Categories
мэдээ нийгэм

П.Батбаатар: Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа:-

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулаад сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийе гэж та нөхдийг энд урьсан юм. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль тогтоомж зөрчсөн, ялангуяа Эрүүгийн хууль зөрчиж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, ард түмнийг хагалан бутаргах гэсэн, сонгуулийг будлиантуулж, сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн үйлдэл, эс үйлдлүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр явж байгаатай холбогдуулаад Цагдаагийн байгууллага сүүлийн үед ямар арга хэмжээ авч байгаа талаар ард иргэдэд мэдээлэх нь зүйтэй байх.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш нам, холбоо, нэр дэвшигчдээс янз бүрийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгааг цагдаа нар шалгаж байна. Жишээлбэл сонгуулийн санал тоолдог төхөөрөмж, манай ард иргэдийн ярьж заншсанаар хар машиныг худалдаж авч, сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах гэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр явсан. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл буюу Сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цахим ертөнцөөр нэгэнт ил болоод явж байгаа ийм мэдээлэл байна. “Шинэ яармаг” хорооллын захирал Ууганбаяр гэж этгээд ийм утгатай мессежийг тухайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Канад улсын компани руу бичсэн байгаа юм. Энэ мессеждээ “Санал тоолох төхөөрөмжийг худалдаж авъя. Ямар үнэтэй вэ, түрээслэх боломжтой юу” гэж нэлээд тодорхой бичигдсэн мессежүүд байгаа. Үүн дээр нь үндэслээд энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгаж байна.

Мөн ард иргэдийг айдаст автуулж, заналхийлж, олон нийтэд онц аюултай аргаар олны анхаарлыг татах гэсэн үйлдлүүд гарч байна. Сүхбаатарын талбай дээр приус машин шатаасан үйлдэлд бас цагдаагийн байгууллага заналхийлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Энэ нь олон нийтийг айдаст автуулах, төрийн байгууллагыг ямар нэгэн шийдвэр гаргуулахаар шахаж, олон нийтэд аюултай аргаар (машин шатаана гэдэг дэлбэрч, орчиндоо аюул учруулж болно) сонгуулийн сурталчилгаанд зориулж, олон нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн. Ялангуяа татвар нэмсэн нэмээгүй гэдэг асуудалд төрөөс гаргах шийдвэрт хүчээр нөлөөлөх гэсэн зорилго сэдэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

Телевизүүдээр цацагдсан “Улаан тарианы хүүхдүүд” гэж нэвтрүүлэгт 200 хүний толгойг авч, тойрон бүжиглэнэ гэсэн ард иргэдийг аллага хядлагад уриалан дуудсан, цусаар цэвэрлэгээ хийнэ гэх мэтээр заналхийлсэн өнгө аястай мэдээлэл бэлтгэж гаргасан “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар болон энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн бусад хүмүүст бас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулаад сонгуульд нэр дэвшигчдийг гарал үүсэл, үндэс угсаагаар нь гүтгэн доромжилсон. Жишээлбэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг хятад гаралтай гэж нэвтрүүлэг хийгээд, үүнийгээ олон нийтэд цацсан. Үүнийгээ Түвдэнбалжир гэж хүнээр яриулсан. Үүнийг Баянгол зочид буудалд “Херо энтертайментынхан” зохион байгуулж хийлгэсэн гэдгийг Түвдэнбалжир гэж хүн хүлээгээд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан байгаа. Бусдыг гүтгэж доромжилсон гэсэн зүйл ангиар “Херо энтертайнментынхан” болон Түвдэнбалжирт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ хэргийн нотлох баримтууд бүрдсэн. Үүнийг зохион байгуулсан гэх УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын Түвдэнбалжир гэх этгээд рүү бичсэн мессежүүд бүгд байж байгаа. Одоо нөгөө газраа хүрээд ир, нөгөө юмаа ярина гэх мэтээр Түвдэнбалжирт үүрэг даалгавар зааварчилгаа өгч энэ нэвтрүүлгийг зохион байгуулалттайгаар гүтгэлгийн шинжтэйгээр хийсэн гэдэг нь шалгалтын явцад тогтоогдож байгаа.

60 тэрбумын асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа. 60 тэрбумын асуудлыг шалгуулахаар АН-ын зүгээс хуулийн байгууллагад хандсан. Прокурорын байгууллагын тогтоолоор хамтарсан ажлын хэсэг гараад шалгаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр бас үүнийг хуулийн байгууллагууд шалгаад, эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна гэж хаасан. Одоо прокурорын шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Монгол Улсад мөрдөгдаж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгэнт хүчин төгөлдөр байгаа шийдвэр дээр ахиж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Гэхдээ энэ дээр прокурорын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзээд АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Шалгалтын явцад 2016 оны УИХ-ын сонгуулиар эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш нийтдээ төрийн өндөр албанд 3000 хүн томилогдсон байдаг. Энэ хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж байгаа. Авилгал, мөнгө, хандив өгсөн юм уу ямар аргаар энэ албанд томилогдсон юм. Сонгон шалгаруулалт, төрийн албаны шалгалт гэх мэт хууль зүйн үндэслэлүүд нь байна уу гэдгийг шалгаад явж байгаа.

Энэ мэт сонгуультай холбоотой маргаан, хэргүүдийг шалгахын зэрэгцээгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулаад сонгуулийн самбар урлаа, алга боллоо, хууль бус сурталчилгаа явууллаа, наах ёсгүй газар сурталчилгаа хийлээ, оройн үдшийн цагаар чанга яригчаар яриад амраахгүй байна гэх мэт 100 гаруй гомдол ирсэнийг цагдаагийн байгууллага нэгдсэн ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа.

Г.ДОРЖЗОДОВЫГ БАРИВЧЛААД БАЙГАА ЮМ УУ, ХАМГААЛААД БАЙГАА ЮМ УУ?

П.Батбаатар: -60 тэрбумын асуудалтай холбоотой мэдээ мэдээллийг цахим ертөнцөөр олны анхаарлыг татах гэж зориудаар түгээгээд гаргаад байгаа Г.Доржзодов гэж этгээд байгаа. Энэ хүнд Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж тагнуулын байгууллага дээр шалгаж байна. Шалгалтын явцад Г.Доржзодов шалгалтанд саад болох, бичлэг хийсэн үйлдлээ сошиал ашиглаад зөвтгөх, янз бүрийн арга хэрэглээд ард иргэдийг төөрөгдүүлэх, худал үнэн мэдээлэл цацах үйл ажиллагаа явуулаад байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаснаас хойш зургаа хоногийн хугацаанд энэ хүн хоёр хоног нь иргэний хөдөлгөөний Г.Баасан гэдэг хүний гэрт орогнож, тэндээсээ сошиалд янз бүрийн байдлаар мэдээ мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлээд сүүлийн дөрөв хоног нь УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэлийн гэрт байж, худал мэдээ мэдээллээ цацаж, зохион байгуулалттайгаар түгээж байгаа нь тогтоогдоод байгаа юм. Энэ хүнийг ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүсийн зүгээс эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гээд уриалаад байгааг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийн зүгээс амь бие эрүүл мэндэд нь заналхийлж магадгүй гэж үзсэн учраас цагдаагийн байгууллага хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиараа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдыг цагдаа хамгаалалтад авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хамгаалалтад авахаар өөрт нь санал тавьж, хамгаалалтад авах үйл ажиллагаа болж байгаа. Түүнээс биш энэ хүнийг баривчлах гээгүй.

ОРОГНОЖ БАЙГАА БАЙРЫГ НЬ ЦАГДАА НАР ХҮРЭЭЛЭЭД БАЙЖ БАЙХ ЮМ УУ, ГАНЦ ХҮН ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ?

-Хуулиараа хамгаалалтад авах олон хувилбар байдаг. Үүний нэгийг сонгож авах ёстой. Өнөө өглөө үнэндээ цагдаагийн байгууллагатай холбоогүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаад, сэтгүүлчид, ялангуяа намын харьяалалтай хүмүүс жагсаал цуглаан, хууль бус үйлдэлд олон нийтийг уриалаад, заримдаа бүр галдан шатаая, алъя хядъя гээд тэр орчинд амьдарч байгаа иргэдийн амар тайван байдлыг хамгаалах үүднээс гадуур хамгаалалт гарсан байгаа. Гадуур хамгаалалт бол тухайн орчинд амьдарч байгаа хүмүүст халдах вий гэдэг байдлаар орчны хамгаалалт авсанаас биш яг тэр Г.Доржзодов гэдэг хүнд зориулсан юм биш. Өнөө өглөө Л.Мөнхбаясгалан гэж сэтгүүлч хууль бус зүйлд уриалаад, нэг удаа болоод өнгөрөх сонгуулийн төлөө хүмүүсийг хагаралдуулж, нийлж байгаад тэмцье, дайрья гэх мэтээр буруу зүйлд уриалаад байсан учраас бид түүнээс урьдчилан сэргийлж гадуур хамгаалалт авсан байгаа. Түүнээс биш Г.Доржзодовын хамгаалалт тусдаа явагдаж байгаа гэв.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *