Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306890 хүүхэд байна

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайланг танилцуулсан юм. Сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306 890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240 342 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. 60 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.

Улсын хэмжээнд төрийн 854, хувийн 504 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Улсын цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн стандарт хэмжээ 29 боловч өнөөдөр 55-60 хүүхдийн анги дүүргэлттэй байна. Тиймээс 315 цэцэрлэг яаралтай барих шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг улсын хэмжээнд 0-3 насны хичнээн хүүхэд байгааг асуухад “Улсын хэмжээнд 2-5 насны 750 мянган хүүхэд бий. Хоёр настай нийт 79 мянган хүүхдийн 30 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 80 орчим хувь нь хамрагдсан” гэж Ажлын хэсгээс хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг асуухад Ажлын хэсгийн зүгээс “Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудалд анхаарч ажиллаж байна. Төсвийн хөрөнгөөр барьж буй цэцэрлэгийг хот суурин газрын хүн амын нягтаршлаас шалтгаалан шийддэг. Хувийн хэвшлийнхний цэцэрлэгийн норм нормативд өөрчлөлт оруулж байгаа. Цаашдаа шинэ арга зам нэвтрүүлнэ. Байгууллагын цэцэрлэгийн хууль эрхзүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Өнөөдөр амьдрал дээр хувийн цэцэрлэгийн ашиглагдаагүй орон зайг ашиглах талаар ажил хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадал өмнөх оноос нэмэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухайд хүүхдийг аюулгүй нөхцөлд харах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн хариулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *