Categories
мэдээ улс-төр

​С.Эрдэнэ: Зургаан нэр дэвшигч Эвийн гэрээ байгуулсан учир ялсан нэгнээ дэмжиж ажиллана

Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшигчид тодорч байна. Өчигдөр АН дотоод сонгууль явуулж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ тодруулсан юм. Нийт гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар зургаан нэр дэвшигчээс Х.Баттулга тэргүүлсэн. Одоо тавдугаар сарын 6-нд болох намын их хурлаар түүний нэрийг батламжлах юм. Өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн хурал хийж, дотоод сонгуулийн дүнг албан ёсоор танилцууллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс:

Х.Баттулга 2740.9 оноо
Р.Амаржаргал 2374.8 оноо
Д.Дорлигжав 1058.6 оноо
Н.Алтанхуяг 1044.1 оноо
Л.Болд 917.3 оноо
Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ.

Мэдээллийн үеэр намын дарга С.Эрдэнэ: Манай намын удирдлагын 80 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Бид асуудал байгаа бол гишүүд рүүгээ яв гэдэг зарчимтай ажиллаж байна. Өчигдөр болсон дотоод санал асуулгаар Ерөнхийлөгчийн сунгаанд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг VIII Их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулна гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад АН-ын дарга С.Эрдэнэ ингэж хариуллаа.

-Сонгуулийн зардалд 3.8 тэрбум төгрөг зарцуулна гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Үндэсний аудитын газрын албан бичгээр улстөрийн нам 6.9 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.8 тэрбум төгрөг дээд хязгаараар зарцуулж болно гэсэн. Хандиваар цугласан мөнгөөр л энэ асуудал шийдэгдэх байх.
-Х.Баттулгыг шүүхээр шалгагдаж байгаа гэж яригддаг. Ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох уу?
-Шүүхээр ямар ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг гэм буруутай гэж тооцож болохгүй. Монгол Улсын бүх иргэн сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэрэгтэй.
-Зарим иргэд сонгуульдаа оролцож чадсангүй. Нэрийг нь хасчихсан байна гэж гомдол гаргаж байна?
-Намын даргын сонгуулийн хувьд 2016 онд татвараа төлсөн иргэд сонгуульд оролцсон. Харин зарим нь хэнэггүйгээсээ болоод жилийн 2600 төгрөгийн татвараа төлөөгүйгээсээ болоод 2017 онд болж байгаа энэ сонгуульд оролцож чадаагүй байх.
-Нэр дэвшигчдээс ямар дэнчин авсан бэ?
-Нийт гарах зардлаа дэвшиж байгаа зургаан хүндээ хувааж авсан. Үндсэндээ улсын хэмжээнд зохион байгуулсан сонгуульд хүн хүчний, ажлын хөлсний гээд зардлууд гарсан. Эдгээрийн зарцуулалт дээр нэр дэвшигчид хяналт тавьж ажилласан.
-Хамгийн өндөр оноо авсан хүндээ бусад нь сөрөг хандлага үзүүлэх явдал ажиглагдах юм?
-Зургаан нэр дэвшигчид маань эвийн гэрээ байгуулсан. Хэн нь ч гарч ирсэн хамтраад дэмжээд ажиллана гэсэн байгаа. Цахимаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь хувь хүний эрх. Тэрийг намын юм уу фракцын байр суурь гэж үзэж болохгүй.
О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *