Categories
мэдээ нийгэм

Гурван гэр бүл тутмын нэг нь салж байна гэв

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс арав дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар их сургууль болон “Гүүд Нэйборс” төрийн бус байгууллагатай хамтран ‘’21 дүгээр зууны Монгол гэр бүл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд илтгэл тавьж, олны нийтийн дунд хэлэцүүлэв. Тухайлбал, эцэг эхийн үүрэг хариуцлага, ёс уламжлал, сэтгэл зүй, аавуудын үр хүүхдээ өсгөж буй байдал, монгол хүүхдийн онцлог, гэр бүлд чиглэсэн халамжийн үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт сэдвийг хөндөж ярилцлаа. Гэр бүл судлаач, профессор Т.Намжил хэлэхдээ ’’Сүүлийн зуун жилд монгол гэр бүлд онцгой өөрчлөлт гарч байна. Гэр бүл бологсдын нас залуужиж байна. Мөн тэдгээр залуу гэр бүлд туслах боловсон хүчин ч чадваржиж’’ байгаа хэмээн онцолсон юм.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Б.Халиун “Нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн хөгжил, сайн сайхны төлөө дэлхийн бүх улс орны Засгийн газар хүчин чармайлт гарган ажилладаг. Гэр бүлдээ аз жаргалтай амар амгалан, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нийгмийн хамгааллын болон эдийн засгийн дэмжлэг байж улс орны хөгжлийн тухай ярих хэрэгтэй. Иймд, Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд бид ойрын хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа’’ гэв.

Хуралд оролцсон судлаачдын хувьд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хэв маягт өөрчлөлт гарч, залуус гэрлэлтэд сэтгэл зүйн талаар огт бэлтгэгдээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, тусдаа амьдрах зэрэг сөрөг үзэгдлүүд их гарч байна гэдгийг дурдаж байв. Статистик судалгаанаас үзэхэд жилд гурван гэр бүл тутмын нэг нь салж байна. Үүний шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа, тухайн хүний зан чанар, сэтгэл зүйн ялгаатай байдал, мөн эдийн засгийн асуудал болоод байгаа аж. Түүнчлэн хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх тухай эцэг эхэд зориулсан гэр бүлийн боловсрол ч нэн чухал байна гэдгийг судлаачид хэлж байлаа.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *