Categories
мэдээ цаг-үе

Л.Ганболд: Гахайнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг бид шат дараатай хийнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийг нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ удаа тус эмнэлгийн эмч нар амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хийжээ. Академич Н.Баасанжаваар удирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх юм байна. Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрээд байгаа аж. Гэхдээ одоогоор эрхтний донорын асуудлыг дэмжих иргэдийн оролцоо чухал байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, донорын тухай хуулиар амьд болон амьгүй донороос эд, эрхтэн авч болохыг зөвшөөрсөн ч монголчуудын сүсэг бишрэлээс шалтгаалан эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээ төдийлөн хөгжиж чадахгүй байгаа гэж ойлгож болох нь.

Амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд оролцсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ганболдтой ярилцлаа.


-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнгөрөгч долоо хоногт манай улсад анх удаа амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийжээ. Та энэ хагалгаанд ямар үүрэг гүйцэтгэв?

-Миний хувьд гахайг унтуулах, зохиомол амьсгал хийх, хүчилтөрөгчийн хангамж, цусны эргэлтийг хэвийн байлгах үүрэгтэй ажилласан. Олон улсын хуулиар гахайн дээр туршилтын хагалгаа хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ туршилт хийхдээ амьтныг өвтгөхгүй, зовоохгүй байх ёстой. Энэ дагуу бид хүнд хэрэглэдэг аргаар булчинг нь суллаад, зохиомол амьсгал хийсэн.

-Мэс заслын баг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байв. Аль эмнэлгийн эмч хагалгааг гардан хийсэн бэ?

-Энэ удаагийн мэс заслыг Улсын гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байсан академич Н.Баасанжаваар удирдуулж хийсэн. Манай эмнэлгийн хувьд зүрхний мэс заслаар мэргэшээгүй ч эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийнхөө хүрээнд амьтанд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг анхлан хийж, амьдралд нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн хагалгааг нэгдүгээр эмнэлгийн О.Ганбат, Б.Батсайхан эмч нар гардан хийсэн.

-Зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх сэдэл анх яаж төрсөн юм бол?

-Гадны улс оронд хүмүүс “Намайг ямар нэг гэнэтийн аюул, осолд орвол миний зүрх, элэг, бөөрийг ашиглаж болно” гэсэн гарын үсэгтэй бичиг халаасандаа хийгээд явдаг гэж байгаа. Тэгвэл тархины эргэшгүй өөрчлөлтөд орсон хүний эрүүл элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, зүрх, нүдний эвэрлэг гэх мэт найман эрхтэнийг хүнд шилжүүлэн суулгаж болдог. Улсын нэгдүгээр төв эмнэлэг одоогоор амьгүй донороос элэг, бөөрийг амжилттай шилжүүлэн суулгаж байгаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос хойш 130 гаруй хүнд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 35 хүнд шилжүүлээд байна. Энэ хугацаанд бид тархины эргэшгүй өөрчлөлтөд орсон зургаан хүний 12 бөөр, нэг элгийг өөр хүнд шилжүүлсэн. Гэтэл эдгээр хүмүүсийн эрүүл зүрхийг бид ашиглаж чадахгүй байсан. Ингээд бид зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хүнд хийдэг болохын тулд анхны алхмаа хийж эхэллээ.

-Тэгвэл энэ мэт хагалгааг дахиад хичнээн удаа хийх шаардлагатай вэ?

-Энэ удаад бид нэг гахайн зүрхийг авч угаагаад буцаагаад оёсон байгаа. Харин сарын дараа хоёр гахайг мэс засалд оруулж нэг гахайнаас нөгөө гахайд зүрх шилжүүлэх юм. Хоёрдугаар шат гэж хэлж болно. Энэ хагалгаанаас бид илүү их зүйлийг сурах боломжтой. Тухайлбал, зүрхээ өгч буй гахайн цусыг авч нөгөө гахайнд юүлэх, цусны нөөцтэй болох зэрэг ач холбогдолтой. Хэсэг хугацааны дараа есөн сард дахиад хийнэ. Энэ маягаар нэг гахайн зүрхийг нөгөө гахайнд саадгүй авч тавьдаг болохыг бид зорьж байна. Ингэж чадвал хүнд зүрх шилжүүлэн суулгах урьдач нөхцөл бүрдэх юм.

-Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гарсан уу. Хэдэн цаг үргэлжлэв?

-Таван цаг үргэлжилж амжилттай болсон. Гахайн зүрхний хана хүнийхээс нимгэн, судас нь илүү торгомсог юм билээ. Зүрхний анатоми, физиологи өөр учраас уушиг руу гуурс тавиад зохиомол амьсгал хийгээд амьдруулахад хүнийхээс өөр байх, чадахгүй байх, будилах, оёдол тавихаар сэтрэх гэх мэт гахайны зүрх судасны бүтэц хүнийхээс нилээд өөр байсан. Үүнийг бид урьдчилан тооцоолж, ямар нэг хүндрэл тохиоход бэлтгэлтэй байсан. Зүрхний хагалгаа амар биш. Мэс заслын шинжлэх ухааны оргил нь зүрх судас байдаг. Зүрхний эмгэгүүд нь дотрын талдаа ч, мэс заслын талдаа ч хамгийн түвэгтэй. Энэ ч утгаараа хамгийн их шинэ технологи, эмийн бодис хэрэглэгддэг. Гуравдугаар эмнэлэг зүрхний мэс заслаар мэргэшсэн тул цаашдаа тэдэнтэй хамтарч зүрхний мэс заслыг хийнэ гэж бодож байгаа.

-Энэ удаагийн мэс засалд хичнээн төгрөг зарцуулав. Ямар технологи ашигласан бэ?

-Зүрх уушигны хиймэл эргэлтийн аппарат гэх мэт олон технологийг энэ хагалгаанд зориулж бид бэлтгэсэн. Хагалгаанд сая 600 мянган төгрөг зарцуулагдсан. Хоёр зуун мянган төгрөгөөр гахайгаа авч, үлдсэнийг эм тариа, багаж материалд зориулсан.

-Хүнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийн тулд хичнээн төгрөгөөр, ямар технологи оруулж ирэх шаардлагатай вэ?

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжид хоёр тэрбум төгрөг, цусны улаан чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжид дөрвөн тэрбум төгрөг зарцуулагдаж байсан. Зүрхний мэс засал дээр мөн тийм хэмжээний хөрөнгө мөнгө хэрэг болох нь дамжиггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *