Categories
мэдээ нийгэм

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судлаачид Монголд ажиллалаа

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөөБНСУ-ын Сөүл хотын Орон сууцны корпораци нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын SH корпорациас таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм. Энэ хугацаанд Нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ суурьшлын бүсүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд, зарим иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэдний сэтгэгдлийг хүргэж байна..

ЧОЙ ЧИЛ МҮН: ДОЛОО, НАЙМДУГААР САРД СУДАЛГААНЫ АЖЛЫН ДҮГНЭЛТ ГАРНА

/SH корпорацийн Газар дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Чой Чил Мүн/

-Энэ удаагийн бидний ирсэн гол зорилго нь бол цаашдаа Сөүлийн орон сууцны корпораци болон НОСК хамтарч хийж буй төсөл ямар хэмжээнд хэрэгжих талаар судалгааны ажлыг хийх зорилготой ирсэн. Ерөнхийдөө нөхцөл байдлын судалгаагаа төслийн зорилтот бүлэг нь ямар хүмүүс байх энэ төслийн үр дүн болоод ашиг тусыг ямар хүмүүс хүртэх вэ гэдэг талаас нь түлхүү хийлээ. Энэ удаа бид хотоос шинэ суурьшлын бүс гэж төлөвлөөд хэрэгжүүлж байгаа бүсүүдэд очиж үзлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бүсүүдтэй танилцсан. АХБ-наас санхүүжүүлж буй буй Баян-хошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явцыг очиж үзлээ. Түүнээс гадна нийслэлийн харьяа байгууллагуудтай танилцлаа. Мөн энэ бүс нутагт амьдарч байгаа иргэдтэй уулзаж ярилцсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Холбогдох материалуудыг Нийслэлийн орон сууцны корпорациас авсан. Цаашид ч шаардлагатай баримт материалуудыг солилцохоор тохиролцлоо. Энэ бүх судалгааны материал дээрээ суурилан ирэх долоо, наймдугаар сард судалгааны ажлын дүгнэлт гарах болно.

-Манай улсын хувь гэр хорооллын дахин төлөвлөлтийг зайлшгүй хийх шаардлага тулгарч байгаа. Та бүгдийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудтай танилцсан, энэ талаар юу хэлмээр байна?

Дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд хурдан ороосой, хурдан барилга бариасай гэсэн хүлээлт маш их байна. Ерөнхийдөө тэдгээр бүсүүд нь дэд бүтцэд хамрагдаагүй байсан. Иргэдийн хувьд газрынхаа оронд нөхөн олговор болгон байр авах эсвэл бэлэн мөнгө авах зэрэг өөр өөр сонирхолтой байсан. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгж талбар маань маш том хэмжээтэй байсан учраас төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд санхүүжилтээ бий болгож чадаагүйн улмаас энэхүү төсөл зогсох удаашрах зэрэг шинжүүд ажиглагдаж байсан. Мөн бидний мэдэж авсан зүйлсийн нэг нь энэ төсөл хэрэгжүүлэх нэгж талбараа бүхэлд нь биш хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэх боломжтой юм байна. Энэхүү бодит шалтгаануудыг загвар төсөл боловсруулахдаа ашиглавал ач холбогдолтой.

БАНГ СОНГ ХҮҮН: БИДНИЙ ХУВЬД АТААРХАЛ ТӨРӨХӨӨР ЗҮЙЛ БАЙНА

/SH корпорацийн Олон нийтийн бизнес хөгжлийн агентлагын мэргэжилтэн Банг Сонг Хүүн /

– Сөүл хотын орон сууцны корпораци нь 28 жилийн түүхтэй маш өргөн туршлагатай байгууллага. Өөрийн орны туршлагаасаа хуваалцаач? Тухайлбал загвар төсөл боловсруулах суурь судалгааны ажлыг хэрхэн явуулдаг вэ?

Солонгос, Монгол хоёр улсын хувьд соёлын болон хөгжлийн маш олон ялгаа байгаа учраас Монголын хууль эрхзүйн орчноос эхлэн, соёл, эдийн засаг, аж ахуй, ахуйн амьдрал гээд бүхий л суурь мэдээллүүдийг макро болон микро түвшинд нь судалж байж төсөл хэрэгжүүлэх юм бол их амжилттай болно. Гэвч Монгол Улсад удахгүй сонгууль болох гэж байгаа тул бидэнд тав хоногийн хугацаанд л ажиллах боломжтой байлаа.

– НОСК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох шинэ суурьшлын дөрвөн байршилтай очиж танилцсан. Эдгээр байршлуудын талаар та ярихгүй юу. Ер нь шинэ суурьшлын бүсийг бий болгох нь ямар ач холбогдолтой вэ?

Энэ удаа бид гэр хорооллын дахин төлөвлөлт болон, шинэ суурьшлын бүсүүдийн бүхий л байршлуудтай очиж танилцахыг хичээсэн. Мөн холбогдох байгууллагууд болон АХБ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийнхэнтэй уулзсан. Хотын шинэ суурьшлын бүсийн хөтөлбөрт орсон Яармаг, Морин-гийн даваа, Био-сонгино, Авто худалдааны төв гэсэн дөрвөн байршилд очиж үзсэн юм. Шинэ суурьшлын бүсийг ингэж олон байршилд бий болгохоор төлөвлөсөн байна гэдэг бол бидний хувьд атаархмаар зүйл байна. Гэсэн ч энэ маш том газар учраас энэ газар дээр иргэдийн хэрэгцээ болон нийлүүлэлтийн нарийвчилсан судалгаануудыг хийхгүйгээр төлөвлөлт хийвэл буруу болно. Дэлхий даяар өсөлт их буурсан байна. Мөн эдийн засаг болон нийгмийн ул суурьтай, үндэслэлтэй судалгааг хийж, макро эдийн засгийн зөв үзүүлэлтүүдийг нь авч судалгаандаа тусгаж байж тэр бүс нутагт төлөвлөлт хийх нь зөв юм.

-Тэгэлгүй яахав! Тэгэхээр эдгээр шинэ суурьшлын бүсүүдээс хөгжүүлэлт хийхэд хамгийн боломжтой нь аль байршил гэж та үзэж байна вэ?

Энэ дөрвөн байршлаас арай илүү бололцоотой гэж үзсэн нь Яармаг орчим гэж үзсэн. Учир нь ойрхон спорт цогцолбор, орон сууцны хорооллууд баригдсан байна. Тиймээс бид төсөл хэрэгжүүлэхээр болбол энэ бүсэд дахин дэлгэрэнгүй судалгаа хийх сонирхол байна.

Хэдий богино хугацаа байсан ч гэсэн бид аль болох бүхий л байршлуудтай танилцахыг хичээсэн. Энэ дундаас Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын бүс нутгийг онцолмоор байна. Энэ бүсийн хувьд бол хотын төвөөс маш ойрхон байршилтай байна. Гэвч нөгөө талаас блок блокоороо хэсэгчлээд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэгчид ороод барилгын ажил явагдаж байгаа нь ч байна. Бүр зогсчихсон хэсэг ч байна. Яг нөхцөл байдал дээр харвал иргэд нь газар чөлөөлөхгүй байгаа тохиолдлууд ч байна. Тэгэхээр энэ хэсэг төлөвлөлт нь хэтэрхий замбараагүй байдалтай болохоор харагдаж байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн 7-р хороолол бол хот доторх гэр хороолол гэдэг утгаараа хотын зүгээс дахин төлөвлөлтөд зайлшгүй орох шаардлагатай нэгж талбар гэж үзэж байгаа учир бид холбогдох дэлгэрэнгүй материалуудыг авч дахин нягталж судалж үзье.

– Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулахад иргэд эсрэг байр суурьтай байна гэж үзэж байна гэсэн үг үү?

Яг тийм гэж хэлэхэд хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Учир нь зарим нэгж талбар дээр иргэд нь өөрсдөө нэгдээд хоршоо байгуулчихсан тохиолдол хүртэл байгаа юм. Тухайлбал Цайз орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд. Энэ бүсийн хувьд бол 2000 оны үед байгуулагдсан. Сүүлд байгуулагдсан гэдэг утгаараа арай илүү зохион байгуулалттай гэр хороолол гэж санагдсан. Давуу тал нь гэвэл иргэд нь нэгдээд хоршоо байгуулчихсан байна. Ингэснээр цаашдаа төсөл хэрэгжүүлэхэд иргэдтэй тохиролцоход давуу тал болох учир дахин төлөвлөлт хийгдэхэд илүү боломжтой гэж үзэж байна. Иргэд нь ч мөн тухайн нэгж талбартаа нэг дор бүх төлөвлөлт хийгдэн, барилгажилт хийгдэх боломжгүй шат дараалалтайгаар явагдана гэдэг дээр маш сайн ойлголттой байгаа учраас барилга угсралтын төсөл хэрэгжүүлэхэд их таатай орчин гэж үзэж байна гэж нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *