Categories
мэдээ цаг-үе

Эрдмийн баяртаа бэлтгээд баяр хөөр дүүрэн байгаа 1б ангийнхан

Урьхан хаврын энэ өдрүүдэд нэгдүгээр ангийнхны эрдмийн баяр болоод баяр хөөр дүүрэн байна. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн нэгдүгээр ангийнхан эрдмийн баяраа тэмдэглэхээр аль хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Тиймээс баярын бэлтгэлээ хийж буй тус сургуулийн 1б ангийнхныг энэ удаагийн нэг анги буландаа онцоллоо. Тэд эрдмийн баярынхаа өдөр сонингоо гардаж авна гээд бөөн баяр байгаа. Анги руу биднийг ормогц багш нь сонины сурвалжлагч ирчихлээ, гоё суугаарай хүүхдүүд ээ, та нарын зураг сонинд гарна гэхэд хүүхдүүд үнэн юм уу, яг биз, үнэн биз дээ гээд л итгэж ядан баярлацгааж байгаа нь илт байв. Багшийг хүүхдүүдийн ширээний голд зогсоож зураг авах гэтэл хүүхдүүд “Багш намайг хаагаад байна, холдооч, багш аа холд” гэцгээх юм. Багш нь инээмсэглээд л холдож өгч байна. Та нарыг сайн сурдаг, мундаг хүүхдүүд болохоор сонин дээр гаргах гэж байгаа юм гэж хэлэхэд урамшаад, зарим нь инээд алдан, нямбай гэгч нь зургийн хичээлдээ оролцож байхад зарим хөвгүүд нь карт тоглоод, картаа булаацалдаад л үймүүлчих янзтай шүү. Карт гаргаж ирсэн хөвгүүнийг ангийнхан нь эгч ээ, энэ манай ангийн “босс” гэж байна. Гаднаас танихгүй хүн ороод ирэхээр хүүхдүүд их хөөрдөг, ярилцах дуртай байдаг бололтой.

Харин ангийн багш Б.Баасанхүү “Манай хүүхдүүд биеийн тамираас орж ирээд, үдийн цайгаа уучихаад сууж байтал та нар ороод ирлээ. Биеийн тамираас ирээд хувцсаа солиод хоолоо идээд хөдөлгөөнд орчихсон байсан юм. Ер нь л биеийн тамир орохоор хүүхдүүд хөдөлгөөнд ороод их хөөрчихдөг болохоор дараа нь хичээлдээ орох гэж хэсэг бужигнана” гэж байлаа. Хүүхдүүдээс сургуульд орох гоё байна уу гэхэд “Гоё шүү дээ, сургуульд сурах сайхан. Бид уншиж бичээд сурчихсан” гэж байна. Энэ анги 46 хүүхэдтэйгээс 26 хөвгүүн, 20 охинтой юм байна. Энэ сургуулийн нэгдүгээр ангийн долоон бүлгээс хамгийн олон эрэгтэй хүүхэдтэй анги гэнэ. Ангийн багш Б.Баасанхүү 31 дэх жилдээ бага ангийн багшаар ажиллаж байгаа туршлагатай багш аж. Тэрээр 1986 онд багшийн сургууль төгсөөд, өөрийн төрөлх нутаг болох Ховд аймгаас ажлын гараагаа эхэлж байжээ. Ангийн багш ярихдаа “1980-аад оны нэгдүгээр ангийнхан болон одоогийн нэгдүгээр ангид орж буй зургаан настнууд асар их ялгаатай шүү дээ. 1986 онд намайг багш болж байхад нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд их тэвчээртэй, аливааг нухацтай удаан сурдаг, хүний үг хүлээж авах сонсохдоо сайн, хичээлээ удаан ойлгож, удаан хийдэг, нягт нямбай, жаахан бүрэг ичимхий байсан. Харин одоогийн нэгдүгээр ангийнхан аливаа хичээлийг маш хурдан сурна, дээд тал нь 15-20 минут л анхаарал нь төвлөрдөг онцлогтой, сэтгэл хөдлөл ихтэй. Гэхдээ аливааг хурдан сурна, гэсэн ч хоёр хоногийн дараа асуухаар мартсан байх жишээтэй. Их зөрүүд, дураараа. Бас амархан мартана, хэнээс ч айхгүй, хэлэх гэсэн үгээ хэн ч байсан шууд хэлдэг, жаахан зөрүүд шүү. Заримдаа хүүхдүүд маань багш аа би хичээл хиймээргүй байна гэдэг. Их дэврүүн, эрх чөлөөтэй байх дуртай зэрэг онцлогтой. Тиймээс бид хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулж, арга эвийг нь олж харилцана шүү дээ гэж байна. Цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглээд сурчихсан хүүхдүүд олон байдаг аж. Намар энэ ангид гутлаа үдэж чадахгүй хүүхэд нэлээд хэд байсан ч одоо бол бүгдээрээ гутлаа үдээд сурчээ. Мөн багш нь хүүхдүүдээ арвич хямгач байлгахын тулд харандаагаа хаяж болохгүй, жижигхэн харандаагаар ч бичиж болдог гэснээс хойш хүүхдүүд, харандаагаа чигчий хуруу шиг болсон ч үзүүрлээд л хэрэглээд байдаг болсон гэнэ. Хүүхдүүд эхний хоёр цагийн хичээлийг ямар ч хөдөлгөөнгүйгээр суугаад хийчихдэг ч дараагийн цагаас хөдөлгөөнд ороод эхэлдэг байна. Нэгдүгээр ангийн нэг цагийн хичээл 35 минут үргэлжилж ихэвчлэн 4-5 цагийн хичээлтэй байдаг ажээ.

Зарим хүүхдүүд багш аа би хичээл хиймээргүй байна гээд суучихаар нь багш нь за тэгвэл яахав, амарчих гэчихээд буцаж ирээд за миний хүүхэд зөндөө амарчихлаа, одоо хичээлээ хийчих гэхээр за гээд сайн хийчихдэг байна. Харин амарч болохгүй, чи хичээлээ заавал хийх ёстой гэж загнавал зөрүүдлээд, огт хичээл хийхгүй болчих тохиолдол бий гэнэ. Тиймээс зургаан настнуудын онцлогийг ойлгож, арга эвийг нь олох л чухал гэж ангийн багш ярилаа.

Энэ анги эрдмийн баяраараа хүүхдүүдээ 35 үсэг болгож хуваатал зарим хүүхдүүдэд үсэг давхцаж оногдсон гэнэ. Ангийн эцэг, эхчүүдийн төлөөлөл урлагийн хүн олонтой аж. Тиймдээ ч дуулж, бүжиглэдэг авьяастай хүүхэд олон бий гэнэ. Тийм болохоор эцэг, эхчүүд нь ярилцаж байгаад хүүхдүүдийн үсэгний дөрвөн мөртүүдийг дуулуулж байгаа юм байна. Шүлэг биш дуугаар үсгээ илэрхийлнэ гэсэн үг. Тухайлбал Алтантүлхүүр, Мягмарсүрэн, Батдаваа дуучдын хүүхдүүд энэ ангид сурдаг юм байна. 1б-гийнхэн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмцээнд оролцоод уран уншигчаар амжилттай оржээ. Гэхдээ баяр ёслол, урлагийн тоглолтод аль болох олон хүүхэд хамруулахыг хичээдэг гэнэ. Угаас боловсролын яамнаас дээр үеийнх шиг хүүхдийг онц сурлагатан, уран уншигч, цэвэр бичигтэн гэж ялгамжтай хандахгүй байх үүрэг өгдөг байна. Тиймээс аливаа арга хэмжээнд бүгдийг хамруулж, онц сайнаар нь ялгаж онцолдоггүй юм байна. Энэ ангийнхан сэтгэх чадварын улсын олимпиадад оролцоход нийт хүүхдийн 70 хувь нь хангалттай сайн гэсэн үнэлгээ авч, хоёр хүүхэд дээгүүр байр эзэлсэн байна. Мөн математекийн олимпиадад амжилттай оролцжээ. Б.Баасанхүү багш ярихдаа “Зургаан настнууд сургуульд орсноос хойш 3,5 жилд гайгүй сайн төлөвшчихдэг шүү. Тэгээд хүүхдүүд сайхан сууж сураад, багшийгаа гарсан хойгуур ч багш байгаа юм шиг хичээл хийж чаддаг болдог. За одоо л хүүхдүүд минь сайхан болж байна гэх үед дунд ангид шилжүүлчихдэг” гэв. Мөн тэрээр ирээдүйд хүүхэд ямар хүн байхад бага ангийн суурь төлөвшил их нөлөөлдөг. Багш ганцаараа хичээх биш. Үүнд эцэг эхийн оролцоо их чухал байдаг. Манай эцэг, эхчүүд ихэвчлэн залуу хүмүүс. Мөн хүүхдүүддээ сайн анхаарал хандуулж, багштай сайн хамтарч ажилладаг гэлээ. Хүүхдүүд гадуур явахдаа байгууллагуудын хаягийг чанга, чанга уншихад нь эцэг, эхчүүд нь саяхан л үсэг мэдэхгүй байсан жаахан хүү минь эрдэм сурч байна хэмээн ихэд баярладаг гэж ярьцгааж байна. Саяхан л сургуулийн босгоор алхаж байсан тэд аль хэдийнэ уншиж бичиж сураад эрдмийн баяраа тэмдэглэх гэж байгаа нь хүүхдүүдийн хувьд том баяр байлгүй яахав. Уншиж, бичиж, тоо бодож сурчихаад ирээдүйд эрдэмтэй сайн хүн болохоор хичээж буй цаас шиг цагаахан сэтгэлтэй, инээд шуугиан халгиасан эрдмийн энэ өргөөний эздэд өндөр амжилт хүсье.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *