Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал би хариуцлагыг нэхэх болно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдөр миний гаргасан live /шууд бичлэг/ болон МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Бичлэг дээрээ МАХН-аас гарах байдалд намайг түлхэж байна шүү хэмээн хэлсэн юм. Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран МАХН нэр дэвшүүлэх эрх нь хадгалагдаж байгаа. Хуульч хүний хувьд би үүнийг хэлэх ёстой. Өнөө өглөө С.Ганбаатар над руу залгаж ярьсан. Ямар асуудал байгаа вэ гэхээр 2020 онд гуравдагч хүчин болж 2017 онд ялах боломж байгаа юм. Гадаад хэргийн сайд байсан Л.Эрдэнэчулууныг би дэвшүүлье гэсэн. Тэр хүн их өрийг тэглэсэн. Өнөөдөр уусгах бодлого явагдаж байна гэж яригдаж байгаа үед геополитикийн өндөр мэдлэгтэй хүнийг тавих хэрэгтэй. Гурван үеийн дипломатч энэ хүнийг Монголын Бан Ги Мүн гэж нэрлэж болно. Өдрийн сонинд Н.Энхбаяр гуай ярилцлага өгөхдөө, “Бид хүний намын хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвших хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй, шинэ цэрэг хуучин цэргийн бакаал өмсөж орж ирэх хэрэггүй дээ” гэж хэлсэн. Дараа нь МАН-ын гишүүд дарамталсан учир Л.Эрдэнэчулуун гуай өөрөө больё доо гэж надад хэлсэн.

Сонгуульд оролцоход хүн бүр шилэн данстай байх ёстой. Дэвшиж байгаа хүн өөрөө улайм цайм нам дээр мөнгө барьж ирээд явна гэдэг утгагүй. Надад бүх нотлох баримт нь байгаа. Би хүнийг гүтгэдэггүй. Аудитын байгууллагаас босго тавиад байгаа юм чинь тэр мөнгийг ол гэж хэлэхгүй яах юм гэж байгаа. Би дахиад хэлье. Дээд хэмжээ нь 10 тэрбум байж болно. Доод тал нь хэд ч байж болно. Хэд хэдэн хүмүүсийг сонгуульд мөнгөө өгөөд ор гэж хэлсэн байна лээ. Тиймээс Ц.Нарангэрэл багш больсон. Би С.Ганбаатартай олон асуудал дээр байр суурь нэгтэй байдаг. Би түүнээс “Чи дэвших гээд байгаа юм уу, мөнгө нь хаанаас гарах юм бэ, ямар дансаар шилжүүлэх гэж байгаа юм бэ” гэх мэтчилэн олон зүйлийг асуусан. Гэтэл “үгүй үгүй” гэж байгаад Бага чуулган дээр гэнэт орж ирсэн. Энэ нь МАХН-ыг аль болох зөв шударга, зарчимтай явуулъя гэдэг миний зарчимтай зөрчилдсөн юм. Тиймээс би С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэж хэлж байгаа. Хоёрдугаарт, өөр намын хүнийг сонгуульд дэвшүүлж болдоггүй хуультай. Эдгээр зүйлүүдээс болоод би МАХН-ын хүн дэвшиж чадахаа байчих вий гэж бодож байгаа. Мөнгөтэй хүн дэвшүүлэх гэж байгаа бол мөнгөнийх нь эх үүсвэрийг ил болгох хэрэгтэй.

МАХН-ын мянга мянган дэмжигчид миний энэ бухимдсан байдлыг ойлгоно гэж найдаж байна. Төрийн босго өндөр шүү. Би УИХ-ын гишүүн нэг удаа болчихоод Ерөнхийлөгч болно гэж ярихгүй. Рио-Тинто гэдэг байгууллага ОУВС-д орлоо гээд гомдол гаргасан. Би тэр байгууллагыг өмөөрөөд байгаа юм биш. Хамгийн гол нь би Хятадын зээлэнд ороод түүнд уусчихаад байна шүү. Бид өнөөдөр орших уу, эс орших уу гэсэн байр суурин дээр байгаа энэ үед миний нэр хүнд, гишүүн байх үгүйдээ биш. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг авч явах гэж байгаа бол зангарагтай, мэдлэгтэй хүн байх ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу байсан юм” гэв.

Та намаасаа гарах уу, үгүй юү гэсэн сэтгүүлчийн асуултанд “Өчигдөр орой гурван цаг хүртэл намынхаа журмын нөхөдтэй ярьсан. Олон хүмүүстэй ярихад намаа шинэчилсэн нь дээр, аймхай хүмүүс л хариуцлагаас зугтаадаг, нам дотроосоо шинэчлэлээ хийцгээе гэсэн. Тийм учраас энэ нам Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй ороод ялагдах юм бол сүүлийн ялагдал нь байх болно. Бид хариуцлагаа нэхэж цаашаа явах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хариулж байв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *