Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болно

“Монголын инновацийн долоо хоног-2017” арга хэмжээний хүрээнд маргааш Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болно. Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ энэ тухай ийнхүү мэдээлэв. “Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болох 50 гаруй байгууллага оролцоно. Монголын эрдэмтэн судлаачдын оюуны өмч, патентууд эдийн засгийн эргэлтэд дорвитой орж чадахгүй байгаагийн шалтгаан нь зах зээлийн зарчимд нийцдэггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, захиалагч тал болох эрэлтэд тулгуурлаж чаддаггүй.

Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт 2000 гаруй оюуны бүтээл, патент бүртгэлтэй байна. Инновацийн үзэсгэлэнгийн үеэр төр хувийн хэвшил, Монголын томоохон аж ахуй нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар инноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, технологи үйлдвэрлэгчдийн оюуны бүтээл нь яагаад дотоодын эрэлтийг хангаж чадахгүй байгааг нээлттэй, илэн далангуй ярилцана.

Технологийн шийдлүүдээ нээлттэй дэлгэж тавина. Магадгүй томоохон аж ахуй нэгжүүдийн гаднаас өндөр үнээр худалдаж авсан патентыг дотооддоо, манай залуучууд хийчихсэн юмуу, хийх боломжтой байж болно шүү дээ. Энэ нь аж ахуй нэгжүүдэд мөнгө санхүүгээ хэмнэх нэг том боломж болно. Тиймээс гаднаас өндөр үнээр авсан технологийнхоо талаарх мэдээллийг энэ үзэсгэлэнд нээлттэй тавиач гэсэн юм.

Үзэсгэлэнд art буюу урлагийн инноваци, social буюу цахим инноваци, санхүүгийн инноваци, хөрөнгө оруулалтын инноваци чиглэлээр бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ тавигдана. Бүх л салбарт инноваци яригдаж байна шүү дээ.

Зорилтот хэд хэдэн патентыг эзэмшигчидтэй нь ярилцаад нээлттэй үзэсгэлэнд тавих гэж байна.

Ингэхдээ үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгжүүдэд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж болох патентыг тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломж олгоно” гэж тэр тайлбарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *