдэг гэсэн нэр томъёонууд байдаг. Гэвч энэ нэр томъёоны талаар хүмүүс дутуу дулимаг ойлголттой байдаг шүү. Энэ нь аргагүй биз дээ, гэхдээ энд бид олон улсын нэр томъёотой дүйцүүлэх тал дээр анхаарч л ажиллах хэрэгтэй байна. Мөнх цэвдэг, олон жилийн цэвдэг гэсэн үг олон ном бүтээлд бичигдсэн байгаа. Гэхдээ бид сүүлийн үед өмнө нь мөнх, эсвэл олон жилийн гэсэн үг хэрэглэхгүй зөвхөн цэвдэг л гэж бичиж ярьж байя гэж үзээд байгаа. Монгол хэл дээр цэвдэг гэдэг үг маань өөрөө байнгын хүйтэн, сэрүүн гэсэн утга санаагаа илэрхийлж байгаа гэж үзсэн л дээ. Харин улирлын цэвдэг гэдэг нэр томъёог зөвхөн манай улсад хэрэглээд байх шиг байгаа юм. Улирлын цэвдэг гэж хэлэхээс илүүтэйгээр улирлын хөлдөлт гэвэл илүү тохиромжтой санагдаад байгаа юм. Улирлаар хөлдөж гэсч байвал түүнийг улирлын хөлдөлт, улирлын гэсэлт гэж хэлэх нь илүү тохиромжтой.

-Тэгвэл инженерийн цэвдэгийн тухай юу хэлэх вэ?

-Би уг нь инженерийн цэвдэг судлалаар мэргэшиж сургууль төгссөн хүн. Одоохондоо ерөнхий цэвдэг судлалын асуудлаар яваад байгаа болохоос биш инженерийн асуудал руу орж амжихгүй л байна. Гэвч сүүлийн жилүүдэд инженерийн цэвдэг судлалын асуудал хурц болж байна. Хөдөө орон нутагт цэвдэг дээр барьсан барилга байгууламж нурах, зам гүүр эвдрэх зэрэг олон асуудал гарч ирээд байгаа. Өнгөрсөн 2016 оны зун баруун аймгууд руу зорчсон хүн болгон л дайрсан байх Хойд Тэрхийн голын гүүр нурсан, шалтгаан нь цэвдэг гээд л бичсэн байсан. Мөн Архангай аймгийн Цахир, Хангай, Завхан аймгийн Отгон, Баянхайрхан сумдын цэцэрлэг, эмнэлэгийн барилга хагарал үүссэн шалтгаан нь цэвдэг гээд л телевизээр яриад байсан. Энэ бүгдийг бид өөрсдөө шийдэх л хэрэгтэй. Жишээлбэл, мянганы зам ид яригдаж байхад мянганы замын цэвдэг дайрч өнгөрөх хэсэгт цэвдгийн судалгааг нь хийж өгье гэж саналаа тухайн үеийн холбогдох хүмүүст танилцуулж л байсан. Мянганы зам өнөөдөр Архангай аймгийн Чулуутын гүүрээс Завхан аймгийн Тосонцэнгэл ортол тавигдсан байгаа. Түрүүчээсээ цэвдгийн гэсэлтээс болоод суулт өгөөд машин явахад асуудалтай болоод эхэлсэн. Тэгэхээр энд төр захиргааны албан хаагчид маань нэгд хайнга ажилдаа ханддаг юм шиг байгаа юм, хоёрт маш хурдан хурдан солигддог. Дараагийн хүнтэй нь ахиад л эхнээс нь ярьж эхэлдэг дээ. Бид тэгэхээр эндээс гарц олж, нийгэм эдийн засгийн хохирол багатай зам, барилга байгууламжийг баривал зүгээр санагдаад байдаг юм.

-Цэвдгийн өөрчлөлтийн гол үзүүлэлтийг яаж гаргадаг билээ. Цэвдгийн гүний түвшинд температур болон хөлдүү давхаргын зузаан, нимгэнийг яаж тогтоодог юм?

-Цэвдгийн өөрчлөлтийн гол үзүүлэлт нь түүний температур ба зузаан болдог. Дээр өгүүлсэн Монгол орны хэмжээнд 200 орчим цэгт цэвдгийн хяналт хийж байна. Эдгээр цооногуудын хэмжээнд цэвдгийн өөрчлөлтийг гаргаж эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, тайлан болгож олон нийтэд түгээдэг л дээ. Монгол орны хэмжээнд цэвдгийн температур 10 жил тутамд 0.04-0.29С-ээр дулаарсан байх ба нам дор газрууд болон өмнөд захаар нимгэн цэвдэг үгүй болох, улирлын гэсэлт нэмэгдэж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хуучин төв орчимд 8 м орчим болсон, зарим газарт зундаа гэссэн хэмжээндээ хүрч өвөлдөө хөлдөхгүй болох зэрэг үзэгдэл ажиглагдах болсон.

-60 жилийн хугацаанд цэвдэгт ийм хэмжээний өөрчлөлт оруулах болсон гол хүчин зүйл нь юу вэ?

-Мэдээж нэг талаас цаг уурын дулааралт нөгөө талаас хүний хүчин зүйл орж ирнэ. Цэвдэг нь дулааны үзэгдэл бөгөөд уур амьсгалын дулааралт болоход алдарч, хүйтрэл болоход тэлж байдаг онцлогтой. Манай орны цэвдэггүй өмнөд бүс нутгаар эртний цэвдэгт хөрсний ул мөр их үлдсэн байдаг. Уур амьсгалын дулааралт нь агаарын температурын өсөлт, хүлэмжийн хийн нэмэгдэл зэргээр тодорхойлогдог. Тэгвэл зарим нэгэн хүмүүс, тэр дундаа эрдэмтэн судлаач нар ч гэсэн цаг уурын дулааралтад итгэдэггүй. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Энэ хүмүүс итгэхгүй байна, уур амьсгалын дулаарлын нөлөөг мэдрэхгүй байна. Гэтэл уур амьсгалын дулаарал нь бодитой болсон. Харин түүнийг яаж сааруулах вэ гэж зарим нэг нь ярьж байна. Ер нь энэ их хотжиж байгаа дэлхий дээр хүн байгалиас тусгаарлагдаж байгалиас холдож байшингаас байшингийн хооронд амьдралтай болсон энэ үед байгаль орчны өөрчлөлтийг мэдрэхгүй болж байна л даа. Харин уур амьсгалын дулааралтыг хамгийн их мэдэрч байгаа хүмүүс бол байгальдаа ойрхон оршдог хүмүүс юм. Манай орны хувьд малчин, тариаланчид юм. Цэвдэг нь бас нэг уур амьсгалын өөрчлөлтийн индикатор болдог онцлогтой.

-Цэвдгээс метан, хүлэмжийн хий ялгарч дэлхийн дулаарлыг түргэсгэж байгаа гэх асуудалд?

– Тийм. Өнөөдөр дэлхийн агаар мандалд агуулагдаж байгаа хүлэмжийн хийнээс хоёр дахин их хүлэмжийн хий дэлхийн цэвдэг хөрсөнд агуулагдаж байна гэсэн судалгааг олон улсын эрдэмтэн судлаач нар тогтоосон байдаг. Дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалуудад хүлэмжийн хий ийм хэмжээгээр ихэсвэл ирээдүйд ийм болно гэсэн дүгнэлтүүд гаргасан байдаг. Үүндээ цэвдэгт агуулагдаж байгаа хүлэмжийн хийг тооцвол өнөөдрийн загварчилж байгаагаас хэд дахин их дулаарах болно гэсэн дүгнэлт хүртэл байдаг. Гэтэл манай дэлхийн хамгийн их цэвдэгтэй бүс нутаг болох Сибирийн цэвдэгт тайгаас оросууд ямар их мод бэлтгэж манай нутгаар дамжуулан урд хөрш рүү зөөж байна, мөн их хэмжээний түймэр болж утаа нь бидэнд хүртэл мэдрэгдэж байгаа. Энэ нь тухайн бүс нутгийн цэвдгийг маш ихээр гэсгээж байна, тэр хэмжээгээр хүлэмжийн хий агаар мандалд цацагдаж байна гэдгийг ойлгохгүй байгаа. Саяхан ОХУ-ын хэсэг эрдэмтэд цэвдэг хамгаалах хуультай болъё гэсэн санал хүртэл гаргасан байсан. Германы эрдэмтэн судлаач нарын судалгааны ажлын үр дүнээс харахад Сөгнөгөрийн голын эхэнд 2007 онд гарсан түймэрийн улмаас тухайн газрын цэвдэг дээрээсээ 2 гаруй метр гэссэн байсан

-Ер нь цэвдэгтэй газрын ус, дулааны эргэлт, хөрсний дулаан ямар байгаа юм?

– Усны эргэлт гэсэн ойлголт байна. Их дээд сургуулийн ус, байгаль орчны чиглэлээр сурсан хүмүүс бараг бүгд мэдэж байгаа байх. Хур тунадас орно, тодорхой хувь нь буцаад ууршина, зарим нь хөрсөндөө шингэж, улмаар хөрсөөр дамжин голын усны эх ундарга болдог. Тэгвэл манай орны хувьд энэ бүх хур тундасны зарим нь хөрсөөр дамжиж голоо тэжээдэггүй нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Нэн ялангуяа цэвдэгт бүс нутагт цэвдэгтэй хэсэгт унасан хур тундас нь эерэг баланстай буюу голоо тэжээдэг бол цэвдэггүй хэсэгт унасан хур тундас бараг 100 хувь буцаад ууршдаг байна. Тэгэхээр цэвдэг нь тухайн бүс нутгийн голын усны горим, тэжээлд шууд бус ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа биз. Манай орны цэвдэгтэй бүс нутгуудаар голын сүлжээний нягтрал ихтэй байдаг бол говь, цөлийн бүс нутгаар цөөхөн гол байдаг. Бас нэг цэвдгийн гол онцлог нь хөрсний дулаан-чийгний горимыг тэнцвэржүүлэх замаар түүн дээрхи ургамал ургах ая тухтай орчныг бүрдүүлдэг.

-Энэ чигээрээ байгаль цаг уурын өөрчлөлт явагдсаар байвал Монгол орон тэдэн жилийн дараа цэвдэггүй болно ч гэдэг юм уу нарийвчилсан тооцоолол гарсан уу?

-Тийм тооцоолол хийсэн. Манай ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Гомболүүдэвийн гаргаж ирсэн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагын мэдээ, өгөгдлийг ашиглаж Монгол орны цэвдгийн өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг би энэ жил гаргасан. Өнөөдөр Монгол орны газар нутгийн 29.3 хувь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдгийн тархалттай бол 2046-2065 оны үед энэ тоо 10.9 хувь болохоор тооцоологдсон болно. Монгол орны мөнх цэвдгийн 66 хувь нь 2060 он гэхэд хайлж, дуусах төлөвтэй байгаа гэсэн үг. Гэхдээ энд тэмдэглэн хэлэхэд Монгол орны цэвдэг нь маш эмзэг бөгөөд ирээдүйд хүчтэй алдралд өртөхөөр төлөвтэй байна.

-Хэрвээ цэвдэггүй болбол экологийн ямар өөрчлөлт мэдрэгдэж, Монгол нутагт, дэлхийн хүн ардад юу тохиолдох вэ?

-Товчхон хэлэхэд манай орны цэвдэггүй говь цөлийн бүс өнөөдөр ямар хуурай, ус чийгний гачигдалтай байдаг билээ. Хэрэв цэвдэггүй бол тийм л хувь тохиол хүлээж байна гэж хэлж болно.

-Дэлхийн хамгийн хүйтэн цэвдэг Антарктидад -23.60 С температуртай байдаг гэсэн. Манай орных ямар байдаг вэ. Энэ үзүүлэлт одоо өөрчлөгдөж байгаа юу?

-Яг үнэн. Хамгийн хүйтэн цэвдэг Антарктид тивд -23.6С гэсэн байдаг бол хамгийн дулаан цэвдэг манай оронд л байна даа. Манай орны цэвдгийн температур -5С-ээс 0 хэмийн хооронд оршдог. Мэдээж энэ температур дулааралтын нөлөөгөөр нэмэгдэж байгаа. Тэг хэмд ойрхон нь үгүй болж байна.

-Дэлхий нийт ой тайгаа хамгаалах замаар цэвдэгийг хамгаалахаас өөр шинэ санаа, технологи олсон уу. Технологи хөтөлбөр арга хэмжээ гэхээсээ илүүтэй байгалийн өөрийнх нь зохицолдолгоо буюу мөстлөг хүйтрэлийг хүлээх үү?

-Мэдээж цэвдэгт бүс нутгийн газрын гадаргын нөхцлийг өөрчлөхгүй байх тал дээр их анхаарч ажиллах хэрэгтэй юм даа. Нөгөө талаас цэвдэгт бүс нутгийн зам, барилгын буурь, суурийг хөргөх замаар тэдгээрийн доорх цэвдгийг гэсэхээс хамгаалах янз бүрийн технологийн шийдлүүд байдаг. Дэлхийн хэмжээнд цэвдэгт агуулагдаж байгаа хүлэмжийн хий агаар мандалд алдагдвал ямар их гамшиг хүлээж байгаа, үүнийг яаж сааруулах вэ гэсэн нэг асуудал байгаа бол хоёрдугаарт цэвдэг гэсвэл түүн дээр барьсан дэд бүтцийг яах вэ гэдэг том асуудлын нэг болоод байгаа.

-Манай орон анхаарч, хамгаалах тал дээрээ ямар арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж байна?

-Ус үндэсний хөтөлбөрт заасан цэвдгийн холбогдолтой заалтууд тодорхой хэмжээнд хэрэгжсэн. Харин хамгаалах тал дээр дутмаг. Цэвдэгт бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа замбараагүй явагдаж байна. Цэвдэгтэй бол тэгнэ ингэнэ гэсэн ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэл байдаггүй. Саяхны жишээ гэвэл Ноён уул байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *