ЭМЯ-ны удирдлагууд гурван багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж буй.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа.
Тэрээр тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах зэрэг Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж буй ажил үйлчилгээтэй танилцахаас гадна улсын хэмжээнд үзүүлж буй зүрх, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон Тархины харвалт, Зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал зэрэг улсын хэмжээнд үзүүлж буй лавлагаа тусламж үйлчигээтэй танилцан цаашид анхаарах чиглэл өглөө.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлж буй өндөр өртөгтэй зүрх, мэдрэл зэрэг 15 үйл ажиллагаатай танилцаж, зүрхний нээлттэй мэс засалд оролцсон юм.
Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгахад анхаарч эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг шинээр амжилттай нэвтрүүлжээ. Тухайлбал: зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг Монгол Улсдаа анх нутагшуулан, 64 хүнд энэ тусламжийг үзүүлээд байна. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж ЭМСайдын гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулах саналыг гаргаад байна.
Тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийгдэж буй мэс заслууд нь гадаад орнуудад чамгүй өндөр өртөгөөр хийгддэг байхад тус эмнэлэгт ЭМДаатгалын сангаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд эх орондоо бага зардлаар зүрх, мэдрэлийн өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэх боломж бүрдсэн байна. Тухайлбал: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаад оронд дунджаар 20-40 мянган америк долларын өртөгтэй байдаг бол Монголдоо 7-8 сая төгрөг төлж эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаад оронд 100 мянган америк доллараас дээш өртөгтэй хийлгэдэг бол тус эмнэлэгт эмчлүүлж буй иргэд дундажаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлсөнөөр иргэдэд эдийн засгийн хувьд асар их дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.