УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Манай орны хувьд эдийн засаг хүнд байгаа. Гадны хөрөнгө оруулалтууд бараг байхгүйтэй ижил боллоо. Тиймээс Хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Үүнийг нээх боломж нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гээд байгаа. Таны байр суурийг сонирхъё?
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэд хэдэн үндэслэлээр дэмжиж байгаа. Юуны өмнө манайд банк, санхүүгийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ хууль үнэхээр чухал. Бонд, хувьцаа гэх мэт ч хөдөлгөөнд орж эхлэх тул үнэт цаасны зах зээлд ч амь тариа болно гэж бодож байна. Хоёрдугаарт, манай аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийх зээлийн олдоц муу, олдсон ч өндөр хүүтэй. Ялангуяа өнөөгийнх шиг Засгийн газар нь арилжааны банкуудаасаа төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор маш их зээл авчихсан тохиолдолд зээл олно гэдэг бол овоолчихсон өвсөнд гээгдсэн зүүг олохтой л ижил гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалт нэмж хийх битгий хэл компанийхаа хэвийн үйл ажиллагааг явуулах зээл ч олдохгүй байгаа талаар олон олон компаниуд гомдоллож байна. Гуравдугаарт, манай олон аж ахуйн нэгжүүд зөвхөн Монголоос биш гадаадаас хөрөнгө босгож байна, зээл авч чадаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкуудын шаардлагыг хангадаг манай үндэсний компаниуд их байгаа, цаашид ч улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Иймд манай аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулалтын банкууд нь гадаадад биш Монголд хамтарч ажиллах боломжийг нь төр бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна.
-Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр манай орны арилжааны банкуудад ямар нэгэн сөрөг нөлөөлөл бий юу. Манай банкны салбарыг татаад унагачих юм биш биз дээ. Гадны хөрөнгө оруулалтын банк яг ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн 26 жилийн түүхэнд ХОТШ, Ард, Даатгал, Баянбогд, Сэргээн босголт, Анод, Зоос, Хадгаламж зэрэг арваад арилжааны банк дампуурчээ. Одоо системийн шинжтэй хоёр ч томоохон хямралыг даваад гарчихсан 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа.
Өнгөрсөн 26 жилд эдгээр арилжааны банкууд засаглалаа сайжруулж, эрсдэлээ хянаж, зохицуулж, удирдаж чаддаг болсон гэж бодож байгаа. Боловсон хүчин ч сайтай. Хиймэл, хаалттай орчинд биш өрсөлдөөний орчинд ажиллах чадвар олон банкинд байгаа гэж бодож байна. Харьцангуй хямд зээл, банк, санхүүгийн найдвартай үйл ажиллагаа хүсч байгаа аж ахуйн нэгж, иргэд бүр ч их байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж байгаа дэлхийн олон оронтой хөлөө нийлүүлээд урагшаа алхах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан. Хуулиа бусад орны дэвшилттэй, амжилттай туршлагуудыг сайтар судалж байгаад нухацтай хэлэлцээд гаргах байх аа гэж бодож сууна.
-Хууль хэрэгжиж эхэлсэнээр ямар ямар орны банкууд орж ирэх бол. Санал тавьсан зүйлс байгаа болов уу. Манайхан бол Хятадын банк орж ирэх нь гээд байгаа л даа?
-Ямар хууль гарахаас л шалтгаална. Үнэхээр сайн хууль батлагдвал хөрөнгө оруулалтын банкууд ороод л ирнэ. Хэрэгжүүлэхэд түвэгтэй, саад бэрхшээл ихтэй, хүнд суртал ихтэй хууль гарвал хөрөнгө оруулагчдыг гуйгаад ч орж ирэхгүй. Хуулиа баталчихаад нилээд сайн сурталчилж байж л хөрөнгө оруулагч нар орж ирнэ, олон оронтой өрсөлдөж байж хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Бид ч их хичээх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин муу бол хөрөнгө оруулагч нар зугтаад гараад явдгийг 2012-2016 оны хоорондоо хангалттай харлаа шүү дээ. Гаргасан алдаагаа давтаад байх шаардлагагүй.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг дэмжих хүмүүс олон байна. Гэхдээ банкны барьцааны асуудал анхаарал татаж байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүд зээл авлаа гэхэд уурхайн орд газраас эхлээд Монголын газар нутгийг барьцаанд тавина гэх юм. Үнэхээр тийм заалт байгаа юм уу?
-Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина ч гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулинд газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын тухай асуудлыг маш тодорхой заагаад өгчихсөн шүү дээ. Ажлын хэсэг сайн судлаад хуулиа хэлэлцүүлэгт бэлтгэх байх аа.
-Тантай уулзсаных ОУВС-гийн хөтөлбөрийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. УИХ-ын тогтоолын төслөөс эхлээд өөрчлөлт оруулж ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжийг аль болох нээж өгч байна. Таны хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг байнга хэлдэг. Хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?
-Одоогоос гурав, дөрвөн сарын өмнө ямар байдалтай байснаа эргээд санацгаая. Гуравдугаар сард 580 сая ам.доллар төлнө гээд улс орон даяараа хандив цуглуулахдаа хүрч зарим иргэд хандиваа ч өгч байсан шүү дээ. Төгрөгийн ханш ч гэрлийн хурдаар унаж нэг ам.доллар 2500 төгрөгт хүрч улстөрчид, бизнес эрхлэгчид, иргэд бүгдээрээ л сандарч байсан. Засгийн газрын гадаадаас мөнгө босгох хоёр ч оролдлого амжилтгүй болсон. Яг тэр үед мөнгө зээлдүүлэх банк, улс олдоогүй юм. Харин их мөнгөний тоо хэлж, худал ярьж гүйсэн шуналтнууд, луйварчид бол байсан. Ийм л цаг үед ОУВС нааштай хандсан гэдгийг хэлэх ёстой. ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо гэдэг мэдээ 580 сая ам.долларын өрийн асуудлыг хэрхэн яаж хурдан шийдэв, хөрөнгө оруулагч нар яагаад Монголыг сонирхоод эхлэв гэдгийг олон хүн ойлгож байгаа байх. Эргэж буцаад байх шаардлагагүй. Монгол Улс өмнө нь ОУВС-тай хамтарч таван хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг амжилттай давж гаран улмаар хоёр жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 17.5 хувьд хүргэж байсан юм. Энд би нэг зүйл онцолж хэлмээр байна. Монголыг монголчууд бид өөрсдөө л хөгжүүлэх учиртай. ОУВС бол манай улсыг энэ хямралаас гаргахад зөвхөн бодлого, мөнгөөр дэмжих юм. 2012-2016 онд эрх барьсан нөхдүүд Монголыг хямралд оруулсан авторууд юм шүү. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-нд хуралдана гэсэн.
-Энэ сарын 24-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг дуулсан. Ямар нэгэн байдлаар дахин хугацаа алдаж хойшлохгүй гэх баталгаа бий юу. Уг нь бол даруйхан эхлүүлчих хэрэгтэй санагдах юм?
-Хөтөлбөрийг батална гэж би итгэж байгаа. Засгийн газар ОУВС-тай холбогдож байгаа байлгүй дээ.