Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: Х.Нямбаатар гишүүн ээ, бүтэн жил суучихаад том хуульд гар дүрэх хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцэд шүүгчтэй холбоотой асуудлаар иргэн н.Оюунчимэг гомдол гаргажээ. Тэрбээр “Шинэ залуу шүүгч төрөн гарахад хууль эрх зүйн орчин зөрчилдөж байна” гэдэг гомдол гаргажээ. Түүний гомдлыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцсан ч санал хураасангүй. Учир нь Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлаар санал хураах заалт байдаггүй аж.

УИХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал бол Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх юм. Энэ хуулийн төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан ч гэнэт орж ирсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд шүүмжлэв. Тэрбээр “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Х.Нямбаатар оруулж ирсэн. Энэ хуулийн төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байж яагаад гэнэт ороод ирэв. Нийгэмд ямар гал асах гээд байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -УИХ-ын гишүүд Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталж байгаа. Миний санаачилж байгаа хуулиуд хоёр гурван сар хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өнөөдөр гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, одоо чуулганаар ороод ирлээ. Гишүүд бол хуулиа дагаж байгаа. Харин Х.Нямбаатар гишүүн та хуулиа барьж байна уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Хууль зөрчсөн зүйл байхгүй. Дэгийн тухай хуулиараа хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ хуулийн төслийг яаралтай оруулж ирэх ямар үндсэн шалтгаан байна вэ. Миний санаачилсан хууль гурван жил болж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хууль ногоон гэрлээр ороод ирлээ. Таны хуулийн төсөлд Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Та бүтэн жил суучихаад том том хуульд гар дүрэх хэрэгтэй. Ах нь тэгээгүй. Ах нь төрийн байгууллагад 10 жил ажиллаад, УИХ-д орж ирсэн. Чи битгий хүний гар хөл болоод савсагнаад гүйгээд бай. Нэг их ухаантай банди ороод ирчихсэн, бүх хууль өөрчлөөд гүйгээд байдаг. Хууль тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Тэгээд одоо бидний баталсан хууль муу хууль юм гээд кноп дараад сууж байх уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулж өгөх гээд байна гэдэг зүйлийг Ц.Даваасүрэн гишүүн ярьж байна. Гэтэл гурван хууль санаачлах субъектэд бүгдэд нь хамаатай. Би Даваасүрэн гишүүнд юу хэлхэв дээ. Намайг элдвээр доромжилж хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Би доромжлоогүй. Анхааруулж байна. Анхааралтай бай. Парламентад бүтэн суусан гишүүд наад хуулийг боловсруулахад оролцсон байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүн та юмаа ойлгож өөрчлөөд байна уу, ойлгохгүй өөрчлөөд байна уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Хууль тогтоомжийн тухай хуулийг гэнэт ямар нэг хууль оруулж ирэхээс сэргийлж баталсан юм. Улсын эдийн засгийн үндэс суурийг ярьж байгаа хууль нь хөнгөн гоомой явахаар болж байна уу. Хоёрын хооронд амин гол судсыг нь авч хаяад байх юм бол хууль мөрдөөд яах юм бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Эдийн засагтай холбоотой хуулийн заалт энэ төсөлд тусаагүй.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж хуулийн төслийг дэмжлээ. УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *