Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (V)

Найрагч охин Д.Мөнгөндалай, Д.Дэжидмаа нарын хамт

Наран суманд Дашбалбар багшийн хүргэн Отгонбаярынд хоноод сэрэхэд өглөө тэнгэр нэг л бүүдгэр. Хаврын салхи хашааны завсраар хүүгэж хаалга нижигнүүлнэ. Гэрийн эзэгтэй Дамбийнямын Пагма сумын эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг аж. Пагмын ээж Буянжаргал, Очирбат гуай хоёр эгч дүүсийн хүүхдүүд юм байна. Наран сумын гудмаар алхаж, их найрагчийн төрж өссөн газар шороон дээр гишгэж яваагаа үнэн, үлгэр хоёрын алин болохыг эс мэдэв, би. Энд тэртээ нэгэн цагт амьдын цог төгөлдөр багш минь алхаж, аж төрж, хүн шиг амьдрахын гэгээн хүслээ өрдөж явжээ. Бага үдийн хэрд сумын төвөөс холхон саахалт хаваржиж буй Осорын Шар хэмээх ангийнх нь хүүхдийнд очлоо. Шар гуайн гэргий хот яваад өрхийн тэргүүн ач, зээ хоёртойгоо гэрээ сахиж буй ажээ. Тэрээр О.Дашбалбартай хар бага наснаасаа найзалж тавдугаар анги төгстөлөө нэг ангид суралцаж байсан төдийгүй насан турш журамт андын ёсоор нөхөрлөжээ. Дашбалбар нуруу намхан ч дультраадуухан хэлтэй, ёстой нэг өрөмний өт шиг хөдөлгөөнтэй нөхөр байв гэнэ дээ. Нэг л мэдэхэд ширээн дээр үсрээд гарчихсан яг л уран илтгэгч шиг ангийнхандаа шүлэг уншаад зогсож байх. Бага ангийн сурах бичигт байдаг байсан

“Сандаг гуай шиг

Сандруу хүн

Орчлон дээр

Олон байдаг болов уу…” гэсэн шүлгийг их уншина. Тавдугаар ангид байхдаа сумынхаа номын сангийн номыг мань хоёр бүгдийг нь уншаад дуусгачихсан байсан гэхээр овоо л уншдаг хүүхдүүд байж. Ангийнхандаа “Хоёр мянган онд манай улс тэгж хөгжсөн байна” гэж ярихад ангийнх нь хүүхдүүд огтхон ч ойлгодоггүй байж. Жаран хэдэн онд хоёр мянган оны тухай ярихаар хэн ч гэсэн гайхах нь мэдээж л дээ. Мядагмаа, Сүрэн нарын сурлага, спортод сүрхий охидтой. Охидтойгоо бүхий л талаар өрсөлдөнө. Бие жаахантай болохоор Дашбалбарыг ангийнх нь охид улаан даалимбан галстугаар нь боох зэргээр шоглох гэхэд хар ширэн цүнхээ толгой дээгүүрээ нисдэг тэрэгний сэнс шиг эргүүлээд зүсээд орчихдог байж. Хожим Шар анддаа холоос ирэхдээ дандаа шинэ номтой ирж золгоно. Шар гуайн гэргий нь Цэрмаа гэж насаараа сувилагч байсан хүн гэнэ. Гурван охин, нэг хүүтэй айл юм байна. Мань Шар гуай лонх юм ханзлангаа “Манай Дашбалбар чинь Монголын үнэн шударгын бурхан болох заяатай хүн байж. Хичээл цонхлоход Дашбалбар аавынхаа ээж Сониндулам гөеөг авчран бидэнд үлгэр домог яриулж өгдөг байлаа. Тэр эмээ нь ач хүүгээ мундаг хүн болгож хүмүүжүүлсэн хүн гэж боддог. Нэг ярьсан үлгэрээ давтаж ярьдаггүй хүн байсан. Хоёр ч бил үү, гуравдугаар ангид байхдаа ангийн дарга хийсэн. Нэг удаа бид үймүүлээд байсан чинь Дашбалбар босож ирээд “Та нар номхон сууцгаа, үхсэн хүн шиг нам болцгоо” гэж хэлтэл манай ангийн Адьяа нөгөөхийг чинь шувтарчихдаг юм байна. Багш орж ирээд “Чи хүний үгэнд ордоггүй юм бол өөрөө ангийн дарга бол” гээд нөгөө муу Адьяаг чинь ангийн дарга болгочихсон” гээд инээж байна.

Дунд сургуульд хайрын захиаг үйлдвэрлэгч нь ирээдүйн яруу найрагч байсан гэнэ. Дарьгангын сургуулийнхан захиа бичихэд Дашбалбарыг, шугам зургийн хичээлээ хийхдээ “муухай” Сумьяаг гуйдаг байж. Молоко, консерв барьж гүйгээд ёстой нэг долигонож өгдөг гэж байгаа. Нарангийн төвд Осор, Очирбат, Гунаа, Намжим, Дугаржав нарынх айл аймаг байх. Эднийхний Сүхбаатар, Ганбаатар, Шар, Дашбалбар, Минжмаа, Сүрэн нарын нэг ангийн хүүхдүүд их үерхэнэ. Хүрлээ найзынхаа унадаг дугуйг талын нэг тарааж өгнө. Хожим Дашбалбарыгаа хотоос ирэх үед зуны цагт дуу шүлэгт нь мөнхөрсөн Наран булгийнхаа тархин дээр сартай шөнөжин дуулж гитардан, наргиж инээж хонодог байснаа эдний ангийнхан одоо ч дотноор өгүүлж байна. Ангийнхны гэр бүлийнхэн нь “Танай ангийнхан хөгширчихөөд дандаа л нийлж байх юм” “ахарчилдаг” байлаа гээд Шар ах цар цар инээнэ. Ер нь их алиа зантай, гүйлгээ ухаантай хүн юм. Ахарчилна гэдэг нь цухалдах гэсэн үг ажээ. Үүнээс улбаалж дарьганга нутгийн бяцхан толь бүтээх талаар ч Ренчинханд захирал дурдаад авав. Дарьгангачуул эргүүлийг өргүүл, эмээгээ гөеө, найзаа өөшгөө, сахилгагүйтэж дүрсгүйтэхийг эсэнгүйтэх гэх мэтээр хэлэх агаад Шар Дашбалбарыгаа дандаа “Манай өөшгөө чинь” гэж ярьж байлаа. Эрээнцавын яруу найрагч Данзангийн Нямсүрэн хоёрдугаар ангид байхад нь багшилж байж. Мань эр шавь нарынхаа тоосыг сайн гүвдэг байснаас Балбар найрагчийн дультрааг засах гэж чулуу хүлхүүлж байсныг Шар огт мэдэхгүй гэж байна. Бакааль гутлынхаа түрийг эргүүлчихсэн билэг танхай Нямсүрэнгийн залуу нас Наран сумын сургуульд багшилж явсан гэхээр гайхамшигтай биш гэж үү. Анх Дашням гэдэг багш нэгдүгээр ангид хүлээж авсан ч хагас жил болоод Багшийн дээд сургуульд явсан учир Монголжав гэдэг зургаан хуруутай хүн нэгийг нь төгсгөжээ. Хоёрдугаар ангийг нь Нямсүрэн төгсгөсөн бол Паламын Адьяа гуравт нь дааж авч байсан аж. Сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүх гуравдугаар ангид нь бас багшилж байлаа гэх. Ямартай ч Дашбалбар Монголын хоёр ч яруу найрагчаар бага ангидаа хичээл заалгаж байсан хувь ерөөлтэй нэгэн юм.

Наран сумын төвд Шарнууд овогт Цэндийн Санжайдорж хэмээх Очирбат гуайнхны хүргэнийд очиж золголоо. Наран сумын төвд Балжиннямын ахдаа зориулан байгуулсан О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд очих үед тэнгэр намсхийн ёстой нэг мөөгний зөөлөн цагаан бороо шиврэв. Хаврын цагт юуных нь ч мөөгний зөөлөн бороо байх вэ дээ. Эл хүрээлэнд багшийн “Амьддаа бие биеэ хайрла”, “Залуус дүү нартаа хүргэх” шүлгийн гэрэлт хөшөөг босгож, “Би талын хөх чоно” шүлэгт нь зориулж гантиг чулуун хөшөө босгожээ. Энд Улаан сахиусны овогт О.Дашбалбар багшийн гэгээн дурсгалд зориулсан “Диваажин тийш илгээх шүлгүүд” цувралаасаа “Мөнх бусын галт тэрэг”, “Хүслийн тунгалаг сэхээвчнээ…” шүлгүүдээ уншлаа.

“Дөчин хоёрхон цуваатай амьдралын галт тэрэг

Догшин сахиусны бүрэлбааг амирлангуйд өртөөлж одов.

Цуваа болгоны нь цонх руу чулуу шидсэн нүгэлтнүүд

Цусан тахилга үйлдэж, эмгэнэлт жүжиг дэглэв.

Тайзнаа гоцлон наадагч нь хэргэм зэргийн хэнээтнүүд

Тансаг зоогийн ширээнээ хэнхдэг задгай суугаад

Боомилон егүүтгэсэн гүтгэлгийнхээ унжлага олсны гогцоог

Богдын сунтгийн манжилга шиг ариун хэмээн нэрийдэв”,

“Тэнд… Мөнх бусын тунгалаг сэхээвчнээ…

Тэнгэрийн хүү газрын тухай бодлогоширч

Уйт нутгийн салхинаа замхрах гитарын аялгууг

Уянгалаасай, намуухан уянгалаасай гэж хүсэн залбирч сууна.

Цэмцгэр охид янагийн болзоонд догдлон алхах шиг

Цэнхэр гитарын чавхадсан дээр бүжих уяхан хурууд

Амрагийнхаа сормосонд алтран тогтсон мөнхийн нулимсыг

Арчиж амжилгүй бийрээ алдан хөшиж хоцров” гэж даяар Монголын оюун санааны шүтээн болсон Дашбалбар хэмээх бурханд сэтгэл зүрхний зориуллаа илгээсэн юм.

Зүүн гар талаас эхнийх нь О.Дашбалбар

Биднийг О.Дашбалбарын мэндэлсэн газарт очиж шав тавих үеэр ангийнх нь О.Шар, Сүхбаатар нар хүрэлцэн ирж чулуу хормойлон овоолцгоов. Их найрагчийн мэндэлсэн төрсөн гэрийнх нь буурин дээр холын хүмүүнийг урин далласан сайхан хөшөө дурсгал нь хэзээ нэгтээ босох биз ээ. О.Дашбалбар, гэргий Борхүүхэнтэйгээ өрх үүсгэж, сунган ёсолсон газар энэ мэндэлсэн газрын ойр саахалтын зайтай харагдана. Бор эгч “Далан таван онд бид хоёрыг найраа хийхэд Дарьгангаас ангийнх нь морьтой таван залуу ирчихээд хөгшчүүлээс эмээгээд орж ирж чадахгүй орой болтол гадаа хүлээж байсан сан” гэж байна. Ангийнхантайгаа тархин дээрх хадан дээр нь сууж шөнөжин дуулан хонодог асан Наранбулагт нь очлоо. Бороо дусагнаж, булгийн уснаа под подхийн бууна. Дашбалбар найрагчийн тухайд энэхүү бяцхан булаг эх орон нь болж анх төсөөлөгдсөн төдийгүй хожмын өдөр хүний нутгаас үргэлж санан догдлохын чавхдасыг нь хөглөж, урин дуудсан онгодынх нь их ундарга байсаар ирсэн билээ л. Тиймээс ч тэрээр

“Зүйрлэшгүй тансаг хивсэн дээр өдөн хөнжилтэй унтсанаас

Зүлгэн дээр сууж, урсгал ширтэхийн жаргалыг хэлэх юун

Харь газрын дарс шимж, буйдан дээр тухалснаас

Наран сумын төвд О.Дашбалбарын төрсөн гэрийн буурин дээр шав тавив. 2017.04.16

Хар цай оочилж, хадан дээр суухын амтыг хэлэн юун” гэж өгүүлсэн биз ээ. Наран сумаас Баруун-Урт хотоор дайран ирэхдээ Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээр орж төрийн шагналт О.Дашбалбарын нэрэмжит танхимаар орсон юм. Тэнд багшийн эдэлж хэрэглэж явсан бичгийн ширээ, ширэн цүнх, ном судар, тэр байтугай УИХ-ын танхимд өмсөн орж ирж байсан нөгөө “домогт” дүрэмт хувцас, Далай ламын хайрласан нөгөөх мундаг шигтгээт бөгж, Данзангийн Нямсүрэнгийн бэлэглэсэн цэрэг суран бүс, өөрийнх нь зурсан уран зургууд гээд дотно нандин зүйлүүд их байлаа. Хамгийн сонин нэг зүйл бол арваннэгдүгээр хорооллын гэрийн хувцасны шүүгээн дээр Н.Борхүүхэн эгчид зориулан уруулын будгаар дурайлгасан “Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт…” гэсэн энхрий дотнохон гэрээс нүдэнд хоногшсон яг л тэр хэвээрээ угтах нь тэр ээ. Тэгэхнээ, Бор эгч мөнөөх хувцасны шүүгээний хаалгыг салган авчирч музейд нь хүндэтгэн залсан хэрэг байжээ. Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт… гэж хүлээлт, учрал зөгнөсөн цаанаа л нэг учиртай үг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (IV)

З.Ооёобаатар

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №089 (5656), 090 (5657),092 (5659) дугаарт

Дашбалбар найрагчийн хүргэн дүү Зоригоогийнхоос гараад үеэл ах Зундуйн Ооёобаатар ахын пикаап машиныг хөлөглөн, гэрт нь очиж хөөрөлдөв. Их найрагчийн яруу найргийн номуудад “З.Ооёобаатарт зориулав” гэсэн эшлэл бүхий шүлэг хэдэнтээ таарч байдгийн эзэн нь эл хүн ажээ. Тэднийх Мангал гуайнхтай адил мөн л хаалга нь түгжээгүй, онгорхой байна. Тэр ч бүү хэл байрны хаалгаа монгол гэрийн хаалга шиг мяндсан уяагаар сойсон нь сонирхолтой санагдсан. Тэрээр машиныхаа салхивч шилийг ч огт хаахгүй юм. “Ийм хээгүй ч гэмээр, хэнэггүй ч гэмээр нөхөр хотод очвол идээшиж чадахгүй, үгүй ядахнаа л машинаасаа хамаг юмаа алдаж балрах байх аа” гэсэн инээдтэй бодол тэрүүхэн үед төрж байна. Ооёобаатар ах их найрагч дүүгийнхээ сонинд хэвлэгдсэн зургийг жаазлан хоймортоо нандигнан шүтжээ. Тэрээр 1953 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн аж. Эцэг эхээсээ долуулаа ч аав Зундуй нь түүнийг таван настай байхад бурхан болжээ. Ээж нь Дашбалбарын ээжийн төрсөн эгч Осорын Хандсүрэн юм. Ооёо ах өнчин өрөөсний зовлонг багаасаа мэдэрч өсчээ. 1965 оны үед О.Дашбалбар Наран суманд бага сургуулийн дөрөвдүгээр ангиа дүүргээд Дарьганга суманд шилжин ирж байж. Дашбалбар үеэл ахаасаа хоёр дүү бөгөөд дүү З.Сааралынх нь нэг анги юм байна. Ооёо ах 1968-1970 онд Дорнод аймгийн Барилгын ТМС-ийн мужааны ангийг төгсөж ирээд нагац ах Мангалындаа амьдрах үеэс наймдугаар анги төгссөн Дашбалбартайгаа их дотносох болжээ.

Омскийн ТМС-ийг 1973 онд төгсөж ирснээсээ хойш бүүр ч ходийсох болжээ, тэр хоёр. Ооёобаатар үеэлийнхээ тухай “Миний дүү өөртөө эвтэй найртай харьцаж байгаа хүнийг их хайрлаж энэрдэг, зөвлөж сургадаг хүүхэд байсан. Миний сайн санахаар Дарьгангын ангийнх нь Баярсайхан гэж сайн найз нь байж байгаад саяхан нас барсан. Энэ хоёр уран зохиолын тухай хоорондоо маргалдаж, ярилцаж байхыг олонтаа сонсож байсан. 1976 онд бид хоёр Баруун-Уртын нэгдүгээр арван жилийн сургуулийн оройн ангид орж суралцсан. Дүү маань биднээс арай өөр хүн байсан нь энэ үеэс мэдэгдсэн. Тэр оройн сургуулийн ес, аравдугаар ангийн шалгалтыг зэрэг өгөөд биднээс жилийн өмнө төгсөөд явсан. Би тэр үед Гал командын газарт гал сөнөөгчөөр ажиллаж байлаа. Дашбалбар хэзээнээс уран зохиолд шүлэнгэтэн дурлана. Сергей Есенинийг шүтэн биширч, шүлгийн номыг нь сугавчилж явж их уншина. Мань эр гартаа ном барихгүй өдөр гэж ганц ч байгаагүй. Омскт сурч байхдаа оросоор шүлэг бичиж, “Сүхбаатарын зам” сонинд илгээж байсан байдаг. Тэр үед яруу найргийн онгод нь их орж байсан үе байсан юм болов уу” гэж өнгөрсөн хойно нь л бодох юм. Оройгоор арваа төгсөх үедээ уран зохиолын хичээлийг би дүүгээсээ л будаа идэж байлаа. Зуны урин дулаан үед манай Шар ахынх (найрагчийн аав Очирбат агсныг нутгийн ахан дүүс нь ийн авгайлна. сур) Дөрвөлжийн тэнд зусна. Дөрвөлжийн орой дээр гарахаар шүлгээ уншиж өгнө. Нэг өдөр зохиолч Магсаржав багш бидэнд “Ум ма ни бад ми хум” гэдэг чинь “Цэцгэн дээр суусан хүүхэн” гэж зааж байсан. Шашин ном хаалттай байсан тухайн үед чухам яагаад тэгж зааж байсныг би сайн мэдэхгүй. Би шүлэг найраг сайн ойлгохгүй ч Данзанравжаагийн

“Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ

Үйл нь ирээд үхэхийн цагт

Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байна” гэсэн мөрийг жинхэнэ яруу найраг юм байна гэж одоо ч бодож явдаг. Энэ шүлэгт ертөнцийн мөнхийн бодитой үнэнийг арга байхгүй л яруу сайхан дуулсан байх юм. Тэр үед би энэ шүлгийг түрүүлээд цээжилчихсэн болохоор дүүдээ уншиж өгтөл “Наадах чинь юу ч биш. Би үүнээс чинь сайхан шүлэг бичнэ” гэж байсан омголон үе нь харагдах шиг болж байна. Ахын хувьд надаас амьдралын зөвлөгөө авна. “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч Бат-Өлзий гэж хүн байлаа. “Улаанбаатар явах гэсэн чинь Бат-Өлзий намайг явуулахгүй байна” гэхээр нь “Миний дүү хамаагүй өөдөөс нь ярзаганаад үг сөрж болохгүй. Би олон дүүтэй хүн. Ажил амьдралын эрхээр сурч мэдэх шаардлагатай гээд шил архи аваад оч” гэж хэлсэн юм. Бодвол хэлснээр минь очсон байх. Ер нь манай дүү төрөлхийн сод авьяастай, зөнч хүн байсан юм байна гэдгийг одоо л би ойлгож байна. Би Дашбалбарыгаа “Дарга болоод ах дүү нараа ачилж халамжилж яв” гэж ятгадаг байлаа. Тэгэхэд мань хүн “Би дарга болохгүй, яруу найрагч болно. Горькийн Утга зохиолын дээд сургуульд явна” гэдэг байсан. Нэг ТМС төгссөн хүн ийм өндөр зорилго тавиад биелүүлсэн тохиолдол хэд байдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан зөгнөсөн зүйлдээ хүрсэн л хүн байж. Горькийн сургуульд сурч байхдаа бурхны тухай их судалснаа надад ярьж байсан. Төрийн түшээ болсноос нь хойш дүүтэй холбоотой сайн, муу ямар л мэдээлэл гарна, тэр бүх сонин сэтгүүлийг би цуглуулдаг байсан.

Наран сумын төв дэх О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн. 2017.04.16

Дашбалбарын хэлж ярьж байсан бүх зүйл туйлын үнэн байж гэдгийг ард түмэн өнөөдөр харж байна. Ялангуяа “Газрын төлөөх тулалдаан эхэллээ” гэж сонин хэвлэлд нийтлүүлж, ном ч бичиж байсан нь өнөөдөр газар нутгийн бүрэн бүтэн байдал, уул уурхайн лицензүүд, гадныханд өөрсдийн баялгаа өгч байгаа зэрэг байдлаас тодорхой харагдаж байна. Дашбалбарын сэрэмжлүүлснийг уг нь тусгаж авсан бол улс оронд мөн ч их тустай байх байлаа. “Амьддаа бие биеэ хайрла, алив сайхнаа бусдаас битгий харамла”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг ямар гайхамшигтай бүтээлүүд үлдээгээ вэ дээ, муу дүү минь. Дашбалбарын буцан буцталаа ард түмэндээ зориулж бичсэн бүхэн монгол хүн бүхэн санаж бодож болгоож явах философи болов уу. Их хурлын гишүүн болсноос нь хойш би цөөхөн уулзсан. Хэн хэн нь улсын цаг наргүй ажилтай байлаа. Манай дүү чинь тэгтлээ ч их ууж идээд байдаггүй хүн байсан. Би ч бас шалихгүй. Гэхдээ бид хоёр уулзахаараа ярьж хөөрч суугаад ганц лонхны бөглөө мулталчихдаг л байсан. Дүү бид хоёр уулзахад заавал ч үгүй миний өвөрт унтана. Нуруугаа надаар илүүлэх их дуртай.

Би Улаанбаатарт очихоороо Дашбалбарындаа очиж хононо. Бид хоёрын сэтгэл зүрхний холбоо их ойр байж. Хүнд ярьдаггүй зүйлээ надад ярина. Харин их улстөрждөггүй байсан. Аж төрөл, яруу найргийн гоо сайхан, ер нь хүний амьдралын утга учрын талаар их ярилцдаг байлаа” гэж өгүүлсэн юм. Ооёо ах үеэл дүүгээ орчлонгоос цаг бусаар буцсанд их харамсаж нэг хэсэг багагүй балгажээ. Нэг удаа хотод хүүгийндээ очоод ачтайгаа хэд хонотол гуравхан настай ач хүү нь нэг өглөө хий хундаганаас агаарт хий сэржим өргөж байхыг хараад “Ухаантай амьдрахгүй бол удам судар маань хүртэл дуурайх юм байна” гэж бодон хатуу идээнээс татгалзах болсноо нуусангүй. Ооёобаатар 1982 онд ЗХУ-ын Орёл хотын Автотехникийн тусгай дунд сургуульд суралцаж байх үед О.Дашбалбар Москва хотноо тосон авч, байрандаа аваачин дайлж, Улаан талбайгаар газарчилж байжээ. Түүнийг хоёрдугаар курст байхад үеэл дүү нь Орёлд хонины мах, нутгийн шимийн юмтай очиж өдөржин сайхан ярьж хөөрч, дуулж хуурдаж суусныг Дундговийн Умаахум, Архангайн Батжаргал, Өвөрхангайн Сумьяа нарын арваад нөхөд одоо ч халуун дотноор дурсдаг аж.

О.Дашбалбар үеэл ах болон ангийнх нь нөхдийн хамт. Москва. Улаан талбай. 1983 он

Нарт орчлонд жаран жилийн тэртээ мэндэлсэн их найрагч Дашбалбарын үеэл ахтай уулзаж хөөрөлдсөний хойно манай аяныхан дүү О.Балжиннямыг ханьтай нь авч төрсөн нутаг Наран сум руу гарлаа. Балжиннямын хувьд төрөлх сум Нарангийнхаа Засаг даргаар ажиллаж байсан болохоор нутгийн ахан дүүсээ ч сайн танина, бас газар орноо ч мэднэ гэж “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ах тун ч зөв тооцоолжээ. Найрагчийн насны хань Н.Борхүүхэн эгчийн сэтгэл их хөдөлж “Өвгөний минь “Наран булаг” дууг дуулаач” гэж дүүгээс нь гуйж байна. Балжаа ч удаан гуйлгалгүй

“Үүлс нойрсох хавцал хаднууд

Үүрийн манан дэгдэх хөндий

Насан багын алтан өлгий

Намайг торниулсан он жилүүд

Цагаан мөөгний зөөлөн бороо

Цайран шиврэх намуухан орой

Цагийг элээсэн буурал тогоруу

Цам харайх үзэсгэлэнт нутаг аа

Бөөр дэрсэнд мангир түүгээд

Бүүр багадаа тугал сүүлдээд

Эх нутгийнхаа цэцгэнд хөрвөөж

Эрээн цамцаа гээж орхисон

Ай хө, Наран булаг минь

Зээ хө, Нарны булаг минь” гэж эвлэг зөөлөн хоолойгоор дуулахад “Салхиар ганхах цагаан өвсөнд нь ч амь нас минь буй” гэж магтан биширсэн Дарьганга нутгийнх нь намхан толгод аялгуу шүлэгтээ мөнхрөн үлдсэн найрагч хүүгээ үгүйлэх шиг хүйс хүйсхэн салхиараа санчиг үнсэн сэвэлзэнэ. Бид замдаа Онгон сумын Салаа хэмээх газарт хаваржиж буй аймгийн алдарт уяач Шарын Мөнхбаясгалангийнд очсон юм. Мөнхбаясгалан бол аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарын төрсөн ах ажгу. Ренчинханд ахын борцыг энэ айл нутгийн салхиар урь идүүлжээ. Хурц арслан маань хоёр хоногийн өмнө ахынхаараа зочилж адуугаа эргээд буцсан байна. Хар говийн замаар хөдөлсөн бид Талын таван уулын овооноо өдөр, шөнийн зааг үдшийн бүрийгээр давж, Наран суманд очиж хоноглолоо.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (III)

Найрагчийн дүү О.Балжиннямынд

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, дөлт яруу найрагч Очирбатын Дашбалбарын жаран насны ойгоор төрөлх Дарьганга нутагт нь очих талаар өнгөрөгч намраас шавийн хувьд сэтгэл өвөрлөн хэд хэдэн уран бүтээлчтэй уулзсан билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо багш энэ саналыг ихэд сайшаан хүлээж авсан. Тэрээр “Энэ жил манай “Гал” нэгдлийн хоёр уран бүтээлч Данзангийн Нямсүрэн, О.Дашбалбар нарын маань дал, жаран насны ой тохиож байгаа. Унаа тэрэг, явдал суудлын боломж тохиож гэмээнэ Сүхбаатар-Дарьганга-Дорнод-Эрээнцав гэсэн маршрутаар явбал мөн ч сайхан үйл болох сон” гэж сэтгэл юүгээн чилээж байсан. Их найрагчтай сэтгэл, зүтгэл, авьяас билгийн ахан дүү, анд нөхөд явсан хүний нэг бол соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Айлтгүйн Төмөр-Очир. Дашбалбарыг өөрийнх нь шүлгээр “Талын хөх чоно” гэдэг байсан бол атархан талыг адуун сүрэг бөмбөрдөх шиг алтны үртэс-авьяасын залтсыг цээжнээсээ урсгагч Ай сэцнийг ардын уран зохиолч Тангадын Галсан абугай “Дарьгангын дэлт хар чоно” хэмээн цоллон өргөмжилсөн нь учиртай юм. Дарьгангын энэ хоёр “чоно” хүн нийгмийн бусармаг бузар бүхнийг ариун шударгын араа шүдээр хэмлэхийн төлөө амь бие, аж төрлөө умартан тэмцэгч чанар нь хүзүү сээр холбуулж хүний орчлонд нөхөрлүүлжээ.

Найрагч, хүү Д.Гангабаатарын хамт. 1980-аад он

Ай.Төмөр-Очир ах биднийг Сүхбаатар аймаг зорихоос хэд хоногийн өмнө нутагтаа очин хүлээж байлаа. Харин яруу найрагч С.Амартайван ахын “Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа” дууг аялсан шигээ Өндөр хаан уулын өмнө бэлд хүрэх үед нийслэл хот руу буцаж буйгаа дуулгасан юм. Аман билгийн яндашгүй далай ухаант Ай ах маань “Ах нь Борхүүхэн, Ренчинханд, дүү та нарыг Баруун-Урт, Наранд хэд хоног хүлээж ядаад буцлаа. Уг нь би Балбарынхаа талаар овоо томхон дуугарах сэтгэл зүрх ойр л явдаг хүн. Балбар намайг анхандаа дүү гэж томордог байлаа. Тэр нь ч аргагүй. Мань эр чинь Дарьганга сумын сургуулийн миний ах, тракторын жолооч Айлтгүйн Мөнх-Очирын нэг ангийн нөхөр байгаа юм. Би тэднээс хоёр анги дүү ч насаар бол Балбар надаас ганцхан ах. Хожим бид яруу найргийн буянаар үй зайгүй нөхөрлөсөн. Ерэн зургаан оны Их хурлын сонгуульд ялсан тухай нь бид хоёр Түмэнцогт сумын төвийн Зайсан толгой болсон Баян овоон дээр анх сонсож, дурсгал болгон патиар татуулж явлаа. Манай Балбарын чинь хот явсан түүх нь хүртэл сонин ш дээ. Уг нь би та нартайгаа явсан бол олон юм яримаар байна. Одоо Баруун-Урт хотод аж төрж буй 72 настай “Сонины Гоомоо” буюу Намжилын Гомбосүрэн гуайн яриагаар бол манай хүн чинь цэргийн комиссынхонд нүцгэн биеэ үзүүлэхгүй гэж Улаанбаатар гараад шидчихсэн байгаа юм. Мань мэт бол айж хулчийгаад л сууж байх шүү дээ. Тэгэхэд тэр тэнгэрлиг амьтан эцэг, эхээс төрсөн биеэ гадны хэн нэгэнд үзүүлэхгүй гээд явчихаж байна гэдэг чинь цаанаасаа л тэс өөр хувь заяатайн шинж. Хэрвээ Балбар “Цэргийн муусайн юмнуудад мээмээ үзүүлэхгүй” гээд хот яваагүй бол манай ах шиг насаараа тракторын жолооч байх ч байсан юм бил үү” гэх мэтээр утасны цаанаас ёстой нэг пулёмет шиг шүршдэг юм байна. Тэр ч байтугай Балбарынхаа тухай ланжгар том дурсамж дурдатгал ч бичих юм болоод авлаа.

Баруун-Уртын гудманд энэ тухай бодон алхсаар их найрагчийн хамгийн ойрын төрөл садан болох төрсөн дүү О.Балжиннямынд нь очлоо. Балжиннямын хань Зоригоо хэмээх цэргийн дарга асан нэгэн аж. Мангал гуайнхаас Борхүүхэн эгч бидэнд замчилсан З.Ооёобаатар ах гэрийн эзэнтэй “Шүдлэн өвгөн сайхан хаваржаад байна уу” хэмээн мэндлэхэд “Харахад дөч гаруй насны л идэрхэн эр байх юм. Яагаад шүдлэн өвгөн гэж байгаа юм бол” гэж гайхасхийж байтал Хилийн цэргийн офицер учраас хээрийн нэмэгдэл энэ тэр гэсээр цэл залуугаараа тэтгэвэрт гарсан хүргэн хүү юмсанж. Зоригоо “Гэргий, бид хоёр оюутан байхдаа ахынд амьдарч байсан” гэж ам хагарч байна. Найрагчийн дүү О.Балжинням ахынхаа хичээл ордог С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгссөн, манай дээд төгсөлтийн оюутан, бас багшийнд амьдардаг байсан болохоор бид зүс зүсээ таних юм. О.Дашбалбар эцэг, эхээс эгч дүү арвуулаа байж. Ууган эгч Дулмаа нь өөрөөс нь арав эгч хүн гэнэ. Зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нарыг нь Пунцагдэлэг, Жавзмаа, Батхүрэл, Сугар, Түвдэннямбуу, Дашням, Балжинням, Отгонбаяр нар ажгу. Гунигтай ч гэмээр нэг зүйл байсан нь эднийхний эрчүүд ахаасаа хойш бүгд тэр л хүмүүний бурхан болсон дөчин хоёр насанд нь тэнгэрт оджээ. Үе дамжсан эрдэм номтой өвөг дээдсийн үр сад болсон Улаан сахиусны овогтынхон Балжиннямыг Дашбалбарын аав Очирбат гуайн ээжийг эргэн төрсөн гэж ихэд хүндэтгэдэг бол зээ хүү Буянтөгөлдөрийг ээж О.Цэрмаагаа хүү болон эргэн ирсэн хэмээн эвийлж энхрийлдэг байна.

О.Дашбалбар, Ай.Төмөр-Очир нар. Сүхбаатар аймгийн Түмэнцогт
сум Баян овооноо. 1996 он.

Дашбалбар багш маань оюутан бидэнд хичээл орохдоо зөвхөн уран бүтээл, дэлхийн сонгодгуудаас гадна олон зүйлийг ярьж хөөрнө. Тэр нь залуу балчир бидний санаа сэтгэлд тэгтлээ ч их буудаггүй байж. Тэр “Аравтай хүн арав зовно. Нэгтэй хүн нэг л зовно гэж ээж минь хэлдэг сэн. Арван хүүхдийн ээж билээ л. Ээж минь дүү бидний хэнийг ч эрхлүүлээгүй бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан” гэж бичиж үлдээснийг өнөө би харж байнам. Дашбалбар гэж хэн сэн билээ. Дарьганга нэрмэлийн ааг толгойд манарч, уйлмаар, хэнтэй ч юу ч ярилгүй баймаар санагдана. Гал руу цацахад хөх дөл манаран нүүр түлэхээ шахдаг нутгийнхаа нэрмэл шиг хүн байжээ, тэр. Сүхбаатарт ирсээр “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ахын адуучин, шүүгч Баярцогт, цагдаагийн бэлтгэл хурандаа Мангал, хилийн цэргийн бэлтгэл дарга Зоригоо нарын цөөхөн айлаар орсон ч нэг л юмыг сэтгэл зүрхэндээ мэдэрсээр явав, муу шавь нь.

Тэр юун гэвээс Улаан сахиусны овогт О.Д гэдэг хүний хөрөг айл бүхний хойморт залраастай. Найрагчийн аав Очирбат гуай хүүгээ бусдаас илүү эрхлүүлж байсан шиг сэтгэгдэл надад явдаг. Бага сургууль ч төгсөөгүй аав нь хүүгээ бусдаас түрүүнд бичиг үсэгтэй болгох гэж таван настайд нь уншуулж, бичүүлж сургана гэдэг, онц сурлаа гэж олон сайхан номоор мялаана гэдэг, хоёрдугаар ангийн Дашбалбарт хоёр зуу гаруй төгрөгийн үнэтэй хөөрөгт хөгжим сарынхаа цалингаар авч өгнө гэдэг гайхамшиг бус уу? Арван хүүхэдтэй, аж төрөл тааруу хүн хүүгээ арай л өөр хүн гэдгийг төрөхөөс нь эхлээд сайтар анзаарчээ. Дашбалбар гэдэг шүтээнийг Дарьганга нутагт хайрласан Очирбат аавд мөргөмүү. Осорын Цэрмаа ээжид нь сөгдмүү. Олон сайхан дүү нарт нь бахархмуу. Бор эгч минь “Баруун-Уртад орвол ч манай хамаатнууд олон бий. Өвгөнийхөө л ах дүү нараар орж чиний ажлыг юун түрүүнд амжуулъя” гэнэм. Миний ажил гэдэг нь Дашбалбар багшаа л асуун сурах бүлгээ. Ерэн найман онд багшийнхаа ууган шавь “Мөнгөнморьтын тэнгэр аялгуу” болсон Жамьянгийн Болд-Эрдэнэ найрагчийг, ерэн есөн оны намар багшийгаа одоход сэтгэл нэг хоосорч хүний хорвоо утгагүйдсэн сэн. Балжинням дүү нь ахдаа зориулж “Тэр оюун санааны ертөнцийг эзэгнэн амьдарч буй” гэдэг ном 2007 онд хэвлүүлжээ. Дүү нь гэхэд хөндлөнгийн хүн ч юм шиг хандлагатай нэр ахынхаа тухай номд өгч гэж бүү бодоорой. Тэр номд ямархан их халуун сэтгэл, ямархан их гуниг хадгалагдсаныг уншсан хүн л мэдрэх биз ээ.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (II)

О.Мангалын гэр бүл

Өглөө наран мандахад Баруун-Урт хотын гудмаар Бор эгч бид Баярцогт ахаар газарчлуулан О.Дашбалбар найрагчийн нагац ах Осорын Мангал гуайнхыг зорилоо. Төв талбайд жагсаалчдын хэдэн гэр бариастай. Цагаан хоолойгоор “Хонхны дуу” цангинаастай. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх баригч нам болоод АН хоёроос тэнцүү тоотой нөхөд гарч, дахин сонгуулиар хайн хагалахаар гарсан ардчиллын нэг нөхрийг хүлээн зөвшөөрөөгүйгээс зөрчил үүссэн юм уу даа. Намын сурвалжлагаар биш номын харгуйгаар аялж яваа болохоор тэгтлээ сонирхсонгүй. Харин сэтгэлд “Ай, Баруун-Урт хот минь, чиний ариун хөрсөн дээр гучин наймхан насандаа тэнгэрт дэвшсэн агуу их найрагч Данзаннямын Шагдарсүрэн, дөчин хоёрхон насандаа бурхан зүг одсон Очирбатын Дашбалбар нар гишгэж явсан шүү дээ. Энд Дашбалбар анхны шүлгийн номоо аймгийнхаа хэвлэхэд хэвлүүлчихээд яаж баярлаж явсан бол. Гомбожавын Мэнд-Ооёо хүж барилдсан дүү Балбартайгаа Шар дөрөлж дээр ямархан уянгаар нэгнийхээ сэтгэлийн чавхдасыг хөглөж явсан бол” гэсэн уянгалаг ч гэмээр, уйтай ч гэлтэй асуулт аяндаа хөвөрч ирэв. Ийн бодохуй Дашбалбар найрагчийн эртээ нэгэн цагт бичсэн

“Эртний сайн нөхөр шиг Баруун-Урт хот минь

Эргээд л би шувуудтайгаа цуг чамдаа ирлээ

Үдүүлж, угтуулсаар дасал болсон онгоцны буудал

Үнэнч хань минь хүлээсээр л байв уу?

Найрагч Шагдарсүрэнгийн алхаж явсан газар,

Намрын шар өдөр тогоруудын гунигтай нутаг,

Насны багад хашааных нь буланд зогсож

Нар болсон охидыг хүлээж цөхсөн үдэш.

Олон жилийн хойно хайрын үг сонсож

Орчлонд дахин төрсөн юм шиг баярлаж явсан нутаг

Орь залуу түүнээсээ анх сонссон үг шиг

О.Дашбалбар нагац ах О.Мангал, хүү Д.Гангабаатар нарын хамт. 1983 он

Одоо ч надад дотно болоод үнэтэй Баруун-Урт минь” гэсэн шүлгийн мөрүүд санаанд орж ирнэ. Олон жилийн өмнө туурвисан бүтээл нь орчлонд үлдсэн байхад бичсэн эзэн нь хаашаа ч оддог орчлон юм бэ дээ. Багшийн цусан төрлийнхнөөс хамгийн өндөр настай нь цагдаагийн бэлтгэл хурандаа, эдүгээ наян хоёрны хавартайгаа золгоод буй Осорын Мангал гуай ажээ. Байрных нь гурван давхрын шатыг өгсөн ороход хаалга нь түгжээгүй онгорхой байх аж. Хот газрынханд айлын хаалга онгорхой байх гэдэг их л хачирхалтай санагдах биз. Мангал гуай наран талын жижиг өрөөндөө адар ширтэн амьсгаадан хэвтэнэ. Айлчнаа анхандаа таньсангүй бололтой толгойгоо өндийлгөн нэлээд удаан харснаа золгохоор очиход л “Өө, энэ чинь Борхүүхэн үү дээ, бэрийгээ ч танихгүй болчих гэж” гэнгээ монгол ёсоор орноосоо өндийн золгов. Гэрийн эзэгтэйн бие тавгүйрхээд өглөө эртлэн эмнэлэгт үзүүлэхээр оджээ. Дашбалбар найрагч “Зүүдний мөнгөн шувуу” номдоо нагац ах Мангалдаа зориулан

“Торойн зам уул уруудан бүдгэрсэн Дарьганга минь

Тогорууны булаг хавцал дундаас мэлмэрсэн Дарьганга минь

Том бага уулстай талын чинь элгэнд гүйж өсөв өө

Толгод дамжин эрхэлж бага насаа чиний тэнгэрт өргөл болгоё оо…” гэж нутгаа санаж гэгэлзсэн шүлгээ бичсэн байдаг. Мангал гуай “Дашбалбар чинь Дарьганга суманд сургуулиа төгсөх жилээ Хөгжим бүжгийн сургуульд орно гэж шалгалт өгөөд тэнцэж байсан юм. Тэр сургуульд явах гэж байтал тухайн үеийн дарга нар арын хаалгадаад өөрснийхөө хүүхдийг явуулчихгүй юу. Манай тэр чинь багын баахан шазруун хүүхэд байсан болохоор “Би Зөвлөлтөд трактор комбайны курст явна” гэлээ. Гайгүй юм бичдэг байсан юм аа, тэр үедээ. “Чи зохиолч болно гэчихээд тракторын курст явдаг нь ямар учиртай юм бэ. Тракторын тостой жолооч болоод чамд юм бичих ч зав гарахгүй” гэж аашилтал “Би техниктэй харьцахгүй, хамгийн гол нь орос хэл сурч ирнэ” гэдэг юм. Төгсөөд ирэхэд нь би аймгийнхаа автын байцаагч байлаа.

Хөдөө аж ахуйн газрын дарга Дамдиндоржид “Нэгдэл дундын амралтын газарт хуваарилаад өг” гэж захилаа. Орос багш нар нь “Энэ сурагч юм зохион бичих авьяастай” гэж тодорхойлолтонд нь бичсэн байж. Манай нөгөөх чинь хүүхэд юм болохоороо тэрүүгээрээ түрээ бариад данаганаад байхаар нь “Тэгдэггүй юм аа, чи. Хуваарилсан газар нь оч” гэж Нэгдэл дундын амралтын газрын дарга Дашжавт даатган явуулсан. Дарьганга сумын амралтын газрын зохион байгуулагчаар хоёр жил хэртэй ажиллахдаа амрахаар ирсэн яруу найрагч Мишигийн Цэдэндоржтой танилцан, шүлгээ үзүүлэн багш, шавь барилдсан юм билээ. Мишигийн Цэдэндорж “Сүхбаатарын зам” сонины ажилтан Бат-Өлзийд “Энэ хүүхдийг сониндоо авчих” гэж гуйж оруулснаар аймгийн төвд ажиллах болсон. Төлийн сурвалжлагад явуулсан чинь үхсэн хургаа пүнзэнд овоолчихсон айлын тухай, манай тэр чинь багын хурц хүүхэд болохоор “Төлөөрөө дарш хийсэн нь” сурвалжлага бичиж бөөн юм болж, Бат-Өлзийг асуудалд оруулж байсан юм. Аймгийн дарга Далай нөгөөх нийтлэлийг уншаад сүрхий таньдаг болчихсон хойно өрөөнд нь орж “Би ийм юм бичдэг хүн байгаа юм. Номоо хэвлүүлмээр байна” гэж. Далай ч чадалтай, авьяастай хүүхэд гэж таньсан юм байлгүй, дэмжээд “Залуу насны замнал” анхны номыг нь цөөн хувь хэвлэсэн юм уу даа. Номоо хэвлүүлээд хот руу явж Хотын Эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Цасчихэрээр дамжуулан Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд орсон санагдана” гэж хуучилтал найрагчийн гэргий хажуугаас “Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуйд явна гэхээр нь би хүүхэд шуухадтай, чи очоод төвхнөчих. Араас чинь очъё гэтэл Монголын Эвлэлийн төв хорооны дарга, зохиолч Л.Түдэв гуай шүлгийг нь үзээд “Ийм авьяастай хүнийг хөдөө хөхрөөхгүй хө. Чи энд ажиллана аа” гэснээр Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж, Цасчихэр гуайтай танилцсан юм” гэж байна.

Найрагч гэргийн хамт

Мангал гуай дүүгийнхээ баялаг намтрыг хуваалцах зуур царай нь шаргалтан туяарч ам халах янзтай. “Тэндээсээ Горькийн сургуульд явж дүү минь дэлхийн мэргэдтэй номын авшиг буянаар танилцаж зөв замд орсон доо” гэж уужрасхийн санаа алдсанаа “Сүүлд бас л санаа зовоох юм гаргалаа. Нэг өдөр ажил дээрээ байж байтал З.Ооёобаатар өрөөнд ороод ирлээ. Нэг сонин үзүүлээд “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” гээд юм биччихэж, цаадахь чинь. Одоо яана аа ах аа, цагдаа шүүх гээд бөөн юм болно оо” л гэж байна. Тэр бичсэн нийтлэлээсээ болж Улс төрийн товчооны хурлаар орсон гэдэг юм. Ю.Цэдэнбал дарга тэгэхэд “Дашбалбар гэдэг чинь ийм их залуу хүн байдаг юм уу” гэж түймрийн дөл намжаасан байгаа юм. Тэр ч бүү хэл Намсрай гуай “Чи зөв юм бичиж. Цаашид ч зоригтой бичиж бай” гэснээр “Номон дээр гишгэсэн алдас”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” зэрэг нийтлэлээ бичсэн гэж байгаа. Ингэж л анх нэрд гарч эхэлсэн. Би ч багаас нь загнаж сурсан болохоор Их хурлын гишүүн болсон байхад нь ч “Тэр муу, энэ муу” гэж хүнийг нүдийг нь бүлтийлгэж чичилж загнадгаа боль” гэж аашилж байлаа. Хожим нэг ирэхдээ “Даадайгийнхаа үгэнд ороод хүн загнахаа больсоон” гэж байсан даа, дүү минь” гэснээ хоолой нь зангираад ирэв.

Биднийг ийн хуучилж суутал гэрийн эзэгтэй Адьяа ёхолсоор орж ирэв. Тэрээр аймгийнхаа эмнэлэгт олон жил сувилагчаар ажиллажээ. Ажлаасаа ирэхэд гэрт нь амьдардаг Дашбалбар дүү нь хоол ундаа ягшуулчихсан, аргал түлшээ базаачихсан, өөрийнхөө орны тэрүүхэнд гэрэл асаагаад ном уншаад сууж байдаг байсан тухай дурсахдаа тэсэлгүй нулимс бөмбөрүүлж “Тийм ч сайхан дүү минь ийм ч богино наслах гэж” гээд мэгшүүлэв. Настай хүний сэтгэл дэнслүүлсэндээ гэмших ч сэтгэл төрөх шиг. Тэгтэл харин Мангал гуай “Ах нь дүүгээ талийх үед энэ шүлгийг 1999 оны аравдугаар сарын 19-нд бичсэн юм” гээд бяцхан товхимол гаргаж ирэв. Янз нь яруу найрагч дүүгээсээ л нуудаг байсан болохоос шүлэг найргийн авьяастай нэгэн бололтой. Тэр шүлэг нь “Дүү минь та од байжээ” гэсэн нэртэй. Дүүгээ “та” гэдэг ямархан ч их хүндлэл дээдлэл юм бэ дээ?

“Хөх Монголын алдарт хүүг

Хөрст дэлхийдээ шингэхэд

Хөвөн үүлс бөхөлзөж

Хөвч тайга дүнсийнэ

Цагаан зандангийн үнэр

Цацлаа өргөсөн хүмүүсийн

Цадигийн их хүч

Цаашдын зорилгыг чинь хэрэгжүүлнэ

Үнэн дээдийн төлөө

Үхтлээ зүтгэсэн дээ, дүү минь

Үнэхээр цогтой эрдмээ

Үй олондоо үлдээсэн дээ

Газар шорооныхоо төлөө

Галтай цогтой тэмцэж

Гарамгай шударга зангаараа

Гайхагдаж явсан даа, дүү минь

Ард түмний ачит хүү

Амьдын орчлонд байхгүй ч

Наран мэт төөнөж

Од адил гялалзаж

Гал шиг дүрэлздэг дүү минь

Орчлонгоос яагаад явчихав аа?

Хүний ертөнцөөс уйдав уу

Хүслээ биелүүлээд буцав уу

Хар санаатанд хорлогдов уу

Хаашаа явчихав аа, дүү минь

Дарь овоогоо шүтэн

Дагшин Дуутдаа ивээгдсэн

Дарьганга нутгийн суут хүү минь

Дахиад бидэндээ ирээрэй”

Мангал гуайнхаас гараад морин жолоочтойгоо яривал Д.Ренчинханд ах маань төрсөн дүү, Сүхбаатар аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасандоржийнд амарч байгаа ажээ. Энэ Баасандорж хэмээх залуутай өнгөрөгч намар Алтан овооны энгэрт дотно сайхан танилцаж байснаа санав. Баруун-Уртын төв гудмаар алхаж явахдаа Очирбатын Дашбалбар хэмээх их найрагч хүний хорвоод ямархан их тод сайхан мөртэй амьдраа вэ гэсэн бодол тээж явлаа.

“Алив юм цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр

Цагаан сахалтай буурал өвгөд ч

Цагтаа бас л шуугиулж явсан…” гэж тэрээр насны давааны оройд гарсан нагац ахдаа зориулсан юм шиг санагдсаар байлаа.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *