Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөлд Дарба бандида гэгээнтний хойд дүрийг арслант ширээнд залах ёслол болно

Хөвсгөл аймгаас тодорсон, Бурхан багшийн 16 шавийн нэг Дарба Бандида гэгээнтний хойд дүр Данзанчойжилодой хувилгааныг арслант ширээнд залах ёслол удахгүй болох аж. Энэ ёслолын талаар Дашчоймбол дацангийн Шунлайв гавж С.Гантөмөр нарын хүмүүс “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийлээ. Энэхүү ёслол нь энэ сарын 16-20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болох аж.

Монголд тодруулж буй долдугаар дүрийг анх хүний гавьяат эмч н.Тамир санаачлан далай ламд мэдүүлэн ёс жаягийн дагуу тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байжээ. Энэ дагуу 108 хүүхдийн нэрс явуулснаас Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамц мөн болох лүндэнг 2012 оны зургадугаар сарын 12-нд Далай лам хайрлажээ. Тэрээр одоо 16 настай бөгөөд тодруулсан цагаас хойш Энэтхэгт ном үзэж байгаа аж.
Энэ талаар гавж С.Гантөмөр: Монгол оронд Их хөлгөний шашин дэлгэрэлтэнд 16 архад маш их гол үүрэгтэй гэж үздэг. 16 архадын хөрөг дүр, домог түүх зөвхөн Монгол төдийгүй Их хөлгөний шашин дэлгэрсэн газруудад их түгээмэл байдаг. Энэ 16 архадын зарим нь Монголд заларч байсан. Бакула Ренбүчи бол Найдан Бакулагийн хойд дүр гэж явдаг. Тэгвэл өнөөдөр 16 архадын нэг Найдан Дарба бандида 7 дахь удаагаа Монголд хувилсан бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна.
Бурхан багшийн үед Найдан Дамсран гэж байгаад Энэтхэгт гурван удаа хувилсан. Төвдөд 7 хувилсан. Түүний сүүлийн хоёр нь Түвдийн Гэлэгва буюу Богд Зонховагийн шашинтай байсан. Гандан ширээт дээр сууж байсан гэсэн үг. Үүнийг шарын шашны тэргүүн байсан гэж үзэж болно. Дараа нь 1636 онд Монголд мэндэлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Содовжамц юм. Гурван настайгаасаа маш олон бурхны номыг цээжээр айлдсан, эхээс мэндлэхэд нь солонго татаж байсан гэх мэтчилэн олон гайхамшгийг үзүүлж байсан. Далай лам, Ванчинбогдоос энэ хүүхдийн талаар асуухад Найдан Дарба бандидагийн хойд дүр байна гэж хэлсэн байдаг.

Дарба гэж яагаад нэрлэдэг бэ гэвэл дээр үед Дарба нутагт чөтгөр, шулам их догширч дарагдахаа больсон аж. Түүнтэй тэмцсэн хүн бүр учир битүүлгээр нас барж байж. Ингээд Далай лам Ванчинбогдоос “Дарба нутгийн Гандан хийдэд суучихаар гайгүй эрдэмтэй лам байна уу” гэхэд Содовжамц ламыг зааж өгчээ. Бурхны шашны очирт гадас буюу пүрвийг гартаа барьж чадсан хүн чөтгөр шулмыг дарж чадах байсан аж. Ингээд Содовжамц лам барьж чадсанаар тухайн нутгийг амирлуулсан түүхтэй учир Дарба бандида гэж алдаршсан байдаг.
Тэрээр Түвдэд 23 жил ном суралцаад нутагтаа ирж шашныг мандуулж явсан. Өндөр гэгээний шавь болж халх, ойрадын дайныг зогсоохын төлөө зүтгэж нэг удаа дунд нь лам хувцастайгаа зогсоход дайн болсон ч дээрээс нь бууж ирэх суман мөндөр түүний биеийг яагаа ч үгүй гэдэг. Гэхмэтчилэн төр, шашны их үйлийг бүтээж яваад 1702 онд таалал төгссөн байдаг гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *