Categories
мэдээ улс-төр

Улс хоорондын аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын үеэр хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар хоёр улсын худалдааны эргэлт болон хөрөнгө оруулалтын харилцаа, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаар хөндөв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Манай иргэд ОХУ-д визгүй зорчих болсноос хойш хоёр орны хоорондын худалдааны бараа эргэлт нэмэгдсэн. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдвал шинээр тэлж буй энэхүү харилцаа илүү өндөр төвшинд хүрч хөгжинө” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Мөн үеэр мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр хоёр улс идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Хил залгаа бүс нутгуудын одоогийн шинээр сэргэн хөгжиж буй бүх талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд орчин үеийн шардлагад нийцсэн, хүчирхэг, найдвартай дэд бүтэц хэрэгтэй. Хоёр улс нь төмөр зам болон олон улсын автозамаар холбогддог. Энэ дэд бүтцийн чанарыг сайжруулах, улс хоорондын аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх өргөн боломж буйг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *