Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ариунаа Сүри: Чи гаднаа энгийн харагддаг ч дотоод ертөнц тань огт өөр байж болно. Тэгэхээр түүнийгээ л бүтээдэг

Энэ цагийн монголын загварын ертөнцийг өнгөлж яваа авьяаслаг загвар зохион бүтээгчийг зочны ярилцлагынхаа буланд урилаа. Түүнийг “Ариунаа Сүри” хэмээх нэрээр нь олон түмэн мэднэ. Тэрээр ХБНГУ-д загварын чиглэлээр сургуулиа төгсөж ирээд өөрийн урлангаа нээн хувь хүнд зориулсан цор ганц загваруудаараа фенүүддээ танигдан чамгүй амжилттай ажиллаж яваа нэгэн.

-Дизайнер Ариунаа Сүри энэ зуны загвараа тодорхойллоо-


-Зун цаг ирлээ. Бүсгүйчүүдийн хувьд зуны улиралд өөрийн гоо сайхан байдал, дүр төрхөө тодотгож хувцаслахад хамгийн таатай байдаг. Энэ зуны загварын чиг хандлага ямар байгаа вэ, трэнд болж буй гоёлын талаар танилцуулаач?

-Зуны загварт тайван харагдуулах өнгө зонхилж байна. Зөөлөн, биеийн өнгө, цайвар саарал, номин өнгийг шилж сонгон хувцсаа урлаж байгаа. Мэдээж, зарим үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзан тод өнгийн хувцас хийх тохиолдол гарч байна. Харин загварын хувьд ‘’Ariunaa Suri’’-г илэрхийлэх бейсик болон шинэ төрлийн загварууд нэмж байна. Тэр нь монгол үндэсний хувцасны хэв шинжийг агуулсан жижиг минимал хэлбэрийн болоод тэгш бус хэмт загварыг агуулж байгаа юм. Түүнчлэн шинэ зүсэлт, сонирхолтой өнцөг, хэрчилтүүд дээр илүү тулгуурлан энэ зуны загварыг тодорхойлж байна.

-Ямар материалыг сонгон ашиглаж байгаа вэ?

-Маш нимгэн материал. Тааран, торгомсог силк, цэвэр хөвөн даавуу. Ийм материалаар хувцас хийх нь хүний бие эрүүл байхад тустай байдаг юм.

Мода эргэдэг гэдэг. Тэгвэл та өмнө нь хийж байсан загваруудаасаа, эсвэл хуучны загвараас санаа авдаг уу?

-Дандаа эргэж хардаг. Нэг загвар зохион бүтээгч дээр тулгуурласан брэнд байж болдог. Харин ‘’Zara’’, ‘’Mango’’ гэхээр өөр болчихдог. Тэд масс статистик дээр тулгуурлаж өнөөдөр юу илүү худалдаалагдаж байна вэ гэдгийг хардаг. Нэг ёсондоо худалдан авагчдадаа захирагддаг. Харин Ёожи ямомото, зэрэг нэртэй дизайнерууд худалдан авагчдаа “хүмүүжүүлж”, тэднийг “өөрийн хүн” болгодог загвараа гаргадаг. Загвар зохион бүтээгчийн ‘’би’’-г бий болгодог гэсэн үг. Хүн болгон, уран бүтээлч бүр өөрийн ‘’би’’-г бүтээдэг. Яг л зураачид шиг өөрийнхөө дотоод ‘’би’’-г гаргадаг. Магадгүй, чи гаднаа энгийн харагддагч дотоод ертөнц тань огт өөр байж болно. Тэгэхээр түүнийгээ л бүтээдэг.

Цаг хугацааны эрхээр, нийгэм, соёлын нөлөөллөөр хүн өөрчлөгддөг. Тэр өөрчлөлтийг ч уран бүтээлдээ тусгадаг. Гэвч суурь болсон зүйлээ эргэж харах ёстой. Хааяа оюутан байхдаа хийсэн зүйлүүдээсээ ч гэсэн харах юм байдаг. Ерөөсөө л гарын авлага шиг санагддаг даа.

-Танайх бэлэн болсон загваруудаа хаагуур худалдаалдаг вэ?

-‘’Viva city’’-гийн урланд маань худалдаалж байна. Мөн тун удахгүй Улсын их дэлгүүрийн зургаан давхарт жижигхээн хэсэгт худалдаалагдаж байна. Австри, Герман зэрэг улсад мөн худалдаалагдаж байна.

-Энэ зуны коллекцид тань хуучны хандлагаас давтагдаж орсон элементүүд бий юу?

-Өмнө хэлсэнчлэн үндэсний хувцасны загвараас жижиг деталиудыг оруулж, охид бүсгүйчүүд өмсөхөд маш амар хэлбэрээр хийж байна.

Зураач Х.Энхномингийн зургуудыг зохиогчийн эрхтэйгээр авч, дээр нь өөрсдийн санааг нэмэн загвар болгож байгаа. Яагаад энэ ажлыг эхлүүлсэн бэ гэхээр яг монгол хүмүүсийн онцлогийг тодотгож гаргах гэсэн юм. Монгол үндэсний хувцаснаас санаа аван баяжуулж, жишээлбэл силкэн алчуурыг гаргасан.

-Зохион бүтээсэн хувцсандаа тохируулан акксессорууд гаргаж байгаа юу?

-Шаардлагатай үед бол хийдэг. Хүзүүний зүүлт, цүнх зэргийг хийнэ. Гутал ч хийж байсан.

Үйлчлүүлэгчид бэлэн загвар барьж ирээд яг үүнийг л хийлгүүлье гэдэг үү.

Тийм тохиолдол гардаггүй. Бид ч хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр бид өөрсдийн брэндийг хийгээд явж байна. Харин би ийм зүйл өмсвөл илүү зүгээр байдаг, ийм загвар илүү зохидог гэх зэрэг хараад өөрсдийн шигтгээ санааг нэмээд, шинэ загвар гаргадаг.

-Салоныхоо ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Манайд энэ ажил амжилттай үргэлжлэх ирээдүй ямар гэж харагддаг вэ?

-Тийм ээ. Монголын маань дизайнерууд энэ салбарт хүчтэй байх ёстой. Манай улс таван хошуу мал, газар нутаг гээд энэ их баялгийг зөв ашиглаж чадвал бидэнд олон боломж бий гэж хардаг. Малаасаа түүхий эдийг авч зөв ашиглавал өөрсдөдөө нэмүү өртгөө нэмэгдүүлж амьдарвал ашигтай шүү дээ. Газар шороогоо ухсанаас л дээр. Үүнийг бүр ч идэвхтэй сайхан байлгая гэвэл сайн загвар гаргаж, мундаг бүтээгдэхүүн болгоод бусад улс оронд өндөр үнээр худалдаалах хэрэгтэй. Энд тоо чухал биш. Угаасаа ч бөөнөөр нь үйлдвэрлээд Энэтхэг, Хятад, Туркийг давсан тоогоор хийж чадахгүйгээс хойш өөрсдийн гэсэн өвөрмөц стильтэй, өндөр үнээр борлуулж чаддаг чанартай бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй.Ийм л чиглэлийг барьж явбал ашигтай байх. Хүн хоол иднэ, хувцас өмсөнө шүү дээ. Энэ бол мэдээжийн асуудал. Энэ нөхцөлүүд Монголд бүрэн байна. Хамгийн чухал нь эдгээрийг зөв зохион байгуулах. Хэрэв тэгвэл зах зээл нь хөлгүй далай мэт л боломжтой байна. Үүнийг нь ч бизнес хийгээд явж байгаа мундаг хүмүүс нотлоод байна.

-Гадаадад загварын долоо хоногоо хийхдээ гадны хүмүүсийн бие, арьсны онцлог зэрэгт нь тохируулан загвараа өөрчлөх тохиолдол гардаг уу?

-Жилд хоёр удаа коллекц гаргадаг. Тэр маань л гадаад, дотоод гэхгүй ижилхэн танилцуулагдаад явдаг. Дотоодын худалдан авагчид маань ойрхон байгаагийнх зөвхөн өөртөө зориулсан цор ганц ‘’ARIUNAA SURI’’ загвартай болдгоороо тавуу талтай.

Гадаад хэрэглэгчид маань тэр дундаа япон хүмүүс ч юм уу дизайнертайгаа биеэрээ ирж уулзаад санал зөвлөгөө аваад, өөртөө зориулсан загвараа гаргуулаад аваад явна гэдэг маш ховор зүйл байдаг. Ийм боломж зөвхөн чинээлэг хүмүүст л байдаг. Тэдний хувьд олзуурхууштай, сэтгэл өндөр сайхан байдаг.

-Таны бодлоор монгол хүмүүсийн загварын мэдлэг, боловсрол хөгжиж дэвшиж байгаа юу?

-Анх Германд ажиллаж байгаад Монголдоо ирэхэд манай загварын хүрээ ганц нэгхэн л дизайнераар хэмжигддэг, хэдхэн модель харагддаг байлаа. Хэн гэдэг хүн загвар зохиогоод буй нь ч мэдэгдэхгүй, мэдсэн ч нэр хүндтэй биш байсан. Түүнээс зургаа долоон жилийн дараа эргээд харахад хүмүүсийн загварын үнэлэмж өндөр болсон байна. Гадаад, дотоод гэхгүй манай загваруудыг мэддэг, ийм сонин загварууд, дизайнерууд Монголд байдаг юм байна гэдгийг мэдэж үнэлж эхэлсэн байна.

Манайхан ч гэсэн зөв ойлголттой болжээ. Дан ганц модель гэхгүй түүний ард загвар зохион бүтээгч, баг хамт олон байдаг гэдгийг мэддэг болж. Бас олон ч брэндтэй болсон. Энэ хэрээр өрсөлдөөн явагдаж, мөн түүний хэрээр чанар нь сайжирч байгаа. Дахиад тодорхой хугацааны дараа эргээд харвал илүү өндөр түвшинд очих суурь тавигдлаа гэж харж байгаа.

Анх ‘’ARIUNAA SURI’’ брэндийг маань юу хийгээд байгаа юм бол гэж гайхдаг байсан. Харин одоо хөгшин залуугүй үнэлж ойлгодог болчихсон. Мөн хувцсыг хэрхэн яаж зөв тохируулан өмсөх вэ гэдгээ ч мэддэг болоод байгаа. Тэр нь надад урамтай санагддаг.

-Гадаад орнуудад ноос ноолуур, савхин материалаар хувцас хийгээд танилцуулахад хэр хүлээж авдаг вэ?

-Арьс ширнийхээ чанарыг дахин дээшлүүлэх хэрэгтэй. Гэхдээ чанаржуулна даа гээд хүлээгээд сууж болохгүй. Одоо байгаа материалаа зөв зохистой ашиглаж түүнд нь тохирсон загвар гаргах донжийг нь олох хэрэгтэй. Тэгээд зөв маркетинг хийх хэрэгтэй.

Ангилын нэг загвар зохион бүтээгч Монголд ирээд сарлагийн хөөвөр аваад гараараа утас ээрээд, ээрсэн утсаараа оймс нэхээд, зарахдаа маш өндөр үнээр борлуулдаг. Зарахдаа зөвхөн таны хүүхдэд зориулаад хаа байсан Монголоос очиж ноос ноолуурыг авчран сүлжиж хамгийн эвтэйхэн загвараар цэвэр эко оймс хийлээ гээд дээд зиндааны хүмүүст зардаг. Энэ нь сайн маркетинг. Монголчууд үүн шиг харах хэрэгтэй. Ноорхой цоорхойтой арьс шир гээд муулах хэрэггүй. Ядаж л дэлхий дахинд ийм байгальлаг, эко зүйлс ховордож байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.Хурдацтай хөгжсөн улсууд эргээд эко зүйлс рүүгээ тэмүүлж байгаа шүү дээ. Үүнийг л бид боломж болгох хэрэгтэй

-Та энэ салбарын нэгэн төлөөлөл болоод явж байгаа. Танд салбартаа дорвитой юм хийе гэтэл саад болоод байгаа асуудал, бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Асуудалгүй байна гэж юу байхав. Гадагшаа зах зээлийн хүрээг тэлье гэхэд тухайн улс өөрөө үүрэг өндөр байх ёстой гэдгийг бусад улсын жишгээс анзаарч байна. Жишээлбэл Германд жижиг хэмжээнд гарсан брэндээ Япон, Франц гээд өөр улсад гаргая гээд улсдаа хандахад түүнийг нь хүлээж авах, хандах газар, биелүүлэх байгууллага хангалттай байдаг. Заавал барьцаа, том том зүйл шаардаад байхгүй. Манайх хөдлөх ямарч боломжгүй болтол нь олон зүйл шаарддаг. Бидэн шиг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг хүмүүст боломж нь жилээс жилд багассаар байдаг.

Би тав зургаан жилийн өмнө зоригтойгоор том ажлуудыг эхлүүлдэг байсан бол одоо тэр маань жаахан цөөрөөд эхэлж байна шүү дээ. Жилд хоёроос гурван удаа гадагшаа шоу, арга хэмжээнд оролцдог байсан бол эдгээр маань багасаж байна. Улс маань бодлогоор дэмждэггүй. Ийм шалтгаануудаас болоод жижиг газрууд байрандаа байгаад байна. Гэхдээ яахав бид болгох гээд л явдаг хүмүүс.

-Энэ зун хийхээр төлөвлөсөн ажил юу байгаа вэ?

-Бид өөрсдийн борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үйлчлүүлэгчид маань зорьж ирж байгаа ч гэсэн танайх хотын төвдөө байх боломжгүй юм уу гэх мэтчилэн санал ирж байгаа учраас энэ зун салбараа нэмэх санаатай байгаа.

Мөн ‘’Single lady’s 3’’ киноны зураг авалт эхэлсэн байгаа. Киноныхоо загварыг хариуцан ажиллаж байгаа.

Б.УЯНГА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *