Categories
мэдээ цаг-үе

Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Пагмын Аюуш

Улсын арслан П.Аюушийн хүү А.Бандимаамынд. 2017.04.29

Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Пагмын Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадамд улсад түрүүлсэн арслан цолтон Баянхонгор аймагт ганц бий. Уг нь улсын гарьд Пунцагийн Сүхбат агсан энэ нэр хүндтэй цолыг улсын наадамд барилдсан амжилтаараа авах ёстой гэдэг яриа ард түмний дунд байдаг ч эдүгээ нэгэнт бурхан тэнгэрийн орондоо оджээ. “Нисэхийн” хэмээх Пагмын Аюуш Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан хүн. П.Аюуш 1921 оны цагаагчин төмөр тахиа жил одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтанширээ гэдэг газар малчин эмэгтэй Пагмын хүү болон төржээ. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид хутагт, Ламын гэгээний шавийн цөм болсон эл нутаг “Ламын гэгээний хийдийн ногоон зодогтнууд” хэмээн улс даяар бөхөөрөө алдаршсан газар байсныг түүхнээ тэмдэглэсэн нь бий. Тэрээр эхтэйгээ хоёулаа цөөвтөр ямаатай, хар багаасаа түүнийгээ маллан аж төрөн явсаар арван настайгаасаа эхлэн адуу тэмээ малласаар гарын шуу нь бяр хүч сууж, эрийн цээнд хүрчээ. П.Аюуш 17 настайгаасаа бөхийн аманд гарч барилдсан байна. Хорьж боломгүй хорин насандаа Богд, Жинст, Баянлиг сумдын наадамд дараалан түрүүлж сумын заан цолтой даага хөтлөн ирж, хорвоод төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулан, нутгийн олон түмэнд Пагмын хүү ч сайн бөх болох нь гэсэн итгэл төрүүлжээ. Бяр чадал орж барилдах хүсэлд хөтлөгдсөн үедээ 1942 онд эр цэргийн албанд татагдаж Архангай аймаг дахь 31 дүгээр морьт хороонд хоёр жил алба хаагаад, 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхрийн хамт шилэгдэн ирж, Нисэхэд цэргийн алба хааж байхдаа Яармаг, Голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх алдартай болсон байдаг.

П.Аюуш 1945 онд улсынхаа баяр наадамд анх удаа зодоглож дөрөв даваад Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэр үедээ улсын начин цолтой байсан Дэндэвийн “Жонго” хэмээх Даваасүрэнтэй тунаж өвдөг шорооджээ. Тэрбээр 1946 оны 25 жилийн ойн их баяр наадамд 1024 бөх барилдахад зургаа давж улам нэмэх заан цол, 1947 онд мөн зургаа давж идэр хүчит чимэг хүртэн, 1949 онд ес даван түрүүлж арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 оны улсын их баяр наадамд тав давж байсан энгүй их хүчтэн билээ. П.Аюуш 1950 оны наадамд дөрөв давж, Булган аймгийн Могод сумын харьяат залуу бөх Равжаагийн Дэлэгпилд өвдөг шорооджээ. Тэрээр 1948, 1951, 1952 оны улсын баяр наадамд барилдалгүй өнжөөд 1953 оны улсын баяр наадамд ирж барилдан тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг авчээ. Мөн тэрээр улсын баяр наадамд 1956 онд нэгийн даваанд унаж 1959 онд гурав, 1961 онд нэг давжээ. П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аваргыг түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлан шууд босч явсан төдийгүй цолыг нь олгох нь байтугай наадмаа ч хааж үг хэлээгүй гэдэг гунигт түүх байдаг. Есийн даваанд Ш.Батсуурь аваргатай үлдэж аваргыг гурвантаа дугтрахад өсгийлдөөд хаячихаж. Гэтэл тэр хоёрыг “Хуйвалдаж худлаа барилдлаа, Батсуурь баз хүргэндээ бууж өглөө” гэх зэрэг яриа гарч, Аюушийн авах ёстой арслан цолыг нь битгий хэл, чимэг ч олгоогүй байна. Ш.Батсуурийг төрийн наадамд үнэн хүчээ гаргаж барилдалгүй бууж өгч үлгэргүй байдал гаргалаа хэмээн үзэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн цэргийн ангид нутаг заан суулгаж, П.Аюуш заан бай мөрий ч үгүй нутаг буцсан байна.

Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөөлийг ч хохироосон юм” гэжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн билээ. П.Аюуш арслан аймгийнхаа баяр наадамд 1946, 1947, 1949 онд түрүүлж, 1948, 1950 онд үзүүрлэжээ. П.Аюуш заанд алдар цолыг нь амжилт гаргасан ч тэр дор нь өгөхгүй элдвээр муучлан хэлмэгдүүлсэн нь түүний цаашдын барилдааны амжилтад илэрхий муугаар нөлөөлсөн гэдэг. Тэрээр түрүүлэхэд нь арслан цол олгоогүй учир гомдсон уу, аль эсвэл нутаг газар хол, унаа машин ховор байснаас ч тэр үү улсын баяр наадамд харьцангуй цөөн жил барилджээ. Хожим 1956 онд Ардын хувьсгалын баяр наадмын Бөхийн комиссын гуравдугаар хурлын тогтоолд “Нөхөр Аюушийг өөрийн хүчээр барилдаж түрүүлээгүй гэж үзэж цол олгох явдлыг хассан нь зохисгүй учир” гэсэн үндэслэл дурдаж улсын арслан цолыг нь нөхөн олгожээ. Наадмын төв комиссын дарга, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй улсын арслан цолны үнэмлэхийг нь хүү А.Уртнасанд гардуулж өгсөн байна. Энэ нь ч бас цаанаа учиртай байсан хэрэг. Нэг хүнийг тахин шүтэх үзэл харьцангуй зөөлөрч байсан 1956 оны хавар Ю.Цэдэнбал баруун аймгуудын хөдөлмөрчин, малчдын ажил амьдралтай танилцаж явахдаа Аюуш зааны унаган нутаг Богд суманд үдлээд мордохдоо түүнийг хөдөөнөөс дуудан ирүүлж “Энэ жил улсын наадамд очиж барилдаарай. Улсын арслангийн цол үнэмлэхээ аваарай” гэж хэлээд явснаас үүдэлтэй гэх нь бий. Насныхаа хань Цэрэндоржтой улсын арслан цолоо гардаж авчихаад нутагтаа очиход нь тэр үед арван дөрвөн настай байсан хүү А.Бандимаам нь хос жороо морьтой аав ээжээ угтаж эгээ л өөрөө улсын өндөр цол хүртсэн мэт баярлаж байснаа дурсаж байна. “Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон Цэнгэлдэхэд барилдаад арслан цол хүртсэн Алдарт бөх маань Хонгор нутгийнх Аюуш нэр нь харин бурхных” хэмээн яруу найрагч Ш.Гоохүү түүний тухай шүлэглэсэн байдаг. Ард олондоо “Нисэхийн” хэмээн алдаршсан Пагмын Аюуш зоо нуруундаа асар их тэнхээтэй, тонгорох, дэгээдэх мэхийг даацтай хийдэг байснаас гадна ухаан уужуу, хараа сайтай учраас газрын өө, бөхийн хийг анддаггүй нэгэн байж. Тийм ч учраас дархан аварга Б.Түвдэндорж “Улсын арслан Аюуш бол хүнээс ухаан, тэнхээ, мэх гуйхааргүй арал сайтай, бяртай, өөрийн гэсэн дархан мэхтэй хүн дээ” гэсэн дурсан ярьжээ. П.Аюуш арслан 1940 онд Г.Цэрэндорж хэмээх бүсгүйтэй ханилан суужээ. Тэднийх гурван охин, дөрвөн хүүтэй өнөр өтгөн сайхан айл болжээ. Цэвэгмид, Бандимаам, Цэвэгжав, Рагчаа, Уртнасан, Оюунчимэг, Отгонбаяр нар нь одоо Улаанбаатар хотод аж төрж байгаа аж. Том хүү Бандимаам нь аймгийн заан цолтой хүн эдүгээ Улаанхуаранд аж төрж байна. П.Аюуш арслан дунд зэргийн нуруутай 180-185 см өндөр, 90 кг орчим жинтэй цайвар цагаан царайтай, сугадаж тонгорох, барьцгүй цохиж хавсрах мэхийг сайн эзэмшсэн, мэхийг их хурдтай, даацтай хийдэг бөх байжээ.

Арслан маань амьдралынхаа хорь гаруй жилийг хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах буянтай үйлсэд зориулжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд, аймгийн төр захиргааны байгууллага, бөхөд элэгтэй түмэн олны буянаар П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн явдал төдийгүй нутаг орноосоо дахин ийм алдартай бөх төрүүлэх бэлгэдэл болсон байна. П.Аюуш арслан хөдөө орон нутагт амьдарсаар 1966 онд Улаанбаатар хотноо шилжин ирж Спортын төв ордны аж ахуйн эрхлэгч, Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн аж ахуйн эрхлэгч зэрэг ажил алба эрхэлж байгаад 1975 оны оны орчим насан өөд болжээ. Баянхонгор аймагт одоогийн байдлаар П.Аюуш арслангийн энд хүрсэн хүчит бөх төрөн гараагүй байгаа гэж дээр дурдсан. Тэгвэл үүнийг батлах нэгэн зүйл үнэмлэх үр ач нарт нь одоо болтол хадгалагдаж байдаг аж. Энэ өвөрмөц цол, шагналын үгийг сийрүүлбэл “1960 оны долдугаар сарын 12. Үнэмлэх-3. Нөхөр Пагма овогтой Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадмын бөхийн барилдаанд удаа дараа амжилттай барилдсан тул аймаг даяар дуурсагдах дархан аварга цол шагнаж, үнэ бүхий зүйлээр дурсгав. Баянхонгор аймгийн баяр наадмын төв комисс” гэсэн сонирхолтой баримт юм.

Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит Баянхонгор аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо “Их Богд” дэвжээний тэргүүн, улсын харцага Д.Батболд өнгөрөгч бямба гаригт түүний үр хүүхдүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Баянхонгор аймгийн Бөхийн холбооны даргаар аймгийн Тамгын газрын дарга Дашцэрэнг томилсон байна. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийг гурван сая, үзүүр бөхийг хоёр сая, их шөвгийн бөхийг тус бүр нэг сая төгрөгөөр тус тус байлах болсноо хэлж байлаа. Улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал, Баянхонгор аймгийн бөхийн холбооны тэргүүн Ч.Дашцэрэн биднийг улсын арслан П.Аюушийн хүү бэлтгэл хошууч, аймгийн заан А.Бандимаам гуайнд амралтын өдрөөр очих үед түүний дүү А.Уртнасан нар угтан авч алдарт аавынхаа тухай хууч хүүрнэсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *