Categories
мэдээ улс-төр

​Төрийн албаны шинэчэлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


Төрийн албаны шинэчлэлийн тухай хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс хоёрдугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараахь асуудлыг шинээр тусгажээ. Үүнд:
• Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах,
• Түүнчлэн чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах,
• Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх,
• Төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх;
• Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг 6 жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Төрийн албанд авлига, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;
• Төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;
• Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх,
• Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчлах;
• Удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхийг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;
• Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах,
• Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжих. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг болох;
• Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *