Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцсан байна. Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” хэмээсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа хэлжээ.