Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: 10 сая, 100 саяар торгоод сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын амыг барина гэвэл үүн шиг үлгэр байхгүй

“Өдрийн сонин”-ы №094(5661) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-УИХ-аар Зөрчлийн хуулийг хэлэлцэж байна. Тэр дундаа цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн бол хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгохоор боллоо. Гэхдээ санаатайгаар хүн гүтгэнэ гэж байхгүй л дээ. Засгийн газраас өргөн барьсан төслөөр хувь хүнийг хоёр сая, аж ахуйн нэгжийг 20 саяар л торгох заалт байсан даа уг нь. Таны байр суурийг сонсмоор байна?

-Зөрчлийн хууль өөрөө их маргаан дагуулж байна. Өнгөрсөн даваа гаригт бүлгийн хурлаар ажлын хэсгийн гаргасан хуулийн төсөлтэй танилцсан. Ингэхдээ маргаантай зүйлсийг хагалуулъя гэж оруулж ирсэн юм. Зөрчлийн хуулийн төслийг хуулийн зөвлөхтэйгөө зөвшилцсөн. Өөрөө ч сайн судаллаа. Ямартай ч хуулийг бүхэлд нь эргэж харах шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол маргаантай зүйлс их байна гэдэг нь харагдлаа. Тэр дундаа таны асуусанчлан “гүтгэх” заалтын хүрээнд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эхсүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох санал орж ирснийг байнгын хорооны гишүүд дэмжээд явчихсан л даа. Уг нь бид бүлэг дээр ярихдаа юм л болбол торгох эсвэл барьж хорих гэдэг бол хуулийн гол зорилго биш гэж ярьж байсан юм. Бид улс орноо хөгжүүлэх ёстой, хариуцлага сахилга баттай байх ёстой гэж ярьцгаасан. Би бүлгийн хурал дээр “Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгийг хэдэн зуун саяар нь үрж үрэгдүүлж, хууль бусаар зарцуулсан гэж яриад л байдаг. Үүнийг шалгасан болоод орхидог. Бид гэхдээ хувь хүнийг шийтгэх гээд байгаа юм биш. Хууль бусаар мөнгө зувчуулсан бол төрийн албанд ажиллаж болохгүй гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх ёстой” гэж хэлсэн. Одоо хэлэлцэгдэж буй Зөрчлийн хууль ард түмнийг хэтэрхий сахилга баттай байлгах гээд чангаруулсан зүйл заалтууд орж ирсэн. Тухайлбал, 12 зүйл дээр баривчлах заалт ороод ирж байгаа юм. Бодит амьдралд нийцэхгүй, их хэмжээний мөнгөөр торгуулахгүйн тулд авлига өгөх боломжийг нь нээчихсэн ч гэдэг юм уу, зөрчилтэй зүйлс байна лээ.

-Гүтгэх заалтын тухайд сошиал орчин гэж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түлхүү хамааралтай хууль гарчих гээд байна л даа?

-Уг хуульд гүтгэхтэй холбоотой заалт байгаа юм. Гүтгэсэн бол тухайн хүнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно гээд нэмчихлээ л дээ. Үнэхээр тухайн хүнийг гүтгэсэн үү, үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ. Хоёрдугаарт, энэ хүн гүтгэсэн байлаа гэж бодоход тухайн мэдээллийг сэтгүүлч өөрөө олсон уу, эсвэл захиалагч байна уу гэдгийг нягтлах ёстой. Үнэхээр захиалагч байгаа бол захиалагчийг нь яаж шийтгэх юм гэдэг нь ч тодорхойгүй байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол буух эзэн, буцах хаягтай байдаг. “Өдрийн сонин” гэхэд Э.Энхболд гээд автортойгоо гардаг. Ийм эзэнтэй байдаг байхгүй юу. Харин цахим орчинд хэн гэдэг нь мэдэгдэхгүй нүүрээ, нэрээ нуусан хүмүүс гутаан доромжилж байгаа энэ зүйлсээ ялгахгүйгээр зарим хүмүүс асуудалд хандаад байна. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Ийм асуудал байна, үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн байвал үүнийг гүтгэлэг гэж үзэх юм уу. Гүтгэж байна гэж үзээд шууд 10-100 сая төгрөгөөр торголоо гэхэд үүний цаана улсын хөрөнгийг шамшигдуулсан, идэж уусан энэ асуудлыг өөгшүүлээд үлдээх үү. Нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн амыг нэг мөсөн барих сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол надад ч байна. Учир нь 100 сая төгрөгийн торгууль нь хуулийн этгээдийг торгох хамгийн дээд хэмжээгээр орж ирж байгаа юм. 10 сая гэдэг нь ч мөн адил хувь хүн дээр хамгийн дээд хэмжээ. Энэ хуулийн бусад заалт дээр ийм өндөр торгууль байхгүй. Үүнийг хэдэн хүн, хэдэн хуулийн этгээд төлж чадах вэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ихэнх нь төлж чадахгүй. Шударгаар асуудалд ханддаг хэвлэлийн байгууллага үүнийхээ төлөө үүдээ барих хандлага олон гарна.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Энэ хувь хэмжээн дээрээ эргэж харах ёстой. Мөн гүтгэсэн үү, үгүй юү гэдгийг яаж нотлох вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Уг хуулийн нэг аюултай нь шууд хэрэгжээд явчих юм. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой. Гүтгэх гэж юуг хэлэх вэ, нэр төр гутаах гэж юуг хэлэх вэ гээд бүгдийг нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд чуулганы хуралдаанаар батлаад явбал алдаа болно.

Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Гарамжав гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээд явчихсан. Байнгын хороон дээр дэмжигдсэн юм чинь чуулганы хуралдаанаар орно. Зарчмын зөрүүтэй санал оруулсан гишүүн өөрөө саналаа татаж авбал энэ санал хүчингүй болно. Гэхдээ саналаа татаж авах эрх нь зөвхөн анхны хэлэлцүүлэг дээр л нээлттэй гэдгийг бодох ёстой. Эцсийн хэлэлцүүлэг дээр саналаа татаж авна гэж байхгүй. Би зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн болон зарим хүмүүстэй уулзаад мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн байгууллагыг хамгийн дээд хэмжээгээр торгож болохгүй. Энэ асуудал чинь хоёр талтай гээд уулзаж байгаад гарч ирлээ. Чуулганы хуралдааны үеэр гишүүд асуудалд хэрхэн хандах вэ гэдгийг л харах үлдлээ.

-Ер нь улстөрчид яагаад хэвлэлийнхэнд ингэж хатуурхаад байгаа юм бэ. Өөрсдийг нь гаргаж ирж олж таниулдаг нь хэвлэл л байдаг биз дээ?

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр нэрээ, байгууллагаа нуусан хүмүүс зохион байгуулалттай дайрах зүйлс гарч байгаа. Тиймээс хуулийн заалтдаа энэ бүгдийг тодорхой болгох ёстой. Одоо бол нэр хүндийг гутаасан гээд ерөнхий заалт дээр хуулийн этгээдэд оногдуулах хамгийн өндөр хэмжээг оруулсан. Үүн дээр гишүүд наанатай, цаанатай хандаж эхний хэлэлцүүлгээр шууд явуулчихгүй байх гэж найдаж байна.

-Сэтгүүлчийн, хэвлэлийн байгууллагын ирийг мохоох арга нь эдийн засгаар нь боомилох, дарамтлах хууль л болчих гээд байх шиг байгаа юм…

-Дарамтлах гэж ойлгох нь хаашаа юм. Ерөнхийдөө эдийн засгийн аргаар асуудалтай тэмцэх гэж үзэж байна. Хэнтэй тэмцэх гээд байгаа юм, тэмцэх шалтгаан нь юу байв гэдэг нь өөрөө энэ хуульд бүрхэг байна л даа. Түүнээс биш хэвлэл мэдээллийн байгууллагын амыг үдэж, зогсооно гэж хэзээ ч байхгүй. Бидэнд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж бий. Энэ хууль өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнээс биш нэг гишүүн санал гаргаад 10 сая, 100 саяар торгоод сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын амыг барина гэвэл үүн шиг үлгэр байхгүй. Хэзээ ч сэтгүүлчид амаа бариулахгүй. Ярих зүйлээ яриад л явна. Түүнээс биш гүтгэх, үнэн мэдээллийг түгээх хоёр өөр зүйл. Үүнийг хэрхэн ялгах вэ гэдэгтээ асуудал байгаа юм.

-Зөрчлийн хуульд иргэнийг баривчлах заалтууд орсон байна лээ. Баривчлах чинь Эрүүгийн хуульд хамааралгүй юм уу?

-Энэ асуудал мөн маргаан дагуулж байгаа. Уг хуулийг бүхэлд нь сайн харахгүй бол хувь хүний хувь заяатай холбоотой асуудлыг үүгээр зохицуулж байгаа. Би бүлгийн хурал дээр ч гэсэн хэлж байсан. 7-30 хоног баривчлах шийтгэл дээр танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, жагсаал цуглаан хийх, хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гээд заалтууд орж ирсэн. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэхээр шүүхийн танхимд шүүгдэж буй иргэн өөрийгөө өмгөөлөн үг хэллээ гэхэд “Чи шүүхэд нөлөөлөхийг оролдлоо” гээд шууд 30 хоног баривчлахаар болбол яах вэ. Тэр хүн гэмт хэрэг хийсэн ч байж болно. Хийгээгүй ч байж болно. Тэгэхээр хүнийг хэн хамгаалах юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс энэ мэтчилэн бидэнд бодолцох зүйлс бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *