Categories
мэдээ цаг-үе

П.Дамдин: Улс төрийн товчоо огцроходби түүхийн хогон дээр хаягдсан

Ю.Цэдэнбал, П.Дамдингийн 50 насны ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнав

Паавангийн Дамдин гуай “Би муу бичдэг, хүний бичсэнийг өөлөхдөө сайн” хэмээн анхааруулсаар яриагаа эхэлсэн юм. П.Дамдин гуай 1960 онд 29 насандаа БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайдаар анх томилогдсоноос хойш Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв Хорооны Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны орлогч, жинхэнэ гишүүний албыг 30 жил тасралтгүй хашсан нэгэн. Одоо ч энэ эрхэм хүн улс орондоо санаа зовж явдаг. “Бид яаж байлаа, одоо ийм байна” гэж бухимдах нь цөөнгүй гэнэ. Өвгөн хүзүүндээ аппараттай явна. 1997 онд хүндээр өвдөж, урд хөршийн эмнэлэгт хоёр сар сэхээнд хэвтсэн удаатай. Нэг хэсэг амьсгалах, ууж идэхэд ч бэрхшээлтэй байсан бол одоо юм бичихэд амаргүй байдаг ажээ. Түүнийг үхэх сэхэхийн дэнсэн дээр байхад үйлдвэрүүд хаалгаа барьчихсан хэрнээ ажилчид, салбарынхан нь “Үхэж болохгүй шүү” хэмээн захиж, чадлаараа тусламж илгээж байжээ.

П.Дамдин Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Ханхөхий уулын Цагаан толгой гэдэг газарт 1931 онд төржээ. Гэргий Раднаабазарын Энхтуяа хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1994 оныг хүртэл Анагаах ухааны дээд сургуульд багшилж, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан эмэгтэй. Эднийх хүү, охин хоёртой. Ууган хүү Баяраа нь Москвад Ф.Дзержинскийн нэрэмжит Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Охин Цэнгэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

П.Дамдин гуай бас 1973 онд нисэх онгоцны осолд орсон ч амьд үлдсэн ус уух хувьтай хүмүүсийн нэг. “Улс орны амьдрал, өнөөгийн байдал ярина. Хувийн юмнууд хэрэггүй” гэж өвгөн надад сануулсан юм. Гэсэн ч бидний яриа яаж ийгээд үргэлжилж, би асууж, өвгөн хариулсаар байлаа.


-1990 онд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэдэг мэдээ олон нийтийн хувьд нийгмийн шилжилтийн эхний дохио өгсөн. Огцоръё гэдэг шийдвэрийг Ж.Батмөнх дарга гаргасан гэцгээдэг. Улс төрийн товчооны бусад гишүүд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

-Уг нь Улс төрийн товчоог сонгодог газар нь хэн билээ. Их хурал хуралддаггүй юм аа гэхэд намын Төв хорооны бүгд хурлаар товчоог шийдэх ёстой. Гэтэл өлсгөлөн, цаг үеийн байдлаас болоод, Улс төрийн товчоо огцрох шийдвэрийг өөрөө гаргасан. Гэхдээ бид санал нэгтэйгээр огцоръё гэсэн.

-Эсэргүүцэх хүн гараагүй юу?

-Тэр үеийн нэг онцлог юу гээч. Намын төв хорооны Улс төрийн товчоог толгойлж байгаа хүн ерөнхий нарийн бичгийн дарга. Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрийг товчооны гишүүд хэн ч гэсэн хүлээж авна шүү дээ. Харин яах вэ гэж ярих ёстой. Хүн болгон өөр өөр юм боддог байсан байх. Манай Ж.Батмөнх биднийг дуудаж оруулаад “Огцоръё” гэсэн. Бид бүгдээрээ огцоръё гэдэг саналтайгаар шийдвэр гаргасан юм. 1990 оны гуравдугаар сарын 9-нд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Ноднин “Ардчилал” сонинд “Ардчилсан хувьсгалыг хэн ч өмчилдөггүй юм” бил үү дээ, том өгүүлэл гарсан. Тэр дунд УТТ-гоор огцрох асуудал ярьж байх үед П.Дамдин, Л.Лантуу, Б.Дэжид нар “Энэ хөдөлгөөнийг шууд даръя гэж санал хэлж байсан” гэж бичсэн байна лээ. Тийм санал бид гаргаа ч үгүй. Энэ бол гүжирдлэг. “Чи бид хоёрыг үхчихсэн л гэж бодож байх шиг байна” гэж Л.Лантуу бид хоёр ярьж байсан юм. Б.Дэжид гуай нас барчихсан шүү дээ. Ноднин “Бидний нэр хүндийг гутаасан. Бид ч яах вэ өнхрөөд өгнө. Үр хүүхэд хэцүү шүү дээ” гээд Сэргийлэхийн дарга Р.Чингис гэж нөхөрт бичсэн. Өөрөө ч хариу өгөөгүй, уншаа ч үгүй байх. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бололтой. Нэг ахмад хариу ирүүлж байгаа юм. “Энд хүнийг гүтгэсэн тодорхой баримт байхгүй байна. Тийм учраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэсгүй байна” гэж хариулсан. Бид хоёр өмгөөлөгч олоод, өнгөрсөн долоо хоногт өргөдлөө өгсөн. “За хүү минь, үүний учрыг олж өгөөрэй” гэсэн. Онгоцоор жиших юм бол хоёр сая 500 мянган зорчигчтой, бид долоо экипаж нь байж л дээ. Хүнээ суулгачихаад социализм байгуулахаар нисч явсан улс чинь ардчиллынхан гараад ирэхэд амиа бодоод долоон шүхэртэй бид үсэрч, амьд гарсан. Хүн ам нь өсч үржээд гурван сая болчихоод байна. Онгоц улам доошоо нисээд л байгаа. Тийм биз. Ингээд үзэхээр би ямар гайгаар Ж.Батмөнхийн дор байж, энийг хийв ээ. Хэрэв Ю.Цэдэнбал дарга маань залуу байсан үе байсан бол доо гэж заримдаа боддог юм.

-1989 онд Румынд Чаушескуг эхнэртэй нь буудчихсан. Тэр бичлэгийг УТТ-ныхон хамт үзсэн нь буулт хийхэд нөлөөлсөн байж магадгүй гэсэн яриа сонссон. Бодит байдал дээр энэ бүхэн нөлөөлсөн үү?

-Би боддог байсан. Ю.Цэдэнбал дарга шиг ухаантай, жинхэнэ улсын удирдагч шиг хүн байсан бол бид тэгж бууж өгөхгүй, учраа олж болох байсан гэж. Яагаад гээч 1989 оноос эхлээд бужигнаан боллоо. Ухуулах хуудас наалаа гээд Аюулаас хамгаалахынхан дор дор нь мэдээлдэг байсан. Товчоо байн байн улс орны байдал ярина. Би тэгэхэд улс орны байдлын тухай даргатай аминчилж ярья гээд 1990 оны эхээр өрөөнд нь орлоо. “Улс орны байдал хүнд болж байна. Ер нь дарга аа, та энэ залуучуудтай уулзаач. Эдний эцэг, эх тантай хамт багшилж байсан таны л үеийн улсууд байна шүү дээ. Эцэг эхийг нь дуудаж уулзаач. Нэг орой гэртээ аваачдаг ч юм уу. Сайхан хоол идээд, нөхөд минь яах вэ гээд ярилцаж болдоггүй юм уу. Түүнээс гадна энэ залуусыг ажилд тавимаар байна. Ухаандаа та С.Зоригийг УТТ-ны орлогч гишүүн бөгөөд, Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавьчих. Бусдыг нь сайдаар тавьчих. Над мэтийг халаад хаячих. Та нарын тавьж байгаа шаардлага зүйтэй. Бид дутагдалтай ажиллаж байна. Та нар энийг засна шүү гээд энэ залуучуудыг ажилтай зууралдуулаад өгч болдоггүй юм уу. Гурав дахь санал нь УТТ-г хоёр хэсэг болгочих гэсэн. Тэр үед залуусын шаарддаг юм жинсэн өмд, магнитофон байхгүй гэдэг байлаа. УТТ-ны нэг хэсгийг аж ахуйн хэсэг болгож, Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном толгойлог. Би орлогч нь болъё. Энэ залуусын шаардаад байгаа юмыг нь хангаад өгье. Хос жинсэн өмд, хоёр магнитофон хүзүүнээс нь зүүгээд, амаар нь дүүрэн бохь чихээд өгье л дөө. Тэгэхэд энэ залуус чинь ойлгоно шүү дээ. Иймэрхүү аж ахуйн ажил хийгээд, улс төрийн хэсэг нь болохоор Ц.Намсрайгаар толгойлуулаад энэ залуустай уулзаж яриг гэсэн. Ж.Батмөнх дарга том эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, сайхан хүн л дээ. Намайг бодоход уур уцаар багатай. Уг нь П.Дамдин чиний энэ санал зүйтэй байна, харж үзье, бодъё, хэдүүлээ ярья гэдэг ч юм уу эсвэл “Чи битгий дэмий юм яриад бай” гэх мэтээр хариулж болно шүү дээ. “Өөр юм байна уу” гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд дуусаа. Байдал улам хэцүү боллоо. 1990 оны нэгдүгээр сард шиг санаж байна. Бас л Ж.Батмөнх дарга дээр орлоо. “Дарга аа, хэдүүн танд санал хэлсэн шүү дээ. Энийгээ л дахиж яримаар байна” гэсэн. Манай Ж.Батмөнх хүний яриаг их л сайн сонсдог хүн. Хариу байхгүй нь урам гутмаар. Хөөрхий, Ю.Цэдэнбал дарга маань бол ороод ярихаар мундаг нарийн хүлээж авна шүү дээ. Ингээд хоёр удаа яриад үндсэндээ “Энэ нөхөртэй яриад нэмэргүй юм байна даа” гэж бодсон. Гурван сард байна уу даа, УТТ-ны өргөтгөсөн хурал хийсэн юм. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч нарыг оролцуулсан. Улсууд санал гаргаад байна. Би босоод саналаа хэллээ. “За, нөхөд минь байдал хүнд байна. Үүнээс гарах арга зам байна гэж үзээд би Ж.Батмөнх дарга дээр хоёр удаа орж ярьсан. Ийм санал тавьсан. Ингэвэл улс орны байдал өөр болохоор байна шүү дээ” гэсэн. Би Ж.Батмөнх даргыг ингэж уурлаж байхыг үзээгүй. Тайван хүн шүү дээ. Тэгсэн чинь мань хүн босон харайгаад, нүднийхээ шилийг авч хаяад “Чи дандаа хүнд үүрэг өгч байдаг. Өөрөө юм хийдэггүй” гэж намайг хурал дээр загналаа. Би хэллээ. “Дарга аа, би танд хэлэхгүй хэнд хэлэх юм. Гудманд хашгираад гүйж явах юм уу” гэсэн. Тэгээд удаагүй биднийг дуудаад “За нөхөд минь, огцорцгооё” гэсэн.

-Хамтдаа бичлэг үзээгүй юү?

-Тэр чинь телевизээр гарч байсан юм. Тэрийг юу гэж товчоо бүхэлдээ үзэх вэ. Яг тэр үед социалист улсуудын удирдлагууд хүнд байдалд орчихсон. Чаушескуг авгайтай нь буудаад алчихсан. Би боддог юм. “Аягүй бол эд Даариймаа бид хоёрыг буудаад алчих байх. Эртхэн шиг бууж өгье” гэж бодсон байх.

-УТТ огцроход олон нийт том өөрчлөлт болох нь гэдгийг ойлгосон. Харин та социалист систем болохоо байлаа гэдгийг мэдэрч байсан уу?

-Үгүй ээ, социализм болохоо байлаа гэж хэн нь ч бодоогүй. Бид социализмыг байгуулна. Дутагдал байна, засна, сайжруулна л гэж явсан. Манай зарим улс тэгдэг юм. Би дээр үед мэдэж байсан. Социализм болохгүй болчихсон юм аа гэцгээдэг. Би л тэгж бодоогүй. Дутагдал байсан уу гэвэл байсан. Эдийн засгийн хөгжлөөрөө хоцорч байсан байхгүй юу даа, манай лагерь бүхэлдээ. Дэлхий социалист, капиталист гээд хоёр хуваагдчихсан. Тийм учраас бидэнд мөнгө төгрөг муу. Валют, доллар олдохгүй шүү дээ. Ийм үед одоогийнх шиг “Мөнгө өгөөч“ гэж гуйвал асуудалд орно. “Чи юу гэж лагерийн нэр хүндийг, Монгол Улсын нэр хүндийг унагааж, Японоос мөнгө гуйдаг байна аа” гэнэ шүү дээ. Хүн болгон социализмынхаа, улсынхаа нэрийг бодно. Социализмын дутагдлыг яаж засч болохыг бидний дэргэдэх Хятад улс харуулж байна. Удирдагч гэдэг үүгээрээ ялгаатай.

-Та улс орны удирдлаганд байсан хүн. Тэтгэвэрт гарахаараа тэгнэ ингэнэ гээд ирээдүйгээ төлөвлөж байсан уу?

-Тийм юм байгаагүй. Намаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө хамаг бүхнээ зориулж байсан болохоос биш би тэтгэвэрт гараад яах билээ гэж бодож байгаагүй. Одоо бол дээр байгаа хүмүүс улсыг бодохгүй, хувиа бодож байна шүү дээ. Тэр үед социализм байгуулж байсан бид ганц ТҮЦ ч үгүй үлдсэн. Манай орон сайхан, зөв замаар явж байна. Тийм учраас бид өөрсдөдөө болон үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй байсан. Тэр үед хэн ч манай улс ийм болчихно гэж бодоогүй. Түүх шүүх л байх даа. Шүүхдээ үнэн мөнийг тогтооно. Манай нам бол Монголын ард түмний жолоодогч, манлайлагч, удирдагч гэж Үндсэн хуульдаа заасан. Манай намын гол зорилго бол ард түмнээ сайн сайхан амьдруулах л байсан. Манай улс нүүдлийн мал аж ахуйн орон байсан. Үндсэндээ 1960 оныг хүртэл ийм л байлаа шүү дээ. Манай улсыг өөрчлөх хөгжүүлэх асуудал үндсэндээ 1990 оноос өмнөх 25 жилд л хийгдсэн. Социалист орнууд бий боллоо. Бүхэл бүтэн лагерь бий боллоо. Улсаа хөгжүүлье гэдэг зорилго тавиад 1961 онд хуралдсан МАХН-ын XIV их хурлаас Монгол орныг эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгоно гэсэн зорилго тавиад л үүний төлөө тав таван жилийн төлөвлөгөө хийж, ажилласан. Улс орныг хөгжүүлэх ерөнхий схем, прогноз 20 жилээр хийгээд, МАХН-ын Төв хороогоороо ярилцаад, үүнийгээ тав таван жилээр нь хуваагаад тэр дагуу явсан.

-УТТ огцорлоо, та юутай үлдсэн бэ?

-Би тэгэхэд түүхийн хогон дээр л хаягдсан. Өөр юутай үлдэх юм бэ. Шүүхэд шилжсэн шүү дээ. Гайхмаар байгаа биз. Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гээд 12 хүнийг манай нам шийдвэр гаргаад шүүхэд шилжүүлсэн. Намын түүхэнд удирдлаганд байсан хүмүүсээ бүрэлдэхүүнээр нь шүүхэд шилжүүлсэн анхны тохиолдол байв. Сүүлийн жилүүдэд л биднийг ахмад гэж харж үздэг болсон. Хөөрхий, Ю.Цэдэнбал даргыг хүний нутагт үндсэндээ цөлөөд, бурхан болголоо. Бид энд гурван жил шүүхэд дуудагдлаа. Хэдхэн сарын өмнө нам, улсын удирдагч гээд сайшааж, магтуулж явсан улсыг гудамжаар явахад хүн болгон хараад “Өнөө тойрон хүрээлэгч чинь энэ явж байна” гэдэг. Ухаандаа ингэдэг байхгүй юу. Хоёр байцаагч ээлжилж байцаадаг. Байцааж байгаа хүмүүс их сонин. Байцаагч залуухан эмэгтэй “За, Дамдин гуай, нөгөөдөр 11 цагт ирсэн байгаарай” гэнэ. Нөгөөдөр болтол одоо юунаас эхлэх бол, яах бол гэж юм бодно. Нойр, хоол муутай л байна шүү дээ. 11 цагт очоод үүдэнд нь сууна. Өнөө хүүхэн чинь орж гараад л найзууд нь ирсэн бололтой хөхрөлдөөд л. Инээгээд, тамхи татаад байхыг бодоход хувийн л юм ярьдаг байлгүй. Ингэсээр байтал 13 цаг болоод үдийн цайндаа явна. “Өө, Дамдин гуай та ирчихээ юү” гэнэ. “Та намайг 11 цагт ир гэсэн, би цагтаа ирээд сууж байна” гэхээр “Өө, таныг биш би андуурсан байна лээ шүү” гэх жишээтэй. Энэ мэтээр байцаасаар байгаад шүүхэд шилжүүлсэн. Намайг нэгдүгээрт улсын хөрөнгийг сүйтгэсэн, хоёрдугаарт, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хоёр зүйлээр буруутгасан юм. Бидний идсэн уусан гэх хэргийг шалгахын тулд гуч гаруй нягтлан бодогч дайчилсан. Арван жилийн дотор улсаас авсан цалин мөнгө, орон сууц, лабораториос авч хэрэглэсэн идэж уух юм гээд бүгдийг шалгасан. Хоёр, гурав хоноод л дуудна. Өөрөөр хэлбэл, гурван жил амьдаар нь тамлаж байгаа юм. Нэг удаа дуудаад “П.Дамдин гуай, таны хэргийг шалгаж дууссан, та улсын хөрөнгөнөөс 188 төгрөг идсэн байна” гэлээ. “Юу байна, хүү минь” гэсэн чинь “Таныг дарга болоход байрыг чинь зассан байна. Байрыг зассан төсвөөс 188 төгрөг хэтрүүлжээ. Та энэ мөнгийг банкинд тушаагаад, баримтыг нь авчирч өг” гэсэн. Гүйж очоод тушаачихсан. “Одоо дууссан уу” гэсэн чинь “Та улсыг хохиролгүй болгочихлоо” гэсэн. Хоёр дахь нь улс төрийн асуудал. УТТ-ны тогтоолд гишүүд гарын үсэг зурдаг байсан. Намайг орлогч болсноос хойш УТТ-ны хоёр гишүүн Т.Рагчаа гуай, Д.Гомбожав гуай хоёр тэтгэвэрт гарсан байдаг. Тэр үед нам засгийн удирдах улс тэтгэвэрт гарахад тусгай тэтгэвэр тогтоодог тогтоолтой байсан. Сарын тэтгэвэр нь 1100 төгрөг. Тухайн үед нийтийн тэтгэвэр 500-600 төгрөг байсан байх. “Та УТТ-ны гишүүний хувьд тэр хоёрын тусгай тэтгэвэр тогтооход гарын үсэг зурсан, үнэн үү” гэсэн. “Үнэн” гэсэн. “Энэ чинь албан тушаалаа урвуулсан хэрэг. Үүнийг чинь шүүхэд шилжүүлнэ” гэсэн. Шүүхэд дуудлаа. Ийм ийм учиртай гээд тайлбарлана. Гарын үсэг зурсан товчооны гишүүд яригдаад байсан 200-гаад мянган төгрөгийг нь хуваагаад төлж болох л байсан. Гэтэл шийтгэхээр зүтгэсэн. Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан хэргээр 10 жилийн ял заагаад, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх шударга шийдвэр гаргаж, “Энэ бол хэрэг биш, Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу улсыг удирдаж байсан хүмүүс ийм эрхтэй. Хуулийн дагуу хийгдсэн байна. Албан тушаалаа урвуулсан хэрэг биш” гэж үзээд, хэрэг хаагдсан.

-Ингэхэд танд хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоосон бэ?

-Нийтийн журмаар тогтоолгосон. Тэр үед тусгай тэтгэвэр байхгүй болсон юм. Гэр бүлээ тэжээж чадахгүй шахам л байсан.

-Ю.Цэдэнбал дарга таныг дэвшүүлсэн юм байна лээ. Та бас Увсынх. Тэр үед гадаадад сургууль төгсч ирсэн боломжийн залуу хүн гэж таныг сонгосон нь мэдээж. Гэхдээ нутгийн хүчин зүйл илүү дотносох шалтгаан болсон уу?

-Мэдээж хэрэг судалж байхдаа аль аймгийн, хэн гэдгийг мэдсэн байх. Гэхдээ Ю.Цэдэнбал дарга тийм хүчин зүйлийг харгалздаг өчүүхэн амьтан биш шүү дээ. Тэр бол түүхэн том зүтгэлтэн.

Гэр бүлийн хамт. 1979 он

-Та Монголын томоохон аж үйлдвэрүүдийн эхлэл суурийг тавьж, барьж байгуулахад оролцсон хүн. Гэхдээ “Монголчууд хадаасаа ч үйлдвэрлэж чаддаггүй” гэж социализмын үед ярьдаг байсан санагдана?

-Социализмын үед биш одоо л тэгж яриад байгаа юм. Хятад, Орост төчнөөн тонн мах экспортолно гэж сайхан яриад байна. Гаргаж чаддаггүй. Орчин үеийн шаардлага хангасан үйлдвэр байхгүй юм чинь яаж мах гаргах юм бэ. Мах, арьс, шир, ноосоо бүрэн боловсруулахын тулд эхлээд малаа эрүүлжүүлэх учиртай. Үүнийг бид хийсэн. 1961 онд хуралдсан намын XIV их хурлаас ойрын ирээдүйд эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгох зорилт тавьсан. Миний ажиллаж байсан салбар, надад өгсөн үүрэг юу вэ гэхээр “Монголыг үйлдвэржүүлэх талаар хөөцөлд, арга хэмжээ ав” гэсэн үг шүү дээ.

Малынхаа арьсыг боловсруулаад, дээл хувцас хийгээд түүгээр ч барахгүй торгон савхи хүртэл хийгээд социалист лагерийн орнуудад битгий хэл хөрөнгөтөн орнууд, Итали, баруун Герман, Францад хүртэл гаргаж доллараар борлуулж байлаа шүү дээ. Одоо бол хадаас ч хийж чаддаггүй гээд байдаг.

Ард түмнийхээ хэрэгцээг эрүүл хүнсээр хангана. Илүү гарсныг нь гадаадад гаргана гэж байсан. Одоо үйлдвэрийн парк байгуулна гээд байна. Хэчнээн жил ярив даа. Гэтэл бид ёстой үйлдвэрийн паркийг чинь жинхэнэ ёсоор бий болгоод, Улаанбаатарын Мах комбинат, Дарханы Мах комбинат, Чойбалсангийн Мах комбинатад малаа нядалдаг болсон. Малаа нядлаад гадагшаа гаргасан. Зөвхөн мах биш заримыг нь консерв хийгээд гаргана. Өлөн гэдсийг нь ашиглана. Ноосыг нь нэхмэлийн үйлдвэрт өгнө. Арьс, ширийг нь арьс, ширний үйлдвэрт өгнө. Иж бүрэн боловсруулж байсан. Одоо мал 60 хэдэн сая боллоо гэдэг. Үр дүн нь хаана байна. Махаа боловсруулж чаддаггүй. Одоо худалдаанд гарч байгаа махнууд дандаа бүдүүлэг аргаар, хээрийн бой шиг хийсэн, шороо, өвчтэй, ариун цэврийн бус нөхцөлд бэлтгэсэн мал байгаа шүү дээ. Ингэж яаж болох вэ. Хүнсний асуудал нарийн. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой. Дээр үед настай хүмүүст тусч байсан даралт ихсэх гэх мэт есөн жорын өвчин залууст тусч байна. Энэ бол олон шалтгаантай. Түүний нэг нь хүнсний асуудал.

-Танд ажлаа өгөхөөсөө өмнө байгуулахыг хүсч байсан үйлдвэр байсан уу?

-Намайг сайд болж байхад манай улс 24 мегаваттын ганцхан жижигхэн цахилгаан станцтай. 200-хан мянган тонн нүүрс гаргадаг Налайхын ганц уурхайтай байсан. Социалист лагерь бий боллоо. ЗХУ, бусад социалист орнуудаас тусламж дэмжлэг ирэх нь их боллоо. Дайны дараа ард түмний амьдрал сайжирлаа. Манай улс төлөвлөгөөт аж ахуй руу орлоо. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гараад, үйлдвэр байгуулахгүй бол малынхаа арьс, шир, ноос, ноолуурыг ашиглаж чадахгүй юм байна. Амьдрал дээшлэхгүй байна гэж үзсэн. Үйлдвэр байгуулахын тулд цахилгаан хэрэгтэй. Ганц жижиг станц Улаанбаатарын хэрэгцээг хангаж чадахгүй. Улаанбаатарт цахилгаан тасалдахгүй өдөр гэж байдаггүй. Намайг сайд болох үед цахилгаанаар хангах хуваарийг сонинд зарладаг байлаа. Хөдөө харанхуй. Юуны өмнө цахилгаан станцууд байгууллаа. 1961 онд Улаанбаатарын хоёрдугаар цахилгаан станцыг БНХАУ-ын тусламжтайгаар, 1965 онд Дарханы цахилгаан станц, 1968 онд III цахилгаан станцыг, 1983 онд VI цахилгаан станц байгууллаа. Шарын гол, Багануурын уурхай байгууллаа. Нүүрс хангалттай боллоо. Бид энэ үед өөрийнхөө хэрэгцээг хангаад, илүү цахилгаанаа ЗХУ-д экспортолж байлаа.

Ноосон даавуу хийдэг үйлдвэр байгууллаа. Монгол хонины ноос хивс хийхэд тохиромжтой. Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсангийн гурван үйлдвэр хивс үйлдвэрлэдэг боллоо. Нэхий дээл үйлдвэрлэдэг сайхан үйлдвэр байгуулчихлаа. Нэг үгээр хэлбэл, малынхаа түүхий эдийг бүгдийг боловсруулдаг болсон. Уул уурхайгаас ялгаатай нь малын түүхий эд жил тутам бий болж байдаг баялаг. Манай удирдах улс ухаантай хандсан бол бидний байгуулсан үйлдвэрүүдийг улам сайжруулаад, арьс, шир, ноосны үйлдвэрүүд нь ажиллаж байсан бол юу гэж өнөөдөр Хятадын түүхий эдийн бааз болчихсон сууж байхав дээ. Миний байгуулахыг хүсч байсан үйлдвэр ганцхан үлдсэн. Энэ бол ноолуурыг боловсруулах. Бусдыг нь бид бүгдийг нь боловсруулж чадсан. Түүгээр ч барахгүй ангийн арьс боловсруулдаг үйлдвэр ч байгуулсан юм шүү дээ. Чоно, үнэг, зурамны арьс боловсруулж байсан. Би Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд болж, намаас даалгасан үүргийг муугүй биелүүллээ. Бүрэн биелүүлэхийн тулд боловсруулдаггүй ганц юм тэмээний ноос, ямааны ноолуур байсан. Манай лагерьт ийм технологи, техник байгаагүй. Гэтэл манай ард түмний зол, салбарт ажиллаж байсан хамт олны азаар Японоос дайны төлбөрт 17 сая доллар өгөхөөр болсон юм. Яам болгон энэ мөнгөнд анхаарал хандуулж, санал боловсруулж, сайд болгон гүйж байв. Социализмын үед гаднаас олдож байгаа ганц валют шүү дээ. Ю.Цэдэнбал дарга “Ноолуур боловсруулах сайхан үйлдвэртэй болох нь цаашдаа хэрэгтэй” гэж дэмжсэн учраас Монгол Улс ноолуурын үйлдвэртэй болсон юм даа. Ноолуурын сайхан үйлдвэртэй болохоор хүсч байсан болохоор Англи, Итали, Японд очиж туршлага судалсан юм. Түүх мэдэхгүй хүмүүс “Говь” комбинатыг япончууд барьсан гэдэг. Япон улс тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдээ нийлүүлээд, Даадашин даргатай манай барилгачид босгосон юм шүү дээ.

-Та Пааван гэдэг хүнээр овоглодог. Ээж, аав хоёр тань салаад Пааван гэдэг аавтай болжээ. Танд сүүлд овгоо солих бодол төрж байсан уу?

-Үгүй яалаа гэж. Миний биологийн эцэг Нанзад гэж хүн. Намайг хүн болгосон хүн бол Пааван гэж хүн. Тийм учраас би энүүгээрээ л дуусна.

-Та дөнгөж 29 насандаа төрийн сайд болсон болохоор нэрээ хичээх, залуу хүний жаргал цэнгэлийг хязгаарлах шаардлага тулгарсан болов уу?

-Хүний нэр төр ажлаа хэр сайн хийж байгаагаас хамаардаг. Сайд болчихвол нэртэй болчихдог юм биш шүү дээ. Ажлаа сайн хийгээд байхаар ард түмэн “Энэ Төрийн хүн” гэж хардаг. Сайд хүнийг хаана ч очсон хүндэлдэг. Өгсөн үүрэг даалгавар, хэлсэн үг ажил болдог. Одоогийн сайдуудыг бол хэн хүндэтгэж байгаа юм. Ажил хийхгүй учраас нэр төр байхгүй, нэр төр байхгүй учраас сайд хүнийг тоохгүй байна. Бидний үед бол “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг байлаа шүү дээ. Ёс зүй гэдэг бол ямар ч хууль дүрмээс илүү зүйл. Хууль бол ёс зүйн доод хязгаар.

-Та “Эрдэнэт”-ийн захирлаар Ш.Отгонбилэгийг бараг арваад жилийн турш сургаж бэлтгэсэн тухай дурссан байна лээ. Одоо бол албан тушаалыг мөнгөөр үнэлдэг болжээ. Таны үед хүнийг албан тушаалд яаж бэлтгэж, гаргаж ирж байсан тухай яриач?

-Зүйтэй. Манай нам гол боловсон хүчнийг гурил шигшдэг шиг гаргаж ирж байсан. Дээд сургууль төгсч ирээд, шууд дарга сайд болдог систем байгаагүй. Хамгийн дороос эхэлдэг. Гутлын үйлдвэрийн инженер гэхэд л гутлын үйлдвэрийн дагалдангаас эхлэх жишээтэй. Ажилдаа сайн бол дэвшээд л явна. Яамны сайдаас эхлээд, удирдах ажлууд дээр запас бэлтгэдэг. Тогтсон журамтай. Яамны сайд бол орныхоо хоёр хүнийг бэлтгэх үүрэгтэй. Орлогч сайд нар мөн хоёроос гурван хүнийг бодно. Үүнийгээ Төв хороонд илтгэдэг. Яамны сайдыг Төв хороо л бэлтгэнэ шүү дээ. Миний санал болгосон хүнийг ч судлана. Өөрсдөө ч хүн судалж бэлтгэнэ. Хоёр жил тутам түүнийгээ тодорхойлж өгнө. Зүгээр бүртгээд зогсох бус ажил дээр нь шалгадаг. Том үйлдвэрийн дарга нар мөн ялгаагүй хоёр хүн бэлтгэсэн байх учиртай. Нууц санал гаргана шүү дээ. Түүнээс биш тэр хүнд чамайг станцын дарга болгох гэж байна гэж хэлэхгүй. Эрхэлсэн ажлаа яаж хийж байна. Хамт олны дунд нэр хүнд ямар байна. Өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар яаж хичээж байна. Бэлтгэсэн улсаас санасанд хүрэхгүй хүн ч гарна. Бүх яам, албан газар, аймгуудад ийм журам байсан. Ийм учраас албан тушаалд одоогийнх шиг тохиолдлын улсууд гарах ёсгүй. Томилолтоор хөдөө явуулна, гадаад явуулна, Тодорхой үүрэг даалгавар өгнө. Энэ бол манай намын кадр, боловсон хүчний мундаг том сургууль байсан.

-Та намын кадруудыг шигшдэг шигээ эхнэрээ шинжихдээ зөв оновчтой сонголт хийсэн үү?

-Оновчтой болоод л тавь, жаран жил хамт амьдарч байгаа биз дээ.

-Маш аятайхан, боловсролтой эмэгтэй сонгосон байна лээ?

-Намайг бодоход сэхээтний хүүхэд байхгүй юу. Хоолноосоо хүртэл мэдэгддэг. Би боорцог идэх дуртай. Намайг боорцог идэхээр “Хөдөөний хүүхэд боорцгонд дуртай” гэдэг.(инээв) Би одоо хүртэл боорцгонд дуртай. Өссөн орчин хүнд их нөлөөлдөг.

-Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар их ярих болжээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Одоогийн энэ Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж яриад байдаг. Би шал дэмий, АНУ-ын нөлөөн доор хийгдсэн хууль гэж боддог. Эхнээсээ Монголын ард түмний шаардлага, ёс заншил, улсын хөгжлийн цаашдын хандлагад үндэслэж хийгдээгүй хууль. Ухаандаа өмч хувьчлал нэрээр социализмын үед бидний байгуулсан бүхнийг хувааж идээд, үйлдвэрүүдийг хаагаад дуусгалаа шүү дээ. Үндсэн хуульд өмч хувьчлалын асуудлыг зөв тусгах ёстой байсан гэж боддог. Өмч хувьчлал хийж болно. Манай ард түмэн өмч хувьчлалыг ойлгоогүй шүү дээ. Ард түмэнд эхлээд сайн ойлгуулж, мэдээлэл хүргэх учиртай байсан. Гутлын үйлдвэр байлаа гэхэд хувьчилж болно. Хувьчилж авч байгаа эзэн гутлаа л үйлдвэрлэнэ. Манай гутлын үйлдвэр дөрвөн сая 500 мянган хос гутал үйлдвэрлэдэг хүчин чадалтай байсан. Үүнийг бууруулахгүй, гадаадад экспортод гаргах чиглэлээр хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэсэн үндсэн дээр хувьчлах ёстой байсан. Сүүлийн гучин жил хөлс хүчээ зарцуулж байж барьсан үйлдвэрийг улаан ягаан, цэнхэр тасалбараар худалдаж авчихаад, үйлдвэрээ хааж, одоо арьс, ширээ боловсруулж чадахгүй, гутлаа хийж чадахгүй заваарч байдаг чинь юу гэсэн үг вэ?

Яагаад Улаанбаатар утаатай болчихов гэдэг Үндсэн хуультай холбоотой. Юу гэхээр эрх чөлөө өглөө, дуртай газраа хүн амьдарна гэсэн. Хөдөө байсан хүмүүс хэдэн малаа худалдаад, Улаанбаатар руу хөдөлнө шүү дээ. Улаанбаатар сая 300 мянган хүнтэй болоод утаандаа баригдлаа. Миний бодлоор Үндсэн хууль Монголын эрх ашгийг бодсон байдаг бол хүн Монгол нутагт дуртай газраа амьдарна. Нийслэл Улаанбаатарт бол хуучин журмаараа явна гээд тусгай зөвшөөрөл өгдөг байх учиртай. Бидний үед албанд дэвшүүлэх боллоо гэхэд Улаанбаатарт ирүүлэхгүй. Энд ирээд орон сууц нь байна уу гэж үзэж байж зөвшөөрөл өгдөг. Улаанбаатарт хэн ирж байсан гэхээр үр хүүхэд нь байдаг, өвчтэй зовлонтой улсууд л тусгай зөвшөөрлөөр ирж байсан. Одоо тэгэхэд юу болж байна.

Олон нам байна гэж Үндсэн хуульд зөвшөөрдөг. Яагаад Үндсэн хуульд Монголд хоёр л нам байна гээд зааж болдоггүй юм. Тэгвэл ард түмнийг ингэж их сөргөлдүүлэх үү? Өнөөдөр гуравхан сая хүн хорин хэдэн намтай болчихсон. Бүх хүнийг сөргөлдүүлж байгаа биз дээ. Манайхан угаасаа хүн ам цөөтэй. Ийм олон нам байгуулагдах дэмий.

Уг асуудал буруу тавигдсан учраас өнгөрсөн 28 жил манай Үндсэн хуулиар биш Америкийн шууд удирдлаган доор хийгдсэн Үндсэн хуультай явж ирлээ. Манай болж байгаа бүх юм Америкийн боловсруулсан төлөвлөгөөгөөр л явж байна шүү дээ.

Үндсэн хуулийг өөрчлөхдөө Зөвлөлдөх уулзалт хийгээд, тэрний дагуу ард түмний санал аваад, өөрчлөх юм гэнэ. Нэг муу Үндсэн хууль хийсэн улс, хоёр дахь муу Үндсэн хууль гаргаад юу хийхэв дээ. Манайд ухаантай, эрдэмтэй, туршлагатай хүмүүс олон байна. Энэ улсуудаараа Үндсэн хууль боловсруулах тусгай комисс гаргаад, боловсруулаад, ард түмнээр хэлэлцүүлээд, дараа нь ард түмний саналыг хурааж аваад, УИХ-д оруулж батлуулах хэрэгтэй. Одооны эдэн шиг нүд хуурсан ажил хийж болохгүй шүү дээ. Зөвлөлдөх уулзалт гэнэ шүү. Ямар мундаг сэтгэдэг улс вэ. Америк багш нь зааж өгдөг байх даа.

-Америкийн нөлөө л гээд байх юм. Социализмын үед орос ах нарын заасан замаар л явдаг байсан биз дээ?

-Би улсын удирдлаганд сайд хийгээд явахдаа Орос дургүйцэж байна, энэ болохгүй байна гэж нэг ч сонсоогүй. Одоо эд нар Оросоос хамааралтай байсан гэж яриад байх юм. Баримт гаргаад ир л дээ.

-Одоогийн төрийн эрхэнд байгаа хүмүүст ямар дүн тавих вэ?

-Сурагчийн хамгийн муу үнэлгээ юу байдаг вэ?

-Бидний үед хоёр л байсан шүү дээ.

-Тэгвэл хоёрын тоо л тавих байх даа. Улс орныг дампууруулчихаад байгаа улсыг юу гэж сайн гэх юм бэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *