Categories
мэдээ улс-төр

Сангийн сайдын нэрийг барьж, хуурамч хаягнаас мэдээлэл тараасныг цагдаагийн газар шалгаж байна

Өчигдөр Сангийн сайдын нэртэй Б.Чойжилсүрэн Сангий сайд гэх фэйсбүүк хаягнаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн гарчигтай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэхүү мэдээлэлд:

“Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хааллтай хуралдаан дээр хэлсэн үгнээс… 2017.05.15” гэсэн байв.

Мэдээллийн мөрөөр Сангийн яам, ХХБ-ны хэвлэлийн албатай холбогдоход бид тийм мэдээлэл цацаагүй, хуурамч хаягнаас бидний нэрийг ашиглаж, ташаа мэдээлэл тараасан байна гэв. Тус мэдээлэл өчигдөр 17:00 цагийн үед тараагдсан бөгөөд хуурамч хаяг 34 мянган дагагчтай 340 хүн энэ мэдээллийг цааш нь түгээсэн байна.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *