Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ч бас Айн Рэнд, Айн Рэнд л гэнэ шүү

“Айн Рэнд конференс” Монголд боллоо. “Туушин” зочид буудалд болсон уг арга хэмжээнд олон хүн иржээ. Үзэгчдийн суудалд олны танилуудаас Баабар, Э.Бат-Үүл, дуучин П.Ганхүү, сэтгүүлч Ц.Оюундарь нар харагдсан. “Алтан тариа“ компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн уг арга хэмжээг санхүүжүүлсэн гэнэ. Тэрбээр хурал дуустал сууна лээ. П.Цэнгүүн “Хувь хүн эрх чөлөөтэй байж чөлөөтэй сонголт хийнэ шүү дээ. Чөлөөт зах зээл буюу капиталист нийгэм заавал байх ёстой. Бидэнд өнөөдөр хамгийн хэрэгтэй юм энэ л байна. Улсаар тэжээлгэж, халамжлуулах сонирхолтой хүмүүс олон. Ёс суртахуунгүй хэсэг нь хулгай хийж амьдрах гэдэг. Бялдууч загнах, дарга нарын цүнх барьж гүйж амьдралаа залгуулдаг залуус олширлоо. Бизнесмэнүүд ч зөв, ёс суртахуунтай,цэвэр бизнес хийх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал бид хөгжнө. Ингэж чадахгүй өнөөдрийнх шиг байвал хэцүүднэ” гэж товчхон тайлбарласан юм.

Айн Рэндийн философи хамгийн эрэлттэй гэж болно. Түүний номууд 23 сая хувийг аль хэдийнэ давж борлогджээ. 1991 онд Америкийн Конгрессийн номын сан болон Бүүк оф Мант клубын хамтарсан судалгаагаар Айн Рэндийн “Атлантын мөр тэнийв” роман уншигчдын хувьд Библийн дараа орох ач холбогдолтойг онцолсон удаатай. Энэхүү алдартай хүний философийн тухай яриа Туушингийн “Соёмбо” танхимд бүтэн өдөржингөө үргэлжилсэн.

Үндсэн илтгэгч нь Айн Рэнд институтийн гүйцэтгэх дарга доктор Яарон Брүк байлаа. “Айн Рэндийн рационал эгоизм” илтгэлийн төгсгөл хэсэгт танхимд орж таарав. Энэ өдөр илтгэгчид товчхон ярьсан ч сонсогчид асуулт тавьж, хариулт авахад багагүй цаг зарцууллаа. Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв” номын орчуулагч Ж.Нэргүй үг сонголтонд анхаарал хандууллаа. “Эгоист гэдэг үгийг манайхан аминч үзэл, хувиа хичээх үзэл гэх зэргээр орчуулж байгаа нь монгол уншигчдад буухгүй байна. Ухаалгаар бие даах үзэл гэх нь зөв” хэмээн оруулагч үзжээ. Харин Яарон Брүк “Англи хэлтэй ертөнцөд ч эгоизмыг сөргөөр ойлгосоор ирсэн. Толь бичигт энэ үгийг өөрийгөө бусдаас дээгүүр тавих гэж тайлбарладаг” гэлээ.

Илтгэгч эгоизм буюу би-гээ бодох үзлийг үргэлжлүүлэн тайлбарлаж “Айн Рэнд ёс зүйн хоёр сонголт бий гэж үзсэн. Нэгдүгээрт бусдын төлөө амьдрах, өөрийгөө золиослох, хоёрдугаарт өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах. Гэтэл хоёр дахь нь буруу гэж нийтээрээ үзсэн. Хувиа бодох гэдгийг өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг яаж ч болно гэдэг буруу үзлээс ялгаж ойлгох хэрэгтэй. Хувь хүн өөрийгөө дээдлэх, өөрийнхөөрөө амьдрах гэдэг үүднээс ойлгох учиртай” гэв.

Худлаа ярих, хулгай хийх, бусдад зүй бусаар хандах буруу гэдгийг ялгаж салгах учиртай гэсэн.

Нэг залуу ийнхүү асуулаа. “Миний түрийвчинд доллар байна. Түүн дээр “Бид бурханд итгэдэг” гэж бичсэн байдаг. Америкчуудын хамгийн их итгэдэг Есүс амиа огоорогч хүн. Гэтэл Айн Рэнд бусдын төлөө өөрийгөө золиослохыг дэмждэггүй. Энэ зөрчилтэй санагдаж байгаа” хэмээн тэр хэллээ.

“Айн Рэнд Христосын шашны олон зүйлд шүүмжлэлтэй хандаж байсан. Өөрөө хийгээгүй нүглийнхээ төлөө зовж шанална гэдэг ёс суртахуунгүй зүйл гэж үзсэн. Бурхан өөрийн хүүг аймшигтайгаар зовоохдоо муу учраас биш сайн учраас шийтгэнэ гэдэг бодохын аргагүй зүйл гэж Яарон тайлбарлав. “Би ч Есүс Христийг шүтдэггүй. Уг шашны номонд ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хүний амьдралыг зааж сургадаг. Харин бид бол номлодоггүй. Учир шалтгааныг ухамсартайгаар, логиктойгоор ухаарах учиртай” гэлээ.

Дуучин, улс төрч, “Яг түүн шиг” шоуны оролцогч П.Ганхүүд бас асуулт байлаа. Тэрбээр “Сонгууль болж байна, хоёр нэр дэвшигч гарсан” гэж ирээд л халть улстөржөөд авлаа.

Яарон хариулахдаа “Хар тамхи хэрэглэж, залуугаараа үхэж, амьдралаа сүйтгэсэн улсууд рок попод байдаг. Хувь хүн өөрийгөө дээдлэнэ гэдгийг өөрийгөө устгана гэж ойлгож болохгүй. Нэр дэвшигчид хоёулаа худлаа ярьдаг, хулгай хийдэг. Авах юмгүй бол тэд гэртээ сууж байсан нь дээр. Эерэг зүйл байсан цагт л сонголт хийх ёстой. Америкт ч социалист үзэлтэй улс төрчид бий. Хана барьж байгуулах гэдэг ч юм уу худлаа ярьдаг. Дональд Трамп мэдэхгүйдээ худлаа ярьж байгаа юм биш. Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт үзэл бодлоо өөрчилдөг улстөрчид байна. Би түүнд саналаа өгөөгүй” гэв.

АЯЛАХАД ГАЗРЫН ЗУРАГ ХЭРЭГТЭЙ ШИГ АМЬДРАЛД ЧИГЛҮҮЛЭГЧ ХЭРЭГТЭЙ

Холоос ирсэн дараагийн илтгэгч Карл Барни Като институтийн ТУЗ-ийн гишүүн. Тэрбээр “Загварт хөтлөгдсөн ирээдүйн амьдралаа төсөөл” сэдвээр ярьсан юм. “Би бол индивидуалист ( хувь хүнийг дээдлэх үзэлтэн). Гэхдээ энэ зөвхөн надад хамаатай биш. Миний компанид 2000 хүн ажилладаг. Энэ хүмүүсийн тусламжгүйгээр миний ажил бүтэхгүй. Тэгэхээр бусад хүмүүсийн хамтын ажиллагаанаас миний амьдрал хамаарна. Би хүмүүстэй харьцахдаа таашаал авдаг. Найз нөхөддөө санаа тавьдаг. Надад найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд бий. Хувь хүнийг дээдлэх үзэл болон өөрийгөө хүндэтгэх үзэл ялгаатай. Аялахад газрын зураг хэрэгтэй байдаг шиг амьдралд чиглүүлэгч хэрэгтэй. Миний газрын зураг, чиглүүлэгч нь Айн Рэнд болсон юм. Амьдралын утга учрыг ухаж, бизнест амжилт олоход энэ хүний үзэл санаа тусалсан. Бусдын төлөө өөрийгөө золиослох нь буруу тухай өмнө нь ярьсан. Миний хувьд баян байх нь муу гэсэн үзэл бодолтой явсан. Энэ бол буруу. Энэ үзэл бодлоо өөрчлөөд, гурван жилийн дараа би саятан болсон. Үзэл санаа маш хүчтэй. Буруу үзэл бодлоосоо ангижирч, зөв үзэл бодолтой болох нь бидний амьдралд чухал нөлөөтэй. Би 17 настай үеэ дурсая. Тэгэхэд Англид амьдарч байлаа. Тэр үедээ амьдралынхаа тухай анх удаа нухацтай бодсон юм. Англиас Австрали хүртэл хоёр залуу машинаар аялах тухай мэдээлэл сонинд гарсан юм. 1959 онд хар, цагаан зурагттай, интернэт байгаагүй. Тэд Болгариар дамжих ёстой болно. Болгар тэгэхэд коммунист орон байв.“Ус гатлана, өвдвөл яах юм” гэж найзууд маань эсэргүүцсэн. Харин би ийм аялал боломжтой гэж үзээд, аялагч хоёр залуутай холбоо барьсан юм даа. Европ, Азиар дамжин, Энэтхэгээс Австрали хүртэл 5000 км газар усан онгоцоор явахаар төлөвлөжээ. Анх удаа тэгэхэд би олон асуудлыг эрэгцүүлж бодлоо. Миний амьдрал өөрчлөгдсөн. 15000 км газрыг 150 доллартай туулах хэрэгтэй болсон юм. Гэтэл би тэгэхэд 100 км-ээс илүү аялаж үзээгүй байлаа. Үүнээс хойш би ирээдүйгээ төсөөлж боддог болсон юм. Бид бодсоноор оюун ухаан маань маргааш хаашаа явахыг шийддэг. Бодож сэтгэхэд заавал цаг гаргаж байгаарай.

Хэдэн сар аяласны дараа нэг найзын маань ээж өвдөж, нөгөө найз маань гэрлэх болсон тул би ганцаараа үүргэвч үүрээд, аялалаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Энэ үеэс л миний индивидуализм эхэлсэн юм. Үүргэвч үүрээд Европ, Азиар аяласан. Аялах явцдаа Болгар, Түрк, Югаслав, Иран, Пакистан, Энэтхэгээр явсан. Айлд, зочид буудалд хаа сайгүй хоноглож явлаа. Нэг удаа бүр цагдаагийн газарт ч зочилж үзсэн. Ингэж явахад маань сэтгэн бодох чадвар маань хамгийн их тусалсан.

Мөрөөдлийнхөө жагсаалтыг гаргаж байлаа. Олон мөрөөдөл маань биелэсэн. Бизнесийн хувьд юуг олж мэдсэн гэхээр бид хувийн амьдрал, бизнесийнхээ талаар хангалттай бодож, төсөөлдөггүй нь эмгэнэл. Би өглөө босоод өдрийнхөө хийх ажлыг төлөвлөдөг. Бодож сэтгэх гэдэг нь хийх ажлынхаа үр дүн, бодит боломж юу вэ гэх мэтээр өөртөө олон асуулт тавихыг хэлдэг. “Сэтгэн бодох чадвар хүний гол үнэт зүйл” гэж Айн Рэнд хэлсэн шүү дээ. Миний мөрөөдөлд Айн Рэнд, найз нөхөд, романтизм бий. Мөрөөдөл төсөөллөө гаргаад, зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Э.Бат-Үүл энэ үеэр ярианд оролцоод авлаа. “АНУ-ын залуусын дунд социалист үзэл газар аваад байгааг та юу гэж үзэж байна. Та рациональ сэтгэдэг байхын тулд эгоист байр суурин дээр очсон байх ёстой. Хувиа боддоггүй хүмүүс улстөрчдөд ховсдуулдаг. Шударга ёс, ард түмэн, эх орон гэдэг үгнийхээ утгыг ч мэддэггүй улстөрчид эдгээр үгсийг гайхамшигтай хэрэглэдэг” гэж тэр хэлсэн юм.

Илтгэгчид тавих асуулт надад ч байлаа. “Та өөрийнхөөрөө амьдралаа, бизнесээ төлөвлөөд явж байхад Засгийн газар, гэнэт хууль тогтоомжоо өөрчлөөд таны мөрөөдөл биелэх боломжгүй болоод байвал яах вэ. Монголд бизнес эрхлэгчид цөхрөх нь их байдаг. Үүнийг яаж даван туулах вэ.

Та либериаль удирдагч. Таны компанид мөрдөгддөг өвөрмөц хэв маяг байдаг уу, та ажилтанууддаа бусдаас илүү эрх чөлөө олгодог уу?

-Засгийн газар төр гэдэг Америкт ч асуудал. Миний амьдралыг хүндрүүлдэг зүйл Засгийн газраас гаргаж байгаа олон хууль журам. Үүнийг даван туулдаг. Хүмүүстэй хамтарч ажиллаж, бодож сэтгээд, гарц олоод явдаг. Бууж өгч болохгүй. Хэцүү байна гээд бууж өгвөл Засгийн газар ялах болно. Би компанийн ажилтнуудынхаа бодож сэтгэх, шинэ санал санаачилга гаргах чадварыг нь хөхиүлэн дэмждэг. “Энэ асуудлыг бодъё” гэж байнга хэлдэг. Олон хүний дундаас санамсаргүй хүн сайхан санаа хэлэх үе бий. Тэр нь шийдэл болох нь байдаг. Би залуу байхдаа бүх зүйлийг мэддэг юм шиг санагддаг байлаа. Амьдрах тусам улам л бага мэддэг гэдгээ ойлгох болсон гэв.

Танхимаас бас ийм нэг асуулт сонсогдлоо. “Та бага насны хүүхдийн хүмүүжлийн талаар ярьсан. Багаар ажиллах гэдэг монголчуудын хувьд чухал. Бие дааж амьдрахаас гадна хэдэн наснаас нь багаар ажиллах чадварт сургах тохиромжтой вэ” гэнэ. Монтессори сургалтын үед өөр өөр насны хүүхдүүд нэг ангид байдаг. Эхлээд хүүхдүүд хичээлийн танхимд орж ирээд, дор дороо биеэ барьцгаан суудаг бол удалгүй бие биенээ мэдээд эхлэхээрээ хамтраад тоглодог. Насаар ахмад хүүхэд нь бусаддаа багшлаад эхэлнэ. Бие даасан байна гэдэг нь бусад хүүхдэд ч бас хүндэтгэлтэй хандах гэж ойлгож болно.

ЭРХ ЧӨЛӨӨ ХҮНИЙ МӨН ЧАНАР

“Урлаг ба Айн Рэнд” сэдвээр ярьсан төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам “Сайтар эрэгцүүл”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” зэрэг Айн Рэндийн жүжгүүдийг тавьсан. Д.Сосорбарам яриагаа эхлэхдээ “Энэ танхимд цугласан залуус хэн нэгний цүнхийг барьж гүйхгүй, би хэн бэ гэдгээ мэдэхээр энд ирж, илтгэл сонсч байгаад талархаж байна” гэсэн юм. Тэрбээр Айн Рэндийн зохиолуудыг уншаад юуг мэдэрч, жүжгүүдийг нь хэрхэн тавьсанаа ярьсан. Бас дундуур нь хууч яриагаар хачирлахаа мартаагүй.“Түрүүн хүмүүсийг ярьж байхад Баабар бид хоёр амиа бодох, хувиа хичээх гэдэг үгнээс манайхан сэжиглэдэг юм байна. Өөрөө өөрийнхөөрөө байх, бие дааж амьдрах тухай юм ш дээ гэж ярьж суулаа. Бид социализмын үед гэртээ хонда мотортой, амьжиргаатай хүнийг дотуур тамиртай гээд муулдаг байлаа. Энэ чинь хамтач үзлийн гай. Өөртөө хайртай хүн бусдыг хайрладаг болохоос биш өөрийгөө ч хайрладаггүй байж бусдыг хайрлана гэж үгүй. Хүн бол өгүүлэгдэхүүн биш өгөгдөхүүн гэж Айн Рэнд хэлсэн. Байгалиас заяасан хувийн эрх ашиг нь байх ёстой. Эрх чөлөө гэдэг хүний гол мөн чанар. Урлаг төгс төгөлдөр дүрийг дүрсэлж харуулдаг. Үзэж байгаа хүн юугаа авах нь өөрийнх нь хэрэг ” хэмээн Со гавьяат айлдлаа.

Үдээс хойш “Капитализм бол амьдрах чадвартай эдийн засгийн ганц систем” сэдвээр аанай л Яарон Брүк ярив. Тэрбээр яриагаа эхлэхдээ “Хүмүүс үдийн хоолны дараа нойр нь хүрч байх ёстой байтал бүгдээрээ байж байгаад гайхаж байна” хэмээн хошигносон. Яарон “Итгэл үнэмшлээрээ явахад зогсоох саад болох хүч юу байж болох вэ” хэмээн асуугаад өөрөө түүндээ “Хүч, буу” хэмээн хариуллаа. “Толгойд буу тулгаад, энийг хий гэвэл бодох ч хэрэг байхгүй болно. Бодож сэтгэхийн дайсан бол хүч хэрэглэх явдал. Юу ч хийж болохгүй, тушаал дагахаас өөр аргагүйд хүрнэ. Галилео Галилей дэлхий нарыг тойрдог гэж хэлснийхээ төлөө гэрийн хорионд орж байсан. Харин ч тэр азтай байсан. Үнэнийг хэлснийхээ төлөө олон эрдэмтэн амь насаа алдсан шүү дээ. Эрх мэдлээр далайлгаж, хүч хэрэглэх нь бодож сэтгэхийн дайсан. Засгийн газар алуурчид, хулгайч луйварчдаас биднийг хамгаалах үүрэгтэй. Үүнээс өөр зорилго Засгийн газарт байх ёсгүй. Биднийг тайван орхих учиртай. Засгийн газар өөрийгөө хязгаарлаж байх ёстой. Төрийн оролцоо бага байвал хүмүүс бүтээж, хүн болгонд хэрэгтэй, ашиг тустай зүйлийг бий болгож байдаг. Эрх чөлөө байгаа цагт бидэнд боломж байна. Боломж байгаа цагт хүн бүтээж байдаг. Бүтээхийн тулд бодож сэтгэх хэрэгтэй. Бусдад таалагдахгүй байсан ч хамаагүй өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх учиртай. Эрх чөлөөний үзэл баримтлалыг хэрэгжүүлж байж улс орон хөгжнө. Бизнесмэнүүдээр юу дуртайг нь хийлгэвэл хуурна, луйвардана гэсэн болгоомжлол байдаг. Бизнесийнхэн хэрэглэгчдээ алдахыг хүсэхгүй, дахин дахин үйлчлүүлээсэй гэж ажилладаг шүү дээ. Капитализмыг, эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид хүмүүсийнхээ үзэл хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн тэр ярив.

Дараа нь сонсогчдын асуулт үерлэсэн. Сониуч асуулт тавьчихлаа. “Монголчууд социализм гэж юу болохыг мэднэ. “Олон түмнийхээ буянаар олон сайхан хүүхэдтэй боллоо” гэж ярьдаг нийгэмд амьдарч байсан улсууд шүү дээ. Ийм улсууд нийтийн тусын тулд бус өөрийнхөө эрхээр амьдрахын үнэ цэнийг мэднэ. Гэсэн ч өнөөдөр АНУ-д төрийн зохицуулалт газар авч байна. Социалист сэтгэлгээ түгж байна. Ямар ч үзэл санаа мандан бадарч, унтрах үе байдаг. Магадгүй Хятад, Монгол зэрэг социалист байсан Азийн орнуудад Айн Рэндийг илүү ойлгож, Америкт хүлээж авахаа байх ирээдүй ирж болох уу. Та энэ талаар юу хэлэх вэ гэхэд маань Яарон эмоцтой хариуллаа.

-Айн Рэндийн үзэл санаа анх бий болсон газар нь Америк. Энд хамгийн их тохирно. Хувь хүний эрх чөлөө, үзэл хандлагыг хамгийн их дээдэлдэг газар байсан. Гэхдээ одоо Америк сэтгэгчдэд таатай бус нийгэм болж байна. Сэтгэгч, бүтээгч улсуудынхаа эсрэг үзэл хандлага нь Америкийн хөгжлийг сааруулж байна. Арван жилийн өмнө бол би Монголд зуун хүний өмнө зогсоод ярьж байна гэж төсөөлөхгүй байсан. Би Токиод, Украйн, Польшид очсон. Болгарт Айн Рэндийн бүх номыг орчуулчихсан байна лээ. Хэн ч өмнө нь тэгж төсөөлөөгүй. Герман, Францад бол Айн Рэндийн үзэл санаа нутагшихгүй. Ази шинэ нийгэм. Ази Өрнөдийн философийг нухацтай хүлээж аваагүй. Гэхдээ энд хоосон орон зай бий. Ази эрэл хайгуул хийж байна. Өрнөдийн философи, капитализм бол та бүхний хувьд харьцангуй шинэ зүйл. Буддизм бусад шашинтай харьцуулахад чөлөөтэй. Энэ бүхнийг сайжруулвал Азид магадгүй гэж бодож байна. Гэхдээ одоохондоо энэ тухай хэлэхэд эрт. Монгол жаахан хүйтэн цаг агаартай л юм даа гэнэ.

Түүнээс хүмүүс есөн шидийн юм асуулаа. Та мөнгөний төлөө ажилладаг уу, эсвэл таны хобби юу л гэнэ. “Би бизнес хийсэн бол ахиу мөнгө олж магадгүй. Гэхдээ энэ үзэл санааг хүмүүст хүргэхдээ таашаал авдаг. Мөнгө гэдэг миний бий болгосон үнэ цэнийн хэмжүүр юм гэж Яарон хариулсан. Түүнчлэн дэлхийн олон орон популизм, авторитар дэглэм рүү гулсан орж байна. Улс төрчидтэй тэмцэхэд цагаа үрнэ. Эхлээд хүмүүсээ, нийгмээ өөрчлөх хэрэгтэй. Айн Рэндийн үзэл санаа эх сурвалж нь зөв, сайн философи. Гэхдээ ямар ч үзэл санаа түгээхэд зам товчилж, цаг хугацааг хэмнэж болдоггүй. Хугацаа шаардлагатай. Боловсрол боловсрол боловсрол хамгийн чухал. Өнөөдөр Америкт ч төгс капитализм байхгүй, хосолмол эдийн засагтай. Эрх чөлөө байгаа ч төрийн оролцоо их байна. Харин капитализмын олон хувилбар бий. Хувь хүний эрх чөлөө бага байхад төрийн оролцоо их байна. Капитализм хүн бүрт эрх чөлөө олгодог систем. Коммунист байх эрхийг нь ч олгоно гэж тэр хэлсэн юм.

Нэг залуу эмэгтэй бусдад тусламж хэрэгтэй байгааг хараад суух хэцүү гэсэн юм л даа. Харин илтгэгч бусдад туслах шалтгаан хэрэгтэй гэлээ. Сайн хүн зовж байхад туслахыг хүсч болно. Надад илүү мөнгө байвал тусална. Харин энэ мөнгө хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд хэрэгтэй бол “Уучлаарай” гэнэ. Өөрийгөө золиослохгүйгээр бусдад тусалж чадахаар бол тусална гэсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *