Categories
мэдээ нийгэм

Зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг Сүхбаатарын талбайд танилцууллаа

Өнөөдөр “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”. НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн 1972 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд хийв. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Байгаль орчны газраас худгийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт гаргасан талбай нь зөвшөөрөгдсөн байршилд байгаа тохиолдолд худгийн зөвшөөрлийг шууд олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг танилцуулж байгаа ба гэмтэж бэртсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, “Хавхгүй нийслэл” аяны хүрээнд цугларсан хавхыг танилцуулах зэрэг арга хэмжээ явуулж байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг, нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялагч жуулчдад зориулсан мэдээллүүдийг түгээж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *