Япон улсад 33 дахь жилдээ, Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Wanpaku sumo” сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага Монголын сумо бөхийн холбоотой хамтран Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлахад суралцахуулахад оршдог байна.
Тус тэмцээний эхний шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаж, 3 насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцдог бөгөөд зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь бүрэн даадаг уламжлалтай аж.
Энэ жилийн тэмцээн 4 насны ангиллаар явагдана
- 7-8 нас /2009.01.01- 2010.12.31 хүртэл төрсөн хүүхэд/,
- 9-10 нас /2007.04.02-2008.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
- 10-11 нас /2006.04.02-2007.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
- 11-12 нас /2005.04.02-2006.04.01 хүртэл төрсөн хүүхэд/.
Оролцогчид тэмцээнд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирж анкет бөглөнө. Мандат авах хугацаанаас хоцорсон хүүхдийг бүртгэж авахгүй ба тэмцээнд оролцуулахгүй юм.