Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаж эдийн засагч болох вэ?

-ФЕЛЬЕТОН-I-

Эдийн засаг нь эдийн засагчийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид эдийн засгийн уналтын үндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаа. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдын нэр хүнд өндөр байдаг ба үүнийг эдийн засгийн зургадугаар хууль гэдэг.

Эдийн засагч хүн сургуульд олж авсан боловсрол болон шинжлэх ухаан техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал, эгэл хүн, эдийн засагч хүн хоёр хонь тоолж байна гэж саная.

Эгэл хүн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр тоолно. Харин эдийн засагч хүн хонины хөлийг тоолох ба гарсан дүнг нь дөрөвт хувааж үнэн зөв хариуг гаргана. Энэ бүхнээ тооны машин ашиглан бодно.

Эдийн засагчид тооцоо хийхдээ өрхийнхдөө ашиг олохоор, улсынхыг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч хүн ямар ч муу мэдээг хүнд хүргэхдээ утга санааг нь өөрчлөхгүйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал, нэг хүнд ногдох хүнсний хэмжээ багассан тохиолдолд “Нэг хүнсэнд ногдох хүний тоо нэмэгдлээ” гэж мэдээлэх жишээтэй.

Эдийн засагчийн хувийн ТYЦ дээр ихэвчлэн “идэвхтэй баланс” ажиглагддаг бол улс орны хэмжээнд очихоороо “идэвхгүй баланс” болдог. Эдийн засагч хүнээс мөнгө авах болбол шууд газар дээр нь тоолж авах ба үүнийг “дебeт” гэнэ. Харин эдийн засагч хүн бусдад өгөх мөнгөө хэзээ ч шууд үл өгөх ба өөр хэн нэг хүнээс авчих, надад өглөгтэй хэмээн гуйлга гувчуулах бас түүнийг “кредит” гэнэ. Эдийн засагчид бүх юмыг тэр ч бүү хэл, хайр сэтгэлээ ч арвилан хэмнэдэг байх шаардлагатай.

Саяхан “Сант марал” сангаас нийслэлийн 1000 дурлагчийн дунд явуулсан судалгааны дүнгээс харахад сонин дүр зураг гарч байна. Эдийн засагч бус дээд боловсролтой хүн 40 наслахдаа хориод удаа дурласан байхад мөн ийм насны эдийн засагч хүн түүнээс гуравны хоёроор цөөн дурласан байх ба нийт дурлалтын 99 хувьд нь өндөр үр ашигтай байжээ.

Гэтэл цаад жирийн дурлагчийн нийт дурлалын наяад хувьд ашиггүйгээр үл барам тал хувь нь илэрхий алдагдалтай байжээ. Энэ судалгаагаар эдийн засагч хүн нэг дурлал тутмаас дөрвөн дурлал хэмнэж байгаа нь ажиглагдсан байна. Зарим эдийн засагчид амь насаа хэмнэх үүднээс эрт нас барах тохиолдол ч ажиглагддаг гэж зарим судлаачид бичсэн байдаг.

1996 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *