Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний эрхээр хэд хоног цатгалан явах вэ!?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэхдээ эхлээд нам дотроо нийт намын гишүүүдийн оролцоотой сунгаа явуулна гэсэн ам тангараг худлаа боллоо. Нам доторх нэр дэвшилт тавдугаар сарын 2-7-ны хооронд болох учиртай. Намын нэр дэвшүүлэлт будлиантай болбол эхлээд хэн нэг нь гомдол гаргах учиртай. Гэхдээ цагдаагийн байгууллагад. Цагдаа ирж шалгаад үнэхээр хулхи болсон гэж үзвэл Шүүхэд шилжүүлнэ. Шүүх үнэхээр тийм байна гэж үзвэл хулхидагчид заргалдан дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж болно. Ийнхүү гурван шатны шүүх болоод цагдаагаар 14 хоногийн дотор гялалзуулаад анхлан нэхэмжлэл гаргагчид заргаа авч чадах юм бол нам доторх нэр дэвшилтийг дахиж болно. Энэ хугацаандаа багтахгүй бол тэгээд хохь нь. Хууль нь ийм юм билээ.

Ингэхээр улайм цайм луйвар хийгээд хуулийн хугацааг нь аргалаад өнгөрөөхөд л шууд тэнгэрийн умдаг. УИХ-ын сонгуульд урьд нь ч ингэж байсан, одоо ч ийм аргаар дивтаат болсон гишүүн нэгээр тогтохгүй. Үүнийг шүүх, цагдаагаас авахуулаад иргэд ч сайн мэдэж байгаа, гэхдээ хоёр хоног шуугьсан болоод л мартчихдаг юм. “Өтгөн, шингэнээ дээрээс нь асгаад байхад тоодоггүй ард түмэнтэй юугаа ч ярих юм билээ!” гэж Л.Түдэв гуай хэлсэн гэх.

Бүх төрлийн сонгууль нэг талаасаа бизнес, нөгөө талаасаа луйвар болоод удаж байна. Өнгөрсөн гучаад жилд энэ нь Далай ламын шившлэгтэй гэх шүдэнз тараахаас эхэлж байсан бол одоо эцсийн үр дүн нь эхнээсээ хуйвалдан тохирогчдод тодорхой байдаг өгч авалцдаг сүлжээний бизнес болтлоо төгөлдөршжээ. Үүнд олон арга бий. Жишээ болгоход өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг маш амархан шилж авсан. Намын дээд шийдвэр гаргадаг Үндэсний зөвлөлдөх хороо гэж байна. Тэднийг нэр дэвшүүлэх хуулийн сүүлчийн өдөр орой таван цагт хуралтай гэж цуглуулсан. Дарга нар нь 11 цаг 30 минутад танхимд орж ирлээ. Хуулийн хугацаа дуусахад ердөө 30 минут үлджээ. Дарга нар 76 тойрогт нэр дэвших хүмүүсийн жагсаалт уншаад “Одоо ямар ч хугацаа үлдээгүй, үүнийг шууд жагсаалтаар батлахгүй бол манай нам сонгуульд орж чадахгүй боллоо”. Ингээд л болоо.

Энэ хавар Ардчилсан намын даргын төлөөх сунгаа боллоо. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл болно, хүн бүр 1200 төгрөг тушаах ёстой гэсэн шийдвэр тэд гаргав. Зарласан хугацаа дуусахад ердөө 17 мянган хүн бүртгүүлжээ. Тэгэнгүүт намын данс руу эзэнгүй 40 сая төгрөг ороод ирэх нь тэр. Энэ мөнгөнд таарах 30 мянган хүнийг гэрээс нь, гудамжнаас, траншейнаас, бэлчээрээс гялс олж ирсэн. Ингээд л болоо, нам гишүүдээсээ 30 хувийн санал авсан фюрэртэй боллоо. Одоо ч ялгаагүй, намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах тэмцээнд гишүүдийнхээ гуравны нэгийн саналыг ч авч чадаагүй нэг сайхан гар 100 чавганцын уралдаанд тод магнайлчихсон цохиж орж ирнэ. Үндэсний удирдагч, аан?

Сая Ардчилсан намын дотоод сонгууль боллоо. Үндэсний бодлогын хороо гэсэн шинэ нэртэй болсон хуралд 380 хүн гишүүнээр тодрох ёстой аж. Нэр дэвшигч төдий олон байгаагүй юм уу, зориуд хааж боосон юм уу, ихэнх тойрогт нэг суудалд нэг нэр дэвшигч. Томилгоо л юм даа, үхсэнийх нь сонголт байхав. Харин тодорхой хүмүүсийг шахахаар шийджээ. Баярцогтын тойрогт найман хүн шахав. Надад 10, түүний дотор гурвын гурван Батбаяр.

Одоо намаас Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлэхдээ яах вэ? Яаж ч магадгүй. Мөнгөөр шахах арга байна. Нэр дэвшвэл мөнгө өг. Төв Африк улсын хаан асан Бокассо “Надад мөнгө өгвөл би инээнэ, их мөнгө өгвөл бүр их инээнэ” гэсэн гэдэг. Хулгайлаад аваад ир, хоншоор чинь хүрвэл төрөөс эргүүлээд аваарай! Ийм практик АН-д өнгөрсөн өвлөөс гэнэт нэвтэрсэн. Бүр дээр нь дэнчин ч гэх шиг нэмэлт мөнгө шаарддаг болсон. Ирээдүйн байр суурийг урьдчилан зарж байгаа л ухаантай юм болов уу даа. Түрүүний цуглуулсан мөнгөө намын байгууллагуудад эргүүлж тараалгүй хав дарчихсан. Намын дарга тодруулах ажиллагаанд горилогчдоос татсан мөнгөний хагас нь хэмнэгдсэн.

Мөн “Намын бодлого” гэж тодорхой нэрийг гишүүдэд тулгадаг өөр нэг арга байна. Нам бол улс төрийн нээлттэй олон нийтийн байгууллага. Намын бодлого нь гишүүдийн оролцоо идэвх санал хүсэлт дээр буй болдог болохоос дээр нь гараад зайдалчихсан хэдэн луйварчдын хүсэл мөрөөдөл бишсэн. Намын шугамаар тараах албан тоот, нууц болон ил даалгавар тулгалтаар энэхүү “намын бодлого” гэдгээ бүхий л анхан болон дунд шатны удирдлагад явуулан доод гишүүдээ захирахыг даалгадаг. “Намын бодлого”-ын хүмүүс аль ноднингоос тодорчихсон юм даа. Иргэд үүнийг сонгуулиар ёс төдий баталгаажуулж хууль ёсны болгох л үлдсэн.

Тодорхой хүмүүсийг нийтийн өмнө шившиглэх бас нэг арга байна. Сү.Батболд, Э.Бат-Үүл, С.Баяр гурвыг сүүлийн гурван сар яагаад онцгойлон шившиглэх болов? Энэ жагсаалтад саяхнаас Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарын нэрс түрэн орж ирлээ. Зорилго нь хэрэгжсэн тул сонгуулийн дараа эдний тухай яриа таг намжина. Хэнийг сонгох тухай ярихын оронд хэнийг сонгуулахгүй байхыг тодорхойлсон энэ ажлын хүрээнд АН-ыг хэнээр толгойлуулах, дараа нь яаж шившиглэх ажил ч багтсан гэсэн дүгнэлт ч байгаа. Олон жил хэрэглэсэн сонгодог арга бол гар өргөж шийдвэр гаргах ҮЗХ-ы (одоо шинэ нэр нь ҮБХ) гишүүдийг багцлах арга юм. Фракц бүлэглэлийн толгойлогчид “миний багцанд төдөн хүн байгаа” гэдгээрээ хоорондоо өрсөлдөнө. Багцанд багтагчид нэр ус ч байхгүй. “Тэр аймгаас сонгогдсон энэ дурак чиний биш миний багц шүү” гэх мэтээр хоорондоо маргалдана. Хөөрхий тэр нэр ус ч үгүй “мань эр” тодорхой гишүүдийн итгэл авч сонгогдсоноо мартан хэдэн цаасны өгөө аваанд оосорлогдчихсон, цаана нь өөрөөр нь яаж тоглож доромжилж байгааг үл ухан дохио зангаагаар гар өргөнө. Уг нь өөрийг нь сонгосон олон түмнээс ямар бодлогыг дэмжиж, ямар шийдвэрийг эсэргүүцэхээ заалгаад тэднийгээ төлөөлөн санал өгөх ёстой хүмүүс шүү дээ.

Ийм багцалсан хурлыг би сүүлийн жилүүдэд олон харсан. Ганц АН биш шүү, Монголд бүртгэгдсэн бүхий л улс төрийн намууд ийм байдлаар “шийдвэр” гаргах болсон. Энэ нь уламжлагдан Монголын төр энэхүү “багцын” журмаар шийдвэр гаргана. Хэн том багцтай нь, эсвэл багцууд хоорондоо эвсэн аль нь хамгийн бүдүүрсэн нь энэ улсын бүхий л шийдвэрийг гаргана. Эндээс л хулгай дээрэм авлига шамшигдууллын шийдвэр их гардаг. Төрийн шийдвэрт хөндлөнгөөс хяналт тавих байгууллага бол хараат бус инстүүц болох Шүүх юм. Гэтэл Шүүх инстүүцийг дарамтлах, хахуульдах, зальдах, боомилох аргаар эрх баригчид өөрийн болгоход төрийн ардчилсан тогтолцоо нурдаг. Бие даасан Шүүх ноёлогч бүлэглэлийн гарт ороход бид төрөө алдана, улсаа алдана, ирээдүйгээ алдана.

АН-ын шинэ толгойлогч саяхан “Би ардчилсан намыг чанга гараар удирдана” гэж мэдэгдлээ. Юу вэ, энэ чинь шорон биш шүү дээ. Улс төрийн нам бол сайн дураар орж гарч болдог нээлттэй, улс төрийн олон нийтийн байгууллага. Улс төрийн намыг чанга гараар удирддагддаг гэмт хэргийн бүлэглэл болгох гээд байнаа даа? Ингэвэл гишүүд нь, ялангуяа ҮБХ-ы гишүүд юун түрүүн гэмт бүлэглэлийн хамтрагчаар хожмын түүхэнд бичигдэх биш үү? Өнөөдөр хэний мэдлийн ямар эх үүсвэрээр баригдсан байшинд хуралдан шийдвэр гаргаж байна? Өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж сэжиг бүхий эх үүсвэртэй мөнгөөр баригдсан нэгэн бүлэглэлийн өмч гэх юм билээ шүү дээ. Дээр нь “Ардчилсан намын байр” гээд хаяг хадчихсан боловч Монголын голлох улс төрийн намын өмч мөн үү? Үр хүүхэд ач гучийнхаа хоолыг булааж, ирээдүйг нь доромжлогч хэмээн хожмын түүх үнэлэх вий дээ. Сүүлийн жилүүдэд Та бид бүгдээрээ үнэндээ улс төрийн намын ч бай, олон нийтийн байгууллагын ч бай, төрийн ч бай сонгуулийн хуйвалдаан, луйвар, үгслийг баталгаажуулан хууль ёсны болгож өгдөг хэрэгсэл боллоо. Бид тайван замаар дарангуйллын дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтоц руугаа буцаж явна.

АН-д (Ер нь бусад улс төрийн нам, ялангуяа МАН, АН хоёрт) одоо энэ тогтчихоод байгаа бузрын механизм удаан наслахгүй байх аа. Эрхбиш чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоонд амьдраад бүтэн үе солигдохыг үзчихсэн, төрөлх зан чанараараа омог бардам эрх чөлөөсөг Монголын ард түмэн ийм тогтолцоог нурааж л таараа. Энэ бол би байсан ч байгаагүй ч заавал тохиох түүхэн процесс. Тэр үед багцныхан өнчирч, шинэ эзэн хайн давхилдах байх даа?!

Улс орныг маань аалзны тор шиг бүрхсэн энэхүү мафижсан тогтолцоо надтай надгүй нурна. Юм жам ёсоороо л болно. Тэр цагт өнөөдөр мафи сүлжээний хамсрагч гэж нийгэмд хардагдаж байгаа бүхэн шударгаа байг гэхэд нэрээ цэвэр авч үлдэхийн тулд, хойч үеэрээ хараалгуулахгүйн тулд, бие даасан бодгал гэсэн хүн нэрээ авч үлдэхийн тулд багцанд багтан өөрийгөө гутаан доромжлуулахгүй гэдэгт найдаж байна. Арай ч дээ, эрхбиш! Гэхдээ мэдэхгүй юм даа?

Монголын ард түмэн бид ардчилал нэрийн дор бүлэгжсэн дээрэмчид төрийн эрхийг хууль бусаар авахад нь урьдаас найруулсан сонгуульд нь орж луйварт нь тусалдаг, тэрийг нь хэм хэмжээ болгож өгдөг, хууль ёсны болгож харагдуулдаг хүүхэлдэй болчихоод байна аа гэдгийг хэлэх гэсэн юм аа.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль монголын улс төрийн намуудын хувьд ч, Монгол төрийн хувьд ч том шалгуур болно. Бид үнэхээр шударгаар төрөө сонгож чадаж байна уу, бид эрх чөлөөт ард түмэн мөн үү, явж явж төрийн эрх ард түмний мэдэлд байна уу, манай нийгмийн баялаг бидний эрх өгсөн хүмүүсээр дамжин шударгаар хуваарилагдаж чадаж байна уу гэсэн өдгөө олонхи хүнийг эргэлзээнд оруулчихаад байгаа асуултад дүн тавих болно. Намайг л сонговол шударга сонгууль болно гээгүй шүү. Доороос дээш хүртэл нэр дэвшиж байгаагаас авахуулаад эцсийн дүн гарталх сонгуулийн бүх процесс хэрхэн явагдахыг сайтар ажиглаарай. Сонгууль нэрээр Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулж, хуульд заасны дагуу иргэн бүр өөрийн чөлөөт сонгох, сонгогдох эрхээ эдэлцгээе. Чухам ингэж байж бид ардчилсан тогтолцоот, чөлөөт, бат бөх, шийдвэрлэг төр улсыг цогцлоож чадна. Эс чадваас “гахай шавартаа жаргалтай”, “илжиг модон хударгандаа” болох байх даа. “Тамын амьтан тамдаа жаргалтай” ч гэж хэлдэг.

2017.4.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *