Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь түүнийг дэмжин томилов. Санал хураалт явуулахаас өмнө гишүүд дараахь байдлаар саналаа хэлсэн юм.

Д.Тэрбишдагва: -Дөрвөн салбарыг хариуцдаг албан тушаалд томилогдох гэж байна. Түүх соёл дээрээ анхаараарай. Эрдэмтэн хүн сайд болох гэж байна гэж гишүүд ярилаа. Сайд гэдэг улстөрч, сайн менежер байх ёстой. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайд болгон өөрчилдөг болсон. Одоо үүнийг өөрчлөхөө болих хэрэгтэй. Монголд тохирсон сургалтын системыг л хөгжүүлэх нь зөв. Үүн дээр анхаараарай.

Г.Тэмүүлэн: -Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн багш нар “Амралтын үеэр ажилгүй хүмүүс шиг байдаг. Үүнийг зохицуулж өгөөч” гэж их ярьдаг. Үүн дээр та анхаараарай. Цэцэрлэгийн багш нар бас нэг асуудал ярьдаг. Юу гэхээр, тэд эцэг эхчүүдийг хүүхдээ ирж авахыг нь хүлээсээр байгаад орой 19, 20 цаг хүртэл ажилладаг. Гэвч үүнд нь илүү цагийн мөнгө гэж байдаггүй. Та үүн дээр тодорхой гарц гаргалгаа бий болгоорой.

Л.Болд: -Хот ачааллаа дийлэхээ больсон. Оюутнууд амрахаар хотын ачаалал басч байна. Тиймээс хэдэн жилийн өмнөөс ярьж ирсэн их, дээд сургуулиудыг хотоос гаргах санал санаачилгыг дэмжиж ажиллаарай. Боловсрол гэдэг том салбарт соёлыг наасан нь манай улсын алдаа. Та соёлын сайд гэдгээ мартаж болохгүй. Мөн шинжлэх ухаан ялгаагүй. Манайд сансар судлал хөгжөөд удаж байна. Гэхдээ одоо үүнийг анхаарахаа больсон. Уг нь манай улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон. Дэлхийн 101 дэх сансрын нисэгч нь Монголынх. Энэ бол бидний бахархал. Дээрээс нь та бол спортын сайд. Тиймээс олимпийн бэлтгэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ц.Нямдорж: -Яамандаа дөрөө даах боловсрон хүчнүүд ажиллуулаарай. Мэдлэг боловсролтой, ажлаа мэддэг туршлагатай хүмүүс чухал шүү. Элдэв юм яриад дамжигнаж гүйгээд байхааргүй боловсон хүчинтэй болоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *