Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бидний байгуулсан нэг л концессийн гэрээ бий

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын мэдээллийг сонссон юм. Мэдээлэл сонссоны дараа гишүүд сонирхсон асуултандаа хариу авч, гишүүд, сайд нарын хооронд иймэрхүү яриа, маргаан өрнөлөө.

Б.Пүрэвдорж гишүүн Ипотекийн зээлтэй холбоотойгоор барилгын салбарт бизнес эрхлэх сонирхол нэмэгдсэн. Барилгын түүхий эдийн 70 хувийг Эрнээнээс авдаг байсан бол энэ үзүүлэлт 30 хувь хүртлээ буурсан. Гэтэл одоо жилд 1600 өрх зээл авч байна. Барилгын салбарыг аврахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээс аргагүй. Ипотекийн зээлийг багцалж, хөрөнгийн зах зээлд гаргах, барьцаанд тавих замаар зээл авах боломж байна. Баруун аймаг руу тавьж байгаа зам 200 км дутуу байгаа. Долоон концессийн жагсаалтаас харахад нэг км замын өртгийг нэг дахин нугалж, концессийн гэрээг оруулж ирж байна. Ямар шуналтай байна аа гэсэн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд хариулахдаа “Долоон концесс гээд яриад байгаа зургаа нь өмнө нь тендерийг нь зарласан концесс байгаа юм. Тэр битгий хэл таны яриад байгаа Цогтцэций хүртлэх замын урьд байгуулсан гэрээнээс бид 5 сая доллар хассан. Дашинчилэн, Тариалан чиглэлийн замаас 10 сая доллар хассан. Ахиад Хяргас, Сонгино чиглэлийн замаас 4 сая доллар хассан. Хассан байхгүй юу. Бүр 2018-2019 онд төлнө гэж байсан хугацааг хойшлуулаад урьд нь тендер шалгаруулсан байсан өртгөөс сая миний хэлсэн дүнгээр хасч, ийм байдлаар та нар концессийн гэрээгээ үргэлжлүүл гэдэг шаардлагыг нөгөө компаниудад тавьсан юм. Тэр компаниуд бидний тавьсан шаардлагыг хүлээж аваад, “2020 оноос хойш бид төлбөрөө авъя. Та нарын хэлсэн мөнгөн дүнгээр өмнө байгуулсан гэрээний төсөвт өртгөөс хасъя. Ингээд цаашаа явъя” гэдэг тохиролцоонд хүрсэн юм, Б.Пүрэвдорж гишүүн ээ. Түүнээс биш Засгийн газрын хувьд шинээр долоон концессийн гэрээ байгуулсан юм байхгүй. Бидний байгуулсан нэг л концесс бий. Тэр нь Дорноговь аймагт 300 ажлын байнгын байр бий болгоно. Хоёр ширхэг үйлдвэр бий болгоно. Эндээс үүдэлтэйгээр төсөвт жилд 50 орчим сая долларын орлого орох юм. Энэ орлогыг оруулахын тулд хоёр сумаа ч авто замаар холбочихъё. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх дэд бүтцийг бий болгох юм. Төсөвт ачаалал учруулахгүйгээр бид өөрсдийн төлсөн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгийг улсаас авах байдлаар концессийн гэрээний төлбөрийг төлөөд явчих бололцоо байна гэж бизнес эрхлэгчид санал тавьсан учраас бид дэмжсэн. Нэгдүгээрт олон хүн ажлын байртай болно. Хоёрдугаарт хоёр үйлдвэр бий болчихно, төсвийн орлогын бааз суурь нэмэгдэх нь гэсэн үүднээс ганцхан концесс байгуулсан. Бусад нь өмнө нь байгуулсан концессийн гэрээнүүдийг хэрхэн үргэлжлүүлэх вэ, яаж сайжруулах вэ гэдэг шийдвэрийг гаргасан юм шүү. Өөр зүйл байхгүй” гэлээ.

Ж.Мөнхбат сайд:- Ерөнхий сайдын хариулт дээр нэмж тайлбар хийхдээ Б.Пүрэвдорж гишүүн яагаад зам барьдаг өртөг нэмэгдчихэв гэж ярьж байна. 2012 он хүртэл нэг км замыг 400-500-гаар барьдаг байсан. Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын үед байгуулагдсан энэ концессийн гэрээнүүд бол тэрбум 300-аас тэрбум 600 сая төгрөгөөр гэрээлэгдсэн юм билээ. Тэр гэрээнүүдийн үнийн дүнг сая Ерөнхий сайдын хэлсэнээр бууруулсан юм. Хоёрдугаарт концессоор хийгдэж байгаа ажлууд дотор янз бүрийн зам дээр үнийн зөрүүтэй асуудал яригдаж байгаа. Жишээлбэл өнгөрсөн дөрвөн жилд Хөвсгөл аймгийн төвд 7 км замыг долоон тэрбум төгрөгөөр барьсан. Архангай аймгийн төвд 7 км замыг 21 тэрбум төгрөгөөр барьсан. Ийм үнийн ялгаа зөрүүнүүд өнгөрсөн Засгийн газрын үед бий болоод явчихсан юм гэдгийг Б.Пүрэвдорж гишүүнд тайлбарлаж хэлье. Таны хэлсэн долоон концессийн гурван зам гэж яригдаад байгаа чинь өмнөх Засгийн газрын үед гэрээлсэнээс төсвөөс эргэн төлөх хэмжээг нь бид 30 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, баталсан юм. Өөрөөр хэлбэл улсын төсөвт ашигтай, хэмнэлттэй байдлаар шийдэгдсэн. Дорноговь Дэлгэрэхийн 130 км зам бол жишээлбэл өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 131 км замыг 86 сая доллараар барина гэж байхад 20 сая доллараар хямд барихаар асуудал шийдэгдсэн юм.

Д.ЭРДЭНЭБАТ: ТАНАЙ АРХАНГАЙН ТӨВ ХОТ ШИГ БОЛОО БИЗ ДЭЭ, ГЭРЛЭН ДОХИОТОЙ БОЛОО БИЗ ДЭЭ

Д.Эрдэнэбат гишүүн Өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг энэ Засгийн газар үргэлжлүүлээд явж байгаа. Энэ бол үе үеийн Засгийн газрын зовлон, хийх ёстой ажил. Эцсийн дүндээ энэ бол бодит эдийн засагт нөлөө үзүүлж байгаа зүйлүүд. Яах аргагүй хийх л чиглэл рүү явж байгаа юм л даа. Бид үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Улстөржиж болдог болдоггүй асуудал гэж байдаг. Ялангуяа энэ зам тээвэр, барилга, бүтээн байгуулалтын ажил цаанаа өчнөөн эдийн засаг нийгмийн өгөөжтэй байдгийг тооцож ярьдаг байх ёстой. Одоо ингээд маргаад байх юм бол бидний бүх ажил гацаад, хүний өөрийнгүй сонин байдалд орно. Би сая Ж.Мөнхбатыг буруу ярилаа гэж бодож байна. Хөвсгөлд тавьж байгаа зам, Архангайд тавьж байгаа зам ажлынхаа хэмжээгээр, өртгийн хувьд өдөр, шөнө шиг зөрүүтэйг чи мэдэж байгаа. Хөвсгөл рүү шулуун зам тавьсан. Танай Архангайд фортуна Батбаяр гудамж төсөл хэрэгжүүлсэн байхгүй юу. Тэр чинь км-ээрээ бага ч бүтээн байгуулалтын далайц ихтэй. Танай Архангайн төв тэр чигтээ гудамж болоо биз дээ. Хот шиг болоо биз дээ. Гэрлэн дохиотой болоо биз дээ. Үүнийг зүгээр нэг хөдөө тавьсан замтай зүйрлүүлж, болдоггүй юм. Тийм учраас наад үнэ, концессийн маргааныг больцгоо. Ажлаа хиймээр байна. Үүний ард олон хүний ажлын байр, барилгын үйлдвэрлэл байгаа. Энэ бүгдийг улстөржүүлж болохгүй. Та нар ч намайг шүүмжилсэн шүү дээ. Д.Эрдэнэбатаа, чи баахан концесс, Чингис бондын мөнгө идчихлээ гэсэн. Амьдрал тийм байдаггүй юм. Одоо би асуултаа асууя. Монголд цементийн хэрэгцээгээ бид дотооддоо хангадаг болсон. Сайн. Гэхдээ бидний ад үзээд байгаа Чингис бондын бүтээн байгуулалтаас гурван цементийн үйлдвэрийн төсөл 180 сая доллар авсан. 63 сая долларыг Мон цемент, 56 сая долларыг Хөх цавын цементийн үйлдвэр, 61,3 сая долларыг Хөтөлийн цементийн үйлдвэр гурав авсан юм. Үүгээр 1350 ажлын байр бий болгоно гэсэн. Өнөөдөр байдал ямар байна вэ? Сүүлийн үед Хөтөлийн цементийн үйлдвэр ажлаа хийгээд дууссан байгаа. Мон цементийн үйлдвэр, Хөх цав хоёр таг чимээгүй болчихсон. Энэ талаар надад мэдээлэл өгөөч. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийг зөв эхэлсэн гэж боддог. Дэд бүтцийн ажил хэзээ дуусах вэ? Ипотекийн зээлийг хэзээ олгож эхлэх вэ? Өнгөрсөн Засгийн газрын үед 78 000 иргэн байранд орсон. Энэ жилийн тайланд 909 хүн ипотек авсан гэдэг үндсэндээ зогссон гэсэн үг. Барилгын үйлдвэрлэл 15 хувиар унасан.

Г.МӨНХБАЯР: ГАДНААС ЦЕМЕНТ ОРЖ ИРЭХ ЗАХ ЗЭЭЛ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГАА

Г.Мөнхбаяр сайд:- Монцемент, Хөх цав дээр би очсон. Аль аль нь зөв хөтөлбөр дэмжигдсэн байна гэж харагдаж байгаа юм. Хөх цав барилгын ажлын сезон эхлэх үеэр зургаан сараас зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлнэ. Мон цемент өнгөрсөн хавар зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн байна. Одоо гаднаас цемент орж ирэх зах зээл байхгүй болж байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүс дээр очиж танилцсан. 58 сая доллар гаргасан. Ажлын чанар туйлын санаа зовоож байгаа. Улсын комисс ажиллаж чадахгүй байгаа. Гүйцэтгэгч компани хяналт тавьсан яам, орон нутаг үнэхээр хариуцлагагүй ажиллажээ. Хайран мөнгө. Мэргэжлийн технологийн сонголтууд нь буруу. Тоног төхөөрөмжийн сонголтууд туйлын хангалтгүй байна.

Ипотекийн хувьд бид сард өөрийн боломжоор 30-35 тэрбумыг Монгол банкнаас арилжааны банкнуудад өгөөд, энэ хүрээндээ зээл олгогдоод явж байгаа. Тавдугаар сарын 1-нээс орон нутаг руу 15 тэрбумыг зориуд хуваарилж өгсөн байгаа. 2017 онд 300 тэрбумыг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарахаар УИХ төсвийн тодотголоор баталж өгсөн. Сангийн яам хоёр дахь зах зээлийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаа гэв.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *