Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Мэдээллийн боловсролтой иргэд л амжилтад хүрч нийгэм хөгждөг

Сэтгүүл зүй судлаач, доктор Ж.Батбаатартай уулзаж өнөөгийн хэвлэл мэдээллийн зах зээл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэрэглэгчдийн мэдээллийн боловсролтой холбоотой цогц асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн зах зээлийн орон зай нэлээд хумигдмал болж байгаа нь юутай холбоотой вэ?

-Орчин үеийн мэдээллийн технологийн хурдтай хөгжил, мультмедиа соёлын хэт дэлгэрэлттэй холбогдон гарч байгаа нэлээд нийтлэг үзэгдэл л дээ. Өнөөгийн дижитал эрин үе нь өөрийн соёл, хэрэглээ, орчинг нэгэнт бүрдүүлж түүндээ зохицсон хэрэглэгчдээ ч төрүүлж байгаа нь уламжлалт хэвлэлийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх болсон нь ажиглагдаж байна. Гэхдээ ганц энэ ч биш ялангуяа манай орны хувьд өөр олон онцлог шалтгаан бий. Тэр дотроос мэдээлэл хүртэгч, түүнд оролцогч иргэдийн соёл, хэрэглээний түвшинтэй холбоотой нь гэвэл аливаа мэдээллийг үнэлэх, түүнийг амьдрал ахуйдаа ашиглах чадвар, боловсрол дутуу байгаа явдал юм.

Жишээлбэл, манай улсад чөлөөт хэвлэл хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд өмнөх социалист нийгмийн үеийн ямар нэг сонголт, харьцуулалт хийх боломжгүйгээр шууд тулгагдаж ирдэг, “үнэмших л ёстой” үзэл суртлын зорилготой мэдээллийг идэвхгүй хүлээн авч хэвшсэн манай иргэдийн мэдээлэлд хандах хуучин арга барил, хэвшил, зуршил нь өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа нь саад болж байна. Уг нь олон нийтийн мэдээлэлд орчин үеийн түвшний “хатуу шалгуур, шаардлага” тавих хэмжээний уншигч, хэрэглэгчид бий болж төлөвшсөн нөхцөлд бол тэд өөрсдөө хэвлэл, мэдээллийн чанарт нөлөөлөх гол хөшүүрэг нь болоод явчих учиртай.

Бас нөгөө нь манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чөлөөт хэвлэлийн үүрэг зорилгоо ухаарч, мэргэжлийн зарчим, ёс зүйгээ баримталж жинхэнэ чөлөөт хэвлэл шиг хэвлэл байж чадахгүй, олон нийтийн их ярьдаг захиалга, шантааж гээд элдэв бусын авир үйлдэл их гаргадгаас нь болоод олон хэрэглэгчийн итгэл алдрахад хүрч байгааг ч хэлэх хэрэгтэй.

Чөлөөт хэвлэлийн зах зээлийн жам хуулиас гадуур санхүүжигдэж амь тээдэг олон хэвлэл угаас жижиг зах зээлээ хуваагаад багталцахгүй байна гэж шүүмжлэх нь бий. Гэлээ гээд хэвлэлийн тоог хүчээр цөөрүүлэх, тийм бодлого барих боломжгүй л дээ. Учир шалтгааныг тодруулж илүү нарийвчилсан судалгаа, дүгнэлт хийж, сургамж авч зөв ажиллаж чадвал сэтгүүл зүй эрүүлжиж, чанаржиж, зах зээл нь тэлж тогтворжсоноор салбарын төдийгүй нийгмийн ухамсар, иргэдийн хөгжил, төлөвшилд ихээхэн тустай болох юм.

Ер нь хэвлэл, мэдээлэл ялангуяа уламжлалт хэвлэлийн зах зээлийн ийм хязгаарлагдмал байдал бий болоход нийгэм, технологийн хөгжил, хэрэглээний соёл, хэвшил, хэрэглэгчдийн бүтэц, сэтгэлгээний онцлог, зах зээлийн багтаамж, мэргэжлийн чадвар, бүтээгдэхүүний чанар гээд олон зүйл нөлөөлж байгаа.

-Тухайлж хэлбэл?

Наад зах нь зарим хэвлэл одоо бүх нүүр, булан нь, сүлжээний бүх хөтөлбөр, нэвтрүүлэг нь ил, далд төлбөртэй, захиалгатай болчихсон байна. Эзэн нь өнөөдөр ийм мэргэжлийн бус увайгүй ажлаараа ашиг олоод, болоод байгаа мэт ч бусдынхаа, салбарынхаа нэр хүндийг унагаж, улмаар мэдээллийн үйлчилгээний ирээдүйг нь үгүй хийж байгаагаа ухамсарлах чадваргүй цайчихсан, бүр амьдрах арга, хэв маяг нь болчихлоо. Энэ нь сэтгүүл зүй цаашлаад иргэдийг хохироож, нийгмийг бохирдуулж байгаа хэрэг учраас олны эрх ашгийн үүднээс цаашид тэднийг нийтэд зарлах зэргээр зохих хариуцлага тооцож явахгүй бол иргэд шударга бус, хор ихтэй хэвлэлээс улам л зайгаа авч дайжих болно. Ер нь олон нийтийн мэдээлэл үнэн бодитой, зөв шударга байх нь орчин үед хэрэглэгчдийн тавих зайлшгүй шаардлага, тухайн хэвлэлийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь болохоос редакцийн юм уу, хэн нэг эзэн, эрх мэдэлтэй эзний дур зоргын хэрэг биш юм.

Одоо чинь олон жил хэвлэл мэдээлэл, харилцаа судалсан мэргэжилтэнд байтугай мэдээлэлтэй байнга харьцдаг олон уншигч, үзэгчийн хувьд ч мэргэжлийн зарчмаасаа жаахан л гажвал тухайн хэвлэл, сэтгүүлч ямар зорилготой, ямар мессэж өгөөд, хөдөлгөөн хийгээд байгаа нь, хэний, ямар бүлэглэлийн эрх ашигт үйлчлээд буй нь тодорхой харагдаж мэдрэгддэг болчихсон байна шүү дээ.

Тийм болохоор шинэ мэдээллийн хэрэгслийн хөгжлийн энэ үед хэвлэл, мэдээллийн буруу булхай үйлдлүүд өөрийнхээ нас, орших хугацааг л богиносгож байгаа юм. Хэдий хурдтай өөрчлөгдөж буй боловч мэргэжлийн төвшний сэтгүүл зүйн чанартай мэдээллийн хэрэгцээ өнөөгийн соёлтой хэрэглэгчдэд байсаар л байгаа, цаашдаа ч хэвлэлийн мэдээлэл найдвартай, баталгаатай байж чадвал зах зээл одоогийнхоос өргөжих боломж бий.

-Өнөөгийн дүр зураг нь ямархуу байдалтай харагдаж байна?

-Хувь хүнтэй л адилхан шүү дээ, удаан хугацааны туршид бодитой, тулхтай байж чадсан, олон нийтэд тийм үнэлэмжээ алдаагүй барьж чадсан хэвлэл гайгүй, жаахан тавьтиргүй, итгэл алдсан овилгогүйнүүд нь хэрэглэгчдээ алдаж, аргагүйдэн янз бүрийн аргаар нохой хоргоож байгаа дүр зураг л голлон харагдаж байх шив. Нэлээд нь хөгжлийн хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлах, бусдын сайн туршлагаас суралцах, орчин цагийн шинэ менежмэнт хийхийн оронд нөгөө л захиалга хэрэгжүүлэх тэргүүт аль зохисгүй арга, техникт дулдуйдах бололтой юм аа, тэгэхээр хонгилын үзүүрт нэг л гэрэл харагдаж өгөхгүй тал руугаа болчих гээд байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмыг алдагдуулж, ингэж буруу солгой байдлаар ажиллах хэвлэл олон болоод байвал улс, нийгмийнхээ хөгжил, төлөвшилд эерэг сайн нөлөө үзүүлэх биш бүр эсрэгээрээ хор хохирол учруулахад хүрч болзошгүйг анзаарахгүй байж болохгүй.

-Бусад улс, орнуудтай харьцуулбал манайд ямархуу түвшинд байна, ялгаа, зөрүү их байна уу?

-Их өөр байна. Хэдийгээр сүүлийн 20-30 жилд нөхцөл шалтгааны дэлхий дахинаа уламжлалт хэвлэлийн зах зээл буурч ирсэн ч манайх шиг биш байна. Харьцуулан судлаад үзэхэд Европт, тухайлбал, Германд хэвлэмэл хэвлэл, сонины хэвлэгдэж байгаа тоо нь мөн үеийнхээс дунджаар 30 гаруй хувиар буурсан байхад, Японд 20 гаруй хувь, манайд энэ үзүүлэлт 80 хувиас ч дээш гарчихсан байх жишээтэй.Адилхан л хямралтай нөхцөлд ажиллаж байгаа ч гадаадын хэвлэлүүд бол зах зээлийн байдал, технологийн хөгжлөөс шалтгаалсан хөгжлийн хандлагуудыг мэдэрч өөрсдийн уншигч, сонсогч, үзэгчдээ бэлтгэх, зорилтот бүлэг, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд явуулах гээд гарцууд хайж амжилтад хүрч байгаа жишээ олон байна.

Бусад улсуудад харьцангуй тогтвортой байтал манайд яагаад ийм байна гэхээр орчин үеийн соёлын нэг салшгүй хэсэг болсон медиа соёлын өөрчлөлтийн ерөнхий хандлагаас илүүтэй манай уншигчдын онцлог, бидний туйлшрамтгай байдал, дээр хэлсэн олон нөхцөл, байдал буюу биднээс хамаарах шалтгаануудаас болж иймэрхүү байдалтай байна.

-Үүний сөрөг үр дагавар нь юу вэ?

-Өнгөц харахад сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын л асуудал, энэ бизнесийн зах зээлтэй л холбоотой зүйл мэт боловч үнэн хэрэгтээ бол нийгмийн асуудал шүү дээ. Ардчилсан нийгэмд, энэ мэдээллийн эрин цагт иргэд үнэн бодитой, чанартай мэдээлэл авах, хүртэх эрхтэй, тэрхүү үйлчилгээг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд голлон үзүүлдэг. Гэтэл манай хэрэглэгчид мэргэжлийн сэтгүүл зүйгээс авах ёстой тэр чанартай мэдээллээ хуурмаг, элдэв зорилготой мэдээлэл, үзэл бодол, хийрхэл давамгайлсан сошиал медиагаар хэтийдүүлэн сольж, орлуулдаг болчихоор нийгэм бүхэлдээ түүнд дөрлүүлэх байдалд орчихож байгааг бид сүүлийн үеийн олон баримт, үйл явдлын жишээнээс бэлхнээ харж байна.

-Энэ байдлаас гарахын тулд бидэнд одоо ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байна вэ?

-Өнөөгийн дижитал ертөнц, мэдээллийн орон зай чинь эрх чөлөө гэдэг үгээр халхлагдсан хүчирхийлэл, дайны талбар шиг байх ёсгүй шүү дээ. Ийм байдлаас иргэд, залуу хойч үеэ хамгаалах нь, тэднийгээ зөв хэрэглээнд сургаж, зөв чигт хөтлөх нь нэг талаас төрийн үүрэг мөн л дөө. Гэхдээ бүгдийг төр, засагт даатгаад орхиж болохгүй, наад зах нь л өсвөр насныхан, хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг холбогдох яам хориглосон нь үнэхээр чухал ч гэсэн энэ шийдвэр гарснаар бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш, эцэг эхчүүд ч мөн гэр орондоо хүүхдийнхээ хэрэглээнд ухаалаг зохицуулалт хийж, шаардлага тавьж байж л сая өнөө айхтар “дэлгэцийн өвчин”-өөс хүүхдээ хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг ойлгох, үүргээ ухамсарлах хэрэгтэй.

-Мэдээллийн боловсролын талаар тэр бүр яриад байдаггүй, энэ тухай манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юү?

-Чухамдаа мэдээллийн боловсролгүйгээс л мэдээллийн ертөнц, цахим орчноос шалтгаалсан сөрөг үзэгдлүүд нийгэмд их гарч байгаа юм. Мэдээллийн боловсролтой болохын тулд эхлээд media literacy буюу мэдээлэл харилцааны хэд хэдэн чиглэл, цогц мэдлэг, чадварыг танин мэдэж, сурч эзэмших ёстой болдог. Үүнд иргэдийн аливаа мэдээллийг үр өгөөжтэй ашиглах чадвар, мэдээллийг үнэлэх чадвар, задлан шинжлэх чадвар, бас орчин үеийн медиа соёлын орчинд мэдээллийг бүтээх чадвар орно.

Өөрөөр хэлбэл, дээрх чадваруудын цогц нь мэдээллийн боловсрол гэж ойлгож болно. Иргэд, хүүхэд залуу үеийнхэнд өнөөгийн мэдээллийн хязгааргүй их орон зайд мэдээлэлтэй харьцах чадвар, соёлтой болгох, тийм дадал хэвшил төлөвшүүлэхэд медиа боловсрол чиглэгддэг. Ингэснээр хэрэглэгчдийн аль ч төрлийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, мессэжүүдийг цогцоор нь ойлгох, уялдаа холбоонд нь авч үзэх, хэрэглэх чадвар нь дээшилнэ. Мэдээллийн боловсролтой иргэд л мэдээллийн үр өгөөжийг илүүтэй хүртэж, илүү амжилтад хүрч тэр хэрээр хүний хөгжил ч, нийгмийн хөгжил ч урагшлан ахиж дэвших юм.

-Та Монголын хэвлэлийн зөвлөлийн Ёс зүйн хорооны даргаар ажилладаг. Ер нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага хэр зэрэг үр дүнтэй арга хэрэгсэл вэ?

-Хэвлэл мэдээллийн өвөрмөц үйл ажиллагаанд өөрийн зохицуулалт чухал үүрэгтэй нь олон улсын сэтгүүл зүйн практикаар нэгэнт нотлогдсон зүйл болохоор бид тэр зүг рүү л явах ёстой. Өнөөдөр хамгийн гол нь манай редакциуд, сэтгүүлчид хэвлэлийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг ойлгож нэгдэн ажиллах нь чухал юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад болон хэвлэлээс шалтгаалж иргэдэд тулгардаг олон бэрхшээлийг хэвлэлийн зөвлөлөөрөө дотооддоо шийдэж хэвшин, тийм соёл төлөвшүүлж чадвал чөлөөт хэвлэл элдэв хуулийн зохицуулалт, дарамтаас ангид, хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *